Ус сувгийн удирдах газар болон “Монголиан Экономи”, “Эдийн засгийн ногоон өсөлт” ТББ хамтраад ундны усны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хананы цоргоноос гоождог, хажуугийн худагнаас зөөдөг ундны усны эрүүл ахуй, чанар хийгээд хэрэглээ хийгээд аюулгүй байдлыг хэлэлцүүлэгт хөндөв. Нийслэлийн бүсийн ундны усны нөөц буюу хоногт ундрах боломж даацыг албан ёсоор 1980 онд судалж тогтоосон байдаг аж. Хуучнаар ЗХУ, БНМАУ-ын хамтарсан Ашигт малтмалын нөөцийн комиссоос хэрэгжүүлсэн судалгаагаар хоногт 276 200 метр куб ус гардаг гэжээ. Гэвч өнгөрсөн 30 жилийн дотор энэ тоон үзүүлэлт өөрчлөгдсөн нь тодорхой бөгөөд өдрөөс өдөрт хаяагаа тэлж буй их хотын хэрэглээ ч төдий хэрээр нэмэгдсэн нь дамжиггүй. Албан бусаар Япон, Солонгосын төслийн хүрээнд усны нөөц тогтоох судалгаа хийсэн байдаг ч үр дүн нь өөр өөр гардаг. Жишээ нь, “КОЙКА” хэмээх солонгосын байгууллагын тайланд 2016 оноос усны нөөц дундарч эхэлнэ гэж тусгасан нь иргэдийг цочирдуулсан. Тэр ч үүднээс 2017 он гарахад Улаанбаатарт уух ус олдохоо байх нь гэдэг цуу яриа түгэж, нийгмийг сандаргаад буй. Гэвч бүх асуудал тийм ч муудчихаагүй, урьдчилан сэргийлэх, наана нь авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэд хэд бий. Нөгөөтэйгүүр, дээрх үг яриа ч 100 хувь үнэн биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж, тайлбарласан юм.

Гэр хороололд ажиглагдах нэг жишээ бол шар, цэнхэр хуванцар сав. Гадаадад химийн бодис, техникийн зориулалттай шингэн хадгалж байсан савыг нийслэлчүүд ундны ус зөөх, хадгалахад ашиглах нь элбэг. Гэтэл үнэн хэрэгтээ өөрөөсөө химийн бодис ялгаруулж байдаг эдгээр сав таны ундны усны чанарыг муутгах анхдагч зүйл болж буй. Үүний оронд ган төмөр, хөнгөн цагаан, цайраар хийсэн бидон ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөхдөө “Хамгийн сайн шүү” гэж онцгой анхааруулсан. Мөн “Пи5” тэмдэглэгээтэй буюу хүнсний зориулалттай хуванцар сав авч усаа зөөх, хадгалахыг зөвлөв. Хэдийгээр эдгээр нь шар, цэнхэр канистр савнаас үнэтэй байж болох ч эрүүл мэнд бүхнээс үнэтэй учраас эрүүл энх гэр бүлийнхээ төлөө зөв хэрэглээтэй байхыг уриалж байлаа. Зөөврийн устай худгуудаар энэ талаархи мэдээлэл, сурталчилгаа, танилцуулга тараан байршуулсан учраас иргэд худгийн ажилтнаас зөв савны сонголт болон хэрэглээ, хадгалалтын талаар тодруулах боломжтой.

Мянган литр усны үнэ хамгийн ихдээ 1000 төгрөг болох нь. Нэг ширхэг талх, хоёр ширхэг “Дирол” бохь, таван ширхэг лаа, арван хайрцаг шүдэнзний үнэ. Монголд ус ийм л үнэ цэнэгүй, түүнийг дамжуулан түгээж байгаа хүмүүсийн хөдөлмөр мөн л хямдхан саяхан суурь хураамжтай болгох шийдвэр гаргатал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тушаал гаргаж болиулжээ. Сард айл өрх бүрээс 2000 төгрөг тогтмол авдаг болох гэснийг нь ийнхүү “Шударга бус”, “Хэрэглэгчийг хохироох нь” гэх үндэслэлээр таслан зогсоов. Гэтэл Цахилгаан холбоо компанийн суурин утасны суурь хураамж сард 3900 төгрөг байдаг аж. Сард хэдий хэмжээгээр хэрэглэдэг нь тодорхойгүй суурин утсанд 3.9 тонн усны мөнгө өгч болж байхад өдөр бүр хэрэглэдэг усанд хоёр тонн усны мөнгө тогтмол төлөхөд болохгүй нь юу юм бол. ШӨХТГ үүргээ биелүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг үнэхээр хамгаалъя гэж байгаа бол өнөөдрийг биш маргаашийг, 10 жилийн дараахь үйл явц, нөхцөл байдлыг хараасай гэж УСУГ-ын мэргэжилтнүүд аргаа баран хэлж байв.
Солонгосын байгууллагын гаргасан судалгааны дүн үнэний ортой. Өнөөдөр гэр хорооллын нэг иргэн өдөрт дунджаар найман литр ус хэрэглэж байхад орон сууцны нэг иргэнд 150 литр ус зарцуулдаг гэх тооцоо бий. Тэгвэл энэ их үрэлгэн хэрэглээ саарахгүй, зогсохгүй бол 2017 оноос нийслэлийн ундны усны нөхөн ундрах хэмжээ хоногийн хэрэглээгээ гүйцэхгүй болно. Улмаар усны хомсдол үүсч эхэлнэ гэсэн үг. Гэхдээ энэ бүхэн 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шууд усгүй болчих юм шиг буруу ойлголтоос тэс ондоо. Бага багаар буурч, усны эх үүсвэр багассаар олон жилийн дараа л огт усгүй болох аж. Тэгвэл тэрхүү хүндрэл бэрхшээл, ирээдүйн хэцүү нөхцөл байдлыг засах, урьдчилан сэргийлэх, одооноос зогсоохын тулд идэвхтэй ажиллахаас өөр аргагүй. Ийм ажилд багагүй мөнгө шаардагдах хэдий ч ашиг олох нь бүү хэл алдагдлаа нөхөж чадахгүй байгаа УСУГ-т ус дамжуулахын төлбөр нэмэхээс илүү үр дүнтэй боломж байхгүй юм. Гэхдээ энэ нэмэгдэлд гэр хорооллын иргэд огт хамаарахгүй гэдгийг УСУГ-ын дарга С.Үнэн хэллээ. Учир нь, одоогоор гэр хороололд ундны ус харьцангуй өндөр үнээр хүрч байгаа. Тэгээд ч тэд маш бага ус хэрэглэдэг. Нөгөөтэйгүүр дийлэнх нь амьжиргааны төвшин доогуур өрх байдаг учраас тэдний нуруунд нэмж ачаа үүрүүлэхийг хүсэхгүй байна гэсэн юм.
Үнийн нэмэгдэл нь орон сууцны айл өрх болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хамгийн их хамаатай. Дээр хэлсэнчлэн нэг хүн 150-250 литр ус өдөртөө хэрэглэдэг байхад үйлдвэрүүдэд энэ нь хэдэн тонноор хэмжигдэнэ. Нийслэлийн усны хэрэглээг авч үзвэл 60 гаруй хувь нь аж ахуйн нэгжид, бусад нь айл өрхийн хэрэглээ байдаг. Айл өрхийн хэрэглээний талаас илүү нь гэр хороолол байхад үлдсэн цөөхөн хувь нь орон сууцны хэрэглэгч. Нийт орон сууцны хэрэглэгчдийн 47 хувь нь тоолууртай байхад бусад нь огт тоолуургүйгээр ус хэрэглэж багц үнээр төлбөр хийдэг ч үндсэндээ хамгийн үрэлгэн буюу нэг хүнд 250 литр ус оногддог тооцоо гарчээ. Харин одоо үнэ нэмэх ажил нь тоолууртай өрхүүдэд буюу нийслэлийн цэвэр ус хэрэглэгчдийн ердөө 10 хүрэхгүй хувьд л хамааралтай асуудал болж болзошгүй гэж шүүмжлэх хүн байсан юм. Гэсэн хэдий ч усны дамжуулах шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах, усны эрүүл ахуйг хангахын тулд хэрэглээний үнийг нэмэх, ухаалаг хэрэглээнд шилжүүлэх зайлшгүй шаардлага бий гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч бүгд дэмжлээ.
Нийслэлчүүд бүгд гүний усаар хэрэгцээгээ хангаж байгаа энэ үед гэр хорооллуудад шигүү байршсан гүний жорлон хамгийн том бэрхшээл болж буй юм. Зарим тооллогод 280 мянга, заримд нь 180 мянган айл гэр хороололд бий гэж хэлдэг. Юутай ч 210 орчим мянган айл байхад төдий хэмжээний ухсан жорлон ашиглаж байгаа юм. Гэтэл иргэд хувиараа хашаандаа өрөмдүүлсэн гүний худаг ашигладаг бөгөөд нэг худагт л 50 ширхэг гүний жорлон оногдож байна. Мэдээж эдгээр нь газрын гүн рүү нэвчих, ундны усны гүний нөөцөд халдварлахад ойртсон. Зарим газарт усны ундрага бүрэлдэх хэсэгтээ хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэв үүнийг зогсоох, яаралтай арга хэмжээ авахгүй бол 1.2 сая хүн, тэдний ажиллаж буй үйлдвэр, байгууллагад ашиглагддаг усны эрүүл ахуйг ярих ч үндэсгүй болох аж. Энэ бол ундны усны хэрэглээний өмнө тулгамдсан анхдагч асуудал. Шийдвэрлэх арга замыг УСУГ-ынхан аль эрт эрэлхийлээд эхэлжээ. Гүний ус ашиглах боломжгүй болсон үед эсвэл гүний нөөц хангалттай хүрэлцэхээ больж эхлэх үед гадаргын уснаас өөр сонголтгүй. Тухайлбал, Туул голоос ус татаж цэвэршүүлэн, боловсруулаад хэрэглэгчдэд түгээх аж. Одоохондоо технологи, тоног төхөөрөмж бүү хэл бүтээн байгуулалтын ажил ч эхлээгүй. Яаралтай эхлүүлэхгүй бол далан байгуулахад л 10 шахам жил шаардагддаг нүсэр ажил гэнэ.
Нөгөөтэйгүүр, Улаанбаатарт их бүтээн байгуулалт, гэр хорооллыг дэд бүтцэд холбох их ажил гараанаас гарсан. Эдгээр нь нийслэлийн ундны усны дөрвөн эх үүсвэрийн нөөцөөс давах эрсдэл дагуулж буй юм. Гэвч энэ оны арванхоёрдугаар сард Яармагийн шинэ эх үүсвэр, Нисэх, Буянт-Ухаагийн эх үүсвэрийг нэмж ашиглахаар төлөвлөжээ. Хойтон жилээс Гачууртын ундны усны эх үүсвэр ашиглах юм байна. Түүнчлэн 1980 оноос хойш тасраад байгаа усны нөөц тогтоох ажлыг ирэх онд хийхээр төлөвлөж, төсөвт тусгах гэж буйг БОНХ-ийн сайд С.Оюун хэлжээ. Тэр судалгааны дүнд манай нийслэлийн ундны ус, хэрэглээ болон нөөцийн талаархи мэдээлэл маш тодорхой болох аж.
Усны бэрхшээл бол улсын аюул. Бохирдсон ч, хомсдолд орсон ч энэ нь нийслэлчүүдэд эрсдэлтэй юм. Тиймээс үйлдвэр, аж ахуйн байгууллагуудад усаа цэвэршүүлж хэрэглэх, дахин ашиглахыг сануулж байгаа. Нэг автомашин угаахад 500 литр ус зарцуулж, 10 мянган төгрөг авдаг. Гэхдээ байгууллагын өндөр төлбөрөөр усны мөнгө төлөх учиртай. Хэрэв ойр хавийн хүнсний болон хөнгөн үйлдвэрээс гарсан усыг ашиглавал тус байгууллагад орох орлого ч нэмэгдэх боломжтой гэнэ.
Байгаль орчин, үйлдвэр, хөдөө аж ахуй гэхчлэн яам, агентлагууд өөр өөрийн эрх мэдлийн хүрээнд усны асуудлыг удирддаг нь өнөөг хүртэл замбараагүй явахад хүргэжээ. Тиймээс нэгдсэн зохион байгуулалт, бодлого тодорхойлогч нэгжид харьяалагддаг болгохыг эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, аж ахуйн нэгжүүд онцолж байв. Мөн “Улаанбаатарчууд ямар ус ууж байна вэ” хэлэлцүүлэгт оролцогч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “МIH” группийн төлөөллүүд үүнийг дэмжлээ.