Гүржийн нийслэл Тбилиси хотод болсон пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд 44 орны 290 гаруй тамирчин оролцсоноос Монгол Улсыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин төлөөлөн өрсөлдсөн байна.
Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд J1 ангиллын 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, Я.Очирваань, 81 кг-д Г.Чулуунсүх, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва, J1 ангиллын +95 кг-д Д.Ганбат, П.Эрдэнэбилэг нар багтжээ.
Монголын баг хэсгийн шатанд Япон, Туркийн шигшээ багтай таарч, хоёр өрсөлдөгчөө нэмэлт барилдаанаар ялсан байна. Тодруулбал, Японы багтай 3:3-аар тэнцсэний дараа нэмэлт барилдааны жинг сугалахад J1 ангиллын 81 кг сонгогдож, Г.Чулуунсүх дэвжээнд гарч ялжээ. Улмаар Туркийн багтай мөн 3:3-аар тэнцэхэд нэмэлт барилдааны жинг дахин сугалахад 81 кг сонгогдож, Г.Чулуунсүх өрсөлдөгчөө вазаригаар ялснаар Монголын баг хагас шигшээд шалгарсан байна. Харин финалын эрхийн төлөөх барилдаанд Гүржийн багт 0:4-өөр ялагджээ.
Улмаар хүрэл медалийн төлөө Молдавын багтай 3:3-аар тэнцсэн бөгөөд нэмэлт барилдааны жинг гурав дахь удаагаа J1 ангиллын 81 кг-аар сугалсан байна. Энэ барилдаанд Г.Чулуунсүх ялалт байгуулж, Монголын багт хүрэл медаль авчирлаа. Ингэснээр Монголын пара жүдочид багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэж байна. Энэ удаагийн багийн тэмцээнд 10 орны баг өрсөлджээ.
Харин ганцаарчилсан барилдаанд J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Сувд-Эрдэнэ, +70 кг-д Л.Туруунаа нар тавдугаар байр эзэлж, Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна.

























