Манай улс НҮБ-ын гишүүн орон болохын хувьд Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ дайчлан оролцуулах нь дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг билээ. Даян дэлхийн улс орнууд амар амгалан, эв нэгдэл, энхтайвнаар зэрэгцэн оршихын төлөөх эл үйлсэд манай зэвсэгт хүчин хүч өргөх болсоор хэдийнэ 10 жилийг ардаа үджээ. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй халуун цэгүүдийн нэг Афганистанаас энхийг сахиулах VIII ээлжийн бие бүрэлдэхүүн элэг нэгт монгол түмэн, эцэг эх, эх орон цаашлаад дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээд иржээ. Сум шунгинасан галын цэгт сонор сэрэмж алдалгүй соргог, сэргэг байж Монгол хэмээх нэрийг хөөдөлгүй үүргээ гүйцэтгэн гэртээ ирж буй эр цэргүүдээ угтахаар Зэвсэгт хүчний жанжин штабыг зорилоо.
Цэргийн байгууллага болохоор хаалга үүднээсээ эхлээд харуул хамгаалалт хатуу чанга. Хүүгээ, эр нөхрөө, хүсэн хүлээсэн аавыгаа угтахаар цугласан олон Жанжин штабын хашааны үүдэнд жирийтэл эгнэн зогсоно. Удсангүй улаан, цэнхэр хоршсон алтан соёмбот тугаа алдар нэр шигээ өөд нь өргөсөөр эх орны хөвгүүд эгнэн жагссаар орж ирлээ. Тушаал хүлээсэн цэргүүд жагсаалын дэг ёсоор цавчих ч эрхгүй нүдээр цэх урагш ширтэн алхсаар жагсаалын талбай тийш зүглэв. Эрээн хувцсаар жигдэрсэн бие бүрэлдэхүүний 120 гаруй цэрэг эрс ар гэрийнхэнтэйгээ ч амар мэнд мэдэлцэлгүй тушаал дор, туган доор эгнэн зогсоод талбайн хойд хэсэгт “номхон” командын дор хайрцаглан жагслаа. Цэрэг эрсийн өмнө байрлах улаан цэмбээр хулдсан жижигхэн индрийн хоёр талаар удирдах албан тушаалтнууд эгнэн зогсоно. Тэдний дундаас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал У.Бямбажав индэрт гарч үүргээ биелүүлээд гэртээ ирсэн цэрэг эрст хүндэтгэл үзүүлэн мэндчилсэн юм. Түүний дараа нийт бие бүрэлдэхүүний байлдагч, алба хаагчдыг цэргийн хүндэт медаль, энхийн төлөө, эх орны төлөө мөн дайчин алдар одон медалиудаар энгэрийг нь мялаасан. Шагнал гардуулах ёслолын үеэр дэслэгч генерал У.Бямбажавтай цөөн хором ярилцлаа.

-Цэргийн баг, бүрэлдэхүүн бүр өөрийн гэсэн онцлогтой. Мөн тухайн багийн үйл ажиллагаа, гүйцэтгэж буй газар орны байдал байнга өөрчлөгдөж байдаг. Ялангуяа, Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн манай баг, бие бүрэлдэхүүний тухайд Талибуудын хөдөлгөөн илүү идэвхжсэн үед үүргээ гүйцэтгээд ирлээ. Афганистанд явуулж буй энхийг сахиулах үйл ажиллагаа чамгүй хүнд нөхцөлд явж байгаа. Манай цэргийн багийн бүрэлдэхүүн НАТО-ын орнуудын маш хариуцлагатай, туйлын ач холбогдол бүхий газар орнуудад үүрэг гүйцэтгэдэг. Афганистаны Кабул хотын төвд байдаг ерөнхийлөгчийнх нь ордны зэргэлдээ шахуу, гадаад улс орны Элчин сайдын яамдын дэргэд байрладаг НАТО-ын орнуудын томоохонд тооцогдох баазыг хамгаалж байна. Стратегийн өндөр ач холбогдол бүхий тэр том баазын аюулгүй байдлыг хэний гарт хариуцуулах вэ, хэн найдвартай хамгаалж чадах вэ гэсэн асуултад хариулт болгон сонгодог. Эл нэр төртэй, өндөр хариуцлага бүхий ажилд манай баг, бүрэлдэхүүнийг сонгосон нь Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд яаж оролцдогийг илтгэнэ. Үүний тод жишээг та бүхэн санаж байгаа. Иракт болсон ажиллагааны үеэр манай бие бүрэлдэхүүн мөн дайны томоохон цэргийн бааз, анги нэгтгэлийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, чадсан.
-Цаашдаа хэрхэн оролцох тухай шийдвэр, төлөвлөгөө гарсан уу?
-Афганистаны тухайд дараагийн ээлж 2014 оны дөрөвдүгээр сард ирнэ. Мөн 2014 онд АНУ тэргүүтэй НАТО-ын орнууд Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаа явуулахтай холбоотой улс төрийн эцсийн шийдвэр гаргана. Тэр үед Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч мөн адил ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох тухай шийдвэрээ гаргана. Оролцвол ямар байдлаар оролцох, эс оролцох уу гэсэн шийдээ гаргах болно. Харин өмнөд Суданд буй бүрэлдэхүүн НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийн дагуу цаашид ч гүйцэтгэн, ажиллагаанд оролцоно. Хэдий хугацаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар НҮБ-д санал хүсэлтээ өгдөг.

Бидний яриа өндөрлөхтэй зэрэгцэн бие бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол ч дуусав. Эгнэн жагссан цэрэг эрсийн энгэр цээжийг хүндрүүлэх одон медалиуд нь жин үдийн наранд жингэнэн дуугарч гялалзана. Харь оронд, халуун цэгт хагас жилийг өнгөрөөнө гэдэг шалгарсан цэрэг эрсийн давах даваа. 40-42 хэмийн халуунтай халуун орны уур амьсгалд дасан зохицож, 30 гаруй орны мянга, мянган цэрэг эрсийн байрладаг асар том баазын аюулгүй байдлыг хангана гэдэг хэрийн аавын хүүгийн хийчихдэг зүйл биш ажээ. Баазаас хэдхэн гудамжны цаана байх цагдаагийн хэсэг, Элчин сайдын яамд, сургууль, эмнэлэг гээд олон нийт төвлөрсөн бүхий л газар руу лалын хэт даврагсад зэвсэг агсан дайрч, гэмгүй олны амийг авч одно. Өглөө, өдөр, оройгүй сум исгэрэн энд тэнд дэлбэрэлт болох бөгөөд тэрхүү аюул занал манай бие бүрэлдэхүүний хамгааж буй бааз руу ч халдахгүй гэх баталгаагүй гэнэ. Тийм цаг үе тулгарваас хамгийн түрүүнд манай цэрэг эрс нүүр тулах ёстой аж. Ямартай ч, эх орныхоо захиас даалгаврыг өвөртлөн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэрэг эрс маань зургаан сар 15 хоногийн хугацаанд нэг ч зөрчил дутагдал гаргалгүй, аюулгүй байдлыг хангасан нь хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсний илрэл юм.
Хийсэн ажлаа үнэлүүлж, гавьяа шагналаа хүртсэн дайчдад эх орон, төр түмэн нь хүндэтгэл үзүүлсэний дараа жагсаал тарах болоход цугласан олны дундаас “Ааваа, ааваа” хэмээн адилхан хувцастай цэрэг эрсийн зүг алдрай бяцхан жаал дуу мэдэн дуудахад номхон командтай цэрэг эрсийн дундаас хүүгийнхээ дууг таньсан нэг нь тэсгэл алдан харна, эсэн мэнд ирсэн хүүгээ ээж нь тэврэн үнсч элэг зүрхээ дэвтээнэ. Эргэн тойрон, энд тэндгүй энхийг сахиулаад ирсэн аавын хөвгүүдийг анд нөхөд, амраг хань, ээж аав, энхрий үрс нь тэврэн авч баяр хүргэнэ. Баяртай хөөртэй, бахдалтай уулзалтууд Батлан хамгаалах яамны хашаан дотор хагас цаг үргэлжлэв. Бужигнасан олны дундаас VIII ээлжийн бие бүрэлдэхүүнд сэтгэлзүйч, соёл хүмүүжлийн зааварлагчаар ажиллаж байгаад ирсэн Зэвсэгт хүчний 323 дугаар ангийн сургалтын албаны дарга Б.Мөнхсайханыг онцлон цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

-Баярлалаа. Энхийг сахиулах өмнөх ажиллагаанд оролцож байсан бие бүрэлдэхүүнүүдийн адилаар үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Миний хувьд БХИС-ийн Агаарын довтолгооноос хамгаалах тэнхмийг 2005 онд төгссөнөөс хойш армид алба хааж байна. Афганистаны цэргийн хамгаалалтын ротын VIII ээлжинд сэтгэлзүйч, соёл хүмүүжлийн зааварлагчаар үүрэг гүйцэтгээд ирлээ. Үүрэг гүйцэтгэх хугацаанд бие бүрэлдэхүүний сэтгэл санаа, бие бялдрын хөгжилд түлхүү анхаарал хандуулан ажилласан. Ажиллагааны газар оронд үүрэг хүлээсэн үед янз бүрийн цагийн байдал үүснэ. Дэлбэрэлт, халдлага, буудалцаан гээд байнгын эрсдэл дор ажиллагаа явуулж байна. Тэр болгонд байнгын сонор сэрэмжэй байх нь хамгаас чухал юм. Тасралтгүй 48 цагийн харуул манаанд гарах үе цөөнгүй байсан. Цаг агаар, унд хоол солигдсоноос шалтгаалан цэргүүдийн сэтгэлзүй байнгын өөрчлөлттэй байдаг болохоор бие бялдар, аюулгүй байдал гэхээс илүүтэй сэтгэлзүй тайван байх ёстой. Тийм ч учраас өдөр бүр нийт бие бүрэлдэхүүнийг хамарсан соёл, спортын арга хэмжээ зохион байгуулж байлаа. Энэ үеэр үүрэг гүйцэтгэгчдийн сэтгэлзүйг гурван үе шаттай судаллаа. Эхэн үе, дунд үе, төгсгөл үе гэж. Ажиллагаанд оролцож эхэлсэн эхэн үе болоод дуусах үеэр цэргүүдийн сэтгэлзүй тогтвортой байдаг бол дунд үед илүү тогтворгүй, стресс, бухимдал их байдаг нь анзаарагдсан. Байнгын буудалцаан, дэлбэрэлт, халдлага болж байдаг болохоор сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Тусгай бэлтгэлтэй цэргүүд тулдаа л тэр болгоныг давж гардаг. Тэрнээс биш жирийн иргэд тийм газар удаан хугацаагаар байвал хэцүү л дээ.
-Байрлаж байсан баазын тухайд?
-Афганистан улсын Кабул хотын “Эггрс” баазад байрлаж байсан. Тэр баазад НАТО-ын эвслийн 30 гаруй орны цэрэг, армийнхан хамтран үүрэг гүйцэтгэж байна. Тэдгээр улс орны зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг сахин хамгаалах харуулын үүрэг болоод бааз доторх эргүүл хамгааллын үүргийг манай бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаад дараагийн ээлждээ хүлээлгэн өглөө. Мөн төрийн сайд дарга нарын хувийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэн нийт зургаан сар гаруй хугацаанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаад ирлээ.
-Баазын нэр сонирхолтой санагдлаа. Эггрс гэж юу гэсэн үг вэ?
-Баазыг Кабул хотод анх үүсгэн байгуулж байх үед АНУ-ын хошууч “Эггрс” гэдэг хүн халдлагад өртөж амиа алдсан түүхтэй. Тийм учраас хошуучийн дурсгалыг хүндэтгэх үүднээс баазаа түүний нэрээр нэрлэсэн гэсэн.
-Манай уншигчдад та бүхний үүрэг гүйцэтгэж байсан Кабул хотын байршил, цаг агаар сонирхолтой санагдах байх. Мөн манай энхийг сахиулагчдад ус, цаг агаар, хоол хүнс нь хэрхэн нөлөөлсөн гээд?
-Кабул хотын хувьд уулархаг газар байрладаг хэрнээ агаар нь хуурай, үе үе шороогоор шуурдаг. Биднийг байх үеэр цаг агаар нь тогтмол 40-42 хэм байсан. Ерөнхийдөө, нэлээн халуун уур амьсгалтай. Манай бие бүрэлдэхүүн 24 цагаар харуулын үүрэг гүйцэтгэнэ. Ээлж дуусмагц залгуулаад шуурхай бүлгийн үүргийг давхар хийнэ. Нэг ёсондоо, 48 цаг байнгын сонор сэрэмжтэй ажиллана гэсэн үг. 48 цагийн хугацаанд ээлж дуусмагц 24 цаг амардаг ч амарч байх хугацаандаа мөн л үүрэг хүлээнэ. Хэрэв баазад ямар нэг халдлага гарвал эсвэл томилгоо авбал тушаалын дагуу үүргээ гүйцэтгэнэ дээ. Амралтын 24 цагт л усанд орж тухтай хооллож ундлана уу гэхээс бусад үед нь байнгын бэлэн байдаг даа.
-Хангалт ямар байдаг вэ. Зэвсэг техник, хоол хүнс гээд?
-Хангалт маш сайн. Америкийн цэргийн албан хаагчидтай шууд харилцан хангалт, заавар зааварчилгаа авна. Ямартай ч, манай үүрэг гүйцэтгэгчдэд АНУ-ын цэрэг армийн бие бүрэлдэхүүн болоод бусад улс орныхон тун ам сайтай байдаг. Тийм ч учраас цэргүүд маань энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцдог.
Бид ийнхүү ярилцаж дуусмагц Б.Мөнхсайханы найз нь бололтой ахмад цолтой нэгэн энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгээд ирсэн андыгаа угтан авч гарыг нь атгаад хоёул хөөрөлдсөөр явж одсон. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож эхэлснээс хойш нэлээд хугацааг үдээд байна. Өнгөрсөн хугацаанд энхийн үйлсийн монгол салаа тив алгасан алс хол хүний нутагт байлдааны өндөржүүлсэн бэлтгэл сургууль, эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараараа гайхагдаж байгаа билээ. Энхийг сахиулах үйл хэрэгт эх орноо төлөөлөн мордох дараа, дараагийн ээлжийнхэнд амжилт хүсье. Дэлхий дахин буун дуугүй, энх тунх амар амгалан байг.