Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тод чоно” компанийн эзэн хятадуудад Монголын хууль үйлчилдэггүй гэнэ

Хятад эзэнтэй барилгын компаниудын хууль бус үйлдэл хэрээс хэтрээд байгаа талаар тус компанид ажиллаж өөрийн биеэр зовлон үүрсэн нэгэн хэвлэлийнхэнд хандлаа.  Хятад эзэнтэй гэдгээрээ нийгмийн болоод эрүүл мэндийн даатгал төлдөггүй, улсад төлөх албан татвараас ч зайлсхийж, монгол ажилчдыг дарлан эрхшээлдээ ажиллуулдаг. Үүгээр ч зогсохгүй ажилчдын хоол хүнсэнд хамгийн хямд муу бүтээгдэхүүн хэрэглэж, олон монгол  ажилчин амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна хэмээн иргэн Ч.Мөнхцэцэг хүү, нөхөр хоёроо бодит жишээ болгон өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Түүний нөхөр, хүү хоёр Хятадын хөрөнгө оруулалттай “Тод чоно” ХК-д ажилладаг байсан бөгөөд эрүүл бус хүнсээр ажилчдынхаа хоолыг хийдгээс үүдэж, ходоодны хорт хавдар туссан гэнэ. Хүү нь тус компанид жолооч, нөхөр нь орчуулагч хийдэг байж. Ажилчдынхаа хоолонд ялзарч үмхийрсэн байцаа, гахайн хаягдал яс болон “Далай ээж” захын махны тасгийн хаягдлыг буцалгаж шөл гаргаж хийдэг байсан аж. Тиймээс түүний нөхөр өнөөдөр ходоодны хорт хавдар тусч, хүү нь энэ өвчний анхны шинж тэмдэгтэйгээр хүний гарт ороод байгаа гэв. Групп тогтоолгох гэтэл компани нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлдөггүй байснаас болж хэнд ч хандах аргагүй болсон гэв. Арга ядаад компанийн удирдлагуудад эмчилгээний зардалд тус болох талаар хандахад “ Бидэнд Монголын хууль  хамаа байхгүй, Үйлчилдэггүй юм аа” хэмээн томорчээ. Харин хятад ажилчдын хувьд жилд гурваас доошгүй хүн ходоод цоорсон гэх шалтгаанаар нутаг буцдаг гэдгийг тэрээр хэлсэн.

“Тод чоно” ХК нь 2004 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд монголд амьдрах зөвшөөрөлгүй 80 гаруй хятад ажилчин, таван монгол ажилтантай юм байна. Ажилчдаа 06:00 цагаас 24:00 цаг хүртэл илүү цагийн мөнгө олгодоггүй, амралтгүйгээр ажиллуулдаг байна. Харин компанийн удирдлага болон хятад нь 4000 юаньтай Монголд ирээд барилгын салбарын босс болсон гэнэ. “Тод чоно” ХК-ийн хувьд Вэн хэмээх хятад иргэний нэр дээр байдаг боловч компанийн нэрээ Сун Цай, Цай Жин нарт түрээсэлдэг байна. Энэ хоёр хүний хувьд “Монголд ганц зоосны орлого оруулахгүй” гэсэн уриатай ажилладаг. Барилгын бүх материал, жижиг хэрэгслээ өөрсдийн танил хятадаас авдаг. Тухайлбал, Биокомбинатаас урагшаа шувуун фабрикийн ойролцоо байрлах хувийн арматурын үйлдвэрийг нутгийнх нь Хятад ажиллуулдаг. Тэд шөнийн цагаар бараа ачин сайн арматураар дээд талыг өнгөлөөд доор нь мууг нь хийгээд гаргадаг гэдгийг ч хэлсэн. Хятад эзэнтэй тус барилгын компани энэ мэт хууль бус үйлдэл гаргаж, монгол ажилчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөөр байсан тул Ч.Мөнхцэцэг бүсгүй Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасны дагуу шалгаж, тус компанийн ажилчдын цайны газрыг 960 мянган төгрөгөөр торгоод л өнгөрч.

Монгол ажилчдын эрх ашгийг хохироож эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гарз учирч  байхад манай төрийн байгууллагууд үүнд анхаарал хандуулахгүй ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай. Хэдийгээр барилгын олон компани байхад эдгээр  залуус хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсээр байж дээрх компанид ажилласаар байсан нь буруу ч олдсон ажил нь энэ хэмээн тайлбарлаж буй. “Тод чоно” ХК нь “Баянмонгол” хорооллоос эхлүүлээд манай нэртэй том барилгуудыг барьсан юм билээ. Жилдээ 40 сая юанийн ашиг олдог гэдгийг Мөнхцэцэг өөрийн нөхрийн ярианаас сонссон гэдгээ ч хэлж байсан. Гэтэл энэ их мөнгийг Монголын газар нутаг дээр олдог байж яагаад хэдхэн ажилчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлбөрийг төлчихөж болохгүй  байна вэ. Үүнийг холбогдох төрийн байгууллагууд анхааралдаа аваасай. Энэ нэг талаар монголчуудад нэг ч төгрөгийн орлого оруулахгүй, тэдний амь нас, эрүүл мэндийг хайхрахгүй гэсэн бодлого баримталж байгаагийн илрэл биз. Мөнхцэцэг холбогдох төрийн байгууллагуудад хандсан ч түүний зовлонг ойлгож нэг нь шалгах хянах талаар хариу хэлээгүй байна. Иймээс тэрээр аргаа барсандаа хэвлэлийнхэнд хандсан гэнэ. Төрийн байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авах байх, тэр нь бусад хятад эзэнтэй барилгын компаниудад сургамж болно  хэмээн найдаж байгаагаа ч дуулгасан. Ямартай ч 2004 оноос манай улсад томоохон барилгуудыг барьж ирсэн, жилдээ чамлахааргүй хөрөнгө олж буй тус компанийг үнэхээр улсад татвар төлж буй эсэх, мөн бусад хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах цаг болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан