Билгийн

Доллар (USD)

2848.0

Улаанбаатар

+18°C
“Эцсийн зогсоол” дээрээ оччихсон юм биш биз


Амьдралынхаа жинхэнэ ханийг олсон мөртлөө өөр нэгнийг хайх хүн олон. Гэхдээ та эцсийн зогсоолдоо хүрсэн гэдгээ ухаараагүй яваа юм биш биз. Хэрэв эцсийн зогсоолоо олоогүй, олсон ч мэдэхгүй яваа бол УДЭТ-ыг зориорой. Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэй инээдмийн жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдаад нэлээд хугацаа үдсэн ч, үзэгчид дүүрэн. Өнгөрсөн баасан гарагийн тоглолтын үзэгчдийн дунд УДЭТ-аар овоглодог ахмад уран бүтээлчид сууж, залуу үеэ тольдсон юм. Залуучууд ч хангалттай үнэлгээ авсан. Хэдийгээр богино хугацаанд хийсэн ч үзэгчдийг инээлгэж, инээдний цаана хэлэх гэсэн санаагаа өгч чадсан болохоор л ахмад уран бүтээлчид талархалтай хандсан хэрэг.

“Филипп ба Лоож” хэвлэлийн компани байгуулаг­даад удаж байгаа ч сүртэй ашиг олсонгүй. Гэхдээ бас хоосон суусангүй. Зохиолч ноён Филипп нэгдүгээрт уран бүтээл, ажил төрлөө тавьдаг бол харин ноён Лоож ажлаараа далимдуулж авгай хүүхэн эргүүлж, эхнэрээ хуурдаг нэгэн. Ийм л эсрэг тэсрэгийн тууль болсон хоёр хүн хамтын бизнесээ эхлүүлжээ.

Ноён Лоожийн завхайрлыг хатагтай Лоож гадарласнаар хамаг хэрэг мандана. Ингээд хатагтай Лоож өшөөгөө авах хамгийн зөв арга нь  нууц амрагтай болох гэж төсөөлнө. Бие хаа, царай зүсээрээ хаана ч гологдохгүй хатагтай Лоож тун удалгүй нууц амрагтай болж, түүнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэх газар хэрэгтэй болдог. Гэхдээ зочид буудал хэтэрхий аюултай гэж үзсэн учраас хатагтай Филиппийг ятгаж эхэлнэ. Аз таарч Филиппийнхэн хэвлэлийнхний оройн зоогт уригдсан учраас хатагтай Лоож Филиппийн гэрт нууц амрагтайгаа хоёр цагийг хамтдаа өнгөрүүлж болохоор болно. Энэ үед хатагтай Лоож нууц амрагаасаа ирсэн зурвасыг Филиппийн гэрт санамсаргүй унагаж орхидог.

Гэтэл хатагтай нарыг тохиролцоо хийж байх хойгуур ноён Лоож ээлжит нууц амраг болох утасны оператор бүсгүйтэй хамт нэг оройг ноён Филиппийн гэрт болзоход туслахыг гуйн зөвшөөрүүлнэ. 20 гаруй жил ханилахдаа хэзээ ч эхнэртээ эргэлзэж байгаагүй ноён Филипп энэ ярианы дараа гэрээсээ хатагтай Лоожийн санамсаргүй унагасан зур­васыг олсноор бүх зүйл будлиантаж, гэнэтийн үйл явдлууд өрнөх нь тэр. Ноён Филипп зурвасыг эхнэрт нь зориулан хэн нэгэн бичсэн гэж сэжиглэх бөгөөд бичсэн эзэн нь тэднийд сүүлийн гурван сар амьдрангаа байрных нь засварыг хийж буй Алестар хэмээн итгэнэ. Ингээд тэрээр эхнэрээ орхиж, “40 размерийн гутал өмсдөг, нүүрээрээ дүүрэн мэнгэтэй, час улаанаар уруулаа буддаг...” байсан ч хамаагүй өөр хүүхэнтэй уулзана гэдгээ амлаж гэрээсээ явдаг.
Энэ хооронд сүүлийн хэдэн жил бичсэн ном нь бестселлэр болж байгаа зохиолч хатагтай Браун Филиппийнд зочилно. Ноён Филипп эзгүй ч, хатагтай Филипп түүний номыг хэвлэх гэрээ хийх ёстойг ухааран засварчин Алестарыг нөхрөө хэмээн танилцуулна. Ингээд л үйл явдал өрнөнө. Лоожийнхон хэрхэх бол, мөн хатагтай Браунтай гэрээ хийж чадах болов уу гэдгийг жүжгээс үргэлжлүүлэн үзэхийг хүсэх байна.  Гэхдээ энэ бүхний эцэст ноён Филипп эхнэрээ эцсийн зогсоол гэдгийг ойлгох болно.

Английн алдарт зохиолоор бүтсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг хоёр цаг 30 минут үргэлжлэх хугацаанд үзэгчдийг уйдаахгүй инээлгэсээр байх болно гэдгийг амлах байна. Харин жүжигчдийн хувьд маш чадварлаг байсан ч, үг хэллэгээс нь харахад богино хугацаанд бэлдсэн гэдэг нь анзаарагдсан. Залуу жүжигчин Б.Тамир энэ жүжгийн шигтгээ байв. Засварчин, дизайнер Алестарын дүрийг чадварлаг бүтээж чадсан. Үзэгчид түүний дүрийг одоо юу хэлж, хийх бол хэмээн хүлээлттэй үзсэн нь Алестарын дүрийг жүжигчин Б.Тамир үнэхээр чадварлаг бүтээснийг илтгэнэ. Тайзнаас хэсэг хугацаанд хөндийрсөн жүжигчин Л.Дэмидбаатар, Ц.Төмөрхуяг нар “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээр үзэгчидтэй уулзсан нь мөн л сайхан хэрэг болсон. Залуу жүжигчид, дунд үеийнхэн хамтран бүтээсэн тус жүжгийн бас нэг шигтгээ нь хатагтай Брауны дүрийг бүтээсэн шинэхэн ардын жүжигчин С.Сарантуяа. Тэрээр өөрийн хүү Б.Тамиртай тайзнаа хамт гарсан нь ховор тохиох мөч боллоо.

“Нийгэмд хамгийн их байдаг хэрнээ анзаарагддаггүй гэж хэлж болох энгийн сэдэв хөндсөн инээдмийн, эмгэнэлт жүжиг. Хүн хувиа бодож, довоо шарлуулаад явах нь зөв үү эсвэл нийтэч байж, нийгэм дундаа амьдрах нь зөв үү гэсэн асуултын хариултыг өгөхийг хүссэн. Нийгмийн амьдралын асуудлыг нийгмийн хамгийн бага нэгж болон гэр бүлийн харилцаагаар хөндөнө. Гэр бүл гэж юу юм бэ. Ямар харилцаандаа бид алддаг вэ гэхчлэн. Гол нь, залуучууд маань анхаарлаа хандуулж, үзэж сонирхоосой гэж бодож байна” хэмээн найруулагч Н.Наранбаатар уран бүтээлээ тодорхойлсон юм.
 

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан