Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

48 тэрбумыг хэрхэн зарцуулахыг та шийд
Иргэд амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа шийдүүлж, ая тухтай амьдрах боломжийг “Шууд ардчилал-иргэний оролцоо”-ны жилийн хүрээнд бий болгож чадсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн.

Өөрөөр хэлбэл, таны миний амьдарч буй газарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд биднээс хороо, дүүргийн удирдлагууд санал авдаг болоод байгаа. Хамгийн олон санал авсан нь ажил болон хэрэгжих юм. Уг ажил манайд шинэ шинэлэг боловч иргэд хэдийнэ мэдээлэлтэй болж, хорооныхоо иргэдийн нийтийн хуралдаа сууж, орчиндоо хийх бүтээн байгуулалтын ажилд санал өгдөг болсон. Энэ жил нийслэлийн хэмжээнд орон нутгийг хөгжүүлэх санд 41.6 тэрбум төгрөг төсөвлөж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд газар нутгийн байрлал, хүн амын тоо зэргийг нь харгалзан үзэж харилцан адилгүй хуваарилжээ. Хамгийн бага хүн амтай дүүрэгт 1.4 тэрбум төгрөг хуваарилсан бол хамгийн олон хүнтэйд нь дөрвөн тэрбум гаруй төгрөг өгсөн байх жишээтэй. Иргэдээс санал асууж, ажил хийх нь шинэ зүйл ч нийслэл болон хөдөө орон нутгийнхан энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр багагүй бүтээн байгуулалт хийжээ. Энэ жил алдаж, оносон зүйлээ дэнслэн ирэх онд илүү ихийг хийхээр нийслэлчүүд уг сангийн хөрөнгөөр ямар ажил хийж болох талаар иргэдийнхээ дунд санал асуулга явуулж эхэлсэн аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэний оролцоотой төсөв-2014”  хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хэлэлцүүлгийг анкетын болон цахим асуулга, хороодын шууд хэлэлцүүлэг гэсэн гурван төрлөөр зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 5-наас санал авах хуудсыг нийслэлийн өрх бүрт тараажээ. Уг хуудсыг хэсгийн ахлагч нар өрх бүрт тарааж энэ сарын 8, 9-нд буцааж цуглуулах аж. Өрхүүдийн өгсөн саналыг тухайн хороон дээр автомат машинд уншуулан тоолж дүнг нэгтгэх юм. Иргэдээс гарсан санал хүсэлтийг эрэмблэхдээ тухайн хорооны эрүүл аюулгүй байдлын индекс, индексийг сайжруулахын тулд  авах хариу арга хэмжээ, нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалын дагуу хэрэгжүүлэх боломжит бүх хувилбаруудыг тооцож үзэхээр төлөвлөөд буй аж. Үүний дараа хороо бүр дээр шууд хэлэлцүүлэг зохион байгуулснаар хэлэлцүүлгийн асуулгын нэгдсэн дүн гарч, нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд тусгаж, ажил хэрэг болох боломж бүрдэх нь.

Уг ажлын хүрээнд нийслэлийн удирдлагууд энэ сарын 12-14-нд хороо бүрт болох хэлэлцүүлгийн үеэр иргэдэд мэдээлэл өгөх нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчидтай өчигдөр уулзлаа. Нийслэлийн 152 хороонд зохион байгуулах хэлэлцүүлгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хорооноос томилогдсон ажилтнууд удирдан явуулах бөгөөд иргэдийг нэгдсэн мэдээллээр хангаж, төсвийн төсөлд саналыг нь авч ажиллах аж. Тиймээс дээрх албан хаагчдад хэлэлцүүлгийг хэрхэн өрнүүлж, иргэдийн саналыг авах, үнэн зөв мэдээллээр ханган ажиллахад юун дээр анхаарах талаар нэгдсэн чиглэл өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэл анх удаа зохион байгуулж байгаа энэ удаагийн ажилд та бүхний идэвхи зүтгэл чухал. Иргэд ирэх оны төсвийн төсөлд саналаа тусгахад энэ талаар үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Жишээ нь, тухайн хороонд иргэдийн хамгийн их санал авсан төсөл бага сургууль барих бол санхүүжилтийн эх үүсвэр хаанаас, төсөл хэдий хугацаанд хэрэгжих боломжтой зэрэг мэдээллийг өгөх хэрэгтэй. Иргэдийг мэдээллээр  хангаснаар тэдний санал баталгаажин, төсөлд тусгах боломжтой болно. Тиймээс та бүхэн нийслэлээ бидний гэр гэж бодон иргэдтэй хамтран сэтгэл гарган ажиллаарай” гэв.
Мөн уулзалтаар хэлэлцүүлгийн үеэр иргэдийг мэдээллээр хангах Төсвийн тухай хууль, Гэр хорооллын амьдрах орчны газрын зураглал, Дүүрэг, хорооны Эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоох ажлуудын талаар холбогдох албаныхан танилцуулж, мэдээлэл өгсөн юм.


Э.Ганхүү: Нийслэлийн төсөв ирэх сарын 5 гэхэд батлагдана

Энэ үеэр нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.


-Энэ оны улсын төсөвт тодотгол хийсэн. Нийслэлийн ямар салбарын төсвийг түлхүү танасан бэ?
-2013 оны улсын төсвийн тодотголд хөрөнгө оруулалтыг бууруулах чиглэлээр танасан. Монгол Улс нэгдсэн төсвийн тогтолцоотой орны хувьд улсын төсөвт тодотгол хийгээд танасан учраас нийслэл мөн төсвийн тодотголоо хийж ИТХ-даа өргөн бариад байна. Иргэдийн хурал энэ сарын 10-нд болох ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа. Энэ жил хэрэгжиж амжаагүй байгаа хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс хасч байгаа. Улсаас нийслэлд олгох ёстой орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөс 6.5 тэрбум төгрөг хассан учраас тэр дүнгээр нь танасан. Ингэж хассан нь огт хийхгүй гэсэн үг биш. Он дамжуулж хийх зарчмаар санхүүжилт олгохоор төлөвлөлөө.

-Иргэдийн оролцоотой ажил хийж эхэлсэн. Үүнээс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Айл өрхийн саналыг авснаар иргэн бүр тулгамдаж буй асуудлаа бичнэ.Тиймээс ямарваа нэгэн хөрөнгө оруулалтын ажил үр дүнтэй байна. Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр анх удаа ажил хийж байгаа учраас өнөөдрийн түвшинд хүрэх үр дүн, санал хүсэлтийг дүгнэх эртдэнэ. Нийслэлийн хэмжээнд энэ онд орон нутгийг хөгжүүлэх санд 41.6 тэрбум төгрөг хуваарилснаас 6.5 тэрбумыг нь тодотголоор хасч, үлдсэнийг нь нийслэлийн хэмжээнд зарцуулахаар болоод байна.

-Нийслэлд ирэх онд орон нутгийн хөгжлийн санд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Ирэх оны төсвийн төсөлд нийслэлийн хэмжээнд 48 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан байна. Гэхдээ төсвийн төслийг хараахан батлаагүй байгаа учир чухам хэд болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Улсын төсөвт нийслэлийн төсвийн дээд хязгаарыг баталж өгдөг. Энэ дагуу бид иргэдээсээ санал авч, түүнийгээ боловсруулан, энэ сарын 25-наас ирэх сарын 5-ны дотор Улаанбаатар хот орон нутгийнхаа төсвийг иргэдийн хуралдаа өргөн барьж, батлуулах хуультай. Энэ хугацаанд хот төсвөө батлахаас өмнө бүх иргэн, өрхөөс санал авах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан