Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жороор эм олгодоггүй эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

Манай улсад эмийн зохистой хэрэглээ алдагдаж үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрээд байгаа гэхэд хилсдэхгүй. Хаа нэг газар өвдөх мэдрэмж төрүүт л эмчид хандахаас өмнө хамгийн ойр эмийн сан руу очиж эмийн санчид зовлонгоо тоочин эм авч уудаг. Энэ байдал бидний амьдралын хэвийн үзэгдэл болсон. Эмийн санчид ч жороор эм олгох ёстой гэдгийг мартаад буй. Манай сонин өнгөрсөн долоо хоногийн дугаартаа уг асуудлыг хөндөж өдрийн сурвалжлага бэлтгэн хүргэж байсан бол өчигдөр энэхүү сурвалжлагын мөрөөр нийслэлийн иргэний танхимд  “Жороор олгодог эмийн олголтын өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн Эрүүл мэндийн яам болон НЭМГ, ШӨХТГ-аас зохион байгууллаа. Манай улсын эмийн бүртгэлд 2500 гаруй эм байдаг бөгөөд үүний нэлээд хувийг жороор олгодог журамтай аж. Гэтэл энэ хууль хэрэгжихгүй өнөөдрийг хүрч жороор эм олгоно гэдгийг бүр мартаж орхисон. Энэ нь нэг талаас эмийн сан, нөгөө талаас хэрэглэгчдээс шалтгаалдаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байна. Энэ талаар “Сэргэг” эмийн сангийн эрхлэгч С.Дариймаа “Сүүлийн үед жор бичих  нь харьцангуй сайжирч байгаа.

Эмнэлэг, иргэд, эмийн сан гурвын уялдаа холбоо сайжирч эмч нар жор бичдэг болсон. Гэхдээ зориулалтын бус бланк дээр бичдэг. Эрүүл мэндийн яамнаас эмч нарын 80 хувь зориулалтын бланк ашигладаг гэдэг. Үнэн хэрэгтээ тийм ч хүрэлцээтэй байдаггүй бололтой. Эмч нар зориулалтын бланкгүйгээс жороо картан дээр бичдэг. Тэгэхээр бид картыг нь хараад эмээ олгочихдог. Гэтэл дараа нь бидэнд ямар нэгэн баримт үлддэггүй. Уг нь бид эмийг жороор олгосны дараа бланкийг нь авч үлдэх ёстой. Гэтэл хүмүүс жороо буцааж авъя гэдэг. Тухайлбал,  гурван эм авах байлаа гэхэд нэг нь тухайн эмийн санд байхгүй бол дараагийнхаар нь орно. Мөн гурван эмийг гурвууланг нь өгсөн ч эмийн жороо авъя гэдэг. Тэгвэл хуулаад авъя гэхээр хүмүүс дургүйцдэг. Энэ нь нэг талаас иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байна гэдгийг л харуулж байгаа хэрэг. Тиймээс дан ганц эмийн санг буруутгах аргагүй юм” гэв.

 Ер нь эмийн сангууд хүнсний дэлгүүр шиг л ажиллах болсон. Насанд хүрээгүй хүүхэд ч эмийн санд ороод эм авъя гэхэд гаргаад өгчихдөг.
Нийслэлд өнөөдрийн байдлаар 500 гаруй эмийн сан, эмнэлгийн үйлчилгээтэй 37 эмийн сан, эм ханган нийлүүлэх 40 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг.  Эдгээр байгууллага хүний эрүүл мэнд гэхээс илүүтэй мөнгөний араас хөөцөлдөж иргэдийг эмээр угжих боллоо. Харин энэ талаар төрийн байгууллагууд  юу хийж байгааг НЭМГ-ын эм хариуцсан мэргэжилтэн Б.Болдбаатараас тодруулахад  “Эрүүл мэндийн яамнаас жороор олгох эмийн жагсаалтыг баталсан. Үүнийг эмийн сангууд мөрдөх ёстой. Жорыг албан ёсны бланк дээр бичиж түүний дагуу эмийн сангууд эм олгох журамтай. Гэвч эмийн сангууд жоргүйгээр эм олгох явдал газар аваад байна. Иймээс НЭМГ-аас 130 эрүүл мэндийн төвийн эмч нарыг жорын маягтаар хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Эмийн зохистой хэрэглээнд хамгийн гол нь өвчтөн, эмзүйч, эмч гэсэн гурван субьект байдаг. Энэ гурвын харьцаа алдагдсанаас эмийн зохистой хэрэглээ, жороор олгох зөрчлүүд гарсаар байна. Түүнчлэн шинээр байгуулагдаж байгаа эмийн санд улсын бүртгэлд бүртгүүлсэн, баталгаатай, дөрвөөс дээш эм ханган нийлүүлэх байгууллагаас эмээ татах гэрээ хийсэн байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа” гэдгийг хэлж байлаа.

 Жороор олгодог эмийг даатгалд хамруулах хэрэгтэй

Харин монголчуудын эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийг хэвшүүлэх талаар Монголын эмийн холбооны тэргүүн А.Дамба “Эмч, эмийн санч, эмнэлгийнхний гол зорилго бол өвчтөнг эрүүл болгох.
Яаж түргэн хугацаанд чанартай эмчлэх вэ гэдэг асуудал дээр эмийн зохистой хэрэглээ, жор оршдог. Эмийн жор гэдэг эмнэлэг, эмийн сан хоёрт гол хариуцлага тооцдог баримт болдог. Өвчтөн хохирсон байвал эмийн буруугаас уу, тунг нь буруу хэрэглэснээс үү эмээ буруу сонгосноос болсон уу гэдгийг мэдэх гол баримт. Иймээс иргэд өнөөдөр хариуцлага тооцдог хууль эрхүйн баримтаа хэрэглэхгүй байна гэсэн үг. Иргэд жороо эмчээс шаарддаг байх ёстой. Тэр жороороо эмийн сангаас эм авах нь өөрийн эрүүл мэнддээ л анхаарч буй хэрэг.  Өнөөдөр өвчтөнүүд эмнэлэгт очиж дугаарлахаасаа цааргалж эмийн сан руу явдаг болж.

Энэ нь бүүр хэвшил болчихсон. Бид энэ хэвшлээс гарахын тулд жороор олгодог эмээ даатгалаар олгож, улсын төсөвт хамруулах хэрэгтэй. Ингэх юм бол өвчтөн эмнэлэг рүү очдог, эмийн санд ч хариуцлагаа тооцдог болно” хэмээв. Жороос гадна эмийн сангуудын үйл ажиллагаа явуулж буй нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа нь санаа зовоох асуудлыг нэг болоод буй. Мөн эмийн сан нь 20 ам.метрээс доошгүй талбайд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл дээрх  эмийн сан нь подваль эсвэл нэг байрны буланд чийг татсан умгар өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн манай улсад 500 метр тутамд нэг эмийн сан байх журамтай ч  хотын гудамжаар худалч хүнд бараг хоёр алхаад л нэг эмийн сан харагдах болсон. Тэнд нь эмийн жагсаалтаас хассан эмийг хүртэл худалдаалахын хажуугаар сүлжээнийхийг борлуулж  байгаа бөгөөд тэдгээрт ямар ч жор бичиж өгдөггүй.

Энэ мэтчилэн нийслэлд өдөр ирэх бүр хүрээгээ тэлж буй эмийн сангуудын зөрчил хэрээс хэтэрсээр байгаа тул үүнд ШӨХТГ-аас анхаарч ажиллахаар болжээ. Жоргүй эм олгосон эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасна гэдгийг ч албаныхан хэллээ. Түүнчлэн хориотой эмийн зар сурталчилгааг хянаж хариуцлага тооцох болно гэдгийг ч албан ёсоор мэдэгдсэн юм. Ингэхээр удахгүй эмийн хяналтгүй худалдаа цэгцэрч эхлэх нь.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан