Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бусармаг бизнес цэгцлэгдэх үү

“Google”-ийн хайлтын системд “Бөөгийн ёс зүй” гэж бичихэд 193 мянган илэрц гарах аж. Дийлэнхи нь “Бөө нар хүний аминд хүрлээ”, “Бөө мансууруулах бодис нуун хилээр гаргахыг завдлаа”, “Үйлчлүүлэгчийнхээ машиныг бөө шатаажээ”, “Гэр бүлээр нь бөө болгосон тохиолдол гарчээ” гээд гарчигаасаа хар бараан мэдээлэл агуулах илэрцүүд. Харин цаг хугацааны хувьд арай сүүлд, шинээр оруулсан мэдээлэл нь “Бөө ёс зүйтэй болно” гэсэн утгатай байна. Эндээс харахад зах, замаа алдсан бөө нэртнүүдийг сүүлийн үед цэгцлэх ажил хийж байгаа бололтой. Монголчууд эрт дээр үеэс хөх тэнгэрээ шүтэж ирсэн. Тиймдээ ч бөөгийн шашинг эрхэмлэн шүтэж, хүчирхэгжин явсан цаг үе бий.  Гэтэл өнөө цагт өнгө мөнгөнд шунасан зарим хүн түүх, соёл, өв уламжлалын ариун хэлхээс болсон бөө мөргөлийг мөнгө олох хэрэгслээ болгон ашигласаар байна. Энэ замбараагүй байдлыг таслан зогсоох үүднээс олон ч байгууллага арга хэмжээ авдаг.
Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард 700 гаруй бөөг эгнээндээ нэгтгэсэн гэх Монголын бөөгийн нэгдсэн эвлэл дөрвөн ч удаа томоохон тахилга үйлдэж, тэнгэрийн улаач нарын үе дамжин ирсэн дэг жаяг, одоогийн гаргаж буй бөө нарын ёс зүйн алдааг нэгтгэн “Монгол бөөгийн уламжлалт ёс зүй” ном гаргасан талаархи мэдээлэл хийж байсныг манай сонин уншигчиддаа мэдээлж байсан.

Тэгвэл хүмүүсийн зовлонгоор дайжигнаж, бизнес хийгчдийг таслан зогсоохоор “Оюуны хөгжил” ТББ-аас өнгөрсөн баасан гарагт “Бөөгийн ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Манай улсад дөрвөн мянга гаруй өрх, 20 мянга хувь хүн бөөтэй ямар нэгэн байдлаар хамааралтай гэсэн судалгаа байдаг аж.  Эдгээр хүний 70 орчим хувь нь бөө болох эсвэл бөөд үзүүлдэг байна. Харин бөө нарын 50 хувь нь ямар нэгэн байдлаар архинаас хамааралтай болсон байна. Мөн бөө нараас зөвлөгөө авах гэж хамаг эд хөрөнгөө барж дууссан хүмүүс ч байдаг гэнэ. Сүүлийн үед бөө нарыг залилан хийж, ард түмний мөнгийг авдаг гэж хүмүүс ярих болсон. Тэгвэл энэ талаар хуралд оролцогч зарим хүн ярихдаа “Чаддаггүй хүмүүс бөөгийн нэр хүндийг унагадаг. Мөнх тэнгэрийн ёс зүй гэж байдаг. Түүний дагуу л ажиллах хэрэгтэй” гэсэн юм. Нөгөө талаар, бөөгийн үйл хэргийг үнэн зөвөөр мэдээлэх албан ёсны сургалт байхгүйгээс хүмүүс буруу мэдээлэл авсаар байгаа гэлээ. Тиймээс бөө нарыг нэгдсэн мэдээллийн төвтэй болгож өгөхийг хүссэн албан шаардлагаа Ерөнхийлөгч, БШУЯ, ССАЖЯ-нд хүргүүлэхээр болжээ. Мэдээллийн нэгдсэн төвтэй болбол хүмүүс бөө нарын талаар үнэн зөв мэдээлэлтэй болохоос гадна хэнд, хаана хандахаа мэддэг болох боломжтой гэв.

Бөө нарыг нэгтгэдэг олон төрийн бус байгууллага байдаг. Эдгээр байгууллагаас энэ бусармаг бизнесийг таслан зогсоох арга хэмжээг энэ мэтчилэн зохион байгуулдаг ч, тэр бүр үр дүнд хүрдэггүй. Тухайн байгууллагадаа хамааралтай бөө нарын хүрээнд л яригддаг. Хэрэв бөөгийн мэдээллийн нэгдсэн төв байгуулахыг зөвшөөрвөл ганц ССАЖЯ-нд даатгахгүйгээр бөөгийн холбоо, бөөгийн үйл ажиллагаа явуулдаг ТББ нэгдэж, хамтарч ажиллана гэдгээ хэлсэн юм. Гэхдээ тус хуралд цөөн хэдэн хүн ирсэн болохоор эдгээр олон байгууллага нэгдэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй санагдснаа нуух юун.

Дээрх бөө нарт зориулсан нэгдсэн мэдээллийн төвтэй болох шаардлагыг ССАЖ-ын сайдын зөвлөх Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гардаж аваад “Энэ асуудлыг цааш нь уламжилна. Миний эргэн тойронд ч бөөгийн хамааралтай хүн олон бий. Бөөгийн тухай асуудал монголчуудыг хамарсан өргөн цар хүрээтэй зүйл. Тийм ч учраас энэ асуудалд нааштай хандана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.


Д.Жаргалсайхан: Бөөгийн нэрийг зээлдэгчид багасч, залилан хийгчдийн арга нарийссан

Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр өмнө нь цэргийн байгууллага болон Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа хүн юм.

-Сүүлийн үед бөө гэсэн нэрийн дор бизнес хийгчид олширсон учраас бөөг шашин биш гэж үзэх болж. Энэ тал дээр судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?
-Хүн төрөлхтөн хөгжлийн эрчимтэй үе рүүгээ орлоо. Баялаг хаана байна, тэнд улс төр, эдийн засгийн эрчимтэй үйл явц өрнөж байна. Энэ өрнөл Монголд аль хэдийнэ ороод ирж. Монголд шашны 30 гаруй байгууллага идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж, монгол хүний оюун санааг эзэмших, улмаар талцуулах үйл явц эрчимжлээ. Сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин хүч түрэн орж ирж байна. Монголыг монголоор нь авч үлдэх аугаа их ухааныг манай өвөг дээдэс бидэнд уламжлан үлдээжээ. Тэр бол мөнх тэнгэрийн шүтлэг. Мөнх тэнгэрийн шүтлэг бол шашнаас дээгүүр зүйл. Тиймээс их эзэн Чингис хаан мөнх тэнгэрийг шүтсэнээр монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их хүчнийг бий болгож чадсан. Чингис хаан бүх шашныг ижил төвшинд хүндэтгэн үзсээр ирсэн. Мөнх тэнгэрийг шүтсэнээр монгол хүн үндэсний үзлээ илүү сайн ойлгож, монгол уг удмын гайхамшигтай учирч, Монголоороо бахархах, монгол эрчмээр эрч хүчээ авч, монгол омогшлыг мэдэрнэ.

-Ганц манайх гэлтгүй гадаадын олон орон бөөгийн шашин шүтдэг.  Гэтэл манайхан өөрсдийгөө л дөвийлгөж бодоод, хэт их дэвэргээд байх шиг санагддаг?
-Монгол бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигтай соёлын өв уламжлал. Дэлхийн бүх улсад бөө байдаг ч Мөнх тэнгэрийн хүчийг олж, төрийн төвшинд хүндлэгдэж, дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэж төрт улсаа байгуулан, бөөгийн шашныг шүтэж ирсэн түүхтэй улс манайхаас өөр хаана ч байхгүй, хаанаас ч олохгүй.

-Эрт дээр үеэс монголчууд тэнгэр шүтэж ирсэн ч буддын шашны нөлөөгөөр шахагдсан шашин бол бөө. Тэгэхээр олон арван жилийн өмнө устчихсан шашныг одоо гэнэт болох, болохгүйгээр дэлгэрүүлэх шаардлага бий юм болов уу?
-Монгол хүн бөөгийн шүтлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөө үетэй золгосон нь үнэн. Бөө шүтлэгийг Хүннүгийн үеэс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлсэн гэж үздэг. Чингис хааны үед монголчуудын төрийн үндэсний язгуур шүтлэг болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөнх тэнгэрийн шүтлэг нь амьдарч ирсэн байгаль дэлхий, эцэг, өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их Монгол гүрэн, үндэсний үзэл бүгд уялдаа холбоотой. Мөнх тэнгэрийг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан. Монголчууд түүхийн олон зуун жилийн турш харийн гүрэнд эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж өнөөдөртэй золгосон шүү дээ.

-Монголчуудын оюун санаанд маш том байр суурь эзэлдэгтэй бөөгийн шашны дахин сэргэлт хамааралтай юу?
-Монголчуудын түүхэнд бөөгийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Цаашид энэ чиглэлээр судлаж хийх ажил их байна. Монголыг эзлэх гэсэн гадаадын бодлого монголчуудыг язгуур шүтлэгээс нь салгасан байдаг. Тусгайлан бэлтгэсэн харийн шашныг Монголд нэвтрүүлэхдээ монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцлээс үүссэн хагарлыг ашигласан. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанарыг харийн шашинд шингээсэн. Гадаадын хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлж чадсан. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, бөө нарыг олон зуугаар нь алж устгасан. Бөөгийн зан үйл үйлдсэн хүнийг гол амьжиргаа болсон малаар нь торгож, эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байлаа. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдаж, гурван зуун жилийг өнгөрүүлсэн. Өнөөдөр үүнийг төрийн шашин хэмээн хуулиар тунхаглаад байна. Бид өөрсдийн шүтлэгээ харийн нүдээр харах болтлоо өөрчлөгдлөө. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээ ч амжилтад хүрэхгүй. Сүүлийн зуун жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алджээ. Энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь тэнгэрийн зан үйлээр үйлчилснийхээ төлөө буруутгагдаж, олон жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх ч бий.

-Бөөгийн олон холбоо, төрийн бус байгууллага байгуулагдаж байна. Эдгээрийн нэг нь Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Танайх хэдэн гишүүнтэй ямар үйл ажиллагаа явуулдаг эвлэл вэ?
-Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн бөөгийн шүтлэгтнүүд өнгөрсөн жил хуран цугларч, дээд хуралдайгаа хийсэн. Анх Монголын бөөгийн нэгдсэн эвлэлд бөөгийн нийгэмлэг, төв, академи, холбоо зэрэг 60 гаруй байгууллага оролцож байсан бол  өнөөдөр бөөгийн бараг бүх байгууллага нэгдээд байна. Өнөөдөр бид сууж ажиллах байргүй, өөрийн гэх өмчгүй, бүх зүйлийг эхнээс нь эхэлж байна. Бидэнд зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад 4500 орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад 1500 гаруй, Монгол Улсын толгой уул гэгддэг Баян-Өлгий аймагт байдаг Жаргалант хайрханы тахилгад 600 гаруй, Монгол туургатны их тахилгад 3000 гаруй бөө, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл. Энэ намар Монголын Хөл уулын Их тахилга өвөг дээдсийн уухайн дуу, морьдын туурайг хөрсөн дээр нь тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болно. Эдгээр их үйлийг бид хийхгүй бол өөр хэн хийх билээ. Нэг жилийн дотор олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадлаа.

-Гэхдээ олон бөө нэг дор цугларах нь аюултай гэж ярьдаг. Тэнгэрийнхээ чадлыг нэг нэг рүүгээ гаргадаг гэдэг юм билээ?
-Бөө нар нэгдэж чадахгүй, хоорондоо таардаггүй гэнэ лээ, нэгдсэн ч удахгүй тарна гэж оношилж байсан үе бий. Монголчуудыг нэгдэж, хамтарч ажиллаж чадахгүй гэдэг үгийн цаана монголчуудыг нэгдэж, хүчирхэгжихээс айж зүрх нь чичирсэн харийнхны санаа нуугддаг юм. Биднийг тарааж, бутраах гэсэн оролдлого гарч байсан. Бөө нар Мөнх тэнгэрийн улаач нар төдийгүй Их Монгол Улс, Эзэн Чингис хааныхаа ариун сургаалыг түгээгч, монгол үндэсний үзэл, монгол генийн уг уламжлалыг үргэлжлүүлэгч, монгол бахархал, омогшил билээ. Түүх бидэнд ийм өндөр хариуцлага үүрүүлжээ. Тэд даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах тэргүүлэгч үүрэг хүлээсэн. Бид өнгөрсөн хорин жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрч ирсэн бөөгийн нэгдлүүдийн түүхийг давтахыг хүссэнгүй. Монголын хэмжээнд том бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж,  21 аймагт салбараа байгуулсан. Монгол бөөгийн нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургаал, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг та бидний өмнө байна.

-Гэхдээ бөө гэсэн нэрийн дор бизнес хийгчид олширсон учраас сайнаар хүлээж авах хандлага буураад байна уу даа. Таныхаар Монголыг Монгол байлгах хүмүүс бол бөө нар. Тийм үү?
-Яахав, бөөгийн нэрийг ашиглан хувьдаа өндөр алдарт хүрсэн, бизнес хийж ашиг олсон хүмүүс бий нь ч бий. Одоо би гэдэг үгнээс татгалзаж, бид гэж ярьж суръя, хамтарч ажиллаж суръя. Мөнх тэнгэрийн төлөө зүтгэж, өөрийн бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын зүтгэлийг үнэлдэг газар алга. Төрөөс үнэлэх нь тун ховор. Тиймээс энэ байдлыг зарим хүн овжин ашиглаж янз бүрийн цол, нэр бий болгож, түүнийгээ худалдан ашиглаж байна. Ганц хүний үзэмжээр олгодог, янз бүрийн хуурамч цол, элдэв тэмдэг, “хуурамч” доктор цол авахаас татгалзъя. Ийм хуурамч алдар цол өнөөдөр хэн ч мэдээгүй үедээ хэрэгтэй юм шиг санагдаж байж магадгүй. Харин маргааш олон түмэн мэдээд ирэхээр нүүр хийх газаргүй “онигоо” болно. Бидний хамгийн эрхэм зорилт бол өвөг дээдсээс уламжлан хадгалж ирсэн онгон байгалиа хамгаалах юм. Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул ус, түүний лус савдгийг тахих уламжлалт зан үйлийг хийж ирсэн. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь аугаа их юм. Даяаршлын энэ зуунд, ялангуяа хөрсөн доороо асар их баялагтай өвөг дээдсээс минь онгон дагшин хадгалж ирсэн нутаг лиценз нэртэй алга дарам цаасаар харийнхны эзэмшилд очиж, эрчимтэй сүйтгэж байна. Бидний хийж байгаа тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг.  Энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харь сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм.

-Хуурамч бөөг байхгүй болгоно гэж бөөгөөр овоглосон байгууллага бүр л ярьдаг. Үнэхээр яах вэ?
-Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал монголчуудаа даяаршлын сөрөг зүйлээс хамгаалах дархлаанд оруулсан. Өнөөдөр олон бөө төрж  байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардаж байна. Бөөгийн гэх гэмт хэрэг ч бий болж, бөө нарыг хуурамч, жинхэнэ хэмээн ангилах боллоо. Нийгэмд үүссэн ийм байдлыг арилгахын тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, бага хуралдайгаар хэлэлцүүлж, нийтээрээ мөрдөж эхэллээ. Монголын бөө нарын хувьд дотооддоо хийж цэгцлэх ажил их бий. Манай байгууллага байгуулагдсанаас хойш бөөгийн нэр зээлдэн гэмт хэрэг хийгсдийн тоо эрс багассан. Харин залилан хийгсэд улам нууц байдалд орж, арга нь нарийсч байна. Тэнгэрийн үйлээр тоглох эрх хэнд ч байхгүй. Ийм хүмүүст тэнгэрээс өгөх гэсгээл туйлын хатуу байх болно.
0 Сэтгэгдэл
ter olnii tanil bolson boo gegch hvmvvs bolimoor ym dald baij bga boo nar boo bishvv ta nar shigel end tendhiin yumand daldagnahgvi bhdaa
ИЙМ ОЛОН БӨӨ ГЭЖ ЮУ БАЙХАВДЭЭ ХҮНИЙ ЗОВЛОНГООР ЖАРГАЛ ХИЙСЭН НОВШНУУД
unen n unen hudal n hudal shuu dee. Bi yr itgedggui bailaa. Harin odoo bol itgej bga. Itgehees uur arga uneheer bhgui. Minii uulzsan ***** yamar ch mungu tugrug yaridaggui. Harin tiimerhuu ungu mungund shunasan yum hiigeed yawaad baiwal shiitguuldeg yum bn lee shuu
ichdeggui yumaa ta nar uchrrig ni oilgoogui b na lam gj yamr humuus bdiin mungu l nehdeg bzdee mongoloo aldsan mongolchuud
Миний нагац дүү бөө болж орон сууцандаа бөөлж гарлаадаа ойр орчимын айл нь цагдаа дуудлаа, цагдаа бөөгөөс айгаад ирсэнгүй бололтой даварлаа орой нар шингэхтэй уралдаад шөнө дунд өнгөртөл авч өгдөг боллоо аргагүйн эрхэнд дүүдээ жаахан соёлтой байх тухай бусдыг хүндлэж амьдрах тухай хэлтэл Манай байшин доор 2 хүний шарил байна гэж байна. Энэ байшинг барихад хөрсний шинжилгээ өгөөд суурь хийхдээ үндсэн хөрсийг нь малтаж хэнч хүрээгүй онгон хөрснөөс барилга эхэлдэгийг мэдэхгүй тийм дээд тэнгэрийн үгэнд битгий ороод бай гээд хэлсэн үүнээс хойш больсон.
vnendee bol mungu bolgon harj baigaa hvmvvs baidag l baih gehdee ene ***** gedeg zvil tiim ch amarhan oilgoh ertunz bol bish dee mungu gej yavaa n tertee tergvi shiitgelee avna daa tegeheer iimerhvv bvh niitiig buruutgasan yum bichehee bolivol zvgeer baihaa
Хамгийн их уншсан