Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Булган аймгийн төв 30 мянган хүн амтай хот болно

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн болон орон нутгийн цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.

-Урт намар болж байна. Гэвч юу юугүй л цас  орж өвлийн жавар тачигнаад эхэллээ. Өвлийн бэлтгэл хэрхэн хангаж, өвс тэжээл хэчнээн тонныг нөөцлөв?
-Аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан. Энэ жил аймгийн нөөцийн газар байгуулсан. Үүнд түшиглээд өвс тэжээл бэлтгэхээр 210 сая төгрөг шийдэж өглөө. Одоогийн байдлаар 1000 тонн өвс, 300 тонн тэжээл бэлтгээд байна. Өвсөө хойд бүсэд Хутаг-Өндөр, урд бүсэд Дашинчилэн, аймгийн төвд хуваагаад нөөцлөөд байгаа. Сум бүр өөрийн бололцоогоо ашиглаж 30-50 тонн өвс базааж авсан юм.  Малчид бас тодорхой хэмжээний өвс тэжээл бэлтгэсэн. Иймд өвс, тэжээлээ хангалттай бэлдсэн гэж хэлж болно. Өвөлжөө, хаваржаа засч сэлбэх, шинээр барих ажил дууслаа. Үүнд зориулж модны хөнгөлөлттэй зөвшөөрөл өгөх, өвөлжөө, хаваржаа барих газрын сонголтод тээг хязгаар тавихгүйгээр шийдэж өглөө.

-Булган аймаг газар тариалангийн бүс нутгийн нэг. Энэ жил ургац ямар байсан бэ?
-Манай аймаг эргэлтийн 80 мянган га талбайд газар тариалан эрхэлдэг.  Энэ жил 37 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа тарьсан. Тариагаа хурааж дууссан. Ургац сайн гарлаа. Нэг га талбайгаас дунджаар 15 центнер ургац авч байна. Өнгөрсөн зун сэрүүн, бороо ихтэй байсан тул тарианы болц жаахан оройтсон. Дээр нь ургац хурааж байхад хоёр гурван удаа бороо, цас орлоо. Энэ нь ургац хураалт хэд хоног сунжрахад  хүргэсэн юм.
 
-Аймгийнхаа ирээдүйн хөгжлийг яаж төсөөлж байна вэ?
-Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө манай аймагт байгаагүй гэж хэлж болно. Өмнө нь, ор нэр төдий л нэг төлөвлөгөө байлаа. Үүнийг өөрчилж Булган аймаг 2030 он хүртэл хөгжих төлөвлөгөө гаргаж байна. Одоо аймгийн төвд 13000 хүн ам бий. Үүнийг яаж өсгөж, хэрхэн хот байгуулахыг дэлгэрэнгүй тогтоосон төлөвлөгөөтэй боллоо. 2030 онд Булган аймгийн төвийн хүн ам 30 мянга болно гэсэн тооцоо хийж байгаа. Мөн шинэ суурьшлын гурван бүс, үйлдвэрийн дүүрэг байгуулах юм. Энд хүнд, хөнгөн, барилгын материалын үйлдвэртэй болно.

-Тэгээд эхний ээлжинд ямар ажил хийж байна вэ?
-Энэ жил Барилга хот байгуулалтын яамны дэмж­лэ­гээр 15 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ­ний ажил хийж эхэлсэн. Одоо найман тэрбум төгрөгийн тендер зарлаад ажил хийж байна. Үүнээс гадна замын асуудлаа бас шийдэхээр ажиллаж байгаа юм.

-Энэ онд бүтээн байгуулалтын ямар ямар ажил хийв?
-Энэ онд 630 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэр­лэг, төрөхийн өмнөх байр барьж байна. Одоогоор 64 айлын орон сууц ашиглалтад орно. Үүнээс гадна 320 айлын орон сууцны газар шийдэж төслийг нь сонгон шалгарууллаа. Барилгын зураг төсөл нь гарсан. Ирэх хавар ажил нь эхлэх юм. Мөн логистик төв байгуулах таван га газар шийдэж өгсөн. Эдгээрээс гадна битүү зах, театрын зураг төсөл гаргах, сургуулийн  засвар зэрэг ажилд   нэг тэрбум төгрөг зарцууллаа.

-Жижиг дунд үйлд­вэр­лэл хөгжүүлэх зээл хэр олгож байна вэ?
-Булган аймаг жижиг дунд үйлдвэрийг хоёр чиг­лэлээр хөгжүүлэхээр зорьж бай­на. Эхнийх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх боломж бий. Мах, сүү, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлнэ. Газар тариалантай учир тэжээлийн аж ахуй, фермер хөгжүүлэх боломж ч байгаа. Хамгийн том давуу тал бол  Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гээд томоохон хотуудтай ойр, хатуу хучилттай замаар холбогдсон явдал юм. Их холдоо л гэхэд 200 км зайтай байрладаг. Тэгэхээр зах зээл манай аймгийн хажууд байна гэсэн үг. Сум болгонд үйлдвэрлэл хөгжүүлэх төлөв­лөгөө бий. Энэ жил 500 сая төгрөгийн зээлийг  түүхий эд боловсруулж нутгийн брэнд болох, ажлын байр олноор нэмэгдүүлэх тө­сөлд олгосон. Бас гурил, гури­лан бүтээгдэхүүн, жимс жимс­гэний үйлдвэртэй болно. Энэ бүгдийг дан ганц бие даагаад юм уу эсвэл Засгийн газартай хамтарч хийж амжихгүй. Иймээс Герман, Солонгос, Хятадын хотуудтай хамтарч ажиллах юм. Жишээлбэл ОХУ-ын Буриадын Улаан-Үд хоттой  мах, хүнс ногооны чиглэлийн үйлдвэр байгуулах, хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар хамтарч ажиллаж байгаа. 

-“Шинэ сумын төв” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийг танай аймгийнхан хэр сонирхож байна вэ?
-Төсөл хэрэгжиж байгаа суманд очиж үзлээ. Их зөв шийдэл байна билээ. Ер нь бололцоотой зүйл юм. Сумын төвийг  шинэчилж багцлаад нэг  цогцолбор байгуулах нь ашигтай юм байна. Манай аймгийн хувьд хатуу хучилттай замаар гурван чиглэлээр холбогдсон, галт тэрэг илүү ойрхон ирдэг, сумд хоорондоо ойрхон учраас бага зардалаар “Шинэ сумын төв” байгуулах бололцоотой. Үүнээс гадна модны асуудлаа өөрсдөө шийдэх боломж бий. Мод бэлтгэдэг технолгийг нь оруулж ирээд байшингийнхаа модыг бэлтгэж болно.  Хамтраад ч хийсэн болно. Ингэвэл бүр хямд зардлаар шинэ сумын төв босох  бололцоо байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан