Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХСҮТ-ийн өргөтгөлийг хурдан ашиглалтад оруулаач, сайд аа

Хорт хавдар хуурай өвсөнд авалцсан гал шиг хурдацтай тархаж байна хэмээн дээр дооргүй ярьж буй энэ үед өвчилсөн иргэдийг улсдаа ганц байдаг эмнэлэг нь хүлээж авч дийлэхгүйд хүрчээ. Төр засгаас хавдартай иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ, дэмжинэ гэдэг ч өвчтнүүдийг хэвтэн эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо авах нөхцөл боломжоор тэр бүр хангаж өгөхгүй байгаа учир өвчиндөө шаналан эмнэлэг бараадсан ч ор байхгүй гэх шалтгаанаар буцаж хорвоогийн шар нар, бор хоногийг төөрүүлж буй иргэд олон байна. Хорт хавдрын өвчлөлийн тал хувийг орон нутгийн иргэд эзэлдэг. Тэд эмчилгээ хийлгэхээр ХСҮТ-д ирлээ ч урт дараалалд зогсож, өдөртөө үзүүлж чадахгүй буцах нь жирийн л үзэгдэл болоод буй аж. Энэ нь мэдээж эмнэлгийн ачаалалтай холбоотой. Хавдар судлалын үндэсний төв социализмын үед буюу 1982 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөг хүртэл өргөтгөл бариагүй учраас хүн ам нэмэгдэхийн хэрээр ачааллаа дийлэхгүй болсон байна. Нэгэн тоо дурдъя. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 11061 хүн хорт хавдрын хяналтад орсны 4544 нь шинээр бүртгэгдсэн аж. Тус төв мөн онд 331 812 хүн лабораторын шинжилгээ хийлгэж, 7458 хүн хэвтэн эмчлүүлж, 1770 хүн хагалгаа хийлгэжээ.Үүнээс тус төвийн ачаалал ихэссэнийг харж болно.

Хавдар судлалын үндэсний төв өдөрт дунджаар 180-200 хүн хүлээн авч, үзлэг оношилгоо хийдэг гэнэ. Улсын хэмжээнд хавдрын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг учраас орон нутагт хавдартай гэж оношлогдсон бүх иргэн нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээ хийлгүүлэхээр энэ төвд ханддаг. Хэдийгээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хорт хавдрын нарийн мэргэжлийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг ч хавдрын өвчлөл өндөр байгаа учир тус төвийг зоригсод багасдаггүй аж. Ачааллыг багасгах үүднээс Хавдар судлалын үндэсний төвд өргөтгөл барихаар хөрөнгө мөнгийг нь шийдэн барилгыг 2012 онд ашиглалтад оруулна хэмээсэн ч энэ ажил одоог хүртэл зогсонги байдалтай буй гэсэн. Ашиглалтад орох хугацаа хэдийнэ өнгөрчихөөд байхад хэн гэдэг дарга даамлын буруугаас болж эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил хойшлон тушигдсан нь тодорхойгүй байна.

Хэрэв уг өргөтгөл ашиглалтад орчихвол Хавдар судлалын үндэсний төвийн ачааалал даруй 30 хувиар буурах учиртайг эндхийн эмч мэргэжилтнүүд хэлж байв. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгийн эмч нар ямар хүнээ ХСҮТ рүү явуулахаа зөв сонгох хэрэгтэйг ч онцолж байсан. Гэтэл тус төвийн үйл ажиллагаатай танилцсан Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Өргөтгөлийн барилгын шавыг 2010 онд тавьж, 2012 онд ашиглалтад оруулах байсан ч ороогүй. Бид холбогдох хүмүүстэй нь уулзаж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэхээс өөр дорвитой хариулт өгөөгүй байна. Өвөл хаяанд ирсэн энэ өдрүүдэд өргөтгөлийн барилга ирэх жилээс нааш ашиглалтад орохгүй нь гэдгийг илтгэх. Хорт хавдраар өвдсөн олон мянган иргэнд итгэл найдвар төрүүлж, өвчнөө илааршуулна гэх горьдлого төрүүлэх зүйл эмнэлгийн тусламж, үйлчилгээ. Гэтэл эмнэлгийн ачаалал их байгаагаас эрүүл мэндийн үйлчилгээ авах хугацаа хойшилж буй нь хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй байдлаас үүдэлтэй гэхээс өөр хэлэх зүйл алга.

Улсдаа ганцхан байдаг тус төвд эмч нарын хүрэлцээ хангалтгүй байдаг. Үүн дээр оношилгоо, эмчилгээний чадамж, хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байгаа гэсэн.
Тухайлбал, дурангийн, эрхтэн хадгалах, нөхөн сэргээх мэс засал, элэгний мэс заслыг хөгжүүлэх, туяа эмчилгээний зайн шарлагын аппаратаар хангах, химийн эмчилгээний нэр төрлийг олшруулах шаардлагатай буй аж. Төр засгаас энэ бүхэнд анхаарч, шаардлагатай техник хэрэгслээр хангаж, эмч нарыг бэлтгэж, өргөтгөлийг нь ашиглалтад оруулаад өгчихвөл өвчилсөн иргэдийг эрт үед нь оношилж, мөн урьдчилан сэргийлүүлэх ажил хийгдэж, тэр хэрээр хавдрын өвчлөл буурах учиртайсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан