Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах анхны томоохон төсөл бодит ажил боллоо.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн банк болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд "М-Си-Эс Кока-Кола" ХХК-ийн цэвэрлэсэн хаягдал усыг "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд ашиглахаар боллоо. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны 2030 Усны нөөцийн бүлгийн судалгаан дээр үндэслэж "М-Си-Эс Кока-Кола" ХХК-ийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжжээ.
Хоёр байгууламжийн хооронд 2.5 км урт шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулсан. Жилд 120,000 м³ гүний усыг хэмнэнэ. "Амгалан дулааны станц"-ын технологийн усны хэрэглээний 40 хувийг энэхүү дахин ашигласан усаар хангах аж.
Төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр 2020–2024 оны хооронд нарийвчилсан судалгаа хийж, техникийн болон байгаль орчны бүрэн боломжтойг баталгаажуулсан байна.
Эх сурвалж: БОУАӨЯ
























