Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлэг гүрвэлийн мөрөөр,,,

Нэгэн үе Монголын гэх соёлын өвүүдийг манай урд хөрш өөрийн болгохоор өв соёлын “дайн” зарласан. Эл дайн эцэстээ хоёр талын гэхээс илүүтэй Хятадын талд ашигтайгаар эргэж, зуун зууны түүхийн үнэт өв соёл болсон уртын дуу гэх мэт цөөнгүй соёлын өвөө хамтран эзэмшихээр болж, ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Эл дайны “хар утаа” өөрсдийн гэх өв соёлын зүйлс, тоглоомоо тараан хаячихаад тоохгүй орхисон салан задгай жаал шиг монголчуудад сэрүүлэг болсон гэхэд хилсдэхгүй. Улмаар, ухаан орсон манай яам тамгын газрууд улс орон дамжсан археологийн олдворуудынхаа мөрөөр “шиншлэн” явсаар 70 гаруй сая жилийн настай Т-Батаарынхаа араг ясыг эх оронд нь авчирсан. Тэг­вэл саяхан дахин нэг үлэг гүр­вэлийн гавлын ясны сураг сонстлоо.

Энэ сарын 28-нд Их Бри­танийн “The Guardian” сонин нэрт жүжигчин Николас Кейж нэр нь үл мэдэгдэх хүнээс 2007 онд Тираннозаврарекс үлэг гүрвэлийн гавлын яс ху­далдан авсан тухай “Ни­колас Кейжийн динозаврын гавал хууль бус наймаа байж болзошгүй” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн нь чамгүй шуугиан дэгдээсэн. Энэ тухай манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч багагүй “нугасалж” байгаа сурагтай. Нарийн ширийнийг тодруулахаар ССАЖЯ-ны Соёлын өвийн газрын дарга н.Цэндсүрэнтэй холбогдоход “Яамны зүгээс ямар нэг тодруулга хийгээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэгж нийтлээд байгаа ч үнэний ортой гэх үндэсгүй” гэсэн юм. “The Guardian” сонины мэдээнд “Жүжигчин Николас Кейж мэргэжил нэгт нөхөр Ли Нардо ди Каприогоос илүү үнэ хэлэн байж худалдан авсан үлэг гүрвэлийн гавлын яс нь эргээд түүнийг “хазаж” магадгүй байна. Учир нь, эл араг яс нь хил дамнасан хууль бус наймаа байж магадгүй хэмээн “Daily Telegraph” мэдээллээ. Кэйж 2007 оны долдугаар сард 276 мянган ам.доллар төлж худалдан авсан бөгөөд Эрик Прокопи эдгээр олдворыг хууль бусаар Монголоос оруулж ирсэн нь батлагдсан болохоор энэ хэргийг шалгах явцад дуудлага худалдааг зохион байгуулсан “IM Chait” танхимын захирал Дэвид Гершковиц худалдан авсан хүмүүсийг нэрлэхэд хүрсэн байна. Цагдаагийнхан Эрик Прокопийн дуудлага худалдаанд тавьсан бүхий л олдворыг нэг бүрчлэн шалгаж байгаа” хэмээжээ. Харин алдарт жүжигчний хувьд энэ тухай ямар нэг мэдээлэл өгөөгүй гэнэ. Юутай ч, гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ тухай мэдээлж буй нь үнэний ортой байж болох.

Т.Батаарын “тэнэмэл” амьдрал хаа хүрэх вэ

Зуны гурван сар Чин­гисийн талбайд заларч нийс­лэлчүүдийн нүдийг хужир­ласан Т-Батаарыг Дар­хан-Уул аймаг руу нүүл­­гэн шилжүүлээд сар гаруйн хугацаа өнгөрчээ. “Орох орон”-гүйн зовлонд нэрвэгдсэн уг үзмэрийг Дархан-Уул аймгийн музейд түр байрлуулах шийдвэр гаргасан нь дарханчуудад таалагдаж буй. Энэ сарын 5-нд Дархан хотноо нээлтээ хийсэн “Батаар”-ын үзэсгэлэн гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд том хүнд 1000, хүүхдэд 500 төгрөгөөр үйлчилж байгаа аж. Юутай ч, Дарханы музейд толгой хоргодсон Батаарыг даруйхан байх ёстой газар нь төвхнүүлэхгүй бол дахин хэн нэгний гарт орж, хил дамнан арилжаалагдахгүй гэх баталгаагүй. Манайхан болсон хойно бүхэл бүтэн музейг үзмэрүүдтэй нь “залгичихдаг” болохоор хаширласан зөв болов уу. Лениний музейг төр авч үлдсэн ч музейн зориулалтаар нь ашиглалгүй удсан болохоор сэргээн засварлаж, шинэчилэн тохижуулахаар болсон. Ямартай ч, музейн барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналт болоод шинээр томилогдсон ажлын хэсэг үнэлгээ хийж, акт тогтоож байгаа аж. Т.Батаар Дархан-Уул аймагт ямаршуу нөхцөлд  байгааг лавлахаар музейн захирал А.Болорсүхтэй утсаар холбогдоход “Археологийн үнэт олдворуудын нэг Т-Батаар дарханчуудад ихэд таалагдаж байна. Өдөр бүр үзэгчээр тасрахгүй хөл хөдөлгөөн ихтэй.  Манай музейн үйл ажиллагаанд ч эерэгээр нөлөөлж байна. Бид цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд эрт галавын үеийн, үлэг гүрвэл, араатан амьтдын тухай хичээл, сургалт заахаас гадна олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөв­лөсөн” гэсэн юм. Ашиг хонжоо хөөсөн урт гартай гадаад, дотоодын наймаачдын гайгаар алс холын оронд алга болох аюулд өртсөн Т.Батаар гэртээ ирсэн ч одоо хэр нь орох оронгүй л байна. Дашрамд, Т-Батаар Чингисийн талбай дахь түр музейд байх хугацаандаа 115 сая төгрөгийн орлого олсон юм. Тийм ч учраас Т.Батаарын “гэр орон”-ыг даруйхан төвхнүүлж, гадаад дотоодын жуулчдын нүдийг хужирлаж, багагүй ашиг олох боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан