Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд доголдол гарчээ
370 жилийн түүхтэй нүүдлийн хэв шинжийг агуулсан гэх нийслэлийн гэр хороолол өдгөө орчин үеийн шаардлагад нийцсэн боловсон орон сууц болох шаардлага тулгарч буй. 21 дүгээр зууны метрополис хот гэгдэх Улаанбаатарын цаашдын хөгжлийн төлөв­лөлтийн хүрээнд нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл боловс­руулан хэрэгжүүлэх ажилдаа орсон. Гэвч энэхүү төсөлд бод­логын алдаа “цухуйж” эхэлснийг НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн дэлгэлээ. Учир нь, Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн нэг, хоёрдугаар ээлжийн төсөл нь НИТХ-аар баталсан нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Гэр хорооллыг тохилог амины орон сууц­ны хороолол болгох” зо­рилттой зөрчилдсөн гэнэ. Нөгөөтэйгүүр, эл төслийн гол хэрэгжүүлэгч болох оршин суугчдад бодит мэдээлэл хангалтгүй хүрч буйгаас төсөл хэрэгжүүлэгч компани, иргэний үл ойлголцлоос болж “бүтээн байгуулалтын ажил хаягдвал” хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй уч­раас төсөлд хамрагдагсдад бат­ламж олгох ёстой хэ­мээн тэд хэллээ.  
Энэ талаар тус бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан “Нийс­лэлийн иргэдийн 70 га­руй хувийг эзэлдэг гэр хо­рооллынхны амьдрах орч­ныг сайжруулах зорил­гоор дахин төлөвлөлт явуу­лах гэсэн санаа нь зөв. Гэхдээ арга нь буруу гэж хэлмээр байна. Яагаад гэвэл, нэгд, өнөөдрийн байдлаар хэдэн өрх газраа чөлөөлсөн, нүүлгэн шилжүүлэх ажил хэрхэн хийсэн,  газрын нөхөн олговор эзэддээ хүрсэн эсэх, дахин төлөвлөлт явуулснаар агаар, хөрсний бохирдлын хувь хэмжээ хэр өсөх болон буурах, хүн ам, дэд бүтцийн төвлөрлийн тооцоолол, сур­гууль, цэцэрлэгийн хүрэл­цээ хангамжийн талаархи су­далгаа хийлгүй эхэлсэн нь бодлогын алдаа юм. Тэр дундаа төсөл хэрэгжүүлэхээр  шалгарсан найман компанийн хөрөнгийн баталгаа хан­галт­гүй байна. Тухайлбал, хамгийн их хөрөнгөтэй нь 99 тэрбум бол бага нь 350 сая төгрөг байх жишээтэй. Орон сууц барина гэдэг амар зүйл биш. Хэчнээн дэд бүтцийг нь улс татаж өгсөн ч дахин төлөвлөлтөд хамрагдсан оршин суугчдаа түрээсийн орон сууцанд оруулан нийгэм, эдийн засгийн ямар ч саадыг үл тоон дөрөв, таван жил барилга барина гэдэг тухайн компаниас ихээхэн хэмжээний хөрөнгийн батал­гаа шаарддаг юм” гэв.
Харин НИТХ-ын төлөө­лөгч Г.Ганбаяр “Бид дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсийн иргэдтэй уулзахад орон гэргүй болох вий гэсэн айдастай байгаагаа ний нуугүй хэлж байна лээ. Энэ юу харуулаад байна вэ гэхээр иргэдэд энэ талын мэдээлэл хангалтгүй хүрч байгаагаас газар чөлөөлөлт, хэрэгжилт нь тун хангалтгүй байна гэсэн үг. Жишээ нь, дахин төлөвлөлтөд хамрагдсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд гэхэд чөлөөлөх ёстой айлуудаас хоёр нь нүүж. Харин дэд бүтцийг нь татах санхүүжилт нь Хөгж­лийн банкинд гацчих­сан. Гандангийн дэн­жийн айлууд бол газраа чөлөөлөхгүй, харин дэд бүтэц татаад өгвөл өөрсдөө амины хаус барина гэж байна лээ. Тэгэхээр иргэдийг ямар ч мэдээлэлгүй, айдастайгаар дахин төлөвлөлтөд хамруулж байсны оронд  найдвартай гэсэн баталгаа болгож үнэт цаас бүхий баталгаажсан батламж олговол энэ ажил урагштай явна” хэмээлээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Тө­мөр­чулуун ч дэмжиж буй­гаа илэрхийлэн “Энэ жил хот их бүтээн байгуулалт хий­хээр багагүй ажил тө­лөв­лөсөн байсан. Гэтэл өн­гөрсөн есдүгээр сарын байд­лаар ажлын гүйцэтгэл 36 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төсвийн гүйцэтгэл 19,5 хувьтай байна гэсэн үг. Төлөвлөсөн ажлаа хийж чадаагүйгээс хотын төлөв­лө­сөн мөнгө үхмэл хөрөнгө болж байна шүү дээ. Дэлхийн улс орнууд дахин төлөвлөлтийг манайх шиг үл ойлголцсон байдлаар явуулдаггүй байх. НИТХ, хотын удирдлагуудтай хамтраад энэ дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн томоохон ажлын нэг бол гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл юм. Энэ төслийг үр дүнтэй явуулах, иргэдэд баталгаа өгөхийн тулд үнэт цаас бүхий батламж өгөх нь хамгийн зөв арга” хэмээв.
Ямартай ч, НИТХ-д сөрөг хүч­­ний үүрэг гүйцэтгэж буй МАН-ын бүлгийнхэн нийс­­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Гэр хорооллын да­хин төлөвлөлтийн үйл ажил­лагааг удирдах хорооны дарга Д.Баттулга нарт дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдсан нийт иргэдэд батламж гадуулах ёстой талаархи хэд хэдэн заалт бүхий шаардлагаа өгнө гэлээ. Энэ жил ажлын гараагаа эхэлсэн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын бүтээн байгуулалт ирэх онд эрчимтэй өрнөнө. Гараа сайн бол бариа сайн гэгчээр хэрэгжилтийн явцад гарсан алдаагаа засч явах нь ирээдүйд нийгэм болоод эдийн засагт учруулах хүндрэлээс сэргийлэх арга юм. Учир нь, Улаанбаатар хотын гэр хороололд суурьшиж буй 184.2 мянган айл өрх энэ төслийн эхний үр дүнг хүлээж буй билээ.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан