Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СӨХ саятнуудын өлгий юү

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Төрийн то­моо­хон байгууллагын эрх мэдэлтнүүдийн хэм­жээ хязгааргүй ууж, ид­сэн талаархи мэдээлэл монголчуудыг цус харвуулчих шахаж байхад нийтийн аж ахуйн газруудын хамгийн бага нэгж гэгддэг СӨХ-ны хурган дарга нарын зувчуулсан хөрөнгө нүд орой дээр гаргачих шахна. Том, жижиггүй татвар төлөгчдөөсөө, улсаасаа хулгайлах увайгүй үйлдэл газар авсны жишээ нь СӨХ-ны дарга нарын идэж ууж, байр, машинтай болсон гэх хэргүүд.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, төмөр замчдын гэгдэх УС-15 байрны СӨХ-ны дарга. Жилийн нүүр ч үзэж амжаагүй гэх шинэхэн дарга хотын төвд гурван өрөө орон сууц аваад зогсохгүй унаж байсан машинаа хүртэл сайжруулан талийж одсон гэнэ. Оршин суугчдын хэлснээр СӨХ-ны дарга энэ хороололд амьдардаг учраас зовлонг нь мэднэ. Дөрвөн бэрх ашиг энэ байраа сайхан болгоно хэмээн амлалт өгөн даргын сэнтийд заларсан ч ийн тар нь танигджээ. Энэ талаар оршин суугч Б.Бат “СӨХ-ны дарга оршин суугчдын төлбөр болон улсаас 10 сая төгрөг идсэн гэсэн. Одоо л нэг ажил хийе гэсэн сэтгэлтэй хүнтэй боллоо. Залуу хүн шинийг санаачилж хийнэ байх гэж найдтал талаар өнгөрөв бололтой. Өмнөх дарга ч хөрөнгө шамшигдуулсан гэсэн яриа сонсогдож байсан. Ер нь, хаа очсон газартаа ашиг хонжоо хайдаг хүн олширсон өнөө үед СӨХ байх хэрэг ч байгаа юм уу. Татан буулгавал таарна” гэв. Харин Т.Оюун “СӨХ-ны дарга улсаас төсөвлөж өгсөн засварын мөнгө, оршин суугчдын төлбөрийг сар бүрд нь аваад хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан хэмээн таван байрны оршин суугчид шүүхэд хандана гэж байсан. Үнэндээ, өмнөх СӨХ-ны дарга нар ч олигтой, сүрхий юм хийгээд гийгүүлсэн зүйлгүй. Бүгд л нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн газрыг зарсан, идсэн уусан гэсэн хэл аманд өртөж байсан. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан бол ийм хэрэгт орооцолдохгүй л дээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэгчлэн оргүй хоосон яриа биш байх” хэмээв. 

ШӨХТГ-ын мэдээллээр сард СӨХ-той холбоотой 4-5 гомдол ирдэг гэнэ. Энэ талаар тус газрын дарга О.Магнай “Үйл ажиллагаатай нь холбоотой гомдол манайд байнга ирдэг. СӨХ-ны зарим нэг даргатай холбоотой эрүүгийн хэргийн шинжтэй зүйл ч сонсогдож байна. Тийм хүмүүст нь хариуцлага тооцъё. Нэг хууль батлаад орхичихсон, түүгээрээ зохицуулагддаггүй, эцсийн үр дүнд  оршин суугчид хохирдог тогтолцоо үүсчихэж. Өөрөөр хэлбэл, эндээс хоолны мөнгөө олж иддэг хүмүүс бий болчихож. Бид шалгаж нягталдаг ч манай байцаагч цөөн, СӨХ олон шүү дээ” хэмээсэн. Үүний илрэл нь ч, албан бус мэдээллээр СӨХ-ны дарга нарын идэж уусан гэх 4-5 хэрэг цагдаа, шүүхийн шатанд шийдэгдэж яваа гэдэг. Тиймдээ ч нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй 400 гаруй СӨХ-ноос нэг даргын нүүр үзсэн нь тун ховор гэсэн.

Сууц өмчлөгчдийн тухай хуульд зааснаар наймаас дээш өрхтөй бол СӨХ байгуулж болно гэж заасан байдаг. Заавал байх ёстой гэж хуульчлаагүй учраас оршин суугчдын сайн дурын үндсэн дээр байгуулагддаг төрийн бус гэхээр ч байгууллага  аж.  Гэтэл өнөөг хүртэл байр сууриа олж, төвхнөж чадаагүй эл байгууллагыг манайд байх ёстой мэтээр ойлгосноос гомдож, цөхөрсөн иргэдийн бухимдал тасрахгүй байгаа ч байж мэднэ. Нийслэл дэх 400 гаруй СӨХ-г хариуцсан Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийнхөн мөнгөжих, хөрөнгөжих газар гэж ойлгосон дарга нартаа ямар хариуцлага тооцдог эсэхийг  тодруулахад “СӨХ-ны даргыг оршин суугчдынх нь саналын үндсэн дээр томилдог. Хэрвээ тухайн дарга нь муу ажилласан бол хяналтын зөвлөл нь сольж болно шүү дээ” хэмээн товч бөгөөд тодорхой хариулт өгөв. Тэгэхээр идэж, уусан ч хариуцлагын тогтолцоо нь “орхигдсон” өнөө үед татан буулгах эсвэл ажлыг нь сайжруулах ёстой гэсэн салаа зам  л угтаж байх шиг.

Гэвч бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэгчээр толгой байгууллагаассаа эхлээд буруу менежменттэй гэх эл газар дотроосоо ялзарсан нь нийтэд ил болсон нь саяхан. СӨХ-ны удирдлагуудтай уулзсан нэгэн хэлэлцүүлгийн үеэр “Өнөр 19” СӨХ-ны дарга О.Чанцал “СӨХ-ны үйл ажиллагааг орон сууцны конторт нийлүүлж хянадаг болох хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл, миний ажилгүй болох нь хамаагүй, цаана нь иргэдийн эрх ашиг хөндөгддөг учраас нэгдсэн нэг тогтолцоотой болгож, мөнгө идсэн уусан гэдэг асуудлыг шийдвэрлэхгүй бол одоогийн тогтолцоо цаашаа явахгүй”  гэж хатуухан бөгөөд шударгаар хэлсэн. Иргэдээсээ, төр засгаасаа ч мөнгө хумсалсан СӨХ-ны дарга нарын хэрэг гаарсан тул МСӨДЗ-ийг татан буулгах асуудлыг ШӨХТГ шүүхээр шийдүүлэхээр хандсан ч, эвлэрлийн гэрээ гэгч эвтэйхэн зүйлээр аргалсныг өнөөдөр ч тэд ярьж буй. Хэнбугай ч халдах эрхгүй дархлагдсан тэднийг ШӨХТГ-аас өөр хянадаг, шалгадаг төрийн байгууллага үгүй. Ямар сайндаа, хуульдаа төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хянаж, нягталж болохгүй гээд заачихсан болохоор МХЕГ шалгах байтугай хошуу дүрэх ч эрхгүй гэх. Ганхаж байсан байр сууриа аварч чадсан МСӨДЗ-ийнхөн шинэ арга менежмент хэрэгжүүлэн шинэчилсэн бодлогоороо СӨХ гэж ямар байгууллага байдгийг жинхэнэ утгаар нь харуулна гэж амлалт өгснийг нийслэлийн удирдлагууд төдийгүй төрийн байгууллагынхан ч мартаагүй.

Хаа газарт хариуцлага үгүйлэгдсэн өнөө үед төрд найдалгүй оршин суугчид ч СӨХ-ны тухай хуульд заасанчлан ажлынх нь үр дүнг хянаж, шалгах эрхтэй ШӨХТГ-ынхан ч хэллээ. Хэрвээ таньд тэдний явуулж буй ажил  хангалтгүй санагдвал хяналтын зөвлөлөө хуралдуулан татан буулгах эрх ч бийг сануулъя.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан