Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Эрхэмбаатар: Эхийн эндэгдэл зургаа дахин буурсан

Эрүүл мэндийн яамны Эх барих эмэгтэйчүүдийн Ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч Т. Эрхэмбаатартай цөөн хором ярилцлаа.

-Дэлхийн бусад ор­нуу­дад эхийн эндэгдэл хэр их тохиолддог вэ. Эндэгдлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авдаг вэ?
-Дэлхий дахинд жил бүр 130 сая орчим эхчүүд төрж 600 000 эх энддэг энэ нь 1 минутад нэг эх эндэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхий даяар өдөрт 1 440 эх эндэж байна. XXI зуун гараад 2002 онд дэлхийн 147 орны төрийн тэргүүнүүд энэ зууны тулгамдсан найман асуудлыг тодорхойлсны хоёр нь хүний эрүүл мэндтэй холбоотой байсан. Үүнд эх, нялхсын эндэгдлийг улс орон бүхэн 2014 он гэхэд гурваас дөрөв дахин бууруулах, ДОХ бэлгийн замын халдварыг багасгах гэсэн хоёр томоохон зорилт тавьсан. Энэхүү зорилтыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч улс орон бүр өөрийн онцлогт тохируулан энэ зуунд шийдэх асуудлаа тодорхойлон гаргасан.

-Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол оронд эхийн эндэгдэл ямар түвшинд байгаа вэ?
-Дэлхийн түвшинд эхийн эндэгдлээр улс орнуудыг өндөр, дунд, бага эндэгдэлтэй орон гэж хуваадаг. XX зуунд Монгол улс эхийн өндөр эндэгдэлтэй орны түвшинд байсан. Тухайлбал, 1993 онд 100 000 төрөлтөд эхийн эндэгдэл 241 байсан бол, 2013 оны эхний есөн сарын байдлаар 100 000 төрөлтөд 35 болж буурсан. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 жилд эхийн эндэгдэл зургаа дахин буурсан гэж үзэж болно. Энэ нь дунд зэргийн эхийн эндэгдэлтэй орны тоонд багтаж энэ талаар чанарын ахиц гаргасан гэсэн үг.

-Манай улс эхийн эндэгдлийг бууруулах та­лаар ямар зорилт тавьсан, яаж хэрэгжиж байгаа вэ?
-Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтыг баталсан Улсын Их Хурлын 25 дугаар тогтоолоор 100 000 төрөлтөд 241 байсан эхийн эндэгдлийг 2015 онд 100 000 мянган төрөлтөнд 50 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтоо Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд 2010 онд 100 000 төрөлтөд 45,5 болгон 2015 онд хүрэх зорилтонд өнөөдөр хүрчихээд байгаа нь сайшаалтай.

-Ер нь эхийн эндэгдэл заавал гарах ёстой юм уу?
-Эхийн эндэгдэл заавал гарах ёстой, ёсгүй  гэж хэлэхэд хэцүү. Дэлхий дээр нэг ч эх эндээгүй орон байхгүй.  Суурь өвчтөй, бусад эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд жирэмсэлбэл эндэх эрсдэл өндөр байдаг. Тухайлбал, сүрьеэ өвчтэй, бөөрний дутагдалтай, зүрх­ний дутагдалтай эмэгтэй үндсэн өвчнөө эдгээгүй байхад жирэмсэлж төрөх нь олон байдаг. Ийм тохиолдолд жирэмслэлт, төрөлтийн явц хүндрэлтэй явагддаг. Нас барж байгаа эхчүүд ихэвчлэн жирэмсний хүндрэлтэй эхчүүд байдаг. Түүнээс гадна эхийн эндэгдэл хувь хүний хариуцлагаас хамааралтай. Энэ оны эхний есөн сарын байдлаар нас барсан эхчүүдийн дөрөв нь зах дээрээс үр зулбуулах эм ууж эмнэлгийн тусламж үр дүн өгөхөөргүй оройтсон хойноо эмнэлэгт ирж нас барсан байх жишээтэй. Мөн нэг жирэмсэн эмэгтэй зочид буудалд тодорхой бус шалтгаанаар нас барсан байна. Энэ бүгд эхийн эндэгдэл гээд л бүртгэгдээд явна шүү дээ.

-2013 онд нас барсан эхчүүдээс Улаанбаатар хотод олонх нь эндсэн гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Жилд нийт төрж буй эхийн 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод төрдөг. Эхний хагас жилийн байдлаар 15 эх нас барсны 10 тохиолдол нь Улаанбаатарт байгаа. Үүний таван тохиолдол нь Нэгдүгээр амаржих газарт гарсан. Сайд надад ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтний хувьд үүрэг өгч, нийслэлийн Эрүүл мэндийн газарт мэргэжлийн зөвлөгөө өгөх, НЭМГ–аас есөн дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг мэргэжил, харьцаа хандлага, ёс зүйд үнэлгээ өгч зөвлөн туслах ажлыг зохион байгуулахыг даалгасан. Энэ ажил одоо эхэлж байна.

-Улаанбаатар хотод төрөлт их байгаа нь эхийн эндэгдэлд нөлөөлж байгаа юу?
-Ер нь төрөлт ихсэхэд эхийн нас баралт ихэсдэг зүй тогтол бий. Улаанбаатар хотын амаржих газрууд ачаалалтай ажиллаж байна. Өдөрт 90-100 шинэ иргэн мэндэлж байна. Нийслэл 500,000 хүн амд төлөвлөгдсөн төрөх газрууд одоо сая гаруй хүн амтай болсон үед үнэхээр ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Улаанбаатар хотын клиникийн Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл зургадугаар  сард орсон. Улаанбаатар хотын 300 ортой төрөх эмнэлэг, Гуравдугаар амаржих газрын барилга гээд аль 2010 онд эхэлсэн одоо аль хэдийнэ ашиглалтад орчихсон байх учиртай барилгууд яасан нь мэдэгдэхгүй зогсонги байдалтай байгаа нь бүр ч их хүндрэлийг үүсгэж байна. Төрөх эмнэлэгтэй болох гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан