Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч “Чингис бонд”-ын хөрөнгөөс зээл авчээ

Засгийн газар “Чингис бонд”-ын хөрөнгөөр хөдөө аж ахуйн салбарт олгох төслийн хөнгөлөлттэй зээлийг “Голомт” банкаар дамжуулан олгож байгаа. Энэ хүрээнд тус банк  “Монгол Улсын үйлдвэржилт хөгжлийн төв”-тэй хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр “Монгол Улсын үйлдвэржилт хөгжлийн төв” хөнгөлөлттэй зээлийн төсөлд хамрагдахаар “Голомт” банкинд мате­риа­лаа ирүүлээд буй үйлд­вэр­лэгчдийн техник, тоног төхөө­рөмжийн түвшин, иж бүрэн байдал, хүчин чадал болон бусад шаардлагатай үзүүлэлтүүд, үнэ ханшийн талаархи мэдээллээр ханган ажиллах ажээ. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн  хүрээнд сан­хүү­жилт шаардлагатай бай­­гаа үйлдвэрлэгчдэд хур­дан шуурхай зээл гаргах боломж олгох юм. Одоогоор тус банк “Чингис бонд”-ын хөрөнгөөс үндэсний 40 гаруй үйлдвэрлэгчидын хэрэгцээт зээлийг нь өгөөд буй ажээ. 

Дээрх санамж бичигт гарын үсэг зурах үеэр “Голомт” банкны дэд захирал бө­гөөд Байгууллагын банк­ны газрын захирал Б.Оюун-Эрдэ­нэ “Манай банк “Чин­гис бонд”-ын хөрөнгөөр санхүү­жүүлж байгаа таван салбарын төслийг хүлээж авсан.  Аж үйлдвэрийн сал­барын компаниуд үйл ажил­лагаагаа өргөтгөх, тоног тө­хөөрөмжөө шинэчлэх зо­рилготой байгаа. Үүнийг бид санхүүжүүлж байна. Энэ ажлын хүрээнд “Монгол Улсын үйлдвэржилт хөгжлийн төв” үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжийн сонголтод туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах судалгаа хийж өгөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд туслах юм” гэв. 


Р.Батгэрэл: Зээлийн механизм нь буруу байсан учраас манай үйлдвэрлэл хөгжөөгүй

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр “Монгол Улсын үйлдвэржилт хөгжлийн төв”-ийн захирал Р.Батгэрэлтэй ярилцлаа.

-Үйлдвэрлэл хөгжүүлэх салбарын яам нь дэмжсэн. Одоо санхүүгийн бай­гууллагтай хамтран ажил­лах санамж бичиг бай­гууллаа. Цаашид ямар үр дүнтэй ажил хөврөх вэ?
-Засгийн газрын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтоо хэрэг­жүү­лэх үйл ажиллагаанд хамт­ран ажиллахаар дээрх санамж бичигийг байгуулж бай­гаа юм. Ингэснээр  “Үйлд­вэржилтийн шинэ эрин үе” эхэлж үйлдвэрлэгчдээ дэмжих боллоо гэж хэлж болно. Энэ санамж бичигт тусгаснаар “Голомт” банк төрийн бодлого, үйл ажил­ла­гаанд нийцсэн, эдийн засаг, нийгмийн үр ашигтай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийц­сэн үйлдвэрлэлийн төс­лүүдийг санхүүжүүлнэ. Мөн үйлдвэрлэлийг цогцоор нь кластерийн системээр хөг­жүүлэх шийдэл, шине техно­логи нэвтрүүлэх зорилогтой. Үү­нээс гадна  банк сан­хүү­гийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.  Бизнес эрхлэгчдийг до­тоод, гадаадын импортын сан­хүүжилтийн зээлд хамруулах боломж бүрдүүлж өгнө. Бас үйлдвэрийн тоног төхөө­рөмжийг лизенгээр олгоно.
 
-Төр засгаас үйлдвэр­лэ­л хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авч ирсэн. Гэвч үйлдвэрлэл нэг л хөгжиж өгөхгүй байгаа гэдэг. Үүний шалтгаан юу юм бол гэж бодож байна вэ?
-Тийм. Өмнөх Засгийн газар “Үйлдвэржилтийг дэм­жих жил”, “Бизнесийн орч­ныг сайжруулах жил” гээд үйлд­вэрлэлийн чиглэлийн бодлого хэрэгжүүлсэн. Гэвч үйлдвэрлэл нь бодит амьдрал дээр хөгжиж чадахгүй байгаа юм.  Учир нь төр засгаас үйлдвэрлэлийн нэгдсэн бод­ло­гогүй явж ирсэн.  Үүнээс гад­на үйлдвэрлэлийн то­ног төхөөрөмжийн мэд­лэг, мэдээлэл бизнес эрхлэг­чид, иргэдэд дутма­гаас шалтгаалсан. Бас үйлд­вэр­лэгчдэд олгох санхүү зээлийн механизм нь буруу байсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл хөгжүүлнэ гээд төсөл бичсэн хүнд зээл өгснөөр үйлдвэрлэл хөгждөггүй юм.

-Манай улсад ямар ямар чиглэлийн үйлдвэрлэл хөгжих бололцоо байна вэ?
-Тийм ийм чиглэлийн үйлдвэрлэл хөгжүүлнэ гэ­хээсээ илүү суурь үйлдвэрээ эхлээд хөгжүүлэх ёстой. Жишээлбэл ундаа үйлдвэрлэе гэхэд түүний түүхий эд болох сироп хэрэгтэй. Үүнийг нь бас үйлдвэрлэх шаардлага гарч ирж байна аа даа. Тэгэхээр суурь үйлдвэрийг нь дэмжиж байгуулах нь зүй ёсны шаардлага тулгарч байна. 

-Зээлийн санхүү­жил­тийн эх үүсвэр нь хаанаас гарч байгаа вэ?
-Төрөөс үйлдвэрлэлийг дэм­жих санхүүжилтийг  “Го­ломт” банкаар дамжуу­лахаар “Чингис бонд”-ын мөнгөнөөс тусгасан.  Өнөөдөр манай биз­нес эрхлэгчдэд ний­гэм,  эдийн засгийн үр ашиг­тай, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, эргэлтийн хөрөнгө зэргээ  тодорхой тооцсон төсөл цөөхөн байна. Үүнийг сайжруулахын тулд “Голомт” банк манай төвтэй хамтарч ажиллаж байгаа юм.

-Тэгэхээр санхүүжилт авч чадах сайн төсөл байх­гүй байгаагийн шалтгаан юунд байна вэ?
-Үйлдвэрийн төсөл бо­ловс­рууллаа гэхэд дийлэнх ху­вийг нь тоног төхөөрөмж эзэл­дэг. Үүн дээр бид эргэл­тийн хөрөнгө хэдэн төг­рөг байх вэ гэдгийг маш на­рийн тооцоолсон төсөл гар­гаж ирэх ёстой. Манай төв тухайн үйлдвэрийн тө­сөлд  ямар ямар тоног тө­хөө­рөмж шаардлагатай гэх тоо­цоо түүний иж бүрдлийг нь тодорхойлж өгнө. Зээл хүсч байгаа зарим тө­сөлд үйлдвэрийн тоног төхөө­рөм­жийн тооцоо иж бүрдэл нь дутуу байдгаас банкинд очоод буцдаг юм. Тэгэхээр үйлд­вэрийн ашиг орлого, зардал, түүхий эд, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөө нарийн нягт нямбай тооцсон үнэн бодит үнэлгээтэй төслүүдийг л дэмжинэ гэсэн үг. Тухайн төслийн үнэлгээ үнэн бодитой байна гэдэг нь санхүүжилт авах бололцоо бүрдэж буй хэрэг.   Түүнээс биш адил төслөөс хуулаад тавьсан, судалгаа муутай, үндэслэлгүй тоо баримт тавьсан төсөл хаанаас ч зээл авч чадахгүй байгаа юм.

-Зээл олгохдоо барь­цаа хөрөнгө шаардаж,  урьд­чилгаа мөнгө авах уу?
-Урьдчилгаа төлөөд байх­гүйгээр төслөө нягт чамбай, нарийн тооцоо судалгаатай бичээд л хандах хэрэгтэй. Тэгэхдээ тухайн компанийн үйл ажиллагааны чиглэл, санхүүгийн чадамжийг хар­на. Зээлийн барьцаанд нь үйлдвэрийн тоног төхөөрөмж нь орж болно. Банк зээл олгохдоо барьцаа хөрөнгө шаардсан нөхцөлд жижиг дунд үйлдвэрийн зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжтой.

-Нэг аж ахуйн нэгжид төдөн төгрөгөөс илүү зээл олгохгүй гэсэн хязгаар байгаа юу?
-Тийм хязгаар байхгүй. Нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй хөнгөн үйлдвэрлэл болон бусад чиглэлийн үйлд­вэрлэлийн төслийг санхүү­жүүлэх юм.

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ямар улсаас нийлүүлэх юм бол?
-Европын орнууд, Хятад, Тайвань, Солонгосоос ний­­лүүл­­нэ. Тоног төхөө­рөм­жөө импортын санхүү­жил­тийн зээ­лээр нийлүүлэх болол­цоотой. Энэ нь тухайн орны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн экспортод гарах тохиолдолд тэр улсын Экспорт, импортын банкнаас олгож буй зээл юм. Уг  зээлийн хүү улс улсад өөр байдаг. Жишээлбэл Тайванийх 2-5 жилийн хугацаатай долоон хувийн хүүтэй.
0 Сэтгэгдэл
БАЯАРЛАЛАА
Хамгийн их уншсан