Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮСЭХЭД ХЯСАЛ ДАГУУЛАХ ТҮРЭЭСИЙН БАЙР
Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд амьдрах н.Дорж гуай ганц бие. Насаараа улсад хөдөлмөрлөсөн тэрээр өөрийн гэсэн гэр бүлгүй учраас дүүгийнх нь хэдэн хүүхэд төрсөн үрээс нь ялгаагүйгээр эргэж тойглон асарна. Хүүхдүүдийн ажил, зав нь болдоггүй юу хааяа хэдэн долоо хоног мартчих шахахад зутарчихдаг аж. Энэ тухайгаа “Насны эцэст хөл хучих үр хүүхэдгүй хүн чинь дүүгийнхээ хэдэн хүүхдийн л гар харах юм. Залуу насанд ч гэр хорооллын өдөр тутмын амьдрал түүртдэггүй байсан бол одоо гал түлж, ус зөөхөд хэцүүхэн л байна” хэмээн ярих тэрбээр нийслэлийнхний ахмадуудад зориулсан  “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн барилгаас горьдогсдын нэг.

300 айлын түрээсийн байр эзнээ хүлээж байна

Хүний дор амьдраагүй ч насаараа гэр хороололд амьдарсан түүнд паартай байранд амьдарна гэдэг насны эцэст жаргал мэт. Тиймдээ ч дуулиантайхан зарласан эл хөтөлбөрт хамрагдахаар хотын захиргааны үүдээр өдөр бүр эргэлдэнэ. Гэвч аливаа юм бүхэн тоо хязгаартай байдгийн адилаар хүсэлтээ гаргасан хэнбугай нь ч хамрагдаж чадахгүй хэмээн анхааруулсан эл хөтөлбөрийн хэрэгжилт ахмадуудын хувьд дэндүү удаан мэт санагдана.
Энэ ч аргагүй. Эхний гэгдэх аль 2011 онд  сууриа тавьсан Сүхбаатар дүүрэг дэх 300 айлын түрээсийн орон сууц гурван жил нар, салхинд элээгдэн баригдана гэдэг удаан байлгүй яахав. Хөтөлбөрийн салхийг хагалах эл байрны талаар Ахмадын орон сууцны нэгдүгээр хотхоны дарга н.Отгонбатаас тодруулахад “Би ажлаа аваад долоо л хонож байна. Эхний ээлжинд ямар хүмүүс орохыг мэдэхгүй. Уг нь, 2011 онд барилгын ажил дуусна гэж тооцоолсон ч, юунаас болж удааширсныг мэдэхгүй. Ямар ч гэсэн улсын комисс хүлээн авсан. Эхний ээлжинд орох хүмүүсийг НЗАА-ынхан л мэдэж байгаа” гэлээ. Албаныхны мэдээлснээр айл өрхийг түр суурьшуулах зорилготой эл байранд амьдрах иргэд зөвхөн ашиглалтын зардал буюу цахилгаан, усны төлбөр гээд одоогийн мөрдөж байгаа тарифаар тооцоход хамгийн том өрөөг түрээсэлж байгаа иргэн сард ойролцоогоор 92 мянган төгрөг төлнө гэж тооцоолсон.

Хэзээ ахмадууд өрхөө татах вэ  

Ямартай ч, ахмадуудын гурван жил нүдээ ширгэтэл хүлээсэн эл байранд хэдэн хүн умгар муу гэрээ тохилог орон сууцаар солих нь тодорхойгүй. НЗАА-ны мэдээллээр эхний ээлжинд 250 ахмад байранд орох боломжтой хэмээсэн. Энэ талаар НЗАА-ны газрын дарга н.Энхцэцэгээс тодруулахад “Одоогоор хөтөлбөрийн шаардлага хангасан 150 гаруй ахмадын хүсэлтийг хүлээн авсан байгаа. Манай алба дангаараа шийдвэр гаргах эрхгүй. НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун даргатай улсын сонгон шалгаруулах комисс хуралдаж, эхний ээлжинд хэн гэдэг хаана амьдарч буй ахмад настныг оруулахаа шийддэг юм. Комисс хэзээ хуралдахыг мэдэхгүй байна” гэлээ. Олон ч ахмадын магнайг тэнийлгэсэн эл хөтөлбөрийн эхний барилга удахгүй оршин суугчдаа хүлээж авах нь. Гэхдээ хүсэхэд хясал гэгчээр хөтөлбөрт хамрагдах шалгуурын зарим заалт амьдралаас дэндүү тасархай байгааг хөлийнхөө улыг эргэтгэл хөөцөлдөж буй ахмадууд хэлж буй.

Юу ч үгүй хоосон байх чанар

Журамд зааснаар яалт ч үгүй насаараа гэр хороололд амьдарч буй Дорж гуай шиг хүн улаан гэрлээр орж хамрагдах нь. Монгол Улсын иргэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй байх бөгөөд тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй, өөрийн өмчлөлийн газар, гэр, байшин болон автомашингүй байх ёстой гэж заасан. Гэхдээ баярлах болоогүй ээ. Одоогоор тогтоогоогүй байгаа ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай байх гэсэн хатуу шаардлага тавьж буй. Өөрөөр хэлбэл, түрээсээс гадна барьцааны мөнгө төлөх чадвартай байна гэж заасан нь тэтгэврээсээ өөр орлогогүй, тусалж дэмжих хүнгүй хөгшид бол тэтгэврийн зээл авахаас аргагүйд хүрэх мэт.  Хөгшдийн хэлсэнчлэн “Түрээсийн гурван сарын мөнгөө бөөнд нь өгөх чадвартай нэгэн байна гэсэн нь зоосгүй бол хяламхийгээд ч нэмэргүй гэсэн мэт. Газар, байр, машин, гэр гээд тэтгэврээсээ өөр юу ч үгүй хөгшнийг хамруулна гэчихээд арын хаалганы гэх нөхдийг оруулах вий дээ” хэмээсэн хардлага ч төрж байна.


Б.Батболд:  Мэддэг хүн байхгүй, би мэдэхгүй гэдэг

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батболд Дарь-Эх-ийн Ганц Худагийн аманд айлын хашаа харж гэрийг нь түрээслэн амьдарч буй Ганцэцэг гэх хөгшний асуудлыг хөндөж байна. Тэрээр Сүхбаатар дүүргийн 12 хорооны иргэн ч гэр оронгүй улмаас наашаа гэсэнд хандаж, өдрийн бор хоног өнгөрүүлдэг байна. Энэ талаар Б.Батболдтой ярилцлаа.

-Байгалийн гамшгийн улмаас орон гэрээ алдсан болон залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан түрээсийн орон сууцыг таван байршилд барихаар олж, эхнээсээ сүндэрлэчихсэн. Ганцэцэг гуай хамрагдах хүсэлтээ өгсөн юм болов уу?
-Бичиг баримтаа өгсөн гэсэн. Хөл, зүрх муутай хөгшин болохоор өдөр болгон ирээд байж чадахгүй, алдаг оног очоод ямар ч мэдээлэл аваагүй. Арга бараад Бат-Үүл даргатай уулзахад арав, арваннэгдүгээр сараас хэтрэхгүйгээр хөгшчүүлийг байранд оруулна. Үнэхээр журамд заасан нөхцөл хангаж байна уу гэдгийг шалгасны үндсэн дээр байранд оруулна, санаа зоволтгүй гээд явуулсан байна лээ. Тэгээд ахуй амьдралаа үзүүлье гээд хотын захиргаагаар орохоор мэдэх хүн үгүй, юм асуухаар мэддэг хүн ч байхгүй. Ийм бүрхэг мэдээлэл өгчихөөд хөгшин хонины насгүй болсон ахмадуудын мэдрэлээр нь тоглохоо болимоор юм. Энэ хөгшин насны эцэст дулаахан байранд амьдрах нь гэж горьдоод хотын захиргаагаар эргэлдэж байна. Хөлдөж үхэхгүйн тулд жалганы хог түлж амьдарч байна.
-Орон сууцны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж үзсэн үү. Ямар мэдээлэл өгч байх юм?
-Мэргэжилтнийх нь хэлснээр улсын комисс байгуулсан гэснээс өөр юу ч мэдэхгүй гэсэн. Даргатай нь уулзах гэхээр хүлээж авахгүй, оруулахгүй. Шийтэр гэх нөхөртэй уулзахаар би комисст багтсан гишүүн нь, юу ч мэдэхгүй. Улсын комисс ч хуралдаагүй байна гэсэн. Гэтэл яаж шийдвэр гаргаад зарим ахмадад утсаар журмын шаардлага хангаагүй, хамрагдах боломжгүй гэсэн хариу өгөөд байгааг ойлгохгүй байна.
-Хороодын Засаг дарга нар мэдээлэл өгөхгүй байна уу?
-Юу ч мэдэхгүй байна лээ. Хорооны Засаг даргаас асуухаар хотын захиргааны хүнээс асуугаад л “Сарын 120-150 мянган төгрөг төлнө. Түрээсээ төлж чадахгүй эсвэл тухайн түрээслэгч хөгшний бие муудах зэрэг эрсдэлийг тооцон төрөл төрөгсдийнх нь нэг батлан дааж, мөнгийг тасралтгүй төлнө гэсэн гэрээ хийнэ гэж байна лээ. Тэгэхээр энэ хөгшин шаардлага хангаж байгаа ч батлан даах хүний эрэлд гарах нь ээ дээ.
-Хотын захиргааныханд хандахаар хэдэн хүн өргөдлөө өгсөн байна гэх юм?
-Холбогдох хүмүүстэй нь очиж уулзахаар 10 мянга гаруй гэсэн. Гэтэл МҮОНТ-ийн шууд ярилцлагад оролцсон хотын захиргааны Бат-Эрдэнэ гэдэг дарга 8000 өргөдөл гэж байна лээ. Тэгэхээр 2000 өргөдлийн зөрүү гараад байна. Дээр нь, ахмадын орон сууцны 75 хувь нь ахмад настан үлдсэн хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй, байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдийг оруулна гэх ч хуваарилалтаа яаж хийж байгаа юм. Өөрсдийнхөө  ажлыг тайлбарлахдаа самбар дээр сүрхий тайлбарладаг мөртлөө яагаад иргэдэд ойлгомжтой, энгийнээр тайлбарлаж болдоггүй юм бэ. Иргэдэд энэ талын мэдээлэл бүрхэг байна шүү дээ. Ядаж хөтөлбөрийнхөө явцыг мэдээлдэг байх хэрэгтэй шүү дээ. Ер нь, хотын дарга, НЗАА энэ асуудлаа шийдэж чадахгүй байхад өөр хэн шийдэх юм бэ.
-Байр нь ашиглалтад орсон шүү дээ. Очиж үзэв үү?
-Хэр чанартай юм барьсныг мэдэхгүй. Улсын комисс хүлээж авч байхад фасад нь унасан гэсэн. Бохирын шугамны асуудлыг нь шийдээгүйгээс хойшлоод байгаа ч гэсэн яриа гарсан байна лээ. Байр нь бэлэн болчихсон юм бол хуваарилалтаа гаргаад шаардлага хангасан хөгшид энэ байна гээд нэрсийг нь жагсаагаад тавь л даа. Нээлттэй Улаанбаатар  юм бол үйл ажиллагаагаа ч гэсэн иргэд нээлттэй болгох хэрэгтэй шүү дээ.

Хүнийрхүү хандах муухай монгол зан

Монголчуудын нэг муухай зан бол хүнийрхүү хандах увайгүй үйлдэл гэж гадаадынхан шүүмжилдэг. Үнэний ч хувьтай. Өөрийн юмаа хайр гамтай эдлэх хэрнээ нийтийн эзэмшлийн хүнийх гэхээр хүнийрхүү хандан эвдэлж гэмтээх нь их. Энэ зовлонг ч муу нэртэй луу данстай гэгчээр СӨХ гэгч байгууллага эдэлж буй. Гэр орноо цэмцийтэл цэвэрлэх хэрнээ коридор, гудамж талбайгаа цэвэрлэе гэхээр хамраа ч цухуйлгадаггүй энэ монгол муухай зан уу. Хэзээнээс угшилтай үл мэдэгдэх энэ зан илэрч магадгүй гэсэн үүднээс л түрээсийн байранд амьдрах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, орон байраа алдсан иргэдээс нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцаа төлөхийг шаардаж буй аж. Барьцаа төлсөн хүн хүнийрхүү хандаж эвдэлж гэмтээхгүй хэмээн арга ядсандаа халаасан дахь мөнгөтэй нь ч ярьсан хэрэг. Энэ талаар ч НЗДТГ-ын  дарга Ё.Гэрэлчулуун “Түрээсийн гэдэг утгаар хүнийрхүү хандах вий хэмээн хөтөлбөрийн журамд энэ заалтыг оруулж өгсөн. Барьцаа мөнгө төлөхөөр оршин суугчид нь нийтийн эзэмшлийн юмыг эвдээд байхгүй байлгүй дээ” хэмээсэн. Гэхдээ СӨХ гэдэг байгууллага байгуулаад ч нэмэргүй байгааг Монголын барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг манай сонинд өгсөн ярилцлагадаа “Шууд л хэлье. Түрээсийн байранд хоёр жил толгой хоргодоно гэсэн сэтгэлгээтэйгээр өөрийн гэж хайрлахгүй хагарч, хэмхлэх вий. Хүний юманд хүн хүний сэтгэлээр ханданагэдэгт эргэлзэж байна” хэмээн түрээсийн орон сууцны талаархи сэтгэгдлээ хуваалцаж байсан.
Оршин суугчдаа хүлээж авахад бэлэн болсон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 15 давхар хоёр хос барилга 10,975,000,000 төгрөгийн өртгөөр боссон.
Цаг хугацаа, их мөнгө зарцуулан боссон байраа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон цалингаас өөр орлогогүй төрийн үйлчилгээний албан хаагч, залуу гэр бүлүүд гамтай эдлэнэм гэдэгт итгэнэм.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
ar uwriin haalgaar jagsaaltad urduur ordog, ymar negen uil ywdlaar l heden hugshchuudiin bairiig hurdalj sensatsi hiideg n unen sh dee.
Хамгийн их уншсан