Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Импортыг халж үйлдвэрлэж эхэлж буй Монгол

Монгол импортоос хараат  улс мөн үү гэвэл арай ч тийм биш юм. Учир нь мах, гурил, төмс, хүнсний ногоогоо дотоодоос бүрэн хангаж байгаа. Мөн жижиг дунд үйлдвэрлэл нэлээд идвэхитэй болж өөрсдийн хэрэгцээгээ бага ч атугай хангаж байна. Өнөөдөр оймс, ноос, ноолууран цамц, гутал, арьс ширэн эдлэл, хувцас үйлдвэрлэл жилээс жилд өсч ирсэн. Тухайлбал, зөвхөн ноосон эдлэл үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуйн нэгж бий. Одоогийн байдлаар Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо жилд зургаан мянган тонн ноосоор даавуу үйлдвэрлэх төсөл боловсруулаад буй билээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас энэ оны гуравдугаар улирлын байдлаар 5549 аж ахуйн нэгжид 498.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон мэдээлэл бий. Ингэснээр 26492 ажлын байр шинээр нэмэгдэж 18 орчим мянган ажлын байр хадгалагдан үлдсэн статистик гарсан.

Эдүүгээ манай улсын импортын 27 хувийг өргөн хэрэглээний, 51 хувийг аж үйлдвэрийн түүхий эд, 20 хувийг шатахуун, хоёр хувийг бусад төрлийн бүтээгдэхүүн тус тус эзэлдэг гэдэг. Үүнийг дотор нь задлаад үзье. Тэгвэл нийт импортын 60 хувь нь үйлдвэрлэлийн зориулалттай байна. Жишээ нь, машин тоног төхөөрөмж 1.3 тэрбум,  барилгын материал 636, химийн бүтээгдэхүүн 96, цемент 70, эрчим хүч 56 сая ам.доллар болж байна. 

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар хэрэглээний зориулалттай импорт 40 хувийг эзэлжээ. Үүний мөнгөн дүн нь  1.1 тэрбум гаруй ам.доллар гарч буй юм. Тухайлбал,  хүнс 363, авто машин бас сэлбэг хэрэгсэл 278, гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл 198, хувцас 55 сая ам.доллар тус тус болж байна.
Манай улс жилд 900 гаруй мянган тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 40 хувийг уул уурхайн салбарт ашиглаж буй дизелийн түлш эзлэх бөгөөд энэ оны эхний гуравдугаар улиралд 853 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолжээ.
Гэхдээ оны эхнээс төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах хандлага байсан.  Одоогоор төгрөгийн ханш ам.долларын эсрэг 19 хувиар суларсан гэдэг. Энэ нь нийт импорт есөн хувиар буурах шалтгаан болжээ.  Тэр дундаа уул уурхайн хөрөнгө оруулалт огцом буурсан, ашигт малтмалын экспорт төдийлэн өсөөгүй тул шатахууны хэрэглээ 10 хувиар бага байгаа аж. Мөн  авто машин ба сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан барааны импорт огцом буурсан байна. Тэгэхээр ханш эдийн засгийн суурь нөхцөлөө дагаад ийнхүү уян хатан тогтож байгаа нь хэрэглээний импорт буурахад эерэг нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл,  импортыг орлох дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нөхцөл бүрдүүлж буй хэрэг юм.
Хүнсний импортын дийлэнхийг чихэр, жимс, жүүс гээд элдэв төрлийн амттан бүрдүүлдэг. Үүнээс гадна  эдийн засаг таагүй байгаа энэ үед онцын шаардлагагүй гэр ахуйн бараа, авто машин худалдан авахаа түр хойшлуулах нь ханшийн хөдөлгөөнд өртөхгүй  байх гарц болж буй юм. Өөрөөр хэлбэл, өрх бүрийн гол хэрэглээ нь өргөн хэрэглээний импортын бараа биш аж. Ийм ч учраас гадаадаас авах  бараа, бүтээгдэхүүний хэрэглээ буурч худалдан авалт багасч буй хэрэг. 

Харин үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн, түүхий эдийн импортод хөнгөлөлт үзүүлэх, үйлд­вэрлэлийг дэмжиж ханшийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах шаардлага зүй ёсоор гарч ирж буй аж.
Энэ бүгдээс үзэхэд манай улс импортоос  тийм ч их хараат биш, үйлдвэрлэгч болж дотоодын хэрэгцээгээ хангахад ойрхон байна гэж хэлж болох нь. Товчхондоо импортлогчоос үйлдвэрлэгч рүү аажмаар шилжиж буй дүр зураг энэ жилийн гадаадаас худалдан авч буй бараа бүтээгдэхүүнээс харагдаж байна.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан