Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахмадууд түрээсийн орон сууцны шалгуурт бүдэрч байна

Сүхбаатар дүүргийн ар­ван­нэгдүгээр хороололд ах­­ма­дуудад зориулсан тү­рээсийн орон сууц барьж байгаа. Эхний ээлжинд 40-50 ам.метр бүхий нэгээс хоёр  өрөөтэй 360 айлын орон сууц удахгүй ашиглалтад орно. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр төр засгийн зүгээс орон сууц нэн шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй залуу гэр бүлд үзүүлэх томоо­хон дэмжлэг болно хэмээн үзэж буй. Иймээс идэр залуу насаа улс орныхоо төлөө зориулан тэд одоо л төвийн нэгдсэн халаалттай орон сууцанд сэтгэл амар  амьдрах боломж бүрдэх нь гэж олон ахмад баярласан. Гэвч тэдний хүсэл талаар болох нь.

“Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийг хариуцаж байгаа Нийслэлийн захираг­чийн ажлын алба өнгөрсөн баасан гарагт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр  иргэдийн хамгийн ихээр сонирхож буй асуудал ахмадын орон сууц хөтөлбөр байв. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн ахмадын ихэнх нь “Ахмадын орон сууц хөтөлбөр”-т хамрагдахаар материалаа бүрдүүлэн өгсөн ч өнөөг хүртэл хариу алга. Мөн хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журмын шалгуур хэтэрхий өндөр, зарим заалт нь хоорондоо зөрчилдөж буйг ч  дуулгав.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал элэгдлийн санг тооцон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцаа төлөх чадвартай байх гэсэн заалт бий. Харин нөгөө заалт нь өөрийн өмчлөлийн газар, гэр байшингүй байх гэсэн шаардлага тавьж буй. Өөрийн эд хөрөнгөгүй байх гэсэн атлаа барьцаа хөрөнгө шаардсан журмууд нь хоорондоо зөрчилдөж байна гэдгийг ч ахмадууд хэлж байлаа. Тиймээс зарим журмын заалтыг хөнгөвчлөх хэрэгтэй гэв. Харин Захирагчийн ажлын албанд ирсэн 10 мянга гаруй өргөдөл дээр сүүлийн хэдэн сард түрээсийн байранд орохыг хүссэн өргөдөл огц­ом нэмэгдсэн тул эхний шалгаруулалтыг явуулж эхэлсэн гэнэ. 

Хөтөлбөрт хамрагдах ахмадууд наймдугаар са­рын дундуур материалаа бүрдүүлэн өгсөн ч өнөөг хүртэл нэг ч хариу өгөөгүй гэнэ. Хүлээж  бай гэхээс өөр үг хэлээгүй гэнэ. Иймээс ахмадууд энэ хөтөлбөрт хамрагдаж чадах, чадахгүй эсэхээ эртхэн хэлэхийг хүсч байлаа. Энэ талаар нэгэн настан “Одоо өвлийн хүйтэн боллоо тиймээс уг хөтөлбөрт хамрагдаж чадахгүй бол эртхэн өвөлжих газраа олох хэрэгтэй байгаа” гэв.

Манай улсын хувьд жилд 10000-15000 иргэн ахмад настны эгнээнд шилждэг. Иймээс төр засгийн зүгээс ахмадууд руу хандсан арга хэмжээ авах хэрэгтэй байгаа ч эхнээс нь урам зоригийг нь мохоож буй нь даанч харамсалтай.
Нийслэлийн удирдлагуу­дад орон сууц хүссэн өргөдөл илгээсэн 10 мянга гаруй ахмад байдаг аж. Иймээс тэдний  зүгээс  анхаарал халамж зайлшгүй шаардлагатай ахмадуудад зориулан түрээсийн орон сууц барихаар болж долдугаар сард журмыг нь баталсан. Журамд зааснаар “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд баригдах орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрах боломжтой хэмээн заасан. Түүнчлэн тухайн иргэний амьдрах орон сууцыг түүний бус нийслэлийн өмчлөлд байлгах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан