Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туршлага заах Европын хэвлэлийн ертөнцөөр
Сонин хэдэн жилийн настай вэ? гэсэн асуултад жилийн өмнө Австралийн үзэг нэгтнүүд маань гурван жил сайндаа л  таван жил гэж хариулж билээ. Тэндэхийн “The Age” сонин гурван жилийн дотор дижитал хэлбэр рүү бүрэн шилжихээр аль хэдийнэ эрчимтэй үйл ажиллагаандаа орсон байсан. Тэгвэл хэдхэн сарын өмнө  Америкт алдарт “Washington Post” сонины ойрын эх сурвалжтай ярилцаж суухад удахгүй онлайн хэлбэр рүү бүрэн шилжинэ, гэхдээ түүний өмнө сониноо зөвхөн амралтын өдөр гаргаж давтамжийг нь цөөлөх үү эсвэл сониныхоо нийтлэлүүдийг цахим хуудас дээрээ нийтэлж, уншигчдаа дасгах уу гэдэг шилжилтийн явцаа хараахан шийдэж амжаагүй байгаа гэлцэж байв.
Харин Нидерландын “Het Financieele Dagblad” сонины хувьд 70 жилийн түүхтэй тэдэнд дахин 10 жилийн хугацаа бий гэж итгэж байна. Эндэхийн уншигчид аргагүй л өглөө бүр шинэхэн сонин уншихын амтыг мэдэрдэг өрнийн эртний соёлтой ард түмэн аж. Хагас мянган жилийн тэртээ хүн төрөлхтөний түүхэнд жинхэнэ хувьсгал авчирсан Гутенбергийн хэвлэлийн машины өлгий нутаг, буурал Европт сонин арай урт наслах нь арга ч үгүй биз ээ.
Гэвч XXI зууны хоёр дахь 10 жилийн дотор интернэт гээч зүйлд уншигчдаа эргэлт буцалтгүйгээр  алдахын хажуугаар  санхүү мөнгөний гол эх үүсвэр болсон реклам сурталчилгааны орлого нь өдөр ирэх тусам багасч байгаа сонины зах зээлийн нийтлэг дүр төрх энд ялгаагүй л ажиглагдах. Онлайн гэгч дийлдэшгүй өрсөлдөгчтэй тулгарсан сонинууд нэгэнт техник технологийн дэвшлээр өрсөлдөх чадваргүй учраас одоохондоо чанартай сайн нийтлэлүүд, үнэнч уншигчдадаа л найдаж байна. Гэхдээ энэ хооронд тэд “амьсгал хураах” хоногоо тоолох биш, харин ч өдөр сартай уралдан сониныхоо уншигчдыг цахим хуудас руугаа татаж, ирээдүйн уншигчдаа бэлтгэх том даалгавартай  ажиллаж байна.
Ийм нөхцөл байдал өнөөдөр Монголыг ч тойрсонгүй. Угаас цаг үеийн хурдацтай өөрчлөлт шинэчлэл явагдаж байгаагийн дээр хэтэрхий олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл зах зээлдээ багталцаж ядан, нэгнийхээ орлогоос хуваалцаж, бие биедээ өсч томрох, зүй зохисоор хөгжих боломж олгохгүй байгаа нь нэрмээс болж байгаа билээ. Ийм үед асуудлыг шийдэх гарцыг дотроосоо биш гаднаас нь олж харах, бусдын туршлагаас суралцах, бид дэлхий ертөнцийн альхан талд явна вэ гэдгээ харьцуулж мэдэх чухал. Яг ийм зорилготойгоор Монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон 15 хүн хэвлэлийн арвин баялаг намтар түүхтэй буурал тивийн туршлагыг судлахаар Европын холбооны нийслэл Брюсселийг зорьсон юм.
Европын сэтгүүл зүйн төв, Европын холбооны Хятад, Монголыг хариуцсан төлөөлөгчийн газар, Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс хамтран манай сэтгүүл зүйн салбарынханд зориулсан семинарыг Бельгийн Брюссель болон Нидерландын Утрехт хотноо зохион байгуулсан нь энэ.  Европын хэвлэлийн хууль эрх зүйн орчин, хэвлэлийн бодлого зэрэг суурь асуудлын тухай семинараас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн хурдацтай хувьсч өөрчлөгдөж байгаа тухай, өнөөгийн энэ нөхцөлд Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр тутамдаа яаж дасан зохицож, ямар арга барилаар ажиллаж байна гэдэг маш практик мэдээлэл авсан богино хугацааны атлаа өргөн хүрээг хамарсан сургалт байлаа.  
Үнэндээ энэ өргөн сэдвээр европчуудын туршлагыг сонсч байхнээ бид бие биеэ гайхашруулсан зүйл бишгүй л нэг байв.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэн найруулснаар батлах гээд цөөнгүй жил дуншиж яваа атлаа сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн улс төрийн намууд болоод нэр дэвшигчдийг үнэлж цэгнэн, рейтинг тогтоож, анализ хийх эрхийг нь хаасан хууль баталчихсан манай туршлагыг Нидерландын “Het Financieele Dagblad” сонины орлогч эрхлэгч сонсоод толгой сэгсрэн“Байж боломгүй” юм гэж билээ.
Манай салбарынхны олон жил ярьж байгаа өөрийн зохицуулалт гэдэг зүйлийг ажил хэрэг болгосон Европт “Код нь хууль” гэсэн хэмжээнд хүртлээ хэрэгжиж байхад харин манайд эрүүгийн хуулиар сэтгүүлчдээ далайлгасан нөхцөл байдал хэзээ төгсгөл болох нь мэдэгдэхгүй үргэлжилсээр л.
Эцэс төгсгөлгүй мэт онлайн ертөнцөд Монголын мэдээллийн цахим хуудсууд бие биеэсээ хуулах нь ердийн үзэгдэл мэт болтлоо дэлгэрчихээд байхад Европт бол нийтлэл мэдээллийг нь хаана ямар сайт хуулж тавьсныг өдөр тутам хянадаг тусгай үйлчилгээтэй, түүний дагуу оюуны хулгай хийсэн этгээдийг шүүхэд өгдөг туршлага байна.
Сэтгүүлчид айдас, ядуурал, авлига гуравт автсан байгаа цагт хэвлэлийн бие даасан байдлын тухай ярих ч хэрэггүй гэж Олон улсын сэтгүүлчдийн холбооны  Хүний эрх, аюулгүй байдлын газрын тэргүүн Эрнест Сагага семинарын үеэр хэлэх үед манайд гурвуулаа бий шүү дээ гэж бодогдох.
Дэлхий даяар 400 гаруй ёс зүйн код баталчихаад мөрдөж байхад Монголын сонин хэвлэл бүрийн дагаж мөрдөх ёстой ёс зүйн код хаана мартагдчихав? Өглөө үдэшгүй ажилладаг атлаа нийгмийн хамгийн доод цалинтай хэсгийнхнээс ялгарахгүй байгаа сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл хаана байна гээд газар тэнгэр мэт ялгаатай нөхцөл байдал хэвлэлийн эрх чөлөөг хүндлэн дээдэлдгээрээ дэлхийд толгой цохидог Европын мэргэжилтнүүдтэй ярилцах үед заримдаа хана мөргөх мэт мэдрэмж төрүүлж байсныг нуух хэрэггүй биз ээ.
Эдгээр суурь асуудлаас эхлээд уламжлалт сэтгүүл зүйн үнэлэмж, үнэ цэнийг сошиал медиагаар дамжуулан хэн ч бусдад мэдээлэл түгээх боломжтой өнөө цаг үед яаж авч үлдэх вэ, сэтгүүлч гэдэг хүн ердийн блоггероос юугаараа давуу талтай байж чадах вэ харьцангуй шинэлэг зүйлс залуу сэтгүүлч миний сонирхлыг татаж, энэ аяллын үеэр хариулт олж авахыг хичээсэн. Хариултаа ч олсон. Хэдийгээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дижитал медиад улам бүр шахагдан, орон зай нь хумигдаж, хүмүүс юм л бол компьютер, таблет, гар утсаа шагайх болсон ч хүн төрөлхтөнд мэдээлэл авах хэрэгцээ байсаар байгаа. Гэхдээ бүр чанартай мэдээллийг шүү.
Сошиал медиагийн ертөнцөд хэн юу дуртайгаа бичиж, эрх чөлөөгөө тунхаглаж байдаг бол сэтгүүлчид бид зөвхөн үнэнийг хэн нэгний талыг харгалзахгүй мэдээлэх зарчимтай, бүхий л талд хүнлэг хандах, бусдаас хараат бус орших ёс зүйн хэм хэмжээтэй, эргээд бичсэн мэдээлсэн бүхий л зүйлдээ хариуцлага хүлээх чадвартай. Энэ л зарчим, энэ л ёс зүй биднийг өдөр ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй хэвлэлийн зах зээлд байр сууриа авч үлдэх зэвсэг юм байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан