Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Намжил: монголд Гэр бүлийн хөгжлийн бодлого гэж алга
Гэр бүл бүхэн үнэ цэнэтэй. Хүний орчлонд ижил заяагаа холбон хамтын амьдралаа баталгаажуулан, жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж, хоёул нэгэн зүг рүү харж амьдралын төлөө зүтгэхээр гал голомтоо бадраасан хосууд маань сүүлийн үед салж сарних нь хэрээс хэтрэх болов. Ямар сайндаа гэр бүл салалт Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд байна хэмээн энэ чиглэлээр ажилладаг цөөхөн хэдэн мэргэжилтэн, судлаач нар маань халаглаж байх вэ дээ. Манай улсад 1999 оноос хойш Гэр бүлийн тухай хуульд “салхи” оруулаагүй нь гэр бүлийн үнэ цэнийг алдагдуулж, эхнэр, нөхөр үүрэг, хариуцлагаа хүлээх явдал хойргошиж эхэлсэн. Бид одоо цаашид яах ёстой вэ.

Энэ мэт асуудлаар Гэр бүл судлаач Т.Намжилтай ярилцлаа.  

-Гэр бүлийн журамт байдал алдагдлаа гэж их ярьж байна. Энэ асуудалд төр засгаас хэрхэн анхаарч ажиллах ёстой вэ?
-Төр засгаас гэр бүлийн хөгжлийн асуудлыг эдийн засгийн бодлоготой уял­дуу­лан авч үзвэл сөрөг үзэгдэл бага гардаг юм. Өнгөрсөн жи­лүүдэд манайх эдийн зас­гийн асуудлаа авч үзэж ирснээс бодлого нь доголдож эхэл­сэн. Өөрөөр хэлбэл, оюун ухаан харилцааны хүрээг хөг­жүүлэх асуудлыг анхаарч чадаагүйгээс архидалт, гэр бүл салалт буурахгүй байгаа юм. Харин энэ цаг мөчөөс гэр бүлийн харилцаа шинэ үе шатанд орж байгаа. Тиймээс энэ асуудалд бүх нийтээрээ анхаарч, оролцоод ирвэл архидалт, салалт саарна. Эдийн засгийн бодлогыг хавтгайруулсан нь эргээд гэр бүлийн дархлаанд сөргөөр нөлөөлж байгааг дээр дурдсан. Шинээр гэр бүл бологсдод, шинээр төрсөн хүүхдэд тэдэн төгрөг гэж буй нь хөгжүүлэх бодлоготой уялдахгүй байна. Үүний оронд гэр бүлийн харилцааг ямар аж ахуйн нэгж, компани дэмжиж хөгжүүлж байна түүнийг төр дэмжих ёстой. Цаашид гэр бүлийн хөгжил, эдийн засгийн бодлого хамт явах талаар төрөөс анхаарч эхэлж байгаа юм байна. Ингэсэн цагт бузар бусармаг зүйл арилна. Үүнийг арилгах талаар ярингуут гэр бүлийн боловсролын тухай асуудал яригдана. Мэдлэгийг нь дээшлүүлэхийн тулд  мэргэ­жилт­нүүдээс зөвлөгөө авах төвийг олноор нь ажиллуулах шаардлага урган гарч ирнэ. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч байлаа. Тэд үнэхээр мэдээлэл дутмаг байдаг шүү дээ. 

-Манайх Гэр бүлийн тухай хуульдаа нэмэлт өөрч­лөлт оруулах шаард­лагатай байгаа. Хуульд ямар өөрчлөлт оруулбал зүгээр бол?
-Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Бид 1999 оны хуулиараа л явж байна. Гэтэл одоо цаг үе өөр болж, Монголын гэр бүлийн харилцаанд ч эрс өөрчлөлт гарлаа. Тэр өөрчлөлтийг зохицуулахгүй бол янз бүрийн асуудал үүсч байна. Асуудал үүснэ гэдэг сөрөг үзэгдэл гарах эхлэл нь юм шүү дээ. Тиймээс яаралтай Гэр бүлийн тухай хуулийг баталж энэ харилцааг зохицуулахгүй бол хэцүүдэх шинжтэй. Монгол гэр бүлийг тогтвортой байхад төрөөс хамгаалах бодлогыг боловсруулагдахад Гэр бүлийн тухай хууль чиглэгдэх ёстой. Тухайлбал, хуульд гэр бүлийн шүүгч гэж бий болно. Үүнийг манай хуульчид дэмжиж байгаа. Манайхан сав л хийвэл салах гээд байдаг. Гэтэл түүнээс өмнө зохицуулах олон арга бий. Ирэх сарын 1-нээс эвлэрүүлэн зуучлагчдыг шүүхийн дэргэд ажиллуулж эхлэхээр болсон байна. Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвтэйгээ нийлбэл иргэдийн дунд гарч буй асуудалд хариу өгч, зөрчил гарах нь багасах учиртай. Хоорондоо бие биенийгээ ойлгох харилцаа үүсэх байх гэж бодож байна.

-Гэр бүлийн тухай хуульд хамтран амьдраг­чийн асуудлыг тусгаж өгөх ёстой гэж хууль санаач­лаг­чид ярьж байсан. Хэдийгээр гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдрагч ха­риуц­лага хүлээх ёстой юм шиг санагддаг?
-Хамтран амьдрагч, хамтын амьдрал гэж хоёр зүйлийг манайхан хольж сольж ойлгоод байдаг. Хамтын амьдрал гэдэг нь ихэвчлэн дундаас дээш насны хүмүүст байна. Тухайлбал, Дорж гуай 20 жил ханьтайгаа амьдраад 5-6 хүүхэдтэй болсон хэр нь гэрлэлтээ батлуулаагүй байдаг. Тэгэ­хээр албан ёсны гэр бүл биш учраас төр засгаас өгөх тэтгэмжээс хоцорно. Тэдний амьдрал хамтынх. Үүнийг л хуульд оруулж өгөх гээд байгаа юм. Харин хамтран амьдрагчийн тухайд гэвэл энд тэнд хоноглоод цаг нөхцөөгөөд явж байгаа хүнийг хэлдэг. Энэ хэллэг ялангуяа Европт түгээмэл дэлгэрсэн байх нь бий.

-Гэр бүлийн шинэ хандлагууд хэр гарч ирж байна вэ. Энэ асуудалд судлаач хүний хувьд та хэрхэн хандаж байгааг тань сонирхмоор байна?
-Хэдэн зуун жилийн өмнөх нийгмийн үед байсан хандлагууд шинэ орчинд гарч ирж байна. Тухайлбал, олон эхнэр, нөхөртэй байх, хамтран болон гэрээгээр амьдрах асуудал сөхөгдөх болж. Мөн улс дамнасан олон соёлт гэр бүл, ижил хүйстний хамтын амьдрал, гадаад хүнтэй гэр бүл болох гээд олон хэлбэр гарч ирж байна. Энэ байх ёстой зүйл. Хүний эрхийн асуудал учраас үүнийг хориглож болохгүй. Нэгэнт гараад ирсэн учраас зөв замаар явахад нь тусалж, дэмжих ёстой. Манайд ижил хүйстний хамтын амьдрал олон болсон. Тэд энэ чиглэлийн хуулийн төслөө бэлтгэсэн байх. Биднээс энэ чиглэлийн хууль батлахыг хүсдэг. Эхний ээлжинд бид 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэн найруулж, батлах хэрэгтэй. Гэр бүлийн ноён нуруугаа босгосныхоо дараа ямар асуудал шийдэх эсэхээ тусгайлан гаргах хэрэгтэй байна. Гэр бүлийн тухай ерөнхий хуульд ижил хүйстний асуудлыг оруулаагүй байна гэж тэд гомдоллох байх. Үүнийг анхаарч байгаа. Монгол гэр бүлийн суурь асуудал нь хос байх учиртай. Хос гэр бүлийг дийлэнхи болгож авч явахын төлөө бид тэмцэх ёстой. Үүнд л гэр бүлийн үнэ цэнэ оршиж байна. Энэ байдал хазайгаад ирвэл ямар онцлогтой гэр бүл байх шинж чанараа алдана шүү дээ.

-Монгол бүсгүйчүүд харийнхантай гэр бүл болох нь түгээмэл болж. Үүнд олон хүн санаа зовж байгаа. Таны хувьд?
-Гадаад хүнтэй гэрлэгс­дийн асуудлыг түгээмлээр барахгүй хэдэн мянгаар нь ярих төвшинд хүрчихэж. Нэг гэр бүлд 1-3 эрлийз хүүхэд төрсөн байна. Хамгийн гол санаа зовж буй зүйл нь гэрлэх хүнээ зөв сонгох явдал. Төрүүлсэн үр хүүхэддээ монгол гэсэн сэтгэлгээг үлдээх ёстойд байгаа юм. Энэ үнэхээр чухал асуудал шүү. Эх, эцэг болж буй монгол хүнд энэ асуудалд нь туслах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Солонгос мэтийн оронд манай бүсгүйчүүд эрчүүдтэй нь гэрлээд тэндхийн харьяат болчихсон байх нь түгээмэл. Энд давхар харьяаллын асуудал яригдаж байгаа юм. Иргэдийг мэдээллийн сүлжээ ашиглан мэдлэгээ дээшлүүлэхэд төр засгаас анхаармаар байна.

-Гэр бүлийн харил­цаанд сэтгэл судлал чу­хал үүрэгтэй. Харин энэ чиг­лэлийн мэргэжилтэн ма­найд дутмаг байдаг?
-Болж, бүтэхгүй байгаа асуудлыг бүгдийг нь сэтгэл судлалаар зохицуулах учир­тай. Гэр бүлийн харил­цаатай холбоотой асуудлыг хэвийн хэмжээнд болгоё гэвэл мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Тэгэхээр мэргэжилтэн бэлтгэх зайлш­гүй шаардлага бий. Миний шавь нар төгсч гарсан ч ажлын байр олддоггүй. Гэхдээ тэд ханиа зөв сонгоод амьдрах мэдлэгтэй болсон. Харин одооноос шавь нар маань ажилтай болно. Дэмжих, зөвлөгөө өгөх төвүүдэд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна. Тэнд тэд ажиллах боломж бүрдэж буй юм.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан