Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэвшилтэт технологи дагаж металлургийн шинэ үе эхэлнэ
Хүнд аж үйлдвэр, уул уурхайн салбарын 60 орчим компани, байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцсон то­моохон зөвлөлгөөн өчиг­дөр боллоо. Уул уурхайн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Финляндын “Аутотек” компанитай хамтран зохион бай­гуулсан уулзалтын гол сэдэв нь уул уурхайн тогтвор­той хөгжил юм. Ялангуяа, хүнд аж үйлдвэр, металлургийн асуудлаар оролцогчид хэлэлцэж, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх болон цаашдын хөгжил шинэчлэлд санал солилцов.

Манай улсад өнөөдрийн байдлаар 14 гол бүс нутаг 11 орчим тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй хэмээн геологичид тогтоожээ. Үүнээс одоо бүртгэлтэй байгаа 46 ордод, олон улсын нөөц нь нэг тэрбум тонн хэмээн тогтоосон байна. Дэлхийд төмрийн хүдрийн нөөцөөрөө Монгол Улс 14 дүгээр байрт бүртгэгдсэн тухай Уул уурхайн яамнаас мэдэгдлээ.

Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийг дотооддоо Дарханы төмрийн үйлдвэрийг түшиглэх, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт байгуулах гэсэн хоёр хувилбараар яригдаж буй юм.

Зөвлөлгөөнийг хамтран зохион байгуулагч “Аутотек” компани манай улсад салбараа байгуулан ажиллаж, туршлагаасаа танилцуулсан юм. Компанийн байгаль орчин ба тогтвортой байдал эрхэлсэн захирал Илка В.Кожогийн үзэж байгаагаар “Хүмүүс өнөөгийн хэрэгцээгээ хангахын төлөө ирээдүй хойчдоо сөргөөр нөлөөлөхгүйгээр үр ашгаа дээшлүүлэхийг тогтвортой хөгжил гэж болно. Гэвч үүний тулд технологийн дэвшил, байгалийн нөөцийг нийгэмд хуваарилах, хүний үйл ажиллагааны биосперт үзүүлэх нөлөөллөөр тогтвортой хөгжил зааглагддаг” гэнэ. Товчхондоо, хохирол багатай шинэ, сайн технологи ашиглах нь тогтвортой хөгжилд хүргэдэг ажээ. “Аутотек” компани олон улсад өнгөт болон хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй, туршлагатай хамт олон. Төмөрлөгөөс гадна нүүрс, фосфор гэхчлэн бусад төрлийн ашигт малтмалд олборлолт, аюулгүй, экологид хөнөөлгүй аргачлалаа түгээдэг байна. Хүнд аж үйлдвэр, металлургийн салбарт энэ мэт дэвшилтэт технологи нэвтрүүлэх байгууллагыг “Аутотек” буухиалж буй юм. Одоогоор манай улсад Солонгосын “Поско”, Японы “Кобе” болон Австрали, Энэтхэг улсын компаниуд саналаа ирүүлжээ.


Д.Ганболд: Хүнд аж үйлдвэр материал
үйлдвэрлэгч болно


ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга



-Монголын хүнд аж үйлдвэрийн салбар, одоогийн нөхцөл байдал ямар байна вэ. Цаашид төлөвлөсөн үйл ажиллагаа юу бол?

-Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн нөхцөл байдал түүхий эд ашиглахаасаа илүү материалын үйлдвэрлэл рүү шилжихийг эрхэмлэж байгаа маань дэвшил. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийх зорилт тавьсан. Энэ бол дээр хэлсэн материал үйлдвэрлэл юм. Түүний хүрээнд олон арга хэмжээ авах ёстой. Мэдээж, хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд эрхзүйн орчноо тогтвортой тааламжтай болгох, татварын орчныг хөнгөлөлттэй болгох хэрэгтэй. Эдгээр ажил захаасаа эхлээд явж байгаа.
Дараачийн шатанд бид хүнд үйлдвэрийн хөгжлийг олон төрлийн чиглэлээр авч үзэж байгаа юм. Юуны түрүүнд, хүнд аж үйлдвэрлэл өөрөө маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Тиймээс аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд хөрөнгө оруулалтаа шийдэх нь эдийн засгийн хувьд илүү хялбар гэж үзсэн. Маш олон хөрөнгө оруулагч төвлөрсөн байдлаар хүнд аж үйлдвэрээ барьж байгуулна гэсэн үг. Ингэснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна. Ялангуяа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг үүнд дурдах ёстой. Дэлхий дахинд үйл ажиллагаагаар танигдаж, ажлаа мэддэг, хийж чаддаг компаниуд орж ирээд гэрээгээ хийх гэж байна. Яагаад гэвэл, бидэнд одоохондоо олон тэрбум ам.долларын төсөв, бүтээн байгуулалт хийсэн түүх байхгүй учраас туршлагатай, нэр хүндтэй, чадвартай нэгэнтэй хамтарч ажиллаж байгаа гэсэн үг. Энэ маань ч эргээд олон улсад, хөрөнгө оруулагчдад итгэл найдвар төрүүлэх боломж.

-Хүнд үйлдвэрлэлийн бодлого өөрчлөгдөх нь эдийн засагт ямар чухал ач холбогдолтой вэ. Мөн энэ салбарт тулгарсан хүндрэл юу байгаа бол?
-Материалын үйлдвэрлэл рүү орно гэдэг эдийн засгийн бүтцийг тодорхой хэмжээгээр өөрчилнө. Зэс бол материал, ган төмөр ч гэсэн ялгаагүй шүү дээ. Тэгэхээр аль ч улс оронд ийм материал ашигладаггүй салбар гэж бараг үгүй. Ялангуяа, ган төмрийн хэрэгцээ маш их. Тэгэхээр шинэ тоног төхөөрөмж хийх суурь ажил гангаас эхэлнэ. Урьд нь, бид хүнд үйлдвэрлэлийг дотоодын хэрэгцээ хангах төдийхнөөр бодож байсан бол одоо экспортод, бүс нутгийн хэмжээнд нийлүүлэгч болох төвшинд ярих цаг иржээ. Тийм бодлого гаргах шаардлага гарсан. Үр ашгийн хувьд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бидний төсөөллөөр бүрэн утгаар ажилд орсноор ойрын ирээдүйд жилдээ таваас илүү тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулах тооцоотой. Тэгэхээр дангаараа Оюу толгойн үйл ажиллагаанаас шууд бус утгаараа хоёр дахин илүү гарч байгаа юм. Энэ бол ердөө экспортод зориулсан хэмжээ. Жишээ нь, ган төмөр гэхэд 10 сая тонн хүртэл бүтээгдэхүүн гаргах яриа байгаа. Монголд ийм хэмжээний үйлдвэрлэл гарч байгаагүй л дээ.
Гарч буй асуудал гэвэл тодорхойгүй байдал юм шүү дээ. Ер нь, аль ч улс оронд улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн орчин тогтворгүй байх нь бизнест хамгийн халгаатай. Манай улстөрчид ямар ч хуультай байсан хөрөнгө оруулагч нар гарч чадахгүй гэж үзэж байсан бол тийм биш байжээ гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулаад байгаа.


Д.Зоригт: Хөрөнгө оруулагчид эргээд ирэх байх

УИХ-ын гишүүн

-Улс төр, эрхзүйн тодорхойгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулагчдын 40 хувийг алдсан гэж байгаа. Одоо хийж буй ажил энэ нөхцөл байдлыг эргүүлэх болов уу?
-Манай улс уул уурхай, хөрөнгө оруулалтын салбартаа эрхзүйн орчинг нь сайжруулах ажил их бий. Гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсад ажиллахын тулд хэд хэдэн асуудал шийдэх ёстой гэж Дэлхийн банк болон бусад байгууллага судалгаандаа тусгасан. Нэгдүгээрт, дэд бүтцийн хөгжил хийх шаардлагатай. Үүнээс гадна, мэргэжлийн боловсон хүчин инженер, техникч, ажилчин одоогоор бидэнд дутмаг байгаа. Мөн хууль эрхзүй болон татварын орчин тогтвортой байх шаардлагатай. Эдгээрийг анхаарч шийдвэрлэхгүйгээр бид зорьсон зүйлээ хийж, шинэчлэлээ хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Тийм ч учраас энэ салбарт ажиллаж буй байгууллага компаниудтай хамтарч асуудлаа шийдэх талаас ажиллаж байна. Манай улс дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Өнөөдөр авто болон төмөр зам, агаарын тээврийн шинэ байгууламжийн бүтээн босгох ажил үргэлжилж байна. Хоёрдугаарт, гадаадад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд багагүй хөрөнгө зарцуулсан. Хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсаныг дурдах ёстой ч энэ нь бүх зүйлийг шийдэж хүчрэхгүй шүү дээ. Тиймээс цаана нь үлдсэн хуульд шинэчлэх шаардлагатай өөрчлөлтийг анхаарна. Ингэхдээ энэ бодлого, ерөнхий чиглэл төлөв маань урт хугацаанд тогтвортой байх ёстой учраас бид Эрдэс баялгийн салбарт 2014-2025 онд баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж байгаа. Удахгүй батлагдсанаар цаашид Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх гол концепци болж өгнө. Тэр цагт гадаадын хөрөнгө оруулагч нар эргээд л ирэх байх. Энэ бүхнийг хийж чадвал Монголын уул уурхай, эрдэс баялгийн үнэ цэн бодитой гарч ирэх юм.

-Манай улсын хүнд аж үйлдвэрийн салбарын бодлогоос танилцуулаач. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй “Аутотек” компанийн тухайд?
-Өмнөд, хойд хөршүүд маань металл боловсруулах арга технологи ашиглаж байгаа л даа. Гэхдээ бид дэлхийд тэргүүлэх технологи ашиглаж, байгаль экологид хамгийн ээлтэй ажиллагааг ашиглахын тулд “Аутотек” компанийг сонгосон юм. Цаашид ийм олон компани Монголд орж ирэх шаардлагатай байгаа. Одоо эрдэс баялгийн бодлогын гол концепци нь ашигт малтмалын бүтээгдэхүүнийг түүхийгээр нь хил давуулан гаргах биш. Тодорхой үйлдвэрлэлд оруулж, нэмүү өртөг шингээнэ. Ингээд тодорхой үнэлгээ боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээлд гаргах ёстой. Гэхдээ эрчим хүч, усны хэмнэлттэй аль болох хаягдалгүй олборлолтын технологи хэрэгжүүлэх нь зөв. Үүнээс улбаалж манай улсад сайхан хөгжих боломж байгаа учраас түүнийг “Аутотек” компани олж харсан. Тэгэхээр бидний цаашдын бодлогын гол агуулга нь өнгөрсөн 20 жилийнх шиг үргэлжлэх бус харин ч яаж боловсруулах, нэмүү өртөг шингээх явдал.

-Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж ярилаа. Ийм арга, технологи нэвтрүүлэх боломж нь хэр байдаг бол?
-Зөвхөн нүүрсийг л гэхэд угаагаад кокс болгоод тэндээс 10 орчим төрлийн дагавар бүтээгдэхүүн гардаг. Тэндээсээ 30 гаруй янзын химийн бодис ялгарна гээд бодоод үзэхээр маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж болно. Нүүрснээс гадна занар, газрын тос, уран, металл хүдэр гээд олон янзын баялаг байгаа шүү дээ. Өнөөдөр нүүрсийг л гэхэд хөрс хуулж ухаад ачаад зөөдөг. “Эрдэнэт”-д зэсийг баяжуулаад 75 хувь шороо, 25 хувь зэсийн агууламжтай гаргаж байгаа. Гэтэл дотооддоо ядаж катодын зэс болгочихъё гэхээр манай улс дотооддоо ашиглах нөхцөл нь бас бүрдээгүй. Машин, техник, инженерчлэлийн бүтээгдэхүүнд ашиглах хэрэгцээ алга. Гэхдээ нэг компани “Эрдэнэт”-ийн хаягдал дээр ажиллаад цэвэр зэс гаргаж түүгээрээ зэс утас, кабель үйлдвэрлэж байна. Харамсалтай нь, жижигхэн үйлдвэр болохоор төдийлөн мэдэгддэггүй ч ийм боломж байгааг харуулж буй хэрэг. Эдгээрийг өөрчлөх нь тийм ч холын ажил биш. Шинэ технологи, үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулаад ажиллаж буй компаниуд цөөнгүй бий. Тэдгээрийг дуусах үед татвар, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин тодорхой болговол, тогтворжоод ирэх болно. Энэ чиглэл, өөрчлөлтөөр л эрдэс баялгийн салбарын хөгжлийг төсөөлж байна даа.


Д.Дамба: Хайгуулаа эхлүүлэхгүй бол “цонх” гарч болзошгүй

Уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч.


-Өнөөдрийн арга хэмжээний гол агуулга болох уул уурхайн тогтвортой хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Бидний хамгийн гол анхаарч, хөгжүүлбэл зохих асуудал бол эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох. Манай орон ашигт малтмалын нөөцөөр дэлхийд нэлээд дээгүүр жагсдаг. Эдгээрийг хэрхэн эдийн засагт өгөөжтэй, үр дүнтэй арилжаалдаг болох вэ гэдэг бидний хувьд чухал асуудал. Юуны өмнө бид судалгаа шинжилгээ сайн хийж байх хэрэгтэй. Ялангуяа, худалдан авагч талаа маш сайн судална. Хүсэл сонирхол, металл ашигт малтмал ашиглах, боловсруулахдаа өргөн чиглэлээр ажиллах нь зөв. Нэлээд их хэмжээний хөрөнгө оруулж байж боловсруулах үйлдвэр хөгждөг учраас хөрөнгөө хуримтлуулах, ашиг олох бололцоог нь сайтар бодолцох ёстой. Тухайлбал, өнөөдөр хүдэр олборлож баяжмал болгоод бэлдэц хийдэг газар алга. Байгаа хэд нь төслийн хэмжээнд, туршилтын төвшинд ажилладаг. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” л гэхэд хаягдал төмөр дахин боловсруулдаг газар шүү дээ. Тэгэхээр тэнд технологийн шугамд нэмэлт, өөрчлөлт хийж баяжмалаа бүтээгдэхүүн болгон гаргадаг болох шаардлагатай. Тэгэхийн тулд шинэ технологи, аргачлал олж нэвтрүүлнэ. Ер нь, энэ салбарт хамгийн их хөгжсөн, дэлхийд танигдсан, ихээхэн туршлагатай компани бол Финляндын “Аутотек” юм.

-Хүнд аж үйлдвэр маш их хөрөнгө оруулалт шаарддаг салбар. Тэгвэл энд зориглож орсон хүмүүсийг яаж дэмжих шаардлагатай юм бол?
-Төрөөс баталж гаргасан Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаад, дотоодын гэдэг үндэслэлээр хөрөнгө оруулагчдыг ялгаварлахгүй. Мөн тогтвор­той байдлын гэрээ гэх зүйл ганцхан гадаадыг байгууллагад л хамааралтай байсан бол одоо тийм биш боллоо. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдыг татварын орчноор дэмжих нь маш чухал. Ингэснээр олборлох үйлдвэрийнхэн үйл ажиллагаагаа өргөжүүлээд боловсруулагч болоход нь дэмжих сайн талтай. Манай улс дахь металл олборлолтоос хамгийн түгээмэл тархацтай нь төмрийн хүдэр юм. Гэхдээ энэ салбарт 20-иод аж ахуйн нэгж олборлолт явуулж байгаа.

-Металл эрдэс баялгийн хайгуулын ажлыг тасалдууллаа гэж шүүмжлэх хүмүүс байна. Энэ нь ямар үр дагавартай вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглочихсон байгаа нь нөөцөө нэмэгдүүлж, шинэ орд илрүүлэхэд төвөгтэй болгож байгаа. Үүнийг шийдвэрлэж, хайгуулаа эрчимжүүлэхгүй бол Монгол Улсын металл ашигт малтмалын нөөц бэлдэх үйл ажиллагаа учир дутагдалтай болох нь. Товчхондоо, ол­борлолт явж байхад нөхөн хайгуул хийхгүй бол нэгэн үе металл ашигт малтмалын тоо хэмжээ хорог­дох, цонх гарах эрсдэлтэйг анхааралдаа авах шаардлагатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан