Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрөлх хотдоо түгшүүргүй амьдаръя

- Нүд алдам нутагтай ч нүхэнд байгаа мэт чихэлдсээр -

“Бөмбөгөр” хэмээн нэршсэн худалдааны төвд хэдэн жилийн өмнө гал гарсны улмаас олон зуун түрээслэгч, үйлчлүүлэгчийн эрх ашиг хохирсон. Худалдааны төвийн эзэн нь бүр их хохирсон гэж болно. Чоно борооноор гэгчээр түрээслэгчид дотор таван сая төгрөгийн бараагаа тавин сая, таван зуун сая болгож мэдүүлээд төлүүлэн авсан хомхой сэтгэлтэн хүр хорхой шиг үржиж байсан юм даг. Тэр үед бид Монгол хүний бэлгэдэлт сэтгэлгээ, аливаа муу үйлийг эерүүлэн хэлэх заншлаар “Галын дөл өөдөө гэдэг юм” хэмээн хэнэггүйхнээр толгойгоо илэн зогсч байсан билээ. Одоо байдал улам хурцдав. Хэзээ ч залгихад бэлэн галан мангас нийслэлийн томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд амилж эхэлжээ. Уншигч та бүхэн тод санаж байгаа. “Нарантуул”, “Сандэй” зэрэг худалдааны төвд саяхан гал гарч, бүр хүний эрдэнэт аминд халдсан. Ийм аюулт үзэгдэл хамар дор хэзээ мөдгүй шил дараалан гарч болзошгүйг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт явуулсан хяналт шалгалт нотлов. Нийслэлийн иргэдийн тоо хэдийнэ нэг саяыг гаталсан болохоор дэлхийн хотуудын эгнээнд зүй ёсоор багтана. Харин эрүүл, аюулгүй орчинд иргэд нь амьдарч, хөдөлмөрлөж, үйлчлүүлж байгаа эсэхийг нь харьцуулбаас тэдэнтэй хөл нийлүүлэхэд үнэхээрийн ичгэвтэр төрх унагах. Нийслэл хотын иргэдийн амьдралыг дээшлүүлэх учиртай худалдааны төв, хүнсний захуудыг хэдхэн хүний халаасыг түнтийлгэ гэж зөвшөөрөл өгөн ажиллуулаагүй байлтай. Тэдний үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг шалган нягтлах гэхээр ямар ч иж бүрдэлгүй байх жишээтэй. Түүгээр үл барам урдаас нь загнаж, хөөх шахуу аашилсан гэж хэлэх хүн ч байгаа юм. Төр ийм үйлдэлд хүчгүйдэх ёсгүй билээ. Мөнөөх хэрүүл уруулын үр болсон газар ашиглалт, газрын гэрээ гэдэг зүйл эх захаа алдсан “барам” болжээ. Ажиллагсад болон түрээслэгчдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр аюулгүй байдлын хэрэгжилт ямар байна вэ. Там л гэлтэй. Нөгөөтэйгүүр, дээрх нөхдөөс шууд хамаарах ажлын байрны нөхцөл, орчны бохирдол, тохижилт цэвэрлэгээний талаар ам нээвэл хоолой бөглөх вий. Хотын том захууд хувийн өмчид шилжсэн тул тэнд халуун, хүйтэн үү, там байна уу, үгүй юү хамаагүй гээд орхичихож болохгүй нь мэдээж. Энэ үүднээс хандаад ирвэл “хувийн өмчид халдав” хэмээн ихэрхэцгээх. Нэг хүний бус нийтийн эрх ашигт хөтлөгддөг олон талт харилцааны гэрэл сүүдэр ялгарахаа больжээ. Эндээс онцлох хэдэн зөрчлийг сөхье. Манай зах, худалдааны төвүүд барилгын хийц, бүтээцийг галын аюулгүйн шаардлагад нийцүүлэхгүй дур мэдэн өөрчилсөөр байх юм. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үлгэрийг олонтаа давтана. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх байтугай анхан шатны ойлголт ч байхгүй юм. Уг нь,  томоохон хотын худалдааны төв, зах нь өдөр тутам байтугай хором бүрт хяналт тавьж ажилладаг билээ. Ниргэсэн хойно нь хашгирдаг ужиг манайд бий. Түрээсийн гэрээндээ галын аюулгүй байдал хангах талаар нэг толбо ч дусаагаагүйг яах билээ. Тэр байтугай аврах зам, гарцыг нарийсгаад хааж орхисон байх юм. Үүнийх нь байрлалыг заасан гэрлэн тэмдгүүдийг нүдээр нэгжээд ч олоход бэрх. Гал гарсан үед унтраах усны цэгүүдийг олно гэж зүтгэснээс улам бүр ховордож буй говийн баянбүрдийг нүдээрээ тэмтэрсэн нь дээр байх. Энэ талаар холбогдох газруудаас албан шаардлага, мэдэгдэл хүргүүлдэг ч дүлий годил аятай сууцгаана.

Манай томоохон худалдааны төв болох “Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” захаар жишээ авъя. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж бий. Огт хийлгээгүй нь олон байна. Хүнсний худалдааны газруудын 71 хувь нь түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг технологийн дагуу хадгалж худалддаггүй нь шалгалтаар илрэв. Гэм биш зан гээд орхих уу. Түргэн хордож үхэхийг хэн ч хүсэхгүй нь лавтай. Уг нь дотоод хяналтын журам гэж гаргасан байдаг юм аж. Түүнийг мөрдөж ажиллаж байгаа нь тун цөөхөн. Манай худалдааны төвүүдийн бохир заваан байдлыг захын хэнбугай ч жишээ татан өгүүлдэг. Энэ нь дээрх захуудыг тойрсонгүй. Ямар ч тохижилтын төлөвлөгөөгүй, зураг схем ч үгүй сууцгааж байгаагаа өөрийнхөөрөө дөвийлгөх жишээтэй. Иргэдэд үйлчилж байгаа түрээслэгчид маань гар бохирдсон үед болон бие засах газарт орсны дараа гараа угааж цэвэрлэх ямар ч боломжгүй байна. Худалдааны багаж, тоног төхөөрөмжүүдийг тогтмол цэвэрлэх талаар өөрсдөө ч санаа тавьдаггүй байх юм.
Нөгөө бие засах газар, угаалтуурыг нь харвал огиудас хүрэм. Агааржуулалтгүй цайны газрууд ямар жороор хоол хийж танд үйлчилж байгааг нь сонирхвол үнэхээр хирдхийх байх. Нийслэлийн Захирагчийн албанаас хийсэн шалгалтад 53 объект  хамрагдсан юм билээ. Үүний 80 хувь нь барилгын ашиглалт хангалтгүй гарчээ. Батлагдаагүй зураг төслөөр өргөтгөл хийсэн нь олон. Уг нь аж ахуйн аргаар баригдсан жижиг барилгуудад барилгын хувийн хэрэг гээд холбогдох бичиг баримтууд байдаг. Энэ талаар ам нээлтгүй юм байна.

“Нарантуул”, “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Жи Эм Жи” зэрэг худалдааны төв нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай” улсын комиссын актыг өдий болтол гаргуулаагүйг юу гэж ойлгох вэ. Харин дээрх худалдааны төвүүд ашиг, орлогоо нэмэгдүүлэхэд л үйл ажиллагаагаа чиглүүлж, барилгын давхруудад байрлах лангууныхаа тоог нэмэн улайрч байна. Зам гарцыг нарийсган бараа материалаа байрлуулсан нь дарьтай торхыг санагдуулна. Үүндээ дүгнэлт хийж галын аюулгүй байдлаа яаралтай хангахгүй бол горьгүй болжээ. Эхлээд “Бөмбөгөр” дараа нь “Нарантуул”, “Сандэй” шатав. Одоо “Барс” үлдээд байна гэх явган яриа ч үнэний ортой байхын үгүйсгэхгүй. Ямартай ч нийслэлийн Захирагчийн ажлын албанаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гаргуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж буй “Нарантуул”, “Барс-1”, “Барс-2”, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй “Өгөөмөр”, “Мишээл экспо”, “Дүнжингарав” ХХК-иудын худалдааны төвийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоох шийдвэр гаргав. Том толгойлж зөрүүдлэлгүй гаргасан зөрчлөө хурдан арилгахыг нийслэлийн иргэд хүлээж суугаа. Энэ бүхний цаана олон зуун мянган үйлчлүүлэгч, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал бий.

Бид шинэ суурьшлын бүсийг бий болгосны бодит жишээг “Эмээлт” захаас харж болно. Шинэ худалдааны бүс нутаг бий болгох нь хотоо тэлэх аятайхан боломж байгаа биз. Өдрөөс өдөрт хотын бөглөрөл, түгжрэлийн үүр уурхай болж буй захуудыг нүүлгэхээс өөр аргагүй. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд үүнийг нэн тэргүүнд тусгасан. Энэ дагуу “100 айл” дахь барилгын материалын худалдаа, “Да хүрээ”, “Өгөөмөр” болон бусад техникийн зах, мод, модон материалын захуудыг  хотын А, Б зэрэглэлийн бүсээс гаргах болов. Ингэснээр захуудын орчин ч сайжирна. Олон улсын үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулж эхлэнэ. Энэ бүхэнд манай аж ахуйн нэгж, компани, иргэд ч анхаарлаа чиглүүлж, идэвхитэй, итгэлтэйеэ гараа хөдөлгөх цаг болжээ. Нүд алдам нутагтай монголчууд нүхэнд амьдарч буй мэт бачимдах ёсгүй. Нийслэл хотоо тэлж, өөрийн өвөрмөц дүрэмтэй болж, дэлхийн хотуудтай адил төвшинд иргэд нь ажиллаж, хөдөлмөрлөж, үйлчлүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдарцгаая л даа. Энэ нь та биднээс л шалтгаална.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан