Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинээр бизнесээ эхлүүлж буй байгууллагын татварыг 1-15 жилээр чөлөөлнө

Сангийн яамнаас Татвар­ын тухай багц хуулийн төс­лийг боловсруулаад бай­гаа. Тэгвэл Татварын тухай хуулийн хоёр дахь шинэчлэлийн талаар Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хуулийг хоёр дахь удаагаа шинэчлэн найруулж, дөрвөн зорилт оруулж өгсөн юм. Өнөөдөр татварын орчинд татварын чиглэлийн 24 хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд үүнийг хоёр дахь шинэчлэлийн хүрээнд 13 болгож багасгахаар тусгасан аж. Мөн сүүлийн үед гарч байгаа татварын хууль, эрх зүйн маргааныг энэ хуулиар шийдэх гэнэ. Эдийн засгийн байдалтай уялдуулж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийг дэмжих чиглэлд татварын НӨАТ-ын босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, алданги тооцох хугацааг хойшлуулах зэрэг боломж, хөнгөлөлтийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах чиглэлд идэвхтэй ажиллаж буйгаа тэд хэлж байв. Монгол Улсад далд эдийн засаг 40 хувьд хүрсэн гэсэн судалгаа байдаг учраас энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзжээ. Тэгэхдээ НӨАТ-ын тодорхой хувийг иргэдэд буцаан олгох зэрэг зохицуулалт хийхээр тусга­сан аж.
Улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Татварын өр барагдуулах асуудлыг Тат­варын ерөнхий газар, Сангийн яамтай хамтран тухайн байгууллагын орлогоос нөхөн барагдуулахаар ажил­лаж байна. Мөн шинээр бизнесээ эхэлж буй аж ахуйн нэгж байгууллагыг 1-15 жилийн хугацаатайгаар татвараас чөлөөлнө. Энэ асуудлыг Татварын хуулийн хоёр дахь шинэчлэлд тусгасан байгаа” гэлээ. Үүнээс гадна татварын албаны үйлчилгээг цахимжуулах хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага татварын бүх төрлийн тайлан тооцоо, мэдээллийг цахим хэлбэрээр авч, өгөх боломжтой юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан