Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бохир улс төрд сүлсэн тэрбумын эзэд гэрэлд цохиулсаар...

Сайн эмчид үзүүлэх, сайн сургууль, цэцэрлэгт хүүхдээ оруулна гээд бодохоор л мань мэт нь хэдэн төгрөг өгчихвөл хэмээн авлига гэгчийг байх л ёстой зүйл мэтээр сэтгэсээр өнөөг хүрч. Тэгэхээр бизнесмэнүүдийн хувьд сайн ашиг хүртье гэхээр яалт ч үгүй улс төрд сүлүүлэх болчихдог нь нууц биш. Тэртээ Солонгосын дайны дараах Өмнөд Солонгосын бүтээн байгуулалтын үе шиг манай бизнесийнхэн ам.долларын саятан болох гэж хэрэндээ л зүдэрч, буруу гараар мөнгө олдог нь эхнээсээ тодорхой болж буй билээ.

Эрх мэдлийг их мөнгө дагалддаг учраас мөнгийг нь атгуулж байж л эрх мэдэлтнийг толгой дохиулж дөнгөж байгаа нь нууц биш. Монголын нийгэмд бизнесийнхэн маань улс төрөөс ангид зүтгэнэ гэвэл дампуурлаа зарлахаас өөр аргагүй болох биз.

Саяхан “Жаст” хэмээх томоохон групп дампуурлаа зарласан нь үүний сонгодог жишээ биш гэж үү. Мах ногоогоор эхэлсэн бизнес нь цэцэглэсээр импорт руу чиглэн сүүлдээ уул уурхай, банк санхүү болон өргөжсөн тус группийг юу юугүй нураад унахыг бид өөрсдийн нүдээр харлаа. Гэхдээ энэ удаад группийн ганц хувь эзэмшигч хэмээн өөрийгөө тодотгосон ноён Ш.Батхүү албан ёсоор гар өргөсөн. Түүнийг МАН-ын толгой санхүүжүүлэгчийн нэг байсан гэдэгтэй хэн ч маргадаггүй. МАН-ын намын дарга, Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэж тодотгох нь бий.  Ямар ч байсан улс төртэй хутгалдсан гэдгээ Ш.Батхүү ноён өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэр хэзээ ч улс төрд орж ирэхийг хүсээгүй шигээ ил гарах ч дуртай нэгэн биш. Энэ удаад дампуурал л түүний ертөнцийн хөшгийг нээсэн гэхэд хилсдэхгүй. “Ноёд” группийн Буяндорж ч улс төрд хутгалдсан мөнгөнөөс болж цагдаад дуудагдаад буй ээлжит золиос гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ түүний мөнгө бизнесийн ертөнцөд чамгүй нууц ноён гэгдэж байсан “Чоно” группийн  эзэн ноён Т.Энхболдсодонгийн мөнгөний дэргэд ёстой хумсын толион чинээ бололтой. Энэ удаад тэрбумтан Т.Энхболдсодон гэгч эр хууль хяналтынхны өмнө дуудагджээ.

 Хэвлэлийн мэдээлж буйгаар “Чоно” группэд гар дүрээгүй салбар үлдээгүй бололтой. “White house”, “Стрингс”-ээр эхэлсэн түүний бизнес барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлал, уул уурхай, тээвэр зуучлал, оффисын талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан гээд өргөжсөөр мөнгө нь ч өссөөр ам.долларын тэрбумтанд дөхсөн юм байх. Мэдээж ийм хэмжээний бизнесийг улс төрийн оролцоогүй хийнэ гэвэл ёстой үлгэр болох биз. Түүнийг МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн хэрэгтэй холбогдуулж шалгаж байгаа гэх ч албан бус эх сурвалжийн мэдээлснээр аль гурав дахь Ерөнхийлөгчийг шалгаж эхлэх үеэс мань эр хуулийнхны хараанд өртсөн бололтой.

“Чоно” групп гэхээр “Хөгжил хотхон” гэсэн бүтээн байгуулалт дагалдаж байдаг ч хамгийн том нь бидний нэрлэдгээр сэлмэн барилга аж.  
Нэлээн хэл амтайхан босч, ашиглалтад орохдоо Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмонгийнх хэмээн адлагдаж байсан “Blue sky” цамхгийн жинхэнэ эзэн Т.Энхболдсодонг “Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлд зааснаар бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулан шалгаж байгаа  гэх ч АТГ-ынхан “Баривчилсан нь үнэн. Хэрэг мөрдөн байцаалтын явцад байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх хариулт өгч байгаа.

Ямар ч гэсэн Монголын бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн томоохон байр суурь эзлээд байсан Т.Энхболдсодон гэх ноёнтны улс төрөөр сүлсэн  хэдэн сая ам.долларын араас хууль, хяналтынхан орсон нь ойлгомжтой.
Хаагуур хэрхэн хэрсэн аалзны торонд орооцолдож хаашаа үргэлжлэхийг удахгүй АТГ-ынхан тодруулна гэж найдавч хэвлэлийн хараанаас холуурхан өнгөрч байсан тэрбумтан энэ удаад хэвлэлийнхний хэдэн өдрийн бай болох нь тодорхой.
0 Сэтгэгдэл
MCS hezee barigdah ve huuhdiin prkiig l avsan geheer yadarsan ard tumnee ulandaa gishgij duusahgui yumaa suhbaatriin talbaig l avah uldlee barag ch avchih bizdee
Хамгийн их уншсан