Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сараас боловсруулсан түлш нийлүүлж эхэлнэ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 21 дүгээр хуралдаан өнөөдөр болж, дөрвөн үндсэн асуудал хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Уул уурхайн яамнаас танилцуулснаар нийслэлийн гэр хорооллын 183 мянган айл өрхийн хэмжээнд хүрэн нүүрсний дундаж илчлэгээр тооцвол 900 мянга орчим тонн түүхий нүүрс, харин түүнийг боловсруулсан түлш буюу хагас коксон шахмал түлш, үртсэн шахмал түлшээр орлуулбал 600 мянга орчим тонн түлш хэрэгцээтэй байгаа аж.
Харин энэ өвөл түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн хэмжээнд 35 мянга тонн боловсруулсан түлш шаардлагатай байна. Энэ боловсруулсан түлшийг “Шарын гол энерго”, “НАКО түлш” , “МАК”,“Хөх чоно“ групп, “Баялаг эрдэнэ цом” гэсэн таван үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
“Шарын гол энерго” –гийн хувьд 5000 тонн хагас коксон шахмал түлш, “НАКО түлш”  1000 тонн хагас кокс, “МАК” 15 000-20 000 тонн хагас кокс, “Хөх чоно” групп 8900 тонн хагас кокс, “Баялаг эрдэнэ цом” 2000-3000 тонн хагас кокс үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Эдгээр таван компани нийтдээ 30 000-35 000 тонн хагас кокс, хагас коксон шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байгаа боловч техник технологи, санхүүжилтийн асуудлаас үүдэн 20 мянган тонныг л үйлдвэрлэх боломж байгаа аж.
Цэвэр агаарын сангаас бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр хийх боломжгүй болсноос үйлдвэрлэгч компаниуд түүхий эд болох нүүрсний үнийг бууруулах хүсэлт гаргасны дагуу Багануурын нүүрснээс 50 мянган тонныг хямдралтай үнээр нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх  санал Уул уурхайн яамнаас гаргажээ.
Гэвч нэгэнт галлагааны улирал эхэлсэн хойно өмнөхтэйгөө нэг л ижил зовлон тоочиж байна гээд иймэрхүү маягаар ажиллавал 50 жилийн дараа ч утаанаас ангижрахгүй гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан сануулж, ажлаа яаравчлахыг анхаарууллаа.
Тэрээр утааг бууруулах ажилд иргэдийн оролцоо, дэмжлэг, хяналт юу юунаас илүү болохыг хэлсэн юм.
Машины дугуй зэрэг агаар ихээр бохирдуулдаг зүйлс түлж шатааж буй айл өрхийг иргэд өөрсдөө илрүүлж гар утсаар зургийг нь авч холбогдох байгууллагад илгээх, утаатай тэмцэхэд иргэд идэвхтэй оролцохын чухлыг хуралдааны үеэр тэмдэглэв.
“Цэвэр агаар” сан 2011 онд байгуулагдаж, жил бүр давхардсан тоогоор 22 орчим ажил санхүүжүүлж, 92,5 тэрбум төгрөг төсөвлөн ажилласан талаар тус сангийн гүйцэтгэх захирал Э.Баасан танилцуулж, орон тоо, хүн хүч дутмаг байгаа талаар хэлж байлаа. Хамгийн сүүлийн байдлаар тус сангаас утаагүй 45 мянган ширхэг зуухыг айлуудад тарааж байгаа юм.
Хуралдааны төгсгөлд  ирэх сарын 1-ээс түлш нийлүүлж эхлэхийг Уул уурхайн яаманд даалгалаа.
Мөн Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн дэглэмийг зөрчиж хөнгөлөлттэй үнээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан боловч ашиглахгүй, зарж борлуулсан, үрэгдүүлсэн, зааврын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил гаргасан иргэдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэх ажлыг зохион байгуулахыг даалгав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан