Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Өлзийнаран: Төр засгаас илүүтэй хэрэглэгчид биднийг дэмжээсэй
Бид дотоодын шуудайны хэрэгцээг 100 хувь биш юм аа гэхэд 20-30 хувийг нь хангаж чадна. Гэвч импортын гэгдэх үнэ хямд, чанаргүй Хятадын шуудайнд зах зээлээ алдаж байна хэмээх “Оргилмөнх трэйд” компанийн үйлдвэр хариуцсан захирал Л.Өлзийнарантай ярилцлаа.

-Сав баглаа үйлдвэр­лэгчид импортынхтой өр­сөлдөнө гэдэг хамгийн хэцүү зүйл гэдэг?
-Тийм ээ. Нэг үеэ бодвол Монгол үйлдвэрлэгч орон болохоор түүхий эдийг нь дотоодоосоо хан­гах боломжтой бараа бүтээг­дэхүүнээ өөрсдөө үйлд­вэрлэдэг боллоо. Импортын ба­раанаас илт хараат байснаа бодвол жижиг, дунд үйлдвэрлэл нэмэгдсэнээр энэ эерэг дүн гарч буй хэрэг. Төр засаг ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоороо дэмжиж байна. Одоо биднийг хэрэглэгчид маань дэмжээсэй гэж хүсмээр байна. Учир нь, сүүлийн жилүүдэд чанаргүй мөртлөө хямд үнээрээ хэрэглэгчдийг татсан импортын гэгдэх шуудайнд манай үйлдвэрлэл цохигдоод зах зээлд оршин тогтноход хүндхэн байна.

-Манай улс шуудайгаа 100 хувь импортолдог уу. Энэ тохиолдолд эрэлт байгаа болохоор л орж ирдэг байх даа?
-Яг тийм. Манай улс шуудайныхаа хэрэгцээг 100 хувь Хятадаас хангадаг. Дэлхийн томоохон үйлдвэр­лэгч тус  улсын хувьд манай улс жижигхэн зах зээл нь. Бод л доо.  Шуудай, сав баглаа үйлдвэрлэдэг үйлдвэрийн нэг тасагт гэхэд хэдэн зуун машин ажилладаг гэхээр ямар их масс эзэлдэг нь харагдаж байгаа биз. Ийм их хэмжээгээр үйлдвэрлэдэг болохоор хямд үнээр дэлхийн зах зээлд борлуулдаг. Манай улс ч нэг худалдагч авагч нь болсны жишээ нь хогийн цэгт хөглөрөх шуудай юм. Угтаа, нэг удаагийн биш хэдэн сар, жилдээ ашиглахаар чанартай, хүний биед элдэв харшил өгөхөөргүй түүхий эдээр хийсэн байх ёстой юм. Нөгөөтэйгүүр, бидний хямдхан гэсэн сэтгэлгээ Хятадын чанаргүй, хямд үйлдвэрлэлийг дэмжиж буй хэрэг шүү дээ.

-Танай үйлдвэр до­тоодын шуудайны ний­лүүлэлтийн хэдэн хувийг эзэлж байна. Хоногт хэдэн ширхэг шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Манай үйлдвэр 2007 оноос сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр бай­гуулагдан ахуйн хэрэглээ­ний болон уул уурхан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн савлах 5-5 тонн хүртэлх янз бүрийн даацтай төрөл бүрийн загвар хэмжээтэй уут шуудай үйлдвэрлээд таван жил болж байна.Түүхий эд бэлтгэх, хайлуулах, утас ээрэх, сүлжих, эсгэх, оёх гэсэн зургаан дамжлагтайгаар шуудай үйлдвэрлэдэг. Хоногт 15.000-20.000 шуудай үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүхий эдийн хувьд дотоодоосоо төдийгүй Солонгос, Хятадаас татдаг. Ялангуяа, дотоодын компанийн хүнд даа­цын шуудайны хаягдал бү­тээгдэхүүнээр манайх жи­жиг шуудай үйлдвэр­лэдэг юм. Жижиг  шуудайны үйлд­вэр­лэлийн гол өрсөлдөгч Хятад улс. Манай нэг ширхэг шуудай үйлдвэрээсээ 200 төгрөгийн өртөгтэйгөөр гар­даг бол Хятадынх 100 төгрөгөөр зарагдах жи­шээний.

-100 төгрөгөөр хямд Хятадаас оруулж ирсэн шуу­дай маань дахин боловс­руулах боломжгүй  байдаг гэл үү?
-Тийм. Манай наймаачдын оруулж ирдэг энэ бүдэг ногоон өнгийн шуудай нь гурав удаа ашиглагдан дахин боловсруулсны үндсэн дээр гарсан бүтээгдэхүүн юм. Өнгөөр илэрхийлбэл анх улаан өнгийн бат бөх чанартай шуудай байсан бол дахин боловсруулаад шар, үүний дараа цагаан өнгөтэй болдог юм.  Ингээд эцсийн удаа дахин боловсруулахад одоо бидний түлээ нүүрс хийж буй ногоон өнгийн шуудай болдог. Ингээд хоёр, гурван удаа боловсруулахаар шуудайны чанар муудахаас гадна байгаль орчинд хор хөнөөлтэй. Тиймээс л дахин боловсруулах боломжгүй байгаль орчинд хор хохиролтой энэ шуудайг битгий ашиглаач гэж хэлээд байгаа юм. Манайхан түлээ түлш, хүнсний ногоо хийнэ гэж боддогоос биш ямар хор хохиролтойг нь мэддэггүй. Судалдаг, шинжилдэг үгүйг нь ч мэдэхгүй юм. Хатуухан хэлэхэд, түлээ нүүрсгүй айлууд бол энэ шуудайг л түлж байгаа шүү дээ.

-Үйлдвэрлэгчид үндэс­ний үйлдвэрлэлээ дэмжээч гэх мөртлөө өндөр үнээр бараагаа зардаг. Тэгэхээр яалт ч үгүй хямдыг нь авахаас аргагүйд хүрдэг юм шиг?
-Чанар дагаж үнэ тогтоно гэж үг бий. Хэдий бид Хя­тадынх­тай өрсөлдөнө гээд хямд материалаар шуудай үйлдвэрлэж болох ч нэг насны биш нэг удаагийн бү­тээгдэхүүн үйлдвэрлэж хэрэг­лэгчээ хуурмааргүй байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, хогны 70-80 хувийг нь бүрдүүлэх гялгар уут, шуудайгаа яаж дахин боловсруулах вэ хэмээн албаныхны толгойн өвчин болж байхад нэг удаагийн шуудай үйлдвэрлэж  хог болгоод яах вэ дээ. Шуудай гялгар ууттай ялгаагүй хөрсөн доор 100 жил болоод устдаг. Шатаалаа гэхэд агаарт хорт хий гаргадаг гэж манай эрдэмтэд хэлсэн байна лээ. Тэгэхээр агаар, хөрсний бохирдол хурцаар яригдаж буй өнөө үед хэрэглэгчид нэг удаагийн бус нэлээд хэдэн жил ашиглачих, дахин боловсруулан ашиглах бо­ломжтой чанартай шуу­дайгаа хэрэглээч гэж хэлмээр байна.

-Тэгэхээр та бүхний хувьд хэрэглэгчээсээ үндэс­ний­хээ үйлдвэрлэлийг дэм­жээч гэж хүсч байгаа байх нь?
-Тийм ээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж эх орныхоо үйлдвэрийн нэг насны шуудайг хэрэглээсэй гэж хүсч байна. Шуудай хэрэглэдэггүй ямар ч аж ахуйн нэгж байхгүй. Гурил тэжээл, замаск, хүнсний ногоо, элс гээд хийхгүй зүйл байхгүй. Бид үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, удахгүй цаасан доторлогоотой шуудай үйлдвэрлэх гэж байгаа. Ингэхээр хүнсний бүтээгдэхүүн уутлах боломжтой болно. Одоогоор манайх гурилын тэжээлийн үйлдвэрүүдийн захиалгаар зориулалтын шуудай үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр хүчин чадлаараа ажиллавал сардаа 100 мянган ширхэг шуудай үйлдвэрлэх боломжтой юм. Үйлдвэрлэгч бидний хувьд төр засаг гэхээсээ илүүтэй иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэж хүсмээр байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан