Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орчин үеийн аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг хэмнэх зэрэг олон чухал ач холбогдолтой. Энэхүү төсөл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бөгөөд нийслэлийн тогтвортой хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой юм. Төслийг дараах хоёр чиглэлд төлөвлөөд буй. Үүнд:
- Нэгдүгээр шугам- Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтой, оргил цагийн зорчигчийн эрэлт нь цагт 6509 хүн;
- Хоёрдугаар шугам- Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтой, оргил цагийн зорчигчийн эрэлт нь цагт 6989 хүн байна.
Трамвай ашиглалтад орсноор автобусаар 90-100 минут зарцуулан зорчдог нэгдүгээр шугамын чиглэлд 30-35 минутад, хоёрдугаар шугамын чиглэлд 40-45 минутад зорчих нөхцөл бүрдэнэ. Мөн өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр нийт 230-270 мянган ажлын байр шинээр бий болж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих юм.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг учир хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах ач холбогдолтой. “Улаанбаатар трам” төсөл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай нийтийн тээврийн хэрэгсэл юм.

























