Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чихрийн шижинээр өвдсөн байж болзошгүй үед хийлгэх шинжилгээ
Нэгэн үед манайд чихрийн шижин буюу хар ярианд “сахарын өвчин” гэгдсэн эмгэг тун ховор таардаг байлаа. Гэвч хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр энэ өвчний тархалт огцом нэмэгдэж, зарим мэргэжилтний хэлж байгаагаар тахлын хэмжээнд очсон гэх болсон. Тиймээс ““Яана аа би сахартай болсон юм биш байгаа?” гэсэн асуулт тавих хүн олон болсон. Хөдөлгөөн дутагдах, сахарын хэрэглээ өндөр байх, эрүүл бус өдрийн дэглэм баримтлах зэрэг олон хүчин зүйлс нь чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг. Чихрийн шижин үүссэн үгүйг нарийн шинжилгээ хийж эргэлзээгүй тогтоох боломжтой. Тиймээс үзмэрч, бөө, ламаар гүйгээд юу нь мэдэгдэхгүй тан, шившлэгтэй ус, домносон боорцог чихэр идээд байлгүйгээр дараахь шинжилгээг хийлгэж эргэлзээг нэг мөр арилгасан нь хамгийн зөв. Тэгээд ч чихрийн шижинг хэдий чинээ эрт илрүүлнэ тэр хэмжээгээр өвчнийг лавшруулахгүй, хурц үед нь оруулахгүй цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой болдог. Шинжилгээг эрхийг нь авсан лабораторид, дотоод шүүрлийн эмчийн заалтын дагуу өгөх ёстой нь мэдээж.

- Өлөн элгэн дээрээ цусан дахь глюкозын хэмжээг тодорхойлох. Өглөөд сэрсэн даруйд тодорхойлно. Шинжилгээ өгөхөөс өмнө 8-10 цаг өнгөрсөн байх ёстой. Ямар тохиолдолд чихрийн шижинтэй болсон гэж тодорхойлдог вэ гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Хүний цусан дахь сахарын хэмжээ нь хоногийн туршид хоол, сэтгэл хөдлөл зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр байнга өөрчлөгддөг. Гэхдээ өөрчлөгдөхдөө хэвийн гэж тогтоогдсон хэмжээнд л хэлбэлздэг.
Улмаар мэргэжлийн эмч чихрийн шижинтэй гэсэн онош тавьсан тохиолдолд доорх шинжилгээг өндөгний цус ба тохойны нугалам орчмын хураагуур судаснаас өгдөг дээрх шинжилгээний хамт тодорхой давтамжтай тогтмол өгч байх хэрэгтэй.

- Шээсний ерөнхий шинжилгээ. Зургаан сард нэг удаа эсвэл эмчлэгч эмчийн заалтаар түүнээс ч илүү давтамжтайгаар өгнө. Чихрийн шижингийн үед бөөрний талаас ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг цаг алдалгүй илрүүлэх боломж олгодог.

- Шээсэн дэх микроальбумин. Зургаан сард нэг удаа хоногийн шээсэн дэх агуулгыг тодорхойлно. Чихрийн шижингийн гаралтай бөөрний эмгэгийг эрт илрүүлэх зорилгоор хийдэг. Энэ эмгэгийн үед бөөрний үйл ажиллагаа алдагдан уураг шээсэнд байж болох хэмжээнээс илүүгээр илэрдэг.

- Бөөрний эхо. Шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд микроальбумин илэрсэн тохиолдолд гол төлөв энэ шинжилгээг давхар хийлгэх заалт өгдөг. Бөөрөнд чихрийн шижингийн нефропати эсвэл өөр ямар нэг эмгэг өөрчлөлт гарсан эсэхийг тогтоох, урьдчилан сэргийлэхэд заавал хийгдэх ёстой шинжилгээ.

- Нүдний угийг нүдний эмчээр дурандуулах. Нүдний хараа муудсан зовиур илэрсэн тохиолдолд энэ үзлэгийг зургаан сар тутамд нэг удаа, үгүй бол жилдээ нэг удаа заавал хийлгэнэ. Чихрийн шижингийн гаралтай ретинопати нэртэй эмгэг үүсэх, үүссэн тохиолдолд ужигран хүндрэхээс сэргийлэх үүднээс энэ шинжилгээг заавал хийнэ.

- Зүрхний цахилгаан бичлэг. Электрокардиограмм (ЭКГ). Зүрх судасны эмгэг үүсэх, үүссэн тохиолдолд ужигран хүндрэхээс урьдчилан сэргийлэх үүднээс энэ шинжилгээг заавал хийнэ. Учир нь чихрийн шижин өвчний үед цусан дах сахарын төвшин тогтмол өндөр байснаас үүдэн зүрхний булчингийн элдэв эмгэг үүсэх эрсдэл өндөр байдаг.

- Хөл ба гарын хураагуур болон тараагуур судасны хэт авиан допплерографи. Энэ шинжилгээ нь өнгөц ба гүнд явж байгаа хураагуур судасны бөглөрөлт буюу тромбозыг богино хугацаанд өндөр магадлалтайгаар тодорхойлох боломж олгодог. Хар үгээр бол харвахаас урьдчилан сэргийлэх боломж олгодог.
Энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байх. Орчин үеийн анагаах ухаан чихрийн шижинг хараахан бүрэн эмчлэх шатанд хүрээгүй. Тиймээс энэ өвчнийг бүрэн эдгээдэг эм гэх мэт зүйл нь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, цэвэр луйвар гэж ойлгож болно. Тиймээс тиймэрхүү зүйлс худалдан авч мөнгөө, эрүүл мэндээрээ тоглох хэрэггүй байх. Эмчийн бичсэн эмийг хуваарийн дагуу тогтмол хэрэглэх, зөв хоолны дэглэм баримталсан хүн чихрийн шижинтэй ч хурц, хүнд хэлбэрт шилжүүлэлгүй олон арван жилийн турш хэвийн амьдралаар амьдрах боломжтой байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан