АНУ-ыг Сирид дайн зарлах шахуулсан химийн дайралтыг Ассадын арми биш харин босогчид үйлдсэн гэх сэжүүрийг улам лавшруулахуйц баримтыг өнгөрсөн долоо хоногт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жлн Керрид хүлээлгэн өгсөн. Тэдгээр баримт дунд нэгэн Сири гэлэнмаагийн ажиглалт, яриан дээр үндэслэсэн шалгалтын материал байжээ. Агне Мариам де ла Крой хэмээх гэлэнмаагийн хэлснээр бол химийн дайралтыг Ассадын арми үйлдээгүй, харин босогчид тэднийг хийсэн болгож зохион байгуулсан гэнэ. Сирийн нийслэлээс хойд зүгт орших Гэгээн Жеймсийн сүмд үйлчилдэг гэлэнмаа ярихдаа химийн зэвсэгт өртөж амиа алдагсдыг харуулсан гэх дэлхий даяар тархсан бичлэгийг босогчид зохион байгуулалттайгаар хийсэн нь уг бичлэгт эцэг эхгүй хэтэрхий олон хүүхэд байгаагаас, бас дайралт хүн бараг оршин суухаа больсон Гоутад болсон гэх атал яагаад тийм олон хүн нас барсан зэргээс харагдана гэж тайлбарлажээ. Гоута нь цөлжөөд хүн амьдрахаа больсон газар байтал яагаад тийм олон хүнд нас барсан болж таарав, яагаад тийм олон хүүхэд эцэг эхгүй тэнд байж байв, яагаад амь үрэгдэгсдийн дунд эмэгтэйчүүд цөөхөн байсан, яагаад амь үрэгдэгсдийг оршуулсан тухай баримт бага байна гээд сэжигтэй зүйл олон байгааг гэлэнмаа өөрийн ажиглалт дээр үндэслэн гаргаж тавьжээ. Мөн химийн зэвсэгт хордож нас барсан хүүхдүүдийг харуулсан бичлэг дунд нэг хүүгийн цогцос гардаг нь өөр олон видеонд гарч байсныг гэлэнмаа ажиглажээ. Түүнчлэн тус видеог үзсэн нутгийн иргэд өөрсдийнхөө хүүхдийн цогцсыг таньж сүмд хандахдаа хүүхдүүдийг нь цэргүүд биш босогчид авч явж хөнөөсөн хэмээн хэлсэн байна. Энэ мэтчилэн өөрийн мэдэх баримт сэлтээ бүгдийг нь нэгтгээд гэлэнмаа НҮБ-д хандсан боловч мэргэжилтнүүд хараахан түүнийг үгэнд итгэхгүй байгаа бололтой. Сирид хэргийн газарт ажилласан НҮБ-ын шинжээч түүний гаргаж тавьсан эдгээр асуултад хариу тайлбар хийхдээ бүгдийг нь няцаасан байна.
НҮБ-ын Хүний эрхийн газрын шинжээч Букарт мэдэгдэхдээ “Гутад дайралтаас өмнө олон арван мянган хүн амьдарч байсан нь баримтаар батлагдаж байгаа. Эцэг эхгүй олон хүүхэд нас барсан шалтгаан нь хүүхдүүд нэг байшианд бөөнөөрөө унтаж байсантай холбоотой. Халдлагад эрэгтэй, эмэгтэй олон хүн нас барсан ч тэднийг оршуулахын өмнө угаахын тулд цогцсыг нь тусгаарлаж, өөр өөр өрөөнд оруулсан байсан. Бүх хохирогчийг оршуулсан. Хүүхдүүдээ босогчдод алдсан гэх нутгийн иргэдтэй холбогдоход тэдний хэн нь ч тийм зүйл яриагүй гэдгээ хэлсэн” гэсэн тайлбар өгчээ.
Тэгэхээр наймдугаар сарын 21-нд Сирид үнэхээр химийн зэвсгийн халдлага болсон эсэх, болсон бол үүнийг Ассадын арми хийв үү, аль эсвэл босогчид уу гэдэг асуулт дахиад л ээдрээтэй болж ирлээ.
Ямартай ч, энэхүү химийн зэвсгийн дуулианаар дэлхий дээр энэ төрлийн зэвсгийн хэмжээгээрээ тэргүүлэх Сири улс зэвсгийн бүх нөөцөө олон улсад шилжүүлэн өгөхөөр болсон билээ.