Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усны асуудлаар түншлэгчид тулгарсан хүндрэлээ зөвшилцлөө

Усны салбар 1990 оноос хойш болсон өөрчлөлт шинэчлэлийн давалгаанд өртсөөр, өндийсөөр өнөөг хүрчээ. Энэ асуудлыг ярьдаггүй хүн ч ховор болж, бүгдээрээ хэлэлцэж буруугаа тогтоодог сайхан цаг ирж. Гэвч урьдны асуудал улам хуримтлагдсаар, бэрхшээл хүндрэл улам даамжирсаар байгааг мартаж болохгүй. Тиймээс усны салбарт дорви­той шинэчлэл үгүйлэгдэж, бүх талын оролцогч хамтрах шаардлага үүссэн тул “Усны түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт хурал, чуулган зохион байгууллаа. Усны үндэсний хорооны зохион байгуулсан уулзалтад 113 байгууллага, аж ахуйн нэгжийн 200 орчим тө­лөөлөгч чуулав. Гэвч тэд­ний ард оролцох хүсэлтэй олон хувь хүн, хуулийн эт­гээд байсан ч нөхцөл болол­цоондоо тааруулж өдий тооны төлөөлөгч хамруулсан гэдгээ зохион байгуулагчид онцолж, хүлцэл өчсөн юм. Энэ удаад тул­гамдсан асуудлуудаа тойм­лон ярилцаад түү­ний дараа илүү өргөн хүрээ­тэй, чиглэл зорилго нь тодор­хой арга хэмжээ ч хийж болох. Тодруулбал, “Ул­сын хэмжээний чуулга уул­залт” зохион байгуулж, олон нийтийг хамруулахаар төлөв­лөөд буй юм.

Усны түншлэл гэдэг асуудлыг Дэлхийн банк анх санаачилж байсан гэнэ. 1996 оноос хойш олон улсын хэмжээний түншлэлийн бай­гуул­лага бий болжээ. Өдгөө Дэлхийн усны түншлэл бай­гуул­лагад 189 улс орон нэг­дэж, дэлхийн хэмжээнд 13 газар бүсийн төвүүд ажиллаж буй. Харин Монголын ус­ны түншлэлийг 2013 оны гу­равдугаар сард байгуулж, дэл­хийн түншлэлд гишүүнээр бүртгүүлсэн бол дотоодын 200 орчим байгууллага үндэс­ний түншлэлийн гишүүн боло­хоор гарын үсэг зуржээ. Мөн монголчууд Төв Ази-Кав­казын бүсийн төвийн ги­шүүнээр элссэн. Улмаар Дэл­хийн усны түншлэлийн Азийн бүсийн төвийг Улаанбаатар хотод байгуулах санаачилга гаргажээ. Өөрөөр хэлбэл, ус­ны түншлэлийг орон ну­таг, үндэсний хэмжээнд, сал­барын түвшинд бий болгохоос гадна бүс нутгаа хамарсан түншлэл хөгжүүлэх эрмэлзэл манай улсад бий.

Орчин үеийн усны менежментийн хэлбэрүүд болох Усны нөөцийн нэгдсэн менежмент, голын сав газрын менежмент хөгжүүлэх эхлэл тавигдсан. Энэхүү сайшаалтай үйл хэргийн араас иргэний нийгэм, төрийн бус байгуул­лагын чадавхийг бэхжүүлэх аргач­лалаар төр, хувийн хэвш­лийн түншлэлээ улам бататгах шаардлага бодитоор нүүрлэж буйг уулзалтын төлөөлөгчид онцолж байлаа. Хамтын шийдвэр, ил тод нээлттэй ажиллагаа бий болгосноор аливаа асуудлыг хэн нэгний эрх ашигт нийцсэн, үл мэдэгдэх байдлаар бус олон нийтийн төлөө, урагш харсан, ахиц дэвшил, хөгжил авчирна гэж үзэж буй гэнэ.

Өнөөдөр улсын хэмжээнд усны хэрэглээ ямар байгааг анхааралдаа авах цаг ирсэн. Нийслэлд төвийн шугамд холбогдсон 150 мянга гаруй айл өрх бий. Тэдний дөнгөж 80 мянга нь усны тоолууртай байгаа нь усны салбарынханд тулгамдсан асуудал. Үүний улмаас энэ салбар багагүй алдагдал хүлээж, техник, технологийн шинэчлэл хийх боломжгүй байгааг хурлаар хөндөж байв. Өрхийг тоолууржуулъя гэхээр иргэд “Халуун ус гаргахын тулд эхлээд их хэмжээний хүйтэн ус гоожуулдаг учраас тийм хий мөнгө төлөхгүй” гэж татгалздаг аж. Нөгөө талаас усны чанар, тасралтгүй хангамжийн асуудлаа хадгалъя гэхээр хөрөнгө мөнгө олох нь бүү хэл алдагдал нь ихэссээр байдаг. Ёстой л хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байдалд орчихоод энэ хэвээрээ л мөл­хөж буй. Нөгөөтэйгүүр, хууль эрхзүйн орчин ч тодор­хой бус, асуудлаа шийдвэрлэхэд хангалттай үйлчилдэггүй гэнэ. Иргэдийн зүгээс Хэрэглэгчийн эрхийн тухай болон Шударга өрсөлдөөний гэхчлэн хууль эрхзүйд тулгуурлахыг хүсдэг байна.
Энэ мэт асуудлуудын дунд орон нутагт стандарт, шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээ авч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Улсын хэмжээгээр энэ үзүүлэлт дөнгөж 30 гаруй хувьтай байгаа аж. Дийлэнх аймагт ердөө 20 хувь нь шаардлага хангасан үйлчилгээ авч чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, аймаг, орон нутгийн иргэдэд хүргэх усны үйлчилгээ Мянганы сорилтын сангийн зорилтод нийцэх болоогүй гэсэн үг. Иргэд ундны уснаас хлор амтагддаг, зэвтэй байдаг гэж гомдоллох нь элбэг. Гэвч энэ нь ацан шалаанд орчихсон усны салбарын хамгийн том бэрхшээлээс үүдэлтэй. Тэр нь салбарын алдагдал юм. Одоогийн байдлаар усны үйлчилгээ, аж ахуй эрхэлсэн салбарын хуримтлагдсан алдагдал 100.1 тэрбум хүрсэн гэж судалгааны дүнд дурджээ. 50 шахам жил ашиглагдсан, хүүхдийн зулай шиг нимгэн болтлоо зэвэнд идэгдсэн, хэзээ ч хагарахад бэлэн болчихсон дамжуулах шугам, ашиглалтын хугацаа нь дууссан шахах насос, хуваарилагч зэргийг тогтмол шинэчлэх мөнгө нь тийнхүү алдагдсан гэсэн үг. Хэрэв алдагдалгүй ажиллаж байсан бол нийслэлчүүд ханын цоргоноос гоожсон усаа аягалаад шууд уух боломж бүрдэх байжээ.

Цаашид яах вэ гэдэг асуудал гарах нь мэдээж. Ал­дагдлаа бууруулах, аж­лаа сайжруулах эх үүсвэ­рийг төсвөөс, хөрөнгө оруу­лагчдаас хураах бололцоо хомс үед усны хэрэглээний үнийг нэмэх нь хамгийн боломжит арга. Гэвч үүнийг маш болгоомжтой ший­дэх хэрэгтэйг төлөө­лөгчид сануулсан. Нөгөө талаас авч үзвэл айл өрх телефон харилцаандаа уснаас хэд дахин илүү төлбөр төлж байгааг санах хэрэгтэй. Литр усыг нийслэлийн орон сууцны өрхөд хүргэхэд 75 мөнгө зарцуулдаг бөгөөд сардаа 4500 орчим төгрөгийн төлбөр гардаг байна. Харин суурин утасны нэг минутын яриа 50-150 төгрөг, сар бүрт 20 мянгаас илүү төгрөг тушаадаг. Үүнээс гадна үүрэн телефоны 1-2 гар утас ашиглаж, мөн л төдий хэмжээний зардал гаргадаг. Гэтэл дээрх хоёр хэрэглээний аль нь илүү чухал, амин хэрэгцээтэй вэ гэдгийг жигнээд үзвэл аль нь жин дарах бол.

Хэдий өөрсдөд оногдсон ажлаа бүхий л чадлаараа хийгээд алдагдал хүлээж байгаа ч усны салбарынханд сайшаагдах зүйл бий. Тэд өөрсдийн салбарт олон ул­­сын төсөл, хөтөлбөр олж хэрэгжүүлснээр бай­гаа бүхнээсээ шинэчлэх шаардлагатайг хамруулсан. Тухайл­бал, Бүгд найрамдах Солонгос улсын буцалтгүй туслам­жаар 10 сая ам.дол­ларын төсөл хэрэгжүүлж 86 ус дамжуулах төвөө шинэ­чилж чаджээ. Цахилгааны үнэ нэмэгдсэн нь усны сал­барынханд хүчтэй цо­хилт болсон хэдий ч тэд төс­лийнхөө үр дүнд усны зард­лаа есөн хувь, дулааны зард­лаа 11 хувь, цахилгааны зард­лаа 18 хувиар тус тус хэмнэсэн тооцоотой байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан