Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮХНИЙГ ӨМЧИЛСӨН ЧАГ ЧАГ...

Цаг чаг чаг.., том, дугариг, цагаан цагны урт хар зүүнүүд ар араасаа хөөцөлдөх мэт алгуурхан урагшилсаар. Амьдрал, амьсгалах тоо бүхэн чинь алтнаас ч үнэтэй гэдгийг хором мөч бүхэнд сануулах гэсэн мэт хөдлөх бүртээ чаг чаг. Олон холхисон зочид буудлын хүлээлгийн танхимд онцгой содон чимээ бол мөнөөх чаг чаг. Гэхдээ миний л хувьд. ДОХ буюу Дархлалын олдмол Хомсдол гэх хүн төрөлхтнийг хүчин мөхөсдүүлж буй аймшигт өвчний тухай мэргэжлийн эмчтэй нь уулзаж ярилцсанаас хойш энэ чимээ намайг зовоож эхэлсэн юм. Буудлын угтагчийн арын хананд өлгөсөн адилхан хийцтэй таван цаг нэг нэг улс орны зай хугацааг илтгэнэ.

Хэдий өөр, өөр цаг хугацааг заавч хүмүүний амьдралын хэмжүүр болохын хувьд нэг л зүйлээр ижил. Ийн чаг чаг хийн цохилох цагны чи­мээг чаг­нан суу­хын учир нь дээр дурд­сан айм­шигт өвч­нийг тээгч Ганаатай уулзахаар байрлаж буй зочид буудлынх нь үүдийг сахин суугаа хэрэг. Манай улсад эл өвчний 148 дахь тохиолдол өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр бүртгэгдсэн бөгөөд анхны тохиолдол нь тэртээ 1992 онд илэрсэн гэдэг. 148 хүний нэг нь Ганаа. Өөрийгөө Ганаа гэх нууц нэрээр надад ярилцлага өгөхийг хүссэн тэрээр хэсэг хүлээлгэсний эцэст “303 тоот” гэсэн товч бөгөөд тодорхой зурвасыг утас руу илгээв. Шатаар өгсч байхад эргэлт бүрт, хана бүхэнд мөн л чаг чаг. Юуны учир, эл чимээ намайг зовоогоод байгаа тухай товч сийрүүлье. ХДХВ, ДОХ-ын тухай мэдлэгээ зузаатгахаар “Улаан тууз” эмнэлгийг зорин очиж мэргэжлийн эмчтэй уулзахад “Хүн цаг бусаар, гарцаагүй үхнэ гэдгээ мэдсэн үедээ л цаг хугацааг анзаардаг юм даа” хэмээсэн түүний үг мөнөөх чаг чаг хийн цохилох чимээтэй дахин, дахин сонстож чихэнд хоногшино.

Өөрөө юу, юугүй үхэх гээд байгаа бус харин цаг бусаар үхэх тухайгаа мэддэг нэгэнтэй уулзах гэж байгаа болохоор ийн шаналсан хэрэг.
Зүрх түг түг.., шатаар өгсч байх үест яагаад ч юм зүрх өөрийн эрхгүй түгшин түг түг хийн хүчтэй цохилно. Эмчийн хэлсэн үг, цагны чаг чаг дээр одоо бас түг түг. Нэг л түгшсэн, айж мэгдсэн мэдрэмж бүх л биеийг эзэмдэх нь тэр. Гэсэн ч хаалгыг нь тогшлоо. Зурагтын чанга дууны хажуугаар “Ор ор” гэх дуу гармагц урт коридорын хамгийн мухарын хаалгыг түлхлээ. Үүднээс нь аваад эль хуль, эмх замбараагүй байдал ноёлосон өрөөнд олон хүн бужигнаж, хөл толгой нь мэдэгдэхгүй болгосон мэт боловч хамаг л юм нь нэг хүнийх. Хаалга нь онгорхой угаалгын өрөөнд нэг алчуур, нэг сойз.., өлгүүрт нь өнгө алагласан нэхмэл ноосон ороолт мөн нэг л гадуур хүрэм, нэг л гутал. Хамгийн түрүүн нүднээ туссан зурагтаар “Том ба Жерри” хүүхэлдэйн кино гаравч үзэж буй хүн нь харагдсангүй. Өрөөний булан тойрч “Ор л доо, та нөгөө сонины сурвалжлагч мөн үү” хэмээсээр 20 гаруй насны залуу ирээд удаагүй болов уу гэмээр даарсан царайтай угтав. Нэг гартаа хөнгөн зууш барьж, түүнийгээ идэж буй тэрээр өмдөндөө гараа арчаад танилцан гар барив. Хэнэггүй, ямар нэг юманд санаа зовсон шинжгүй тэрээр цоо эрүүл хүн шиг харагдана. Хээ шаагүй, ичиж эмээсэн зүйлгүй надтай харилцах нь мөнөөх айдас, түгшүүрийг минь үгүй хийж орхив. Өрөө тасалгаа, үзэж буй кино, идэж буй хоол унд, шалаар нэг хөглөрөх хувцас хунар, сонин сэтгүүл, хоолны ширээн дээр байрлуулсан компьютер, түүний хажууд дээр дээрээс нь давхарлан хураасан цуврал тоглоомуудыг нь харвал “шийдсэн” хүн л ингэж амьдардаг болов уу гэсэн бодол төрнө. “Таныг ярилцлага авъя гэхэд чинь зөвшөөрсөн учир  нь эрүүл хүмүүс тэр дундаа өсвөр насны хүүхдүүдэд энэ өвчний тухай бага ч болов ойлголт өгч, над шиг байдалд орвол ямар байдаг, амьдралд юу үнэ цэнэтэйг мэдрүүлэх гэсэн юм. Надтай уулзъя гэж сонин хэвлэлийнхэн ирж байгаагүй болохоор таныг ирсэнд баяртай байна. Би ДОХ-той, ярилцлага өгөх гэсэн юм гээд гүйгээд байвал тэнэгтсэн болно биз дээ /инээв/ Ямартай ч, намайг биш юм гэхэд олон нийтийн тусын тулд нэг ч гэсэн хүн ирсэнд баяртай байна” хэмээгээд суухыг урив. Илэн далангүй, эелдэг найрсаг тэрээр хүйтэнд хөрч бээрсэн гараа бүлээцүүлэхээр халуун кофе аягалав. “Та уух уу” хэмээн асуух зуур нухацтай гэгч нь намайг ажив. Даарсан болохоор “Баярлалаа, ууя” гэвэл өтгөн хар кофег өөртөө болон надад аягалангаа “Хүмүүс миний гараас идэж, уух юм авах болохоор сэжиглээд байдаг юм аа. Уг нь, ДОХ гэгч өвчин чинь шүлс, гар хөлөөс халддаггүй юм шүү дээ. Тэр ч бүү хэл үнсэлцэхэд ч халдахгүй. Гэтэл хүмүүс гар барих, нэг аяга тавганд хоол идэх, суултуур зэргээс халдчихдаг мэтээр сэтгэдэг юм. Хэдий найз нөхөд ч гэлээ сэжиглэдэг нь нүднээс нь шууд л мэдрэгддэг. Харин та гайгүй юм шиг байна /инээв/” гээд найруулсан кофендоо хоёр ширхэг ёотон хийн надад өгөв.

-Өөрийг чинь ийм нээлттэй байгаад баяртай байна. Өнөөдрийг хүртэл би өөрийгөө ХДХВ, ДОХ-ын тухай мэддэг гэж бодож байсан ч сая мэргэжлийн эмчтэй уулзаад огт өөр бодолтой боллоо?
-Тийм шүү. Хүмүүс мэддэг л гэж боддог юм. Ер нь, хүн аливаа юмыг өөрийн биеэр туулж гараагүй цагт зовлон, жаргалыг нь мэддэггүй юм даа. Та ДОХ-гүй болохоор ямар байдгийг мэдэхгүй. Дэнгийн эрвээхэй хүртэл галын дөл рүү орж шатаж үхсэнийхээ дараа л халуун, үхлийн аюултай гэдгийг нь мэддэг шүү дээ. Бусдын зовлонг хэн ч үүрэхийг хүсдэггүй учир хорвоо ийм харгис байдаг юм. Надад энэ өвчнийг халдаасан хүн өвчтэй гэдгээ мэдэж байсан.

-Мэдэж байсан гэв үү..?
-Тийм ээ, өөрийгөө ДОХ-той гэдгийг мэдэж байсан ч надад халдаасан. Ер нь, хагас цаг хүрэхгүй жаргалаар нэгэн насны амьдралаа сольдог нь энэ өвчний хамгийн аймшигтай зүйл нь. Нуулгүй хэлэхэд, би ижил хүйстэнээ сонирхогч, та нарын хэлдгээр гомо. Өөрийгөө ийм өвчтэй, үхнэ гэдгээ мэдсэнээс хойш энэ тухай илүү их эргэцүүлж, ухаарсан юм.

-Ер нь, аз жаргал гэгч юу юм бол?
-/хэсэг эргэцүүлэв/ Аз жаргал хүн бүхэнд бий. Өглөө унтаад сэрэхэд чинь гэр тань дулаан байх, дуртай кино чинь гарах болоход зурагтынхаа өмнө тухлан суух, аав ээждээ загнуулах, алдаж онож явахад чинь алгадаад авах ах, эгчтэй байх, цонхны тавцан дээр болжморууд суун жиргэлдэх /Цонхон дээр суусан болжморуудын сүүдрийг заав/ гээд л аз жаргалыг асар өргөн утгаар ойлгож болно. Тэр ч бүү хэл, чи бид хоёрын ууж буй халуун кофе хүртэл аз жаргал. Энэ хүйтэнд, гадаа гудамжинд, нүхэнд амьдарч буй хүмүүст халуун кофе уух аз жаргал өдөр тутам тохиодоггүйг санах хэрэгтэй. Цаг хугацаа хүртэл аз жаргал. Цагийн зүү цохилж буй чимээ аз жаргалыг илтгэгч хамгийн сайхан зүйл. Хайртай хүнээ хүлээж буй хүнд цаг явж өгөхгүй мэт боловч цаанаа тэр хүлээлт аз жаргал. Гэхдээ би цаг хугацаанаас аз жаргалыг мэдрэхээ больсон. Яагаад гэвэл, чаг чаг дуугарч байгаа нь үхэх өдөр хоног, цаг мөч минь ойртож буйг илтгэдэг. Санаандгүй утсаа харахад 09:07 гэсэн тоо 09:08 болж өөрчлөгдөхийг хараад би минут тутам үхэж байна гэдгээ мэдэрдэг. Тийм болохоор өрөөндөө цаггүй, утасныхаа цагийг дэлгэцэн дээр нь гаргадаггүй, буланд нь цаг гардаг телевизийн суваг үздэггүй...

Түүний ийн хэлсэн үг нь чаг чаг хэмээх нөгөө хэмнэл надад юу хэлэх гээд байсныг ойлгуулав. Хүмүүс ажил, мөнгө төгрөгийн араас аз жаргалаа олохоор өдөр шөнөгүй үхэн хатан ажиллаж байгаа мэт боловч угтаа аажмаар үхэж буй ажээ. Харин Ганаагийн хувьд үхнэ гэдгээ мэдсэн учир цаг хугацааг анзаарч, аяга кофеноос хүртэл аз жаргалыг мэдэрдэг болсон аж. Дээр хэлсэнчлэн, ДОХ-ын халдвар тээгч нь тогтоогдсон 148 хүний, ижил хүйстнээ сонирхогч 33 мянга 750 хүний нэг нь Ганаа. Тэр өөрийгөө ижил хүйстэн буюу салбарын эмч нарын нэрлэдгээр ЭБЭ  буюу Эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэй болж төрсөндөө буруутгадаггүй. Та, би, бид бүгд ч гэсэн буруутгах ёсгүй. Бэлгийн цөөнх буюу ижил хүйстнээ сонирхогч нь аль ч улс орны нийт хүн амын 5-8 хувийг эзэлдэг бөгөөд тэдэнд ийм бэлгийн чиг баримжаа байгалиас заяагдсан. Өөрөөр хэлбэл, хэн ч би ижил хүйстнээ сонирхогч болно гэж сонголт хийлгүй төрдөг. Мөн ямар ч хүн гомо, лесби хүүхэд төрүүлнэ гэж сонгодоггүй. Тийм ч учраас тэд буруугүй.

Тэд буруугүй

Дээр дурдсанчлан аливаа улс орны нийт хүн амын 5-8 хувийг ижил хүйстнээ сонирхогч бүрдүүлдэг. Манай улсын хувьд хоёр сая 900 мянга орчим хүн амтай гэж тооцвол  дунджаар 41 мянга 250 нь ижил хүйстнээ сонирхогчид. Эдгээрээс 33 мянга 250 нь эрэгтэй, 7500-8000 орчим нь эмэгтэйчүүд байдаг аж. Амьтдад хүртэл тохиолддог ижил хүйстнээ сонирхох явдлыг эрдэмтэд энгийн л зүйл хэмээн тайлбарлаж байна. Гэвч нийгэм, олон нийт тэгж хүлээн авч чадахгүй байгаа нь хөндөх сэдэв. Сэдэв гэхийн учир нь мөнөөх 148 хүний 82 хувь нь буюу 96 хүн нь ижил хүйстнээ сонирхогч. Тэднийг хараагдсан хүмүүс мэтээр гадуурхах, шахаж хавчих, нүд үзүүрлэх цаашлаад эрхэнд нь халдах зэргээр нийгмээс улам бүр тусгаарладаг нь ДОХ-ын халдвар тараахад багагүй нөлөө үзүүлдэг аж. Бэлгийн цөөнхүүд эмнэлэгт ирж үзлэг шинжилгээнд хамрагдах нь энгийн хүмүүстэй харьцуулахад цөөн байдаг. Мөн цөөнх гэхийн учир эсрэг хүйстнээ сонирхогчдод татагдах, улмаар бэлгийн харьцаанд орох тохиолдол цөөнгүй гэнэ. Тэдгээр хүнийг бидний хэллэгээр олдмол буюу эсрэг хүйстнээ сонирхогч байж байгаад ижил хүйстэнээ сонирхогч болсон хүмүүс гэнэ. Олдмолууд ижил, эсрэг хүйстэнтэйгээ хоёулантай нь бэлгийн харьцаанд ордог нь халдвар тарах суваг нь олширч буйгийн илрэл. Эхнэр хүүхэдтэй хэр нь ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж, эрүүл саруул эхнэртээ ХДХВ, ДОХ-ын халдвар тараасан тохиолдол ч цөөнгүй. Ийм учраас бэлгийн цөөнхүүд буюу ижил хүйстнээ сонирхогчдыг нийгэмшүүлэх нь чухал. Тэд харь гаригаас ирээгүй, бидэнтэй л адил хүнд хайрлаж дурлах зүрх сэтгэлтэй, хүсэл мөрөөдөл, зорилготой улс. Гагцхүү ганц ялгаа нь бэлгийн чиг баримжаа өөр. Мөн тэрхүү бэлгийн харьцаа нь эрсдэл ихтэй.
Ганаагийн хувьд 17 насандаа ижил хүйстнээ сонирхогч гэдгээ мэдсэн аж. Тухайн үед гайхаж, итгэж чадахгүй, шийтгэл, ял мэтээр сэтгэдэг байсан ч өөртэйгөө адил хүмүүс байдгийг мэдээд эвлэрсэн гэнэ. Угтаа, хүн сайн, муу ч бай цор ганцаараа гэж бодохоос айдас төрөх нь мэдээж. Тэдний эл айдсыг үгүй хийж, нийгмийн нэг хэсэг, бидний нэг, чиний миний найз, таны үр хүүхэд гэдгийг нь ойлгох хэрэгтэй, хүлээн зөвшөөрч чадах соёлжсон ухамсартай байх ёстой. Энэ нь бидний үүрэг. Ардчилал өндөр хөгжсөн АНУ-д XVII зууны сүүл үеэс арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үгүй хийхээр дуу хоолойгоо нэгтгэн тэмцэсний үр дүнд Майкл Жексон үгүй болсон ч нэр алдар нь цуурайтсаар л байна. Америкийн үндэсний спорт болох сагсан бөмбөгийн лигийн тамирчдын 90 гаруй хувь нь хар болоод өнгөт арьстнууд байна. Африк гаралтай хар арьстан АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод байна. Гагцхүү, олон нийт тэднийг хүлээн зөвшөөрч боломж олгосон хэрэг. Тэгвэл бид ч гэсэн бэлгийн цөөнхөд боломж олгох хэрэгтэй. Тэдний дунд улс орныг удирдах ерөнхийлөгч, гайхалтай эрдэмтэд, суут зохиолч яруу найрагчид, Монгол гэх нэрийг дэлхий дахинд дуурсгах тамирчид бий. Ганаагийн хувьд хүмүүнлэгийн чиглэлээр их сургуульд сурч мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ажилладаггүй бөгөөд өөрийн сонирхлоор компьютерийн программ хангамжийн салбарт амжилттай ажиллаж буй нэгэн.

-Та зочид буудалд амьдардаг гэсэн. Багагүй хөрөнгө мөнгө шаардагддаг байх?
-Тэгэлгүй яахав. Анх ижил хүйстэн гэдгийг маань мэдсэнээс хойш гэр бүлийнхэн, эцэг эх маань намайг ойлгох гэж нэг хэсэг тэвчсэн. Дараа нь ДОХ-той болсныг минь мэдээд аав “Чи биднээс огт өөр хүн. Чамд өөрийн гэсэн байх ёстой газар байгаа. Ах, дүү хоёртоо хайртай бол эртхэн яв” гэсэн. Аавынхаа хэлсэн энэ үгийг одоо ч мартдаггүй. Өглөө сэрэх, үдэш унтахаар хэвтэх бүрт бодогддог. “Чи биднээс огт өөр хүн” гэсэн үг нь зүрх рүү минь хурц үзүүртэй гадас шааж байгаа мэт болдог. Би тэр хоёрын хүүхэд болохын хувьд огт өөр байж болох уу. Би ах дүү, аав ээждээ хайртай. Тиймдээ ч хамт байхыг хүссэн. Гэтэл “Ах дүү хоёртоо хайртай бол яв” гэсэн. Гэхдээ би тэднийгээ буруутгадаггүй ээ. Намайг ийм болгосон бурхныг ч буруутгадаггүй. Гагцхүү ийм хувь тавилантай өөрийгөө л буруутгадаг. Яв гээд гаргахдаа аавын нүдэнд нулимс цийлэгнэж байсныг ч мартдаггүй. Цаад өрөөнд ээж уйлж байсныг ч мэдэж байна. Гэхдээ энэ бол тэдний сонголт. Одоо намайг хүрээд ир гэвэл очиход бэлэн. Дүүгээ л маш их санадаг даа.

-Гэр бүлийнхэнтэйгээ уулздаг уу?
-Уулзъя гэж үзсэн. Дүүгийнхээ сургууль дээр хэд, хэд очсон ч надтай уулзахыг хүсэхгүй байх шиг санагддаг. Сүүлд нэг очтол өөр сургууль руу шилжчихсэн гэж байсан. Миний хөөрхөн дүү энэ жил 16 хүрч байгаа. Гэрээсээ гараад зургаа, долоон жил болж байгаа болохоор одоо ч гэсэн жаахнаар нь сэтгээд байдаг юм.
Дүүгийнхээ тухай нууцхан нулимстай ийн ярих тэрээр өр зөөлөн нэгэн гэдэг нь илт мэдрэгдэнэ. Орныхоо цаад талд, хөшигний араар хийсэн гар цүнхээ авч дотроос нь жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргав. Амь шигээ нандигнадаг болов уу гэмээр мөнөөх дэвтрийг давхар хавтсанд хийсэн байх бөгөөд эхний хуудсыг эргүүлбэл гартаа бор өнгөтэй чихмэл бамбарууш барьсан дэггүй жаахан охины зураг хавтсанд нь хадаатай. Тэмдэглэлийнх нь дэвтэр бололтой эхний хуудсанд тавдугаар сарын 27 гэсэн он сар тавиад “Өнөөдөр өвчнөөр биш өөрөө, амиа хорлочихмоор...” гэж бичсэнийг уншиж амжтал “Хувийн нууцыг хуулиар хамгаална шүү хө” гэж хэлээд инээд алдан дэвтрээ хаав. Гадна талд “дэвтэр номер 13” гэж бичсэн нь үүнээс өмнө түүний амьдралыг багтаасан 12 дэвтэр байгааг илтгэнэ.
Түүний инээмсэглэл нэг л уйтай. Хэдий нүүрэндээ инээд тодруулавч нүдэнд нь маш их уй гашуу хуралдсан мэт. Үеийн залуу үхэх тухайгаа мэдэж байгаа, гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч буй гэж бодохоор сэтгэл нэг л хоосон оргино. Өвчтэй, тэр тусмаа ДОХ-той хүнээс ингэж асууна гэдэг доромжилсон хэрэг ч асуухаас өөр арга байсангүй.

-Нас барахаасаа өмнө хийж амжуулахыг хүсдэг зүйл бий юү. Товчхондоо, таны хүсэл мөрөөдөл юу вэ?
-Амжуулах, амжуулах. Би энэ тухай их бодож үзсэн. Хэлээд байвал дуусахгүй. Ямар ч байсан хүнд тус хүргэхийг л хичээдэг. Чамд ингээд ярилцлага өгч байгаа нь энэ хүслийн минь нэг илрэл. Чи бид хоёрын яриаг нэг хүн уншиг. Энэ өвчний тухай мэдэж аваг, ДОХ-той хүнд цаг хугацаа ямар их үнэ цэнэтэй байдаг тухай эргэцүүлэг. Хамгийн ихээр хүсдэг нь хүүхэд. Өхөөрдөм, жаахан охинтой болохыг хүсдэг. Өргөж авна гэсэн үг л дээ. Хэрвээ тэгдэг бол түүнийгээ хамгийн сайн хүн болгож хүмүүжүүлнэ, хүсэл мөрөөдлийг нь хуваалцаж биелүүлэхэд нь тусална, ямар ч үед хамт байдаг хамгийн сайн найз нь байхыг хүснэ. Гэхдээ одоо ингэж бодохоо больсон. Нэг жаахан амьтныг өөртөө дасгачихаад үхээд өгвөл ямар байх вэ дээ.

Бидний аз жаргал гэгч нэрлэдэг зүйл үр хүүхэд ажээ. Хорвоог орхих хоног өдрөө тоолон хүлээж буй нэгний хувьд хүсэвч хясна гэгч болж байхад үр хүүхдээ адгуус амьтнаас зэрлэгээр тамлан зовоож буй нэгнийг бишгүй л сонсдог.
Манай улсын анхны ДОХ-ын халдвар тээгч 1990 онд ОХУ-ын Эрхүү хотноо сурч байх үеэр Камероны иргэнээс халдвар авсан гэдэг. Улмаар эх орондоо ирж 1992 онд бүртгэгдсэнийг эл өвчний эхлэл гэж үздэг. Угтаа, хүн төрөлхтөн 1983 онд эл өвчнийг нээн илрүүлсэн ч өдийг хүртэл өвчнийг эмчлэх төгс эмчилгээ, вакциныг гаргаж авч чадаагүй л. Эсийн үржил, өвчний үйл явцыг саармагжуулах эмчил­гээ, вакцин л байхаас нэг мөр устгах чадалтайг нь гаргаж авахад анагаах ухааны хөгжил хараахан хүчрэхгүй байна. Гагцхүү вирусийн халдварыг саармагжуулж, хүн ам, нийгэмд эл өвчний тухай ойлголтыг сайтар түгээж, хуулийн хүрээнд тэмцэж чадваас дэлхийн улс орнуудын эл өвчний эсрэг тэмцэж буй хамгийн сайн арга юм. Манай улс эл үүргээ маш сайн биелүүлж буйг энд цохон тэмдэглэх нь зүйтэй. Анхны тохиолдол 1992 онд бүртгэгдэхээс өмнө буюу 1987 онд ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх тухай Сайд нарын зөвлөл, Намын их хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч байсан нь эл өвчний эсрэг хэрхэн тэмцэж ирсэнийг илтгэнэ. Угтаа, 148 гэдэг манайх шиг хүн амтай улсын хувьд харьцангуй бага үзүүлэлт. Нийт хүн амын 0.1 хувьд ч хүрэхгүй тоо. Хуулиар өвчний тархалтыг бууруулна гэхээр хүмүүс гайхаж мэгддэг. Автобусны буудал, нийтийн бие засах газар гэхчлэн олон нийтийн газруудад харагддаг ухуулах хуудас зэрэг нь хуулийн хэрэгжилтийн нэг хэлбэр. Үүгээр ч зогсохгүй зочид буудлын ширээнд дээр байдаг бэлгэвч хүртэл эл өвчний эсрэг төр засаг, ард иргэдийн тэмцэж буйгийн илрэл.

ХӨСҮТ-ийн “Улаан тууз эмнэлэг”-т нэг хүнээс шинжилгээ авахад 10 ам.долларын өртөгтэй бөгөөд эл зардлыг улсаас даан жилдээ 500 орчим мянган хүнийг хамруулдаг. Энэ бүхнийг ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх тухай Монгол Улсын хуулиар зохицуулна. НҮБ-аас манай улсыг ХДХВ, ДОХ-ын эсрэг тууштай тэмцэгч хэмээн сайшаасан нь эл хуулийн хэрэгжилтийг илтгэх болов уу. Ямартай ч, хүн төрөлхтнийг туйлдуулж буй эл өвчин арьсны өнгө, шашин шүтлэг, нас хүйс хамаархгүй хэн бүхэнд заналхийлнэ. Тийм ч учраас энэ нь танд, таны үр хүүхэд, гэр бүлийнхэнд ч хамаатай асуудал. Тэмц, тэднийхээ төлөө аз жаргалыг мэдэр. Агшин бүрт чаг чаг хийн дуугарах цаг хугацааг үнэл. Нарт хорвоогийн юм бүхнийг өмчлөгч цаг хугацааг хайрла. Цаг нь болохоор цаг хугацаа өгсөн бүхнээ буцаан авна.
0 Сэтгэгдэл
Ovchtei gedgee medseer baij hund haldaadag ter buh chotgoruud horvoogoos hurdan zailaasai. Tiim b-r hund itgeh argagui bolson tul manai zaluuchuud ooroo oorsdiigoo sain hamgaalj yavah heregtei shuu. Tegvel ooriigoo, toruulj osgoson saihan aav eej, ah duugee hetsuu baidald oruulahgui shuu dee. Hend ch ***** itge. Ene saihan zaluugiin itgeliig hosorduulj horloson ter hun odoo uhsen bailgui dee. Chamd amjilt husie. Setgeliin tenheerei baij urt naslah heregtei shuu.
Зорьж оччихоод арай дэлгэрэнгүй ярилцаагүйм байх даа. Тоо баримтыг хаанаас ч олоод уншчихна ш дээ
ижил хүйстэн. хэдхэн жилиын өмнө үнэхээр гаж сонсогддог байсан энэ үг өнөөдөр хэвийн зүйл мэт л санагддаг болж. Дараа нь ДОХ гэдэг...
xetsuu yumaaa.aimar yum. yaj xuntei suunaa. chi eruuluu bichgee avaad ir geltein bish. tusaxgui gex magadlal tun tsoon. odoo ch xamaa namaagui xavitsdag boljee.
ewii ewii ter aaw eej hoyr daanch dee bvr uruwdchihluu
hue tanaih bichsen setgegdel ni gardaguimuu
Ямар өрөвдмөөр юм бэ? Аав ээж нь хатуу хүмүүс юмдаа :(
Хамгийн их уншсан