Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэвлэл мэдээллийнхэн эрх зүйн орчноо баталгаажуулна

Сэтгүүлчид бид өрөөлийн төлөө ажилласаар өөрийнхөө ар гэр, ахуй амьдралыг орхигдуулдаг талтай. Гэтэл энэ ганц сэтгүүлчийн хувийн асуудал бус энэ салбарынхны толгойн өвчин болжээ. Сэтгүүлзүйгээс бусад салбар хууль эрх зүйн орчинтой болж, ажил нь жигдэрсэн бол манай эрх зүйн орчин түүхийгээрээ бас хуучнаараа байгаа аж. Энэ бүхнийг цэгцлэх, нэг мөр болгох үүднээс Хэвлэл мэдээллийн удир­дах ажилтнуудын үндэсний хоёрдугаар зөвлөлгөөнийг Монголын сэтгүүлчдийн эвлэл, Өдөр тутмын сонинуудын болон Телевизүүдийн холбоо, Радио, телевизийн академи, Хэвлэлийн хүрээлэн хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Чуулганаар сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудал, хууль эрх зүйн орчин, технологийн шинэчлэл, энэ салбарыг эдийн засгийн аргаар хэрхэн дэмжих вэ зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид энэхүү чуулганы зорилгыг тодорхойлж, “Бид олон жил хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэж ярилаа. Хорин гурван жилийн өндөрлөгөөс эргэн харахад бид нэг их урагш явсангүй. Техник технологийн хувьд хөгжиж, мэдээллийн хэрэгслийн тоо олширсон нь үнэн ч сэтгүүлзүйн эрх зүйн зохицуулалт байна уу үгүй юу, мэдээлэл төгс утгаараа хэрэглэгчдэд хүрч байна уу, сэтгүүлчид мэдээллийг цензургүйгээр олж авч чадаж байна уу, хурц мэдээллийг түгээснийхээ төлөө дарамт шахалт, халдлагад өртөж байна уу гэдэг зохицуулалт учир дутагдалтай байна. Энэ задгай, хамгаалалалтгүй байдал хэн нэгэнд хэрэгтэй байдаг байх. Хууль бус үйл ажиллагаагаа нуун дарагдуулах гэсэн, мэдээллийг гажуудуулж, хагас мэдээлэл хүргэх гэсэн хэсэг бүлэгт энэ тааламжтай орчин юм. Иймд эдгээр гаж үзэгдлийг зохицуулах шаардлага байгаа учраас энэхүү чуулганаар холбогдох асуудлуудыг хөндөж байна” гэв.

Энэ үеэр уг зөвлөлгөөнд
оролцож буй төлөөлөгчдөөс
зарим зүйлийг тодрууллаа.



МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид: Редакц залруулга хийдэг соёлд суралцмаар байна

-Энэ удаагийн зөвлөлгөөнөөс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнууд нэгэн дор цугларч, сэтгүүлзүйн эрх зүйн орчинг хэрхэн боловсронгуй болгох талаар нээлттэй хэлэлцэж байгаа учраас шийдэл гарах байх. Энэ чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрчихвэл хууль эрх зүйн орчин боловсруулахад санаа бодлоо нэмэрлэх ач холбогдолтой.

-Хууль хяналтын байгууллагын зүгээс сэтгүүлчдэд дарамт их ирдэг. Бидний эрх ашгийг МСЭ төдийлэн хамгаалж чадахгүй байна гэх шүүмжлэл байдаг. Энэ талаар танайх ямар ажил хийж байгааг сонирхмоор байна?
-Энэ асуудалд ганц МСЭ биш сэтгүүлчдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд ярьж зөвлөлдөн байр суурьт хүрч байгаа. Яалт ч үгүй сэтгүүлчийн буруу байвал хуулийн дагуу хариуцлагаа хүлээхээс өөр арга байхгүй.
Тухайн сэтгүүлчийг гүтгэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор ямар нэгэн хөндлөнгийн илэрхий дарамт байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллага сэтгүүлчээ хамгаалж ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Одоогоор хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй сэтгүүлчтэй холбоотой хэргүүдийн ихэнхид нь тэд мэдээллийн эх сурвалжаа хэлэхгүй гэдэг. Мэдээллээ баталгаатай бус эх сурвалжаас авсан, баримтаа нотолж чадахгүйн улмаас шүүхэд ялагдал хүлээж буй явдал олон байгаа. Нэлээд олон сэтгүүлч ялагдлаа зарлахыг хүсэхгүй буй нь үнэн. Уг нь үүнийг хууль шүүхийн байгууллагад хүрэхээс өмнө дундын зохицуулалт хийж, манайх зуучлан эвлэрүүлж, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг татуулж, хэвлэл мэдээллийн байгууллага залруулгаа гаргаад явбал ямар ч асуудалгүй.
Гэтэл манайд залруулга гаргах соёл дутагдаад байгаа. Өөрсдийн буруугаа хүлээх дургүй. Үүнээс болж асуудал хурцдаж, хууль хяналтын байгууллагад очих нь бий. Гэхдээ өнгөрсөн жил манайх хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчид, иргэд, аж ахуйн нэгжийн маргааныг эвлэрүүлэн зуучилж өгсөн.


Ахмад сэтгүүлч Т.Баасансүрэн: Сэтгүүлзүйд багц хууль хэрэгтэй

-Монголын хэвлэлийн хүрээлэн, бусад байгууллагатай хамтран энэ зөвлөлгөөнийг хийж буй нь цагаа олсон чухал арга хэмжээ юм. Чөлөөт сэтгүүлзүйг хөгжүүлэхэд эрх зүйн орчин үнэхээр чухал. Эрхзүйн орчныг хангасан нэг, хоёр хуулиар энэ салбар бүрэн зохицуулагдахгүй. Тиймээс нэг хэсэг хууль буюу бидний ярьж заншснаар Монголд багц хуулиар чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 1998 онд батлагдсан хууль бий. МҮОНРТВ-ийн тухай хууль ч байдаг. Эдгээр хууль хэрэгтэй ч үүний цаана олон хууль үгүйлэгдэж байна. Үүнийг бий болгоод өгчихвөл хариуцлагатай, ёсзүйтэй сэтгүүлзүй хөгжих үндэс суурь болох юм. 1998 оны хууль муу биш. Үүнийг шинэчлэх найруулах нь зүйн хэрэг. Нөгөөтэйгүүр бидэнд Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай ерөнхий хууль байхгүй байна. Ийм хуультай болчихвол бүх зүйл цэгцэрнэ. УИХ чөлөөт сэтгүүлзүйг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Тэдний үүрэг нь хууль боловсруулах, үүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих байдаг. Гэтэл 1998 оны хуулийн хүрээнд тухайн үед УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан юм. Уг тогтоолд Олон нийтийн радио телевизийн болон Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хуулийг гаргахаар тусгасан ч хоёр дахь хууль нь одоо хүртэл гараагүй байгаа.
УИХ шийдвэр гаргачихаад түүнийгээ хэрэгжүүлэхгүй явж буйгийн нэг жишээ нь энэ. Үүнээс харахад бидэнд багц хууль үгүйлэгдэж байгаа нь мэдрэгдэж байна. Үүнд л энэ чуулганы гол зорилго оршиж байгаа байх.


УИХ-ын гишүүн М.Батчимэг: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх цаг болсон

-Хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдалд та үнэлгээ өгвөл?
-Монголын хэвлэл мэдээллийн салбар өнөөгийн ардчиллыг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Монгол хүний болон мэдэх эрх чөлөөг хангах, Монголд байгаа ардчилсан тогтолцоог бэхжүүлэхэд сэтгүүлзүй чиглэгдэх ёстой. Өнөөдөр Монгол Улс ардчилал, эрх чөлөөнөөс буцахын аргагүй сонголт хийсэн. Ардчилал, эрх чөлөөг хангахын тулд хариуцлага нийгэмд зэрэгцэн оршсоор ирсэн. Төр, хууль тогтоох засаглал шударга хууль дүрмийг нийгэмд тогтоохын төлөө ажилладаг бол сэтгүүлчид нийгмийн ёс зүйг төлөвшүүлдэг. Иймд сэтгүүлчид ч гэсэн хариуцлага үүрдэг байх хэрэгтэй болж байгаа юм. Хэвлэл мэдээллийн салбарынхнаас хариуцлага нэхэхгүй бол Монголын нийгэм өөрөө анархизмаас салахгүй. Тэр тусмаа засаглалын гурван салаа мөчир хууль тогтоох засаглал, шүүхэд бид ямар шаардлага тавьж юу хүсч байдагтай адил зүйл дөрөв дэх засаглалд тавигдах учиртай. Хэвлэл мэдээллийн салбар нийгэмд маш их нөлөөтэй. Засаг төр хууль, бодлого гаргаж, нийгмийн амьдралыг зохицуулдаг бол хэвлэл мэдээллийн салбар нийгмийн ёс зүйг төлөвшүүлдгээрээ хууль хэрэгжих үндэс суурьт нөлөөлж байгаа юм. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт хариуцлага ярихгүй бол цаашид монголын нийгэм эмх замбараагүй болно. Энэ ч утгаараа улс орноо хөгжүүлье гэвэл хариуцлага ярих цаг болсон.

-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг эргүүлэн татсан. Энэ хууль УИХ-аар дахин хэзээ хэлэлцэгдэх бол?
-Сэтгүүлзүйн салбар өнөөдрийг хүртэл нийгэмд маш чухал үүрэг биелүүлж ирсэн гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Гэхдээ нийгэм хөгжихийн хэрээр эрхзүйн зохицуулалтаа сайжруулахгүй бол болохгүй нь. Сэтгүүлзүйн салбар нэг нүүр хүрэхгүй хуудастай хуультай яваад байж болохгүй шүү дээ. Хариуцлагын механизм бий болгохын тулд тал талдаа суугаад харилцан санаа бодлоо шингээсэн хуулиа гаргах ёстой. Энэ хууль УИХ-д явж байгаад хууль санаачлагч татаж, зогсонги байдалд орсон. Монгол Улсын Ерөнхйилөгч дахин өргөн барих эсэхээ бодож байгаа байх. УИХ-ын гишүүд надад хандаж, хамтарч өргөн барья, саналд солилцоё, Ерөнхийлөгч дахин өргөн барих гэж байгаа бол дэмжье хэмээн саналаа хэлсэн. Намрын чуулганаар амжихгүй бол хаврын чуулганаар өргөн барих байх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан