Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архины хяналтын тухай хууль яаралтай батлахыг ДЭМБ сануулжээ
Дэлхийн архины хяналтын бодлогын чуулган Сөүл хотноо болж, 50 гаруй орны бодлого боловсруулагч 600 орчим төлөөлөгч оролцжээ. Монгол Улсыг төлөөлж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уг чуулганд оролцсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулсан энэхүү чуулган сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй архины хэрэглээ, тэр дундаа өсвөр насныхан, залуучууд, охид бүсгүйчүүдийн архины хэрэглээг хөндөж. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зам тээврийн осол, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх асуудалтай тэмцэх аргыг өөрчлөх цаг болсныг анхааруулсан байна.
Согтууруулах ундааны хортой хэрэглээнээс үүдэх хор уршиг нийгмийг бүхэлд нь хамарч эдийн засгийн үлэмж их алдагдлын шалтгаан болж байгааг ДЭМБ тооцоолжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хүн дунджаар амьдралынхаа 29 жилийг алддаг, эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ий 0.45-5.44 хувьтай тэнцдэг аж. Дэлхийд нийт нас баралтын шалтгааны гуравдугаарт архи орж байна. Жил бүр 2.5 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж, үүнээс 320 мянга нь 15-29 насныхан байгааг дурджээ.

Архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад эрс нэмэгдсэн нь өндөр хөгжилтэй орнуудаас шахагдаж буй архи үйлдвэрлэгчид хөгжиж буй орнууд руу хүч түрэн орж байгаатай холбоотой юм.
Иймд энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд улс орон бүхэн архины хяналтын тухай хууль тогтоомжийг яаралтай батлах зүй ёсны шаардлага гарч ирээд байгааг онцолж.

Аливаа улс орны архины хяналтын тухай хууль болон бодлогод баримтлах хэд хэдэн зарчим энэ чуулганаар батлан гаргасан байна. Үүнд, архи худалдан авах болон архи хэрэглэх цэгийн тоог эрс багасгах, архины доод үнийг нэмэгдүүлэх, архин бүтээгдэхүүний бүх төрлийн зар сурталчилгааг хориглох, архи хэрэглэх болон худалдан авах доод насыг нэмэгдүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоход оногдох арга хэмжээг чангатгах асуудал юм.

ДЭМБ жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 8-9 литр хүрсэн бол тухайн үндэстэн аюулд учирсан хэмээн үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 23 литрт хүрч, хэрэглээ буурахгүй, донтогсод нэмэгдэж байгаа нь аюулын харанга хэдийнэ дэлдээд эхэлчихэж.
Судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 18.8 хувь байсан бол 2009 онд 27.4 хувь болж 8.6 хувиар нэмэгдсэний дотор эрэгтэйчүүдийн дунд 27.3 хувь байсан бол 39.7 хувь болж 12.4 хувиар, эмэгтэйчүүдийн дунд 10.3 хувь байсан бол 2009 онд 15.1 хувь болж, 4.8 хувиар тус тус нэмэгдсэн. Архины зүйлийн осолд хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байна. Тухайлбал, 2011 онд 499 хүн нас барж, 2004 онтой харьцуулахад гурав дахин, 2010 онтой харьцуулахад 1.5 дахин тус тус өсчээ.

“Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа“ (2010)-аар сурагч өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол  хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог гэжээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүүхдийн 80 хувь, хараа хяналтгүй хүүхдийн 86 хувь нь архи, тамхи хэрэглэх, тэнүүчлэх, компьютерт донтох өвчтэй, тэдний эцэг эхчүүдийн 86 хувь нь архины хамааралтай байна. Таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой эмгэгт өртөж байгаагийн дотор гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний шалтгааны 97 хувь, гэр бүл салалтын шалтгааны 58.3 хувийг архидалт эзэлж гэр бүлийн хүчирхийлэл, хүн амины ба хүчингийн гэмт хэргийн 90 хувь нь согтуугаар үйлджээ. Цагдаагийн байгууллагаас 2009 онд явуулсан судалгаагаар согтуугаар үйлдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэж байна.

2012 оны байдлаар улсын хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 92 аж ахуйн нэгжийн нийт 144 үйлдвэр, үүнээс 16 спиртийн, 93 архины, 14 дарсны, 21 шар айрагны үйлдвэр нийт 152 нэр төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэдэг. 2008 онтой харьцуулахад 2011 оны байдлаар архи, дарсны үйлдвэрлэл 1,6 дахин, шар айрагны үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн байна. 2007-2011 онд нийт 200.9 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэсэн нь жилд дунджаар 10.7 сая литрээр буюу 23.5 хувиар өссөн төдийгүй зөвхөн сүүлийн дөрвөн жилд согтууруулах ундааны үйлдвэрлэл 1.8 дахин өссөн байна. Үйлдвэрлэсэн согтууруулах ундааны 13.4  хувь спирт, 32 хувь нь архи, 49 хувийг пиво эзэлж байгааг тогтоож. Дотоодын үйлдвэрлэлийн зэрэгцээ гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундаа импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ.

Согтууруулах ундааны маркетингийн арга нь улам бүр нарийсч, уламжлалт телевиз, радио, хэвлэл ашиглахын зэрэгцээ интернэт, гар утас зэрэг шинэ суваг ашиглан сурталчилгаа явуулж урлаг, спортын арга хэмжээг ивээн тэтгэх, урамшуулалт худалдаа явуулж байгаа. Мөн “нийгмийн хариуцлагатай бизнес”, ”нийгмийн хамтын хариуцлага” гэдгээр халхавчлан оюутан сурагчдад тэтгэлэг өгөх, амьжиргааны төвшин доогуур хүмүүст дэмжлэг үзүүлэх, олон улсын болон үндэсний спортын уралдаан тэмцээн, аялал, урлагийн тоглолтыг ивээн тэтгэх, урлаг, соёл, спортын алдартныг оролцуулан бүтээгдэхүүнээ сурталчлах болжээ. Түүнчлэн малгай, цамц зэрэг хэрэглээний бүтээгдэхүүнээр дамжуулан согтууруулах ундааны брэндийг сурталчлах, худалдаалах цэгүүдэд сурталчилгаа явуулах зэрэг маркетингийн олон арга ашиглаж байна.

Манай улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуучуудын дунд архидан согтуурах явдал газар авсаар байна. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар шар айраг хэрэглэж буй хэрэглэгчдийн 80 орчим хувь 15-25 насны залуучууд болох нь харагдаж байгаа ба нийт хүн амын ихэнх хувийг залуучууд эзэлдэг манай орны хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж зохих арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээд буй.

 360 хүн тутамд архи борлуулах нэг цэг оногдож байгаа нь бусад орны дунджаас хэд дахин өндөр байна. Энэ оны эхний найман сарын байдлаар импортоор оруулсан согтууруулах ундааны тоо хэмжээ өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн нь Монгол Улс гадаадын үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн таатай улс орны тоонд орсны жишээ юм.

Эдгээрээс дүгнэлт хийж, сүүлийн арав гаруй жил өөрчлөлт оруулаагүй Архидан согтуурлыг хянах тухай хуульд томоохон өөрчлөлт хийж, архины хяналтыг чангатгах цаг нь болсныг дээрх судалгаа, тоо баримт харуулж байна. Удахгүй УИХ-аар энэхүү өөрчлөлтийн төслийг оруулж ирэхээр бэлтгэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан