Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Эрдэнэцогт эх орондоо ирнэ
Үгээр хүнийг алж ч бол­дог, аварч болдог гэдэг. Энэ бол хүний хамгийн сай­хан бас муухай чанар. Гэх­дээ сайхан үгийг бусдад хэлж, сайн мэдээг олноороо сон­сох нь энэ амьдралын жаргал гэлтэй. Тийм нэг сэт­гэл тэнийлгэсэн гэрэл гэгээ­тэй мэдээг “Ардчилал” сони­ны хуудсаар дамжуулан ун­шиг­чидтайгаа хуваалцах гэж байгаа маань ч энэ амьд­ралын баяр жаргал.

Энэтхэг улсад элэг шил­жүүлэн суулгах мэс засалд ор­сон сэтгүүлч Б.Эрдэнэ­цог­тын маань биеийн байдал тун сайн байна. Тэрээр энэ сарын 27-нд эх орондоо ирэ­хээр болжээ. Сэтгүүлч Б.Эрдэнэ­цогт маань Erdenetsogt Baasanjargal гэсэн фэйсбүүк хаяг нээж, өөрийн хуудсаараа дамжуулан зураг болон амийг нь аварсан донор охин Г.Батцэцэг, алтан гартай эмч Namish Mehta нарынхаа зургийг байршуулж хандсан хүн бүртэй ярилцан биеийн байдлаа тайлагнаж байна. Тэрээр “Биеийн байдал маш сайн байна. Энэ долоо хоногийн сүүлээр нутаг буцна. Давааны цаадах давааг туулсаар очно доо. Элэг солиулна гэдэг их хэцүү юм байна” хэмээн бичиж, түүний төлөө шаналсан найз нарынхаа сэтгэлийг тайтгаруулав.

Үнэхээр нуруу тэнийж, сэт­гэл тайтгарахаас өөр яах билээ. Саяхан л хор­моор хэмжигдэж байсан андын­хаа амийг аврахын тулд цагийн зүүний хурдыг удаашруулчихмаар санагдаж байсан шүү дээ. Гэтэл ингээд цоо эрүүл болж үзэг нэгтнээ онгоцны буудал дээр хүлээн авах өдрийн тухай бичээд сууж байгаа маань баяр жаргал. Давааны цаадах давааг туулсаар эх нутагтаа ирэх сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдал сайжирсан ч хагалгааны шарх нь бүрэн эдгээгүй байгаа аж. Тиймдээ ч “хагалгааны шарханд хойлогийн мах сайн гэх юм.

Буцалгаад уучихвал элгэнд муу болов уу, яах бол? Шинэ тавьсан элгээ баллачихгүй байгаа даа, мэдэх хүн байна уу” хэмээн фэйсбүүкийн найзуудаасаа асууж байна. Анд минь бидэнтэй цахим ертөнцөөр холбогдсон нь сайхан хэрэг. Хоёрхон сарын өмнө түүний амийг авахаар ирсэн хүнд өвчинтэй тэмцэж, аль байдаг чадлаа барж байсан тэрээр бидэнтэй эрүүл саруулаар сэтгэж, харилцаж байгаа нь л бидний хувьд хангалттай.

Түүний амийг аврахын тулд олон хүн сэтгэл гаргаж, олон хүн хичээсэн. Үүний нэг нь, “Ардчилал” сонины маань хамт олон. Хандивын данс нээхэд хамгийн түрүүнд андынхаа эмчилгээний зардалд нэг өдрийн цалингаа хандивлаж, “Аssa.mn” сайт, С1 телевизийн хамт олныг уриалж хамт олон дундаасаа 20 сая төгрөг босгож өгсөн маань ч Монголын сэтгүүлзүй гэсэн их айлыг хэрхэн нэгдэж, нэгнийхээ төлөө хүчээ өргөж чаддагийг харуулсан хэрэг байсан. Б.Эрдэнэцогтыг Энэт­хэг улсад хагалгаанд оро­хоор зориход нь олон хүн залбирч, олон хүн түүний төлөө сэтгэл гаргасан. Гэхдээ түүний ээж Б.Баасанжаргал эгчийн сэтгэлийн залбирлыг хэнийхтэй ч харьцуулахын аргагүй. Ингээд түүнтэй хол­богдож, хүүгээ тосч авах бая­рын сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрээр “Хүүгийн маань биеийн байдал маш сайн байгаа. Өнөөдөр /өчигдөр/ оёдлоо авахуулна гэж ярьсан. Хоног тоолон хүлээгээд л сууж байна. Хамт хагалгаанд орсон залуугийн эхнэр нь саяхан Монголд ирээд надтай уулзсан. Эрдэнэцогт залуу хүн болохоор манай нөхрөөс хурдан тэнхэрч байна билээ гэж хэлсэн” гээд л тунчиг баяртай харилцуурын цаанаас ярьсан юм. Үнэхээр төрүүлсэн үрээ харж суугаад алдах тэвчээр ямар ч ээжийн сэтгэлд багтахгүй болов уу. Б.Баасанжаргал эгч арга мухардахдаа манай сонины хамт олонд хандсанаар бид бусдыг уриалж, андынхаа хагалгааны төлбөрийг босгож чадсан билээ.

Хүний амь аврах хэчнээн их буян басхүү хаанаас илгээсэн хувь тохиол гэдгийг таах аргагүй ч энэ насандаа энэхүү дээд буяныг үйлдэх нь хүн болж төрсний хэрэг гэлтэй. Тийм ч учраас бид үзэг нэгт нөхрөө аврахын төлөө нэгдэж, аварч чадсан. Гэхдээ энэ үйлд маань хамгийн их хувь нэмэр үзүүлсэн ачтан бол Г.Батцэцэг. Донор болж, элэгнийхээ 60 хувийг Б.Эрдэнэцогтод өгсөн түүнтэй холбогдож биеийн байдлыг нь тодруулсан юм. Тэрээр Б.Эрдэнэцогтын маань хүргэн ахын төрсөн дүү. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Эдийн засгийн гуравдугаар курсийн оюутан охин юм. Залуу хүүхэд учраас биеийн байдал нь хурдан тэнхэрч Б.Эрдэнэцогтоос түрүүлээд энэ сарын 7-нд эх орондоо ирсэн. Г.Батцэцэг “Тэнгэр бүрхэг өдөр жаахан өвдөх юм. Хичээлдээ өнгөрсөн долоо хоногийн эхээр явж эхэлсэн. Хичээлээсээ нэлээд хоцорчээ. Гэхдээ өдөр бүр бага багаар нөхөж байгаа. Гамаа баривал дажгүй ээ” хэмээн цовоо дуугаар хариулсан юм.

Удаан хугацаанд сэтгэ­лийн үзүүрээс зуурч, чирэг­дэж явсан уй гуниг тасарч хаа нэг тийш алга болох шиг сай­хан мэдрэмж. Яг одоо бичигч ми­ний сэтгэл ийм л байна. Үзэг нэгт нөхөр маань эрүүл болж, духыг нь нэг үнэрлээд нулимс унагах ижийдээ, өдөр хоног тоолон өөрийг нь хүлээх хүүхдүүд, хайртай хань, гэр бүл, анд нөхөд, түүний төлөө сэтгэл гаргасан хүн бүхэнтэй уулзах өдөр ойртсоор.
0 Сэтгэгдэл
ус уух хувьтай залуу юм. Донор болсон охиноор бахархаж байна. Хүнд амьдрал хайрлахаас илүү ач байхгүй шүү. Залуу минь урт удаан амьдарч зовох цагт чамайг гэсэн бүхний ачийг хариулаарай.
Хамгийн их уншсан