Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жилийн дотор их ажил амжуулсан ч...
Үүсэн байгуулагдсаныхаа 374 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй Улаанбаатар хотод хийж эхэлсэн болон ирээдүйд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Энэ их төлөвлөсөн ажлаа амжуулахад хууль эрх зүйн болон шинэчлэх олон асуудал байгааг Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэллээ.

Дэлхийн бусад улс орны туршлагаас харахад нийслэлээс гадна жижиг хотууд нь ч өөрийн гэсэн дүрэмтэй байдаг. Харин 374 жилийн түүхтэй нийслэлд хотын дүрэм яалт ч үгүй хэрэгтэй учраас ажлын хэсэг гарч Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэн шинэ дүрмээ боловсруулж эхэлснийг тэрээр дурдаад Улаанбаатарыг улсын зэ­рэглэлтэй хот болгох саналаа удахгүй Засгийн газарт тавина. Хот өөрийн гэсэн дүрэмтэй болсноор хэн нэгэн хаа дуртай газраа хашаа хатгаж, байшин барьж, бусдын эрх ашгийг хөнддөг үйлдэл арилна. Нөгөөтэйгүүр, нийслэлд сая гаруй иргэн газраа өмчилж аваагүй байхад хөдөөнийхөн дураараа нүүн ирж дуртай газраа өмчлөх гэсэн хандлага даамжирсан тул олон жил суурьшсан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлага урган гарч байна хэмээсэн.

Хэн бүхний сэтгэлийг чилээсэн авлигын асуудалд цэг тавих үүднээс нийслэлийн нутгийн захиргааны байгуул­лагад ажиллагсадыг ашиг сонирх­лын зөрчлөөс хам­гаалах, сэргийлэх үүднээс иргэдтэй уулзсан уулзалт бүрийг бүртгэж авахын зэрэг­цээ хэн, ямар шийдвэр, тушаал гаргасан, гадаадад явсан томилолтын зардлыг нь ч ulaanbaatar.mn цахим хуудаст тавьж нийтэд нээлттэй ажиллаж байгаагаа хотын мэр энэ үеэр хэлж байлаа. Жишээ нь, нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлснээр барилга барих зөвшөөрөл авах гэж газар, хэлтсийн дарга нарын үүдийг сахидаг үе өнгөрч ажлын 30 хоногт шийддэг болсон. Харин нийслэлд өрнөж буй ажлын талаар иргэдийн санал бодлыг тусгах үүднээс есөн дүүрэгт буй Иргэний танхимд 70 гаруй хэлэлцүүлэг болсноос 6400 гаруй иргэн оролцсон. Ер нь, өргөдөл цохуулах гэж дарга нарын үүдийг сахидаг үе өнгөрч, төрийн албан хаагчдын үүрэг нэмэгдсэн гэлээ.

Үүний бэлээхэн жишээ нь ч, иргэдийн саналыг хам­гийн их авсан дугаарын хязгаарлалтыг мөрдүүлэх хугацаандаа хотын замаа сайжруулж, олон уулзварыг шинэчлэн өргөтгөсөн. Гэсэн ч түгжрэл дорвитой буурахгүй байгаа.
Гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 182 км замын ажил хийсэн ч 28360 автомашин шинээр улсын дугаар авсан байх жишээтэй. Тиймээс шинэ төрлийн тээврийн хэрэгсэл буюу метро, BRT зэргийг нэвтрүүлэх, хүмүүс даарч хөрөхгүйгээр зорьсон газартаа хүрчихдэг болвол хүн бүр автомашин унахыг чухалчлахгүй болно гэдэгт итгэлтэй байдгаа ч хэлэв. Энэ үеэр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам баталж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн, Хүй долоон худ­гийг Монгол наадмын төв болгох шийдвэр гаргаж 7000 автомашины зогсоол барьсан гээд Улаанбаатар хотод өрнөсөн олон бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.
Гэвч нийслэлийн төсвийг танаж байгаа нь бүтээн бай­гуулалтад бэрхшээл учруу­лахуйц байгааг хотын удирдлагууд хэлж байлаа. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу 2020 он хүртэл 24,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт нийслэлд шаардлагатай гэсэн тооцоог бид гаргасан. Тиймээс жилд дунджаар 2.8 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ирэх оны хөрөнгө оруулалтыг энэ жишгээр тооцон нарийн судалгаа гаргасан. Хэрвээ хөрөнгө оруулалтыг таначихвал бүтээн байгуулалтын хурд саарна гэдгийг анхаарч үзээсэй” гэж учирлав. 

Харин Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­­дорж “Улсын хэм­жээнд гадаадын хөрөнгө оруулалт тав дахин буурсан дүн гарсан. Энэ нь нийслэлд ч хүндээр тусч буй нь та бүхний яриа­наас илт байна. Гэвч ганц улсын төсвийн мөнгөнд найдан гар харж суулгүй өөрсдөө хөрөнгө босгох хэрэгтэй. Гадаадынхнаас гад­на хувийн хэвшлийн хө­рөн­гө оруулалтыг татаж, хөн­гөлөлттэй зээлээр төлөв­лөсөн бүтээн бай­гуулалтын ажлаа хийж болно шүү дээ. 30 жил, 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл нь бондоос хамаагүй бага зардалтай, хөнгөн нөхцөлтэй байдаг. Хөрөнгө оруулалтын орчноо бий болгочихоод хөнгөлөлттэй зээл, бондын хөрөнгө гэж дэс дарааллаар нь ярих хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.

Тэрээр “Би нийслэлийн ажилтай өмнө нь танилцаж байсан. Өнөөдрийн уулзал­таар ажиглагдсан нэг зүйл бол та бүхэн үлгэр дууриал авахаар олон ажил хийсэн нь харагдлаа. Улаанбаатар хотын захиргааныхан ийм сайн жишиг тогтоовол аймгийн дарга нар яг ийм шинэчлэл хийхээр ярьж эхэлнэ. Сумын дарга нар ч сумандаа хэрэгжүүлэх хүсэл зоригтой болдог. Тэгэхээр сайн жишиг, сайн жишээ гэдэг бол ийм сайхан үр дүнтэй. Та бүхэн энэ эрчээ алдаж болохгүй. Улам сайн ажиллах ёстой.  Ямар нэг тайлбар биш, шийдэл олох талаас нь харж ажилла.  Ер нь, аливаа асуудлыг зөв шийдэж, төр ажлаа сайн хийе гэвэл улам нээлттэй болж,  иргэдийг улам илүү оролцоотой болгох хэрэгтэй” гээд ажлын амжилт хүслээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан