Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямралын бараан үүл шинээр хөгжиж буй орнуудыг бүрхэж эхэлжээ
Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн төлөв-2013” тайлан гаргажээ. Уг тайланд “Ази, Номхон далайн бүс нутгийн ДНБ энэ онд зургаан хувьтай гарах төлөв бий. Энэ нь бүс нутгийн хамгийн том эдийн засаг  Хятад, Энэтхэгийн өсөлт саарч байгаатай холбоотой” хэмээн дурджээ. Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 7.6 хувьтай гарах төлөв бий аж. Энэ нь өнгөрсөн жилийнхээс буурсан үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь тус улсын Засгийн газар экспорт, хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчилж  эдийн засгийн тогтвортой хөгжлийн зам руу шилжих дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх болсонтой холбоотой гэнэ. Азийн хөгжлийн банкнаас тооцоолж буйгаар энэ онд Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлт 6.2 хувьтай гарах нь.

Хямрал арилж Евро бүс, Япон зэрэг дэлхийн томоохон эдийн засгууд сэргэж эхэлсэн. Гэвч хөгжиж буй орнуудын хувьд хямралын бараан үүл байсаар байгаа аж. Тухайлбал, АНУ-ын эдийн засгийн өсөлтөө дэмжих зөөлөн бодлогоо зогсоох эсвэл үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээ төрүүлэх болжээ. Энэ нь хөгжиж буй улс орнуудын санхүүгийн зах зээлд сөрөг  нөлөөлж байна хэмээн Азийн хөгжлийн банкны дээрх тайланд өгүүлэв. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ро­берт Шоэллхаммэр “АНУ-ын Холбооны сан­гийн үйл ажиллагаа ху­миг­дах  талаархи хүлээлт өөрчлөгдсөнөөс гадаадын хөрөн­гө оруулалтын урсгал Энэтхэг, Индонез, Монгол зэрэг шинээр хөгжиж буй орнуудаас гарах шалтгаан болж байна” гэжээ.

Азийн хөгжлийн банкнаас хийсэн тооцоогоор энэ онд манай улсын эдийн засгийн өсөлт 12 хувьтай гарна. Ирэх онд нэг хувиар нэмэгдэх төлөв бий аж. Эдийн засгийн өсөлтөө хоёр оронтой тоонд хадгалж  буй нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, Оюу толгойн алт, зэсийн орд ашиглалтад орсонтой холбоотой хэмээн тус банкны эдийн засагчид тайлбарлаж байна. Гэхдээ манай улсын эдийн засгийн богино болон дунд хугацааны төлөв нь Хятад болон дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас ихээхэн шалтгаална.

Ингээд Азийн хөгжлийн банкны  Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчид манай улсын эдийн засгийн өнөөгийн болон ойрын хугацаанд үүсэх нөхцөл  байдлын талаар юу гэж үзэж буйг дор тодрууллаа.


Инфляцын дарамт, төсвийн тэнцлийн алдагдалдаа анхаарах хэрэгтэй

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен.

-Ашигт малтмалын үнэ ирэх онд ямар байх төлөв байна вэ?
-Европын холбооны эдийн засаг сэргэж эхэлсэн. Гэвч Монголын экспортод гарч буй түүхий эдийн эрэлт энэ жилийнхээс  өсөхгүй гэж бид төсөөлж байгаа. Яагаад гэвэл Европын болон Хятадын эдийн засаг хангалттай сэргэж чадахгүй. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын эхний шат дуусч үйлдвэрлэлд шилжлээ. Ингэснээр эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломж гарч өсөлтөө хадгална. Гэсэн хэдий ч Хөгжлийн банкаар дамжуулан хийж буй зардлаа танаж хянах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байгаа.

-Манай улсын экс­портын бүтээгдэхүүний гол худалдан авагч Хятад. Тус улс эдийн засгийн шинэчлэлийн бодлого нь манай эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
-Хятадын Засгийн газар эдийн засгийнхаа тогтвортой өсөлтийг хангахын тулд нийгмийн даатгал, нийгмийн үйлчилгээний салбараа шинэчлэх дүр зураг ажиглагдаж байна. Үүнтэй холбоотойгоор монголоос авах нүүрсний хэмжээ багасах хандлагатай байгаа юм.  Иймд Монгол Улс жилд экспортлох нүүрсний хэмжээ ирээдүйд ямар төвшинд байх вэ гэдэг талаараа сайн судалгаа хийж зөв таамаглах нь чухал. Ингэсний үр дүнд эдийн засгийнхаа богино болон  дунд хугацааны төлөв байдлыг урьдчилан харж  зохицуулалт хийж чадах учиртай.
 
-Дэлхийн эдийн засаг сэргэж байгаа ч манай улсын хувьд таагүй мэдээ гарч байна. Тэгэхээр манай улсын эдийн засагт  ямар эрсдэл бий гэж та бүхэн харж байна вэ?

-Нүүрсний үнэ өнгөрсөн жилээс буурч ирлээ. Одоогоор үнийн уналт 54 хувьтай боллоо. Экспорт нь 10 хувиар буурсан. Энэ нь эдийн засаг дахь эрэлтийг  саарууллаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалт буурсан явдал ч үүнд  нөлөөлсөн л дөө. Экспорт буурч орлого багасаад ирэхээр  Засгийн газар эдийн засгийн  тэлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлогын үр дүнд эдийн засгийн өсөлтөө хадгалсан юм. Одоо эдийн засгийн тэлэх бодлоготой холбоотой хэд хэдэн эрсдэл гарч ирж байна.

Тухайлбал, инфляц өсөх хандлага байгаа. Инфляц наймдугаар сард 9.4 хувьтай гарсан. Гэтэл сүүлийн саруудад  огцом өсөх шинжтэй боллоо. Хоёрдугаарт төсвийн тэнцэл алдагдалтай гарах дүр зураг бий. Иймд Монгол Улсын эдийн засгийн бодлого боловсруулагчид эдгээр асуудлыг  анхаарч дээрх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.


Ашигт малтмалын үнийн 10 жилийн дунджаар төсвийн орлогоо тооцсон

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар.

-Манай улсын эдийн засаг дахь мөнгөний ний­лүүлэлт ихэслээ. Ту­хайл­­бал, Монголбанк гурван их наяд төгрөг нийлүүлсэн нь оновчгүй шийдвэр гэсэн яриа бий. Үүнийг эдийн засагч хүний хувьд юу гэж үзэж байна вэ?
-Он гарснаас хойш  манай улсын эдийн засаг удааширч ирсэн. Иймд  эдийн засгийн өсөлт нь нэгдүгээр улиралд долоон хувьтай гарсан юм. Хоёрдугаар улиралд 14 хувьд хүрсэн ч оны  эхний хагас жилээр 11.3 хувьтай байлаа. Өсөлтийн хурд ингэж саарсан үед эдийн засгаа тэлэх бодлого баримталсан. Тухайлбал, Монголбанкны мөнгөний нийлүүлэлт нэ­мэгдсэн, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын   нө­лөөгөөр эдийн засгийн өсөлт сэргэсэн. Гэвч сөрөг тал бас бий. Бидний төсөөллөөр инфляц энэ онд ойролцоогоор 10 хувьтай гарах байх.  Одоо үүсээд байгаа валютын ханшийн уналттай холбоотой дам нөлөөгөөр орж ирэх инфляцын дарамтыг хязгаарлах шаардлага бий болж магадгүй. Тэгэхээр үүнд болгоомжтой хандаж мөнгөний бодлогодоо тусгах  болов уу гэж бодож байна. 

-Улсын төсвийн орлогоо тооцохдоо ашигт малтмалын үнийг хэт өндөр тогтоодог. Иймээс  энэ жилийн төсвийн орлого дутлаа. Ашигт малтмалын үнэ унаж буй өнөө үед ирэх оны төсөвт орлогоо яаж тооцсон юм бол. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ жилийн төсвийн орлого их өөдрөгөөр тооцоолсон л доо. Тэгээд одоо улсын төсөвт тодорхой хэмжээний тодотгол хийх шаардлага тулгарч байгаа юм. Ирэх оны төсвийн тооцооллыг хийхдээ манай улсын гол орлого болох эрдсийн бүтээгдэхүүний өнгөрсөн арван жилийн дундаж үнийг  баримталсан. Тэгээд тодорхой жишиг үнэ гаргаж тооцсон байгаа. Үүнээс өөрөөр улсын төсвийн орлогыг тооцож гаргахад хүндрэлтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан