Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дахиад л Засаг дарга нар

Засаг дарга гэж хэн бэ. “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж хуульд тодорхойлжээ. Харин зарим Засаг дарга өөрийгөө тухайн нутаг орныхоо хэмжээлшгүй эрхт хүн мэтээр төсөөлдөг. Тийм ч болоод авлига, хээл хахуульд холбогдож, тендер будлиантуулан мөнгө төгрөг үрэн таран хийсэн хэрэгт хутгалдаагүй нь тун цөөхөн. Томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрч байхад хэрэг мандааж яваа засаг ноёдын дуулиан ч гарч эхэллээ.

Хөвсгөлийн ИТХ Л.Цэрэнжавыг авч үлдэх үү

Сонгуулиар бүрдсэн ИТХ нь сонгосон Засаг даргаа Ерөнхий сайдаар хүлээн зөвшөөрүүлж чадахгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Арга буюу Засаг даргын түр орлон гүйцэтгэгч томилоод бас л хэрүүл тэмцэл болж, өмнөх дөрвөн жилд удирдсан Л.Цэрэнжавт аймгаа тамга тэмдэгтэй нь  хариуцуулав. Гэтэл Авлигатай тэмцэх газар түүнийг шалгаад тендер зарлаж, сонгон шалгаруулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасныг тогтоож. Түүнийг эхнэрийнхээ компанид тендер өгсөн хэмээн үзсэн байна. Ингээд Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал Ерөнхий сайдад хүргүүлжээ. Уг асуудлыг Ерөнхий сайд шийдэх хууль эрхзүйн үндэслэл байхгүй учир аймгийн ИТХ-аар хэлэлцэхээр болж байгаа аж. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  32.2-т заасны дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага авч хэлэлцэнэ.  Тус хуулийн 32.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны хуралд хүргүүлэх бөгөөд 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэж бий.
Улсын ирэх оны төсөв батлагдсантай холбоотойгоор аймгуудын ИТХ хуралдаж, төсвөө хуульд заасан хугацаанд хэлэлцдэг. Тэр дагуу Хөвсгөл аймгийн ИТХ хурал ирэх сарын 4-нд хуралдах тов гарсан байна. Магадгүй ,энэ хурлаар Засаг дарга Л.Цэрэнжавын асуудлыг авч үзэж мэдэх юм. Тус аймагт орон нутгийн сонгуулиар ИТХ-д МАН олонхийн суудал авсан. ИТХ-ын 41 төлөөлөгчийн 22 нь МАН-ынх учраас Засаг даргаа авч үлдэх магадлал өндөр байхыг үгүйсгэхгүй.

Дундговь аймагт огцруулах аян өрнөж байна

Дундговь аймгийн ИТХ уржигдар хуралдаж Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах шийдвэр гарган, үүнийгээ Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Аймгийн Хулд сумын Түймэрт цагаан дахь жоншны бичил уурхайтай холбоотой хэрэг өнгөрөгч есдүгээр сард гарч байсан. Засаг дарга С.Сүхбаатар тус уурхайд шалгалт хийж, зөрчил илрүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Р.Цэрэндоржийг үүрэгт ажлаа гүйцэтгэж, хуулийн дагуу ажилласных нь төлөө өрөөндөө дуудаж шанаадсан. Тэрээр Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа “Эм Жи Би” компанид “Зууны түншлэл” ХХК-ийн дансанд 110 сая төгрөг шилжүүлж, гурван жилээр гэрээ байгуулсан тохиолдолд жонш худалдаж авахыг зөвшөөрнө гэсэн утга бүхий албан тоот явуулсан баримт интернэтээр тавигдсан.
Түүнийг хандивт өгсөн 25 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй хэмээн АТГ шалгаж ч байв. Энэ мэт үндэслэлээр аймгийн ИТХ-ын 18 гишүүн санал нэгдэж, гарын үсэг цуглуулан, түүнийг огцруулах асуудал өргөн барьжээ. АН 15, хоёр нь нам бус, МАХН-ын нэг төлөөлөгч ийнхүү нийлээд өнгөрсөн зургадугаар сард огцруулах асуудал оруулсан ч ИТХ-ын тов гарахгүй байсаар өдийг хүрсэн. Олон сар хурлаа зарлаж чадахгүй байсан ИТХ-ын  хурал хуралдахын тулд ИТХ-ын дарга С.Буджав эрхээ өөр нэг төлөөлөгчид шилжүүлсэн байна. Ингээд хурал ч зарлагдаж, Засаг даргыг ч унагаахаар санал нэгдэж.
Харин үүнийх нь хариуд ИТХ-ын дарга С.Буджавыг суудлаас нь мултлах ажиллагаа явж эхэлжээ. ИТХ-ын хоёр гишүүн хурлын даргаа огцруулах асуудал өргөн бариад байна. Ирэх сарын 5-нд хуралдах ИТХ-ын ээлжит хуралдаанаар түүнийг суудалдаа үлдэх эсэхийг шийдэх нь бололтой.

Архангайд бас л...

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг АТГ шалгаж буй гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс сонирхоод эхэлж. Өмнө нь тэрээр аймгийнхаа Багшийн коллежийн захирлаар ажиллаж байхдаа мөн л албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байжээ. Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл Хөвсгөл аймгийн Засаг даргынх шиг нөхцөл байдал үүсч болзошгүй нь.
0 Сэтгэгдэл
Дундговийг татан буулгах хэрэгтэй дангаараа явахгүй аймаг байна ш дээ
Буджав бацаан юугаан чадах вэ дээ
Хамгийн их уншсан