Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНИЙГ БУС ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯНАЖ ЧАДАХ ТӨР

Зах, худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрт ч ялгаагүй барааны үнэ 20 орчим хувиар өссөн байна. Гэхдээ гурилан бүтээгдэхүүн, талхны үнэ хамгийн бага өөрчлөлттэй байгааг иргэд хэллээ. Энэхүү үнийн өсөлтийн асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хараахан гомдол ирээгүй гэнэ. Ам.долларын өсөлт болон бусад шалтгаанаас үүдэлтэй хэмээгээд санаан зоргоор барааны үнийг өсгөж байгаа талаар ямар арга хэмжээ авч болохыг ШӨХТГ-ын төлөөлөгчөөс лавлалаа. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар “Үнэ гэдэг тухайн байгууллагын өөрийн менежмент. Хэрэв нэг дэлгүүрийн барааг үнэтэй гэж үзвэл өөр дэлгүүрээс авч болно. Эсвэл худалдаж авахгүй байх ч боломжтой. Зах зээлийн хуулиар хэт өндөр үнэтэй бараа, гүйлгээ муутай, төдий хэмжээгээр орлого бага оруулдаг” гэв. Зах зээлд үүсээд буй үнийн өсөлтийг ШӨХТГ-ынхан орхихоор шийдсэн бололтой. Харин энэ талаар эдийн засагчид, Монголбанкны төлөөлөлтэй уулзаж тодруулбал мөн л “Үнэ гэдэг шууд нөлөөлж, зааж тогтоож болдоггүй эд. Хэрэв тэгэх юм бол чөлөөт эдийн засаг гэх утгаа алдана” гэлээ. Түүнийг зохицуулж, эсэргүүцэж чадах хүч нь зөвхөн хэрэглэгч буюу ард түмний л гарт байгаа аж.

Үйлчлүүлэгчид л үнэ тогтворжуулж дөнгөнө

Дийлэнх бараа бүтээгдэхүүн импортоор орж ирдэг цаг үе бидэнд тохиожээ. Жишээ нь, Эрээнээс орж ирэх барааны ширхэг бүрийн үнийг тооцоод үзвэл бидний гар дээр ирдгээс дунджаар хоёр дахин хямд байдаг аж. Өөрөөр хэлбэл, “Нарантуул” зах дээр зарж буй үнэ нь анхны үнээс хоёр дахин нугарсан байдаг гэсэн үг. Тэгсэн хэрнээ ам.долларын ханшийн зөрүү, өөрчлөлтөөс болж дахиад үнэ нэмлээ гэхдээ 20 хувь хүртэл өсгөж буйг юу гэж ойлгох вэ. Худалдаач, наймаачин, импортлогчдын хувийн араншин, ард түмнээ илүү мөлжиж, их ашиг олох гэсэн увайгүй сэтгэлтэй холбохоос аргагүй. Өөрсдөө үйлдвэрлэгч болж, хэрэгцээтэй бүхнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болохоос өмнө амжиж ард түмний халааснаас суйлж  баяжиж буй хүмүүс гэж болно. Дээр хэлсэнчлэн төр тэдэнд ямар нэг байдлаар шахалт үзүүлж, үнэд нөлөөлөх боломжгүй. Тэгвэл тэр үе хүртэл тэвчээртэйгээр монжуулж суух хэрэг үү.

Үнэд нөлөөлөх боломж нь иргэдийн гарт байгааг дахин саная. Үндэслэлгүйгээр үнээ өсгөж, ашгаа бодож суугаа хүмүүсээс бараа худалдаж авахаа больё. Хэн нэгэн үнэтэй зарж байвал өөр хямдхан борлуулж буй нэгнийг олох боломжтой. Эсвэл бөөний үнээр тооцуулж, хүссэн зүйлээ нэг дор их хэмжээгээр авч нөөцөлж болох юм. Үгүй бол томоохон худалдааны төв, хямдхан захаас ч базаахад гэмгүй. Үнэхээр гадаадаас л авчрахаас өөр аргагүй зүйлийг гадаад руу явж буй хэн нэгэнд захиж болох шүү дээ. Энэ мэтээр үндэслэлгүй нэмсэн үнийг, ашиг харсан атгаг санааг дэмжихгүй л байвал ард түмнийг мөлжсөн бодлого тэр бүр амилахгүй.
Нөгөөтэйгүүр, худалдаж авахгүй, үйлчлүүлэхгүй хэмээн эсэргүүцэхдээ “Танайх арай дэндүү нэмдэг, наад ундааг чинь авах хүн байхгүй” гэж давхар цохилт хийгээрэй. Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг дээ. Нөхцөл байдлыг өөрчилж, хүнсний дэлгүүр, ахуйн бараа болон зах, худалдааны төвийг ард түмэн л хазаарлаж дөнгөнө.

10 саяын үнэтэй “марталт”

Томоохон сүлжээ дэлгүүр, супермаркетууд иргэдийг “монжиж” байгаа тухай мэдээлэл түглээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр супермаркетуудын лангууны үнэ кассын үнээс ялгаатай байдаг талаар үйлчлүүлэгчид гомдолложээ. Тодруулбал, “Номин дэлгүүрийн ихэнх барааны үнэ лангуун дээрх үнээсээ зөрүүтэй байх юм. 17.999 гэсэн поднос кассан дээр очоод бичүүлэхэд 25.999 байх жишээтэй” гэж нэгэн иргэн бухимдлаа илэрхийлж. Үүний хариуд ШӨХТГ-аас “Манай байгууллага хэрэглэгчдийн мэдээллийн мөрөөр байнга хяналт шалгалт  хийдэг. Тухай бүр зөрчлийг арилгуулж байгаа” хэмээн хариулжээ. Дээрх хяналт шалгалтын үр дүн ч гарч. Гомдлын мөрөөр “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супермаркетад шалгалт хийсэн. Шалгалтаар зарим дэлгүүрт кассын үнээс лангууны үнэ нь өөр байх зөрчил цөөнгүй илэрсэн байгаа юм. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн бараа сонгон авч үзэхэд 10, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос есийнх нь үнэ зөрүүтэй байсан. “Миний” дэлгүүрээс 18 бараа сонгон шалгахад найм нь үнийн зөрүүтэй гарч иргэдээс хууль бусаар мөнгө завшиж байсныг тогтоожээ. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байгаа гэнэ. Яагаад энэ төрлийн хэрэг гарч буйг тодруулбал ШӨХТГ-ын мэргэжилэн Ч.Батбаатар дараах тайлбар өглөө. “Асуухаар их инээдтэй тайлбар өгдөг юм. Үнээ буруу биччихэж. Сольж, шинэчлэхээ мартчихаж гэнэ. Эсвэл лангуун дээрээ энэ барааны үнэ нь бага байна шүү дээ гэхээр хажуугийнх нь барааных, ийшээ зөөгөөд тавьчихаж гэдэг” хэмээв.

Ийнхүү зөрчил гаргасан сүлжээ дэлгүүрийн удирдлагуудад хуулийн дагуу 10 сая төгрөг хүртэлх хэмжээний торгууль оноох гэнэ. Хэрэв шаардлага биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээний эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах боломжтой. Супермаркетууд ийнхүү үнээ нэмснээс болж гарсан үл ойлголцол, маргаан их байдаг. Ялангуяа “Миний” дэлгүүрийн кассны дэргэд ихээхэн маргаан үүсдэг аж. Тухайлбал, үйлчлүүлэгчээ хараалын үгээр давших, чанаргүй бараа зарж борлуулах, үйлчилгээний соёлгүй харилцах гэхчлэн олон жишээ дурдаж болно. Саяхан нэг дэлгүүрт худалдагч руугаа “Зайл” хэмээн хашгирч, түүнийг нь холбогдох хүмүүст мэдэгдэхэд араас нь гомдол нэхэн, ажил удсан гэдэг. Тэр ч бүү хэл бусдын нэр барьж үйлчлүүлэгчээ шахсан гэсэн яриа дуулдсан мэтээр хүнсний дэлгүүрийн дэргэд “боловсон” гэгддэг супермаркетууд соёлгүй загнаад зогсохгүй үнээ нэмж, үйлчлүүлэгчдээ хохироосон хэрэг гарлаа. Үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлаас болж ард түмэн л хамгийн их хохирол амсдаг. Гэтэл супермаркет нэртэй газрууд зовлонг нь нэмж, бухимдал төрүүлэх...

Гэвч үнийг тогтоон барих, шударга бус явдлыг таслан зогсоох хүч ард түмэнд л бий гэдгийг нотолж ШӨХТГ-аас арга хэмжээ авч байна. Дашрамд дуулгахад, хэрэглэгчийн эрх гэдэг ойлголт манай улсад нэгэн үе мартагдаж, бид ч тоохгүй явж ирсэн. Харин энэ байдал өөрчлөгдөх цаг ирснийг Ч.Батбаатар сануулсан бөгөөд вэб сайт, тусгай утсаар дамжуулж мэдээлсэн бүхний мөрөөр арга хэмжээ авахыг зорьдог хэмээв.

Үнэ өсгөж “тоглосон” ээлжит салбар цементийнхэн

Засгийн газар, Монгол­банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа цементийн үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж, гэрээ байгуулж хөнгөлөлттэй зээл авсан аж ахуй нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлтийг гаргаж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа.
Үүнд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 23 аж ахуй нэгж хамрагдсанаас урьдчилсан байдлаар тайлан мэдээгээ гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, гэрээгээр тохирсон үнийг нэмэгдүүлсэн зөрчлүүд илэрсэн. Шалгалт үргэлжилж байгаа.

Таван хувийн хүүтэй, урт хугацаатай зээл олгож, дээрх нугалж зардаг үнээ тогтвортой түвшинд барихаар тохиролцсон. Гэтэл гэрээгээ зөрчиж зарим нь тонн цементийн хээ үнийг 220-230 мянган төгрөг хүргэж нэмээд байгаа. Ийнхүү үнээ нэмж хэрэглэгчдийг хохироож, эдийн засаг, барилгын салбарт хүндрэл учруулж, амлалтаа зөрчсөн аж ахуйн нэгжийг Сангийн яам хар дансанд оруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, дараа дараагийн эдийн засагт чиглэсэн дэд хөтөлбөр, арга хэмжээ, зээл, тэтгэлгээс эдгээр аж ахуйн нэгжийг хасах аж.
ШӨХТГ-аас өгч буй тайлбарт үнийг төр тогтоон барих боломжгүй, гагцхүү нөлөөлж, харилцан тохиролцож болно гэв. Тийм ч учраас цементийн үнийг дураараа өсгөсөн этгээдэд төрөөс хуулийн хүрээнд хариуцлага тооцох боломжгүй.

Гагцхүү гэрээнд тусгасан хариуцлагын хүрээнд л асуудал хөндөх нь. Тус газрын цаашид хийх үйл ажиллагааны чиглэлд үр дүн гарахад ойрхон ажлын нэг нь брэнд бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа юм. Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид эдгээр байгууллагын ажил нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан