Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн шав тавьсан газрыг түүх, соёлын цогцолбор болгоно
Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Их Монгол уулын бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөн дэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 374 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд Их эзэн Чингис хааны алтан  ураг халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Монголын бурхны шашны тэргүүн анхдугаар Богд гэгээнд өргөмжилж, Монгол Улсын нийслэлийн үүсэл Өргөө шар бүсийн ордыг энэ нутагт байгуулсан түүхтэй гэдэг. Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болон хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор тус газарт 1999 онд “Гэрэлт хөшөө” босгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн болон Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо. Ёслолын үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга T.Бат-Үүл нээж “Юуны өмнө, энд хүрэлцэн ирсэн нийт хүмүүс, нутгийн ард түмэндээ талархал илэрхийлье. Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий нутагт ирсэндээ их таатай байна. Эдүгээ 374 жилийн өмнө энэ сайхан нутагт өнөөдрийн 1.2 сая гаруй иргэнтэй нийслэлийн маань анхны шав тавьж байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдсэн байдаг. Бид түүх соёлоо хүндэтгэн, дээдэлж, Гэрэлт хөшөөнд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Удахгүй энэхүү түүхт газраа тохижуулж, Гэрэлт хөшөөгөө түүх соёлын цогцолбор болгоно гэдгийг нутгийн иргэддээ дуулгахад таатай байна. Ингэснээр нутгийн иргэдээс гадна дотоод, гадаадын жуулчдын зочлох гол бүс болгох боломжтой” гэж хэлсэн юм. Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн ард иргэд нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлээд цогцолбор байгуулах ажилд хамтран ажиллана гэлээ. Энэ үеэр Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хамба лам, хуваргууд ном айлдаж, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын аялгуугаар түрлэг өргөлөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан