Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Уранчимэг: Өрх толгойлсон аавууд халамж хүртэж чаддаггүй

Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Х.Уранчимэгтэй ярилцлаа.

-Энэ онд  нийгмийн ха­ламжийн талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Нийгмийн халамжийн салбар өнөөдөр улс тө­рийн талбар болсон бай­на. Сонгууль, улс төрийн амлалтаа нийгмийн халам­жийн хэлтсээр дамжуулж хэрэгжүүлж ирсэн. Уг нь, нийгмийн халамжийн тэтгэ­вэр тэтгэмж  үйлчилгээ очих ёстой эзэндээ хүрэх ёстой юм. Бид хүн амын бүлгүүдийн судалгаа хийсэн. Тухайлбал, аймгийн бодлого барьж байгаа хүмүүс болон бүх шатны Засаг  дарга, нийгмийн ажилтнууд, өрхийн болон нарийн мэргэжлийн эмч нартай хамтарч Баян­хонгор аймгийн нийт хүн амын дотор нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрх, иргэний судалгаа гаргалаа. Үүн дээрээ бид дүн шинжилгээ хийгээд хөтөлбөр боловсруулах юм. Баянхонгор аймгийн нийг­мийн халамж үйлчилгээний хэлтсийн ажлыг 2013-2020 хүртэл тодорхойлсон. Учир нь, нийгмийн халамжийн бод­лого залгамж шинж чанартай байх ёстой. Нэг дарга ирээд өмнөх ажлыг нь зогсоож шинээр эхэлж болохгүй. Нөгөө талаас аймаг, аймгийн онцлог гэж бий. Тухайлбал, нийгмийн байдал, газар нутгийн байрлал, хүн амын тоо гээд онцлог шинж чанарууд байдаг.  Иргэд нийгмийн халамж гэхээр мөнгө тараадаг, өгдөг байгууллага гэж ойлгох болсон. Одоо энэ байдлаасаа татгалзах цаг болсон. Яагаад гэвэл, төрийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй хүмүүст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйлчлэх ёстой. Үүнээс гадна өнөөгийн нийгмийн халамжийн хууль тогтоомжийн зүйл заалт амьдралд таарч тохирч байна уу, үгүй юү гэдгийг судалсан.  Тэгээд хуульд  ямар нэмэлт өөрчлөлт,  заалт   оруулах асуудлыг  Баянхонгор аймгийн хэмжээнд  нэгтгэж яаманд хүргүүлсэн. Би  хуулийн хатуу зохицуулалтаас  уян хатан хөтөлбөрт чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь илүү тохиромжтой юм байна гэсэн дүгнэлт хийсэн юм.

-Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай олон бүлэг байдаг. Түүнээс ахмадуудын талаар хэрхэн анхаарч байна вэ?
-Нийгмийн хамгааллын бодлого гарцаагүй хэрэгтэй бүлгийн нэг нь ахмадын асуудал. Тэд тухайн цаг үед хөдөлмөрийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлээд тэтгэвэрт гарсан. Тэдэн дунд өндөр настай, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй ахмад ч олон бий. Ахмадууд өнөөдөр орлого олох боломж хомс байна. Тэр бүү хэл 40-өөс дээш насныханд ажил олдохгүй байгаа шүү дээ. Иймд ахмадуудыг нийгмийн хамгааллын бодлогоор дэмжих хэрэгтэй. Ялангуяа тэтгэвэрт суугаад удаагүй ахмадуудын оюуны чадавх, ажлын туршлагыг  өвлүүлэх,  залуу болон ахмад үеийн хамтын ажиллагаа залгамж шинж чанарыг  хангаж ажиллах шаардлага бий. Бид ахмадуудад нийгмийн халамжийн хуулийн мэдлэг дээшлүүлэхэд анхаарч байна. Ингэснээр төрөөс олгох халамж, үйлчилгээнээс хоцрохгүй байх юм.

-Төр халамжилсангүй, хайр хишгээ хүртээсэнгүй гэсэн гомдол их гардаг. Хөдөлмөр эрхлэх чадвар­тай халамж хүртэгсдэд ажиллах сонирхол хэр байдаг вэ?
-Бид хүн амын бүлгүүдтэй тулж ажиллахдаа нэг асуудлыг чухалчилж байгаа. Энэ нь иргэний хариуцлагыг дээшлүүлэх юм. Иргэн хүн өнөөдөр төрөөс юу авахаа мэддэг. Гэтэл улс орны хөгжилд миний оруулах хувь нэмэр юу билээ гэж бодож үздэг эсэх нь эргэлзээтэй. Иймд иргэний хариуцлагыг дээшлүүлж байж улс орны хөгжил урагшилна. Бид иргэдийн оролцоонд суурилсан хөгжлийн үйл­чилгээг нэвтрүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл,  халамж хүртэж буй иргэн, өрх гэр, хэсэг бүлгээрээ нэг­дэж хөдөлмөрлөх  хэрэгтэй. Үүнийг нь бид хөгжлийн үйлчилгээгээр дэмжиж байгаа юм. Жишээ нь, хө­дөл­мөрөө хоршсон иргэдэд нэг сая хүртэлх төгрөгийн дэмжинэ. Цаашид хөгжлийн үйлчилгээнд олгож байгаа санхүүжилтийг нэмэх шаардлага бий. Нэг ёсондоо, эрхэлж буй ажлаа хийж чадаж байгаа хэсгийг нь  халамжаас гаргах учиртай. Тэдэнд олгох зээл тэтгэмжийг нэмж үйл ажиллагааг нь өргөтгөөд явах ёстой.
 
-Танай аймгийн хэм­жээнд нийгмийн ха­ламж зайлшгүй шаард­лагатай хэчнээн хүн байна вэ?
-Баянхонгор аймаг 86 орчим мянган хүн амтай. Давхардсан тоогоор 21 мянга 634 хүн халамжийн үйлчилгээ авдаг. Энэ дунд өрх толгойлсон ээжүүд олон. Мөн өрх толгойлсон аавууд ч бий. Өрх толгойлсон эмэгтэйчүүд нийгмийн халамж хүртэх нь их. Гэтэл өрх толгойлсон аавуудын асуудал орхигддог. Уг нь, хуульд өрх толгойлсон аавуудад тусламж дэмжлэг үзүүлэх заалт байдаг. Харин өөрсдөө хамрагдах нь цөөхөн байгаа юм.  Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн аймгийн хэмжээнд хэд байгаа талаар судалгаа хийлээ. Өвчлөлийн төрлийг нь ч нарийвчлан гаргасан. Манай аймагт оюуны хөгжлийн бэрхшээл маш их нэмэгдсэн. Энэ нь  алт олборлолт, мөнгөн устай холбоотой гэж бодож байна. Тэгэхээр хөгжлийн бэрх­шээлтэй болохоос урьдчилан сэргийлэх ажил чамгүй хийх хэрэгтэй юм.

-Хүн амын худалдан авах чадвар, ядуурал, эрүүл мэндийн байдал  ямар түвшинд байна вэ?
-Ер нь, амьжиргааны батал­гаажих түвшинөөс доо­гуур амьдарч буй хүн амын тоо их байна. Хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүний нэр төрлийг аваад үзвэл Монгол Улсад амьдрал нь тасарсан хүн амын бүлэглэл бий. Эмзэг бүлгийн амьдрал дорой  хэсэг нь маш их хувь эзэлж байгаа. Манай аймгийн хэмжээнд ядуурлын түвшин өндөр. Гэхдээ улирлын чанартай ажил хийж орлого олох боломжтой юм. Ер нь, барилгын хийх, алт олборлох гэх мэтээр аж амьдралаа залгуулдаг боловч ирээдүйд сөрөг үр дагавартай. Наад зах нь, эрүүл мэндийн асуудал хөндөгддөг. Бас ар гэр үр хүүхдүүд нь сургууль завсардах гээд сөрөг үр дагавар их гардаг юм.  Хүн бол дэлхий дээрх цорын ганц капитал. Хүн байхгүй бол хөгжил байхгүй. Иймээс хүн төвтэй үйл ажиллагаа их явуулах хэрэгтэй. Эмнэлгээс гадна манай иргэдийн эрүүл мэндээ хамгаалах мэд­лэг боловсрол дутмаг бай­на. Өнөөдөр  өдөр тутмынхаа хоол хүн­сийг зөв сонгож чаддаг, эрүүл мэнддээ анхаардаг хүнийг  бо­ловсролтой хүн гэж хэлнэ. Нөгөө талаас, эмнэ­л­гийн үйл­­­­­чилгээнд хүнд сур­тал байна. Яагаад гэвэл, хөгж­лийн бэрхшээлтэй иргэн, ахма­дуудыг дугаар хар­гал­залгүй үздэг болох хэрэгтэй. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан