Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилжигсдээ даллах Шинэ сумын төв удахгүй үүдээ нээнэ

“Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон албаны бусад хүн танилцаад ирлээ. Сэтгэл зүтгэл байхад ямар ч ажлыг хийж болдог гэдгийг “Шинэ сум” төслөөс харж болох. Хүн амын шилжих хөдөлгөөнийг зогсоох, орон нутгийг бие даан хөгжүүлэх зорилготой уг төслийн ажил Баянлиг суманд аль хэдийнэ 90 хувийн гүйцэтгэлтэй болсон байна. Биднийг Баянлиг суманд очиход шөнийн 02:00 цаг болж байсан ч аймгийн төв, бүүр хот гэж андуурмаар гэрэлтүүлэгтэй тохилог сайхан сум биднийг угтсан юм. Сумын төв тус бүрд 13000 гаруй метр квадрат бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Гэхдээ энэ тоо зөвхөн баригдсан барилгын л зай талбай. Үүн дээр цогцолборын цэвэр, бохир, дулаан, цахилгааны бүрэн шийдэл 800 гаруй метр авто зам, 4000 шахам метр явган хүний зам ногоон байгууламж, гэрэлтүүлэг гадна тохижилтын ажил цогцоороо хийгдэж байгаа юм.

Шинэ сумын төвд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулгын дэмжлэгээр хүүхэд залууст зориулсан хөлбөмбөгийг талбай байгуулжээ. Сумын сурагчид уг талбайд л өнждөг болсон талаараа баярлан ярьж байна билээ.


“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ

Баянлиг суманд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын гадна ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. “Шинэ сум” төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Их модун”  ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Барилгын ажил бараг 90 хувь нь хийгдээд байна. Одоо зөвхөн дотор заслын ажил үлдсэн. Харин спорт цогцолборын барилгын материалын нийлүүлэлт  саатаад  10 гаруй хоногийн өмнө ирсэн. Одоо угсралтын ажил хийгдэж  байгаа. Дотор заслын материал эхнээсээ ирж байна.

Тиймээс энэ ондоо багтаад шинэ сумыг хүлээлгэн өгнө” гэсэн юм. Одоогоос зургаахан сарын өмнө “Шинэ сум” төслийг эхлүүлэх гэж байхад хэн нэгний мөнгө угаах ажил хэмээн хардаж байсан болон одоо ч хардсаар байгаа хүмүүст Хонгор нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалт ёстой гэнэтийн бэлэг болж чадлаа. Суманд хийгдэж байгаа гээд өнгө үзэмжгүй, чанаргүй,  нүд хуурсан зүйл тэнд огт алга. Инженерийн шугам, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чаджээ.

Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой нь гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Америк, Канадад баригдаж байгаа нийт барилгын 80-90 хувийг уг технологоор барьдаг болсон гэдгийг шинэ сумын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цэдэнсодов онцолж байсан юм. Тэрбээр “Манай улс байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй энэхүү технологийг нэвтрүүлсэн 12 дахь улс болсон. Канад технологийн модон барилгад 70 жилийн чанарын баталгаа өгдөг. Тиймээс ч сумдын шинэ төвд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд эргэлзэх зүйлгүй. Бетонон барилга дотор амьдрахаас модон барилгад амьдрах нь хүний насыг найман жилээр уртасгадаг гэдгийг Японы судлаачид нотолчихсон байгаа” гэсэн юм. Төсвийн хөрөнгөөр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр гүйцэтгэгч байгууллагууд нь хумслах зовлон байнга байдаг нь нууц биш. Гэтэл “Шинэ сум”-ыг барьж байгаа энэхүү Канад технологийн өөр нэг давуу тал нь барилгын материалаас “хулгайлах” ямар ч боломжгүй аж. Учир нь яг төлөвлөгдсөн хэмжээгээрээ бүх материал нь ирж угсрагддаг. Тиймээс стандартын шаардлага хангахгүй, чанаргүй барилга баригдах вий гэж санаа зовох шаардлагагүй юм билээ. Энэ мэт шинэ суманд Монгол Улсад суманд анх удаа гэсэн тодотголтой олон зүйлийг дурдаж болохоор байсан юм. Тухайлбал, Шинэ сумын цэвэрлэх байгууламж нь хоногт 65 шоо метр усыг 90-92 хувиар цэвэршүүлж гаргах аж. Улмаар тэрхүү шүүгдээд гарсан усыг зөвхөн ундны уснаас бусад бүх зүйлд хэрэглэх боломжтой болох юм. Гэхдээ сумын иргэд ногоон төгөл байгуулахад уг усыг ашиглах зорилготой байгаа гэсэн. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай юм билээ. Тиймээс Баянлиг суманд цаашид баригдахаар төлөвлөж байгаа орон сууцны хаусны хотхоныг ч цахилгаанаар хангах асуудалд толгой өвдөхгүй бололтой.


Улаанбаатарт амьдарч байсан Баянхонгор аймгийн иргэд нутаг буцаж байна

Монгол Улсын Засгийн газар хөгжлийг хөдөөгөөс харсан энэхүү “Шинэ сум” төсөл нь нүдээ олсон ажил болж чадлаа хэмээн нутгийнхан ам сайтай байгаа. Учир нь суурин газар руу шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөн уг төслийн ачаар багасах нь тодорхой болсон байна. Энэ талаар Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа “Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрийн дагуу сумдыг хөгжүүлэх их бүтээн байгуулалт манай суманд эхлэн ид өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд манай сумаас 325 хүн ажиллаж байгаа. Ингэж олон ажлын байр бий болсон тохиолдол өмнө байгаагүй. Өөрөөр хэлбэл, жилд 50-60 ажлын байр нэмэгддэг байсан бол энэ жил 325 ажлын байр нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс “Шинэ сум” төсөл дөнгөж бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байхад л бидэнд үр өгөөжөө өгч эхэлсэн. Шинэ сум баригдаж эхэлснээс хойш манай суманд Өмнөговь, Архангай гээд олон аймгаас хүмүүс шилжин ирж байна. Зэргэлдээх сумдаас ч, нийслэлд амьдарч байсан манай сумын иргэд ч олноороо ирж байгаа. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдээ нутагтаа буцаад ирээрэй гэж хэлмээр байна. Нийслэлд байгаа бүх зүйл манай суманд бий болсон шүү. Надаас гадна Монгол Улсын бүх Засаг дарга “Шинэ сум”-ыг бариулахыг хүсч,  хүлээж байгаа. Гэтэл хамгийн түрүүнд манай сум сонгогдсон болохоор би их азтай Засаг дарга”гэлээ. Үнэхээр ч хүүхдээ сургах сургууль, цэцэрлэг, хэвтэж эмчлүүлэх эмнэлэг, спорт,  соёлын төв, тохилог ажлын байр гээд залууст  хэрэгтэй бүх зүйл нутагт нь бий болсон болохоор иргэд нутагтаа ажиллаж амьдрах сонирхол нэмэгдэх нь ойлгомжтой юм. Тиймээс их дээд сургуулиа амжилттай төгссөн залуус орон нутагтаа ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй болж байгаа юм.

Баянлиг сумын иргэн Д.Оюун “Гудамж талбай, ойжуулалт, цахилгаан станц гээд орчин үеийн хотод  байх ёстой тэр бүхэн суманд маань бий боллоо. Суманд маань ийм сайхан бүтээн байгуулалт хийнэ гэж ёстой зүүдэлсэнгүй явлаа. Тиймээс би сумынхаа хөгжилд юу чаддагаараа тусалж байгаа. Сайхан сургууль, цэцэрлэгтэй боллоо. Хойч ирээдүй болсон хүүхдүүд маань сайхан тухтай орчинд өсч,  хүмүүжих  боллоо. Хуучин сургууль, цэцэрлэг, тамгын газрын байруудыг ашиглан сумын иргэдэд ажлын байр бий болгож өгнө гэсэн” хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа. Ингээд бид “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа дараагийн сум болох Бууцагаан сумыг зорьсон юм.

Шинэ сум төслийн ажлын явцтай танилцахаар очсон УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга:   “2013 оны улсын төсөвт Баянхонгор аймгийн хоёр суманд тус бүрт нь 10 тэрбум төгрөгөөр тооцон суулгаж шинэ сумын төвийг барьж эхлүүлсэн. Бидний хувьд туршлага нэлээн дутсан ялангуяа барилгын компаниудад. “Шинэ сум” төслийн ажлыг хийхэд тулгарсан хүндрэл гэвэл  Монголд энэ хэмжээний ачаалал аваад уг төслийн ажлыг хийчих барилгын компани байхгүй байсан. Түүнчлэн холоос машинаар барилгын материалуудыг тээвэрлэн авчирч, угсарсан болохоор замын зардал нэлээн гарсан. Ер нь шинэ сумын ажил хийгдэж байгаа хоёр сум нийтдээ 26 мянга 400 ам.метр бүтээн байгуулалт хийгдсэн. Тэгвэл Улаанбаатарын төсвөөр бол 1 ам.метр нь сая төгрөг гэж бодвол шинэ сумын төсөв 24 тэрбум төгрөг болохоор байгаа юм. Гэвч улсын төсөвт 20 тэрбум төгрөгөөр суулгачихсан. Хөдөө орон нутагт буюу алслагдсан газар их хэмжээний мөнгө зарцууллаа гэх шүүмжлэл байдаг. Гэхдээ би үүний эсрэг байр суурьтай байгаа. Орчныг нь сайжруулаад эхлэхээр хөдөө орон нутагт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчин ирээд ажиллах боломж бүрдэнэ гээд олон давуу тал бий болно. Шинэ сум төсөл хэрэгжих эхлэхэд төлөвлөлт дахин хийгдэж дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Ингэснээр хөдөө орон нутгийг орон сууцжуулах боломж бүрдэж байгаа. Төсөл ийнхүү ажилттай хэрэгжиж эхэлснээр хөдөө хотын ялгаа арилах, иргэдийн шилжилт хөдөлгөөн багасах болов уу гэж найдаж байгаа” гэлээ. 

 

Бууцагаан сумын хуучин захиргааны байранд талх, оёдлын цех төвхнөжээ

Биднийг Бууцагаан суманд очиход мөн л харанхуй болсон байсан ч шинэ сумын гэрэл чийдэн нь асчихсан сайхан угтсан юм. Бууцагаан сумын хувьд бүтээн байгуулалтын ажил арай удаашралтай байгаа аж. Энэ талаар “Шинэ сум” төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэгч “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий инженер Г.Өсөхсайхан “Барилгын гадна угсралтын ажил 80 хувьтай явж байна. Спорт цогцолборын барилгаас бусад бүх барилгын гадна угсралт дууссан. Спорт цогцолборын ажил 20 хоногийн дараа дуусчих байх. Тиймээс дотор заслаа хийгээд ирэх оны нэгдүгээр сарын 20 гэхэд шинэ сумыг хүлээлгэж өгнө” гэсэн юм. Бууцагаан сумын барилгын ажил ийнхүү удааширсан нь өмнө нь барилгын материал нийлүүлэлтээс болоод бага зэрэг саатсаных гэнэ. Шинэ сумын төвийг байгуулах барилгын материалыг Канад улсаас тээвэрлэж, БНХАУ-д угсран бүтээн байгуулалт өрнөж байгаа сумд руу 3000 гаруй км тээвэрлэн хүргэдэг ажээ.

Барилгын ажлыг гүйцэтгэгчид энэ талаар ярихдаа ”Канадын амбан захирагчийг ирэх үеэр тус улсын модон барилгын технологийг манай улс ашиглаж байгаа учраас цаашид түүхий эд нийлүүлэх, үйлдвэр барих боломжийн талаар ярилцаж, ҮХАА-н сайд Х.Баттулга хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан гэсэн мэдээ зурагтаар харсан. Манайх өөрийн улсдаа энэ үйлдвэрийг нь байгуулчихвал, цаг хугацаа зардал хэмнэнэ, эхний хоёр суманд энэ бүтээн байгуулалтыг хийснээр үйлдвэр дээрх сургалт явагдаж, олон хүн мэргэжлийн чиг баримжаатай болж байна” хэмээн хэлэв.

Тус сумын хувьд одоогийн ажиллаж байгаа нутгийн захиргааны барилгынхаа зарим өрөө тасалгааг суллан жижиг дунд бизнес эрхлэгчдээ ажлын байртай болгожээ. Бууцагаан сумынхаа хэрэгцээний нэлээд хэсгийг хангадаг найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талхны цех, оёдлын хоёр ч цех ажлын байр гэж санаа зоволгүй үйл ажиллагаа явуулж байна. Шинэ сумын төв ашиглалтад ормогц, одоогийн сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт ашиглаж ирсэн байшингуудаа жижиг дунд бизнесийг дэмжих инкубатор төв болгож, бизнес эрхлэгчиддээ ажлын байр гаргаж өгөх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан