Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

+20°C
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
Хот нэртэй хогийн сав

Саяхан гэрийн зүг гэлдэрч явтал зөрж өнгөрсөн хоёр жаалын нэг нь идэж буй зайрмагныхаа уутыг замын хажуу руу хээв нэг чулуудаж орхив. “Миний дүү, хогоо хамаагүй хаяж болдоггүй  юм” гэтэл дуусч буй зайрмагныхаа ишийг долоонгоо “Энд чинь угаасаа л хог хаядаг юм” гээд эргэж ч харалгүй явж одов. Тав, зургадугаар ангийн болов уу гэмээр жаал юуны учир ийм үйлдэл хийх болсныг эргэцүүллээ. Хэлсэн үгийг нь бодохоор хэн нэгнийг даган дуурайсан мэт. “Замын хажууд хогоо хаяарай” гэж хэн ч зааж сургаагүй нь лавтай. Тэгвэл...

Хогоо биш хог хаядаг сэтгэхүйгээ хая

Хог, хог, хог... Гуравхан үсэгтэй энэ үгний араас хогийн цэг, хөрсний бохирдолт, хотын өнгө үзэмж, хог боловсруулах үйлдвэр гээд л түмэн асуудал хөвөрнө. Улаанбаатар хот биш хогийн сав болохыг өчигдөр л ойлголоо. Жаал хүү юуны учир замын хажуу руу зайрмагны уутаа хаях болсныг ойлгохыг хичээн ТҮК-ийн гаднах талбайн цэвэрлэгч буюу “Шар хантаазтан”-ы нэг өдрийн ажлыг сонирхсон юм.

нө хүртэл Улаанбаатар гэх томоос том хогийн савыг хоослохоор борви бохисгүй ажилладаг хүмүүс бол “Шар хантаазтан”-ууд. Үүрээр өглөө таван цагийн орчим дуг нойрноос сэрж, дулаан хөнжлөөсөө сугарлаа. Зургаан цагт гуравдугаар хорооллын “Өргөө” кино театрын үүдэнд БГД-ийн “Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын цэвэрлэгч Э.Эрхэмбаттай уулзахаар цаг товлосон учир яаран гэрээс гарав. Хот нам гүм. Хоосон гудамж талбай, хөх утаа эзэгнэсэн хотын цаг агаар хааяа нэг явж өнгөрөх хурд хэтрүүлэх машинаас өөр үүрийн Улаанбаатар үзэгдэж харагдах юмгүй. Явсаар товлосон газраа,  тохирсон цагтаа ирвэл “Шар хантаазтан”-ууд маань хэдийнэ ажилдаа гарчээ. Ижил хувцастай цэвэрлэгчдийн дундаас Эрхэмээ ахыг хайгаад олсонгүй. Асуувал, “Ажилдаа гарсан, Эрхэмээ хамгийн түрүүнд гарчихдаг юм” гэсээр үүрийн жаварт үс, сормуус нь цантсан настайвтар эмэгтэй хэлэв. “Ачлал” их дэлгүүрээс “Аз” хүүхдийн их дэлгүүр хүртэлх хогийг цэвэрлэдэг түүнтэй зам даган явбал таарна гэв. Хуучнаар Ахуйн үйлчилгээний ордны урд талын хогийн цэгээс хайсан хүнээ олов. Цэнхэр тэрэг чирж, дэрсэн шүүр барьсан тэрээр үе, үе бөхийн хог хамна. Араас нь очиж мэнд мэдэлцээд ажилдаа орлоо. Дугуйтай хогийн тэргийг хоёр талаас нь хамжин чирч, хавь ойрын хамаг л хогийг хамна. Тамхины иш, чихрийн цаас, хоолны үлдэгдэл, хэний ч юм бөөлжис, хатсан ногоо, хөлдүү угаадас, архи, пивоны шил гээд л алхам тутам таарах хогийг арай л угаах нь холгүй цэвэрлэв. “Нэг мөсөн сайн цэвэрлэхгүй бол маргааш нь дийлддэггүй юм” хэмээн Эрхэмээ ах учирлана. Тэргээ дүүртэл хог хамж, түүндээ түүртэн явахад дахиад хэд хэдэн тэрэг болохоор хог зам дагуу хөглөрнө. Дөрөвдүгээр хорооллын баар, пааб, цайны газар, дэлгүүр хоршоо гээд тэнд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага бүр шөнө нь хогоо гарган хаядаг аж. Гэрлийн шон бүрийн доор ил задгай асгасан хог салхиар туугдан хавь ойрыг эзэгнэнэ. Золбин ноход, гэр оронгүй хүмүүс ууттай хогийг нь ухаж төнхөөд тараачихна. “Хамгийн хэцүү хог чинь ака, автобусны билет, чихрийн цаас л байгаа юм даа” хэмээн Эрхэмээ ах газраар нэг хөглөрөх тамхины ишийг заав. “Шар хантаазтанууд”-ыг залхаадаг зүйл нь та бидний татсан тамхины иш буюу мөнөөх “ака” гэнэ. Гарт баригдахгүй жижигхэн хэрнээ газарт наалдчихдаг болохоор хүрзээр хусаад ч салахгүй, шүүрээр хамаад ч бөөгнөрдөггүй учир ширхэг бүрчлэн түүхийн тулд бөхийж тонгойхоос өөр аргагүй. “Шар хантаазтан”-уудыг залхаадаг зүйл тамхины ишээр тогтохгүй. Дайрчих шахан хурдлах жолооч нар ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлдэггүй гэнэ.

Ажлаа хийж буй цэвэрлэгч нарыг “Зайлаач чи, замын бөглөөс болох чинь дутаа юу” хэмээн зандрах жолооч цөөнгүй. Өмнөөс нь үг сөрвөл “Гуйлгачин минь чамайг алчихна шүү” хэмээн гар хүрэх нь олон байдаг тухай цэвэрлэгч бүхэн үгийн хачир хийнэ. Гурав хоногийн өмнө хогоо хамж байсан нэгнийг нь хар жийп хөлөглөсөн харваас боловсролтой байрын эрхэм шүргэчихсэн тухай Эрхэмээ ах хуучлав. Шүргүүлсэн цэвэрлэгч шүүрээ барьсаар замын хажуу руу мөлхөж байхад нь “Муу дугуйны нөхөөс, баашлаад байлгүй босоод ир” гээд заамдан босгоод зодсон гэнэ. Энэ мэт эрхэнд нь халдах хүн цөөнгүй. Түүнээс гадна төрийн хуулиар эдлэх эрх нь ч тэдэнд хомс. ТҮК-иудыг төр буцаан авсан ч төдийлөн ахиц гараагүй гэнэ. Цалин хөлс нь нэмэгдэнэ, 700-800 мянга болно гэсэн ч нэдэр дээрээ 500 мянгаас хэтэрдэггүй аж. Өглөө бүр долоон цагаас үдэш 18:00 цагийн хооронд хүйтэнд хөрж, халуунд нь халж ажиллаад ч илүү цагийн мөнгө бодогдох нь ховор. Норм, хангамж муутай. Амралтын өдрөөр ажиллавал хоолны мөнгө оногдохгүй. Автобус, унааны мөнгийг яриад ч хэрэггүй гэнэ. Ажилгүй суухгүйн эрхэнд Амгалан, Зүүн салаанаас хороололд ирж хог цэвэрлэх ч хоол, унааны мөнгө хүртэхгүй. Үйлдвэрчний эвлэл, хороо байгуулъя гэхээр “Өмнөх ажлаа хийж чадахгүй хэвтэж...” гэх мэтээр дарга цэрэг нь халгаахгүй. Ганц нэг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэнийг нь цалин мөнгийг нь хасч цаашилбал хална гэх зэргээр айлгаж сүрдүүлнэ. Ер нь, хэн л хог цэвэрлэхийг хүсэх билээ. ТҮК-ийн ажилтнуудын ихэнх нь групптэй, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс байдгийг нуугаад яахав. Хэн ч байлаа гэсэн хүн болсон хойно эрхээ эдлэх нь зүйн хэрэг. Аав, ээжийн гар харсан багш нар, авлигад амташсан эмч нарыг бодвол “Шар хантаазтан”-ууд бослого хөдөлгөөн ч хийхгүй болгоод л явдаг гэнэ. Дулаан байранд суудаг эмч, багш нартай харьцуулахад дүн өвлийн хүйтэнд аяга халуун цай ууж дулаацах завгүй ажиллах эдгээр хүн ажил хаялт хийж байсан удаагүй номхон морь шиг ноомой улс. “Нийслэлээс хог цэвэрлэхэд хангалттай мөнгө төсөвлөдөг ч хэн, хэний гараар ороод хэд нь алга болдгийг бид ямар мэдэх биш” хэмээн цэвэрлэгчид хэлнэ. Шат шатны дарга, цэрэг шар хантаазтаны хүртэх хоол, унааны мөнгийг хуваагаад идчихдэг тухай хэвлэлээр хэлж, ярьж л байдаг. Гэвч, хянаж шалгадаг нь үгүй болохоор энэ байдал улам л газар авах нь мэдээж.

Наанадаж хогны мөнгө. Хороо, дүүрэг, аж  ахуй нэгж, албан байгууллага, айл өрх бүр сар бүр хогны мөнгө төлдөг ч хэнд, юунд зарцуулагддаг нь оньсого мэт. Сар бүр телевизийн хураамжтай цуг хогны мөнгө авдаг ч БГД-ийн есдүгээр хороонд оршин суудаг манай хогийг ачилгүй хоёр жил болж байна. Гудамжинд ил задгай асгасан хогийг уул, овоо шиг болсон хойно улиралд нэг ачдагаас айл бүрийн хаалганаас ачдаг нь үгүй. 3000 төгрөг төлсөн оршин суугч хашаандаа хогоо овоолохгүй гэсэндээ ойролцоох гудамжны хогийн цэгт хаяна. Угтаа, татвараа төлчихсөн хэр нь хогоо өөрөө хаяж буйгаас ялгаагүй мэт. Энэ мэтчлэн хогтой холбоотой асуудал хэн бүхэнд хамаатай.
Цалин гэхээр юмгүй эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөх нь хогоо ил задгай хаяхдаа бус хог хаяж буй сэтгэхүйгээ хаяхаас эхлэх  ёстой мэт. Энэ сэтгэхүй ирээдүй хойч, үр хүүхдэд тань “өвлөгдөх” аваас хот маань хогийн сав хэвээр үлдэх болов уу.

Хогны машин

Том цэнхэр ачаатай, хоёр хаалган дээрээ “Японы ард түмнээс” гэсэн бичиг бүхий хогийн машин ирж зогслоо. Царай зүс, хувцас хунар гээд өлмийнөөсөө зулай хүртэл шороо буртагт “будагдсан” хоёр ачигч бүхээгнээс үсрэн бууж Эрхэмээ ахтай мэнд мэдээд ойролцоох хогийг машинд ачаалж эхлэв. Араас нь гарч ирсэн жолооч ах бид хоёртой мэнд мэдээд хүйтэн салхинд цохиулахгүй гэсэндээ хүзүүгээ нугдайлган захаа босгов. Бусдыгаа бодвол чамгүй яриа хөөрөөтэй түүнийг Д.Чинзоригт гэнэ. БГД-ийн ТҮК-ийн II бригадын жолооч тэрээр энэ ажлаа хийгээд гурван жил гаруй болж байгаа аж. Ажилдаа сурмаг хоёр ачигч овоорсон хогийг талыг нь тайрсан хуванцар пошгинд хийн хэд хэд ачааллав. Улмаар ажлаа дуусч дараагийн овоолгоотой хог руу хөдлөхийг сануулан ачаагаа цохиход жолооч ч машинаа хөдөлгөнө. Үлдсэн жижиг хогийг нь Эрхэмээ ах хамах бөгөөд ийн ажиллах нь хэн хэндээ амар байдаг аж. Хогны машин хорооллын дэлгүүрүүдээс аваад Саппорогийн уулзвар хүртэлх бүхий л  хогийг ачина. Дунджаар арван тонн хогийг нэг удаад тээвэрлэдэг учир өдөрт 2-3 удаа эргэдэг аж. Хогоо хаман явсаар хорооллын эцэст ирэхэд ачаа дүүрэв. Хогоо асгадаг Улаан чулуутын хогийн цэг рүү хамт явахыг гуйвал “Яахав, явбал яв л даа. Харин гадны хүнд халтай л газар даа” хэмээн жолооч ах хэлж байна. Нэгэнт л хогны тухай сонирхсон болохоор дуустал нь явна гэж бодоод хоёр ачигчийн хамтаар үнс, тортог дарсан машинд үсрэн суулаа. Гурван хүний суудалтай учир голын хайрцган дээр нь сууж Их нарангаас хойш Улаан чулуутыг зорилоо.

Зам зуур юу эсийг ярихав. Хоёр ачигчийг Ж.Нэргүй, Д.Шинэбаяр гэнэ. Хоёул орон нутгаас ирж ажиллаж байгаа бөгөөд эхнэр хүүхэдтэй учир эцэг хүний үүргээ биелүүлж ам бүлээ тэжээхийн эрхэнд ачигчийн ажил хийнэ. Нэргүйн хувьд Хөвсгөл айм­гаас ирж өнгөрсөн хавраас л ажиллаж байгаа бөгөөд олсон хэдэн юмаа охин, эх­нэр­тээ явуулаад л дуусдаг аж. “Суманд ажил олдохгүй юм. Мэргэжил эзэмшээгүй бо­лохоор ийм л ажил хийж явна даа” хэмээн хир, хог шороо нэвчсэн бээ­лийгээ тайлж хөрсөн гараа бүлээцүүлэн үлээнгээ өгүүлэв. Харин Шинээгийн хувьд Төв аймгийн харьяат хэдий ч хүүхэд байхаасаа л эл ажлыг хийж яваа нэгэн. Дөнгөж 20 эргэм насны залуу хар багаасаа хогийн ачигч хийсэн гэхийг сонсоод сэтгэл гонсойж орхив. Үеийн залуу, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн аль сайхан гэсэн ажил мэргэжлээрээ сурч явах насандаа байж болох хамгийн муу, муухай ажлыг хийн амьдралаа авч яваа гэхээр тэр. Хэн, хэн нь архи уухгүй, хүнээс илүү, дутуу юмгүй. Гагцхүү хөдөө амьдардаг нь нөлөөлсөн үү хэний ч хүсэхгүй ажилд морь мал мэт зүтгэнэ. Мэргэжил боловсролгүй гээд тэднийг буруутгах нь ч хэцүү. Сая гаруй төгрөг төлөөд сургуульд сурч болох ч ар гэрээ яалтай билээ. Энэ мэт болохгүй, бүтэхгүй бүхнийг ярин явтал Толгойтын автобусны буудлаар гэр хороолол руу эргэн хуванцар сав, шил лааз овоолсон хашааны үүдэнд зогслоо.

Хог биш баялаг

Хашааны үүдэнд зогссоны учир нь Нэргүй, Шинээ хоёр хогноос түүсэн хуванцар сав, төмөр зэргээ тушаах гэж байгаа аж. Машин зогсмогц Шинээ шалмаг гэгч нь машин дээр үсрэн гарч жижиг, сажиг төмрийн хог газар шидэлж эхлэв. Харин Нэргүй хуванцар савнуудаа овоолоод эхнээс нь ууталж гарлаа. Удсангүй Чинзоригт ах явъя гэж байна. Нэргүй үлдэж Шинээ бид гурав хогийн цэг рүү хөдөллөө. Цуглуулсан сав, төмөр зэргээ тушаахаар Нэргүй үлдсэн нь энэ аж. Тэрээр “Хогноос олсон болохоос хуванцар сав, төмөр, шил гэдэг чинь тэр чигтээ баялаг шүү дээ. Хүмүүс хог гэхээр л хог гэж сэтгэдэг. Угтаа, хогноос хоол олж идэх нь ч бий. Хогноос хог гардаггүй гэх нь ч бий. Чи Улаан чулуут дээр очоод ойлгоно” гэв. Бид ч явсаар Их нарангийн эцсийн буудлаас дээш хоёр км гаруй яваад хогийн цэгт ирэв. Хаа сайгүй утаа суунагласан, холоос харвал хогноос өөр юмгүй гэмээр Улаан чулуутын хогийн цэг урдаас угтах нь тэр. Ойртон очвол нохой, гахай, амьтан шувуу, адуу мал, хог түүдэг хүмүүс гээд хотын биднээс дутамгүй их хөл хөдөлгөөнтэй байх аж. Түмэн зүйлийн хогийг уул овоо адил овоолсон хогийн цэгт байхгүй юм гэж үгүй. Та бидний хэрэггүй хэмээн хаясан даавуу, орны матрасс, цаасан хайрцаг зэргээр урц маягийн оромж хийн амьдрах нэг нь байв. Угаалгын машин, утас, индүү гээд л цахилгаан хэрэгсэл бүрээс зэс, хөнгөн цагаан гэхчлэн үнэт металыг нь түүнэ. Хэдий Нэргүй, Шинээ хоёр хамаг л хуванцрыг нь түүчихсэн мэт боловч хогийн цэгт байх хүмүүс ухаж төнхсөөр байгаад тэр хоёроос ч их сав түүдэг гэнэ. Зураг дарахад тохиромжтой гэж бодоод хогийн цэгийн голд машинаа байрлуулж хогоо асгахыг Чинзоригт ахаас хүслээ. Миний ч хүслээр болж хогийн цэгийн голд машинаа зогсоов. Ганц нэг зураг дарахаар машин дээр гарлаа. Гидр шахуургаар долоон тонн орчим хогийг түрэн асгах машиныг гартаа шуудай, үзүүртэй төмөр барьсан хүмүүс өвч битүү бүслэх нь тэр. Хог асгармагц хэн хүнгүй дайрч өнгөтэй, өөдтэй болгоноос нь хамж эхлэв. Тэр завшааныг хальс­наа буулгахаар сэм дээрээс нь аппаратаа барин шагайж байтал өрөөсөн гар нь далийсан хар шил зүүсэн нэг нь ихэд уцаарлангуйгаар орос хараалыг ар араас нь залгуулаад “Чи муу новш, хүний муу үзэх сайхан байна уу” хэмээсээр гартаа барьж байсан хүүхдийн тэрэгний дугуйгаа над руу шидсэн нь машины цаана зогсч байсан жолооч ахыг золтой л оночихсонгүй. Түүнийг харсан бусад нь намайг сая анзаарсан бололтой бүгд л элдэв хараал хэлэн гарт таарснаа шидэлж гарав. Шил, төмөр, чулуу гээд л шидэхгүй юм гэж үгүй. Нүдээ ил гарган бусдыг нь битүүлсэн нэгэн эмэгтэй гартаа барьж байсан шилээ шидэх гэж нэг зангасгаа нөгөө гартаа барьсан төмөртөө цохин хагалж над руу шидсэн нь азаар цүнх онож амь хэлтрэв. Хог ухаж, хуульгүй амьдарч буй тэдгээр хүмүүст аппарат барь­сан сурвалжлагчийн үхэл гай дагуулахгүй нь мэдээж. Бүгдээр машин тойрч зогсоод “Буугаад ир, ална чамайг” хэмээн ам уралдан хашгирна. Ачаан дээр зогссон надаас болж хамт явсан Шинээг хүртэл хоёр, гурав цохиод авах нь харагдав. Байдал эв­гүйтсэнийг ойлгосон жолооч хөдөл­­гүүрээ асаан хөдөллөө. Огцом хөдөлсөн машинаас тэнцвэр алдан унахгүйг хичээн эл­гээрээ хэвтэж орхилоо. Чам­гүй хол явсаны эцэст араас хөөх хогийн цэгийнхэн тэгсгээд болив. Ачаанаас бууж бүхээгт суугаад эргэн хот руу зүглэлээ. Зам зуур “Хог түүдэг хүмүүст хууль үйлч­лэх нь ховор шүү. Огт өөр ертөнцийн хүмүүс. Чам шиг жирийн нэгэнд ээлгүй бай­даг юм” хэмээн жолооч ах өгүүлэв.

Тэдгээр хүнийг хэрхэн нийгэмшүүлэх, төрийн үйл­чилгээг хэрхэн хүргэх тухай ярилцан явсаар Нэргүйг буулгасан газрээ ирлээ. Баял­гаа тушаан багагүй мөнгө олсон бололтой инээд алд­саар машинд суув. Тоолж бай­гааг нь харвал 8500 төг­рөгийг хоёр хуваан 4500-г нь Шинээд өгч байгаа харагдав. Хот нэртэй хогийн савны “ёроол”-д хэрэг болгон очсон ая­лал минь Эрхэмээ ахтай уулз­сан газарт бууснаар дууссан юм.

Хог “үйлдвэрлэдэггүй” хүн гэж үгүй учир хэн бүхэнд хамаатай хэрэг. Та биднийг тав тухтай, цэвэр цэмцэгэр хотод амьдруулахаар цаг наргүй хөдөлмөрлөгч “шар хантаазтан”-уудын цалин хөлс ч бидэнд хамаатай. Эрхэмбат ахтай хамт хог хамж явахад гишүүд, дарга сайд нар зам дээр гарч хог цэвэрлээд үздэг болоосой гэж бодно. Өөрийн биеэр зовлонг нь амсаагүй цагт өрөөлийн зовлонг хэн ч ойлгохгүй нь мэдээж.

Үүрээр маш хүйтний дээр Улаанбаатарын утаатай агаар уушги, цээж хорсгоно. Үстэй гуталтай хэр нь хөлийн хуруунууд хөлдчихсөн мэт мэдээгүй. Хогоор дүүрэн тэргийг хоёул хамжин чирлээ ч түүндээ түүртэн тав, зургаахан алхаад л амарна. Ойролцоогоор таван км урт зам дагуу цэвэрлэгээ хийн явтал Эрхэмээ “Ашгүй манай машин ирж байна” хэмээн уулзвар тойрон гарч ирсэн хогны машиныг ширтэв.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан