Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоймор нутгийнхан хөгжлийн замаа хүлээж авлаа

Аялал жуулчлалын тулгуур төв гэж нэрлэгддэг Хөвсгөл аймгийн хувьд хөгжлийн шинэ үетэйгээ золгох цаг тун ч ойрхон байна. Өчигдөр тус аймгийн Тариалан сумаас Мөрөн хүртэлх 79 км хатуу хучилттай замын хөдөлгөөнийг нээх ёслолд Зам, тээврийн яамны болоод аймаг, сумын удирдлагууд оролцлоо. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын хүрээнд энэхүү 79 км замын ажлыг хийжээ. Ирэх жил үргэлжлүүлэн 160 гаруй км зам тавьснаар хөвсгөлчүүд дэд бүтэцдээ санаа зоволтгүй болох нь. Цаашдаа энэ замаар зорчих зорчигчийн тоо нэмэгдэж, зөвхөн зуны цагт жуулчдыг татдаг бүс байсан бол 2000 оноос тэмдэглэж эхэлсэн “Мөсний баяр”-аа ч брэнд болгох таатай нөхцөл бүрдэнэ хэмээн аймгийн иргэд ам сайтай байгаа юм.Түүнчлэн Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсоноор аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд орох орлого өснө хэмээн аймгийн удирдлагууд харж байгаагаа ярьж байсан. Учир нь, баруун аймгуудын дайран өнгөрөх гол төв болж, тус аймгийн үйлдвэрлэгчид, худалдаачдын ашиг орлого нэмэгдэхээс гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон нутгийн иргэдийн амьжиргаанд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэж хоймор нутгийнхан сэтгэл өөдрөг угтлаа.

Энэхүү замын ажлыг хийж гүйцэтгэсэн “HKB Internatoinal Holding” компанийн талаар зарим нэг зүйлийг танилцуулах нь зөв байх. Тус компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад арав гаруй жил болжээ. Хонконгийн “WanHao Internatoinal Holding” корпорацын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани 2001 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгүүлснээр дэд бүтцийн салбарт өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Авто зам, гүүрийн байгууламж барих, засварлах, барилга угсралт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн Улаанбаатарт хийж гүйцэтгэсэн ажил цөөнгүй. Тухайлбал, их сургуулийн гудамжийг 32-ын тойрогтой холбосон зам, Яармагийн гүүрийн их засварын ажил, Гурвалжингийн хос төмөр бетон гүүрийн их засвар, Улиастайн голын хос төмөр бетон гүүр, Сэлбэ болон Бэлх гол дээгүүрх 83 км төмөр бетон гүүр гээд нийслэлд хийгээд орон нутагт дэд бүтцийн 20 гаруй томоохон төсөл  амжилттай хийж гүйцэтгэжээ. Монгол орны эрс тэс цаг агаар, байгалийн нөхцөлд тааруулан чанар стандартад нийцсэн өндөр түвшний гүйцэтгэл хийх арвин туршлага хуримтлуулсан гэдгээ ч тэд онцолсон.
Энэхүү туршлагадаа тулгуурлан шинэ технологийг ч зам барилгын салбарт нэвтрүүлж байгаа гэнэ. Тухайлбал, Амгалангийн 17,3 м төмөр бетон хос гүүр барихдаа Монголд анх удаа “дам нурууг урьдчилан хүчитгэх” шинэ технологи ашигласан байна. Тус компани Хятад улсад л гэхэд хэд хэдэн гүүр барих том төслийн гүйцэтгэгчээр, Ангол улсад 8-85 давхар барилгын хэд хэдэн ажлыг амжилттай хийж  гүйцэтгэн хүлээлгэж өгчээ. Олон улсад нэр хүндтэй байгаагийн гол үндэс нь тухайн ажлынхаа шаардлага стандартыг ханган чанарыг дээдэлдэгтэй холбоотой гэж компанийн захирал дурдаж байсан.
Ингээд замын нээлтэд оролцсон зарим хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

Зам, тээврийн дэд сайд Х.Ержан:

Шинэчлэлийн Засгийн газрын хатуу хучилттай авто замаар нийслэл орон нутгаа холбох зорилт амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн 2013 онд 1800 км гаруй хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан нь чамлахааргүй ажил гэж бодож байна. Өнөөдөр бид Хөвсгөл аймгийг Улаанбаатар хоттой холбох замын ажлын нэг хэсэг болсон 79 км зам ашиглалтад оруулаад хүлээн авч байгаадаа баяртай байна. Хөвсгөл аймгийн хувьд, иргэдэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байгаа. Энэ замын дагуу нэлээд   хэдэн сум төв замтайгаа холбогдоно.
Мөн аялал жуулчлалын бүс болсон Хөвсгөл аймгийн хувьд жуулчдын тоо нэмэгдэх, аймгийн хөгжилд томоохон хувь нэмэр болох, аймгийн эдийн засагт үр өгөөжөө өгөх олон боломж гарч ирнэ. Ирэх жил бид энэ замын үргэлжлэл болох 160 орчим км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулна.
Ингэснээр Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот маань Улаанбаатар хоттой бүрэн  хатуу хучилттай замаар холбогдох юм. Өнөөдрийн энэ замын ажлыг хийж гүйцэтгэсэн “HKB”,  “Түмэн арвижих” компани, туслан гүйцэтгэгч болон зөвлөх компанийнхан энэ замыг ашиглахад хувь нэмрээ оруулсан бүх хүнд Зам, тээврийн яамны удирдлагын зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Өнөөдөр хөвсгөлчүүдийн маань хүсэн хүлээсэн хөгжлийг ойртуулж өгч байгаа замын маань эхний хэсгийг нээсэн бэлгэтэй сайхан өдөр болж байна. Замыг хугацаанд нь, чанарын өндөр үзүүлэлттэйгээр ашиглалтад өгсөн “HKB”, “Түмэн арвижих” мөн зөвлөх компаниар ажилласан “Хязгааргүй хөдөлгөөн” компанид хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ зам маань ирэх онд үргэлжилж баригдана.
2014 онд бүрэн ашиглалтад орох ёстой. Хөрөнгийг бүрэн шийдсэн. Чингис бондын мөнгөнөөс санхүүжүүлнэ. Энэ зам бол хөвсгөлчүүд бидэнд хөгжил авч ирнэ, хөгжлийг түргэсгэж өгнө. Тэгэхээр энэ замыг хэдий хурдан дуусгана төдий хурдтай хөгжил ойртоно гэж бодож байна.

Зам, тээврийн яамны Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон:

Энэ жил авто замын салбарт нийтдээ 8024 км хатуу хучилттай замын ажил хийж гүйцэтгээд байна. Салбарын хүрээнд нийт 9000 гаруй хүн ажлын байраар хангагдсан, 5000 гаруй тоног төхөөрөмж энэ бүтээн байгуулалтад оролцлоо. Ирэх жил гэхэд бид Мөрөнг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох зорилтоо биелүүлнэ. Энэ жилийн хувьд тодорхой хэмжээний далангийн ажлууд хийсэн. Мөн ирэх онд Чойбалсан, Өмнөговь аймгийг нийслэлтэй холбох зорилтоо гүйцээнэ. Энэ жил тэдгээр аймгийн замын далангийн ажлыг хийж дуусгасан. Засгийн газрын ирэх жилийн зорилтын хүрээд Баруун-Урт, Говь-Алтай, Тосонцэнгэл, Улиастайг холбох ажил эхэлнэ. Одоогийн байдлаар Баруун-Урт чиглэлийн 170 км замын далангийн ажил үндсэндээ дууссан. Өнөөдөр замын нээлтээ хийж, нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдож байгаа Мөрөн сумын иргэд, хөвсгөлчүүддээ аз жаргал хүсье.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар:

Монгол Улсын төр засгаас хөдөө орон нутгийг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал тавьж байгаагийн нэг илрэл бол дэд бүтцийн асуудлыг шийдэж буй явдал юм. Шинэчлэлийн Засгийн газраас зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил Хөвсгөл аймаг багтсанд манай аймгийнхан баяртай байгаа. Өнөөг хүртэлх хоёр жилийн хугацаанд “HKB” компани 79 км замыг чанарын өндөр түвшинд, технологийн дагуу чанартай сайн хийж гүйцэтгэсэнд манай ард иргэд талархалтай хүлээн авч байна. Манай аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдсноор хөгжлийн хурд нэмэгдсэн сайхан бүтээн байгуулалт боллоо гэж ард иргэд маань ярьж байна. Ингээд ард иргэдийнхээ өмнөөс энэ ажлыг хийхэд оролцсон төрийн болон хувийн хэвшлийн нийт хүмүүстээ баярласан талархсанаа хэлье.

“HKB Internatoinal Holding”  компанийн захирал Жан Ван Зун:

Тариалан-Мөрөн чиглэлийн 79 км замын хөдөлгөөнийг нээж байгаадаа баяртай байна. Энэхүү төсөл 2012 оны зургадугаар сараас хэрэгжиж эхлэсэн. Энэ төсөл ингээд зогсохгүй бид ирэх онд энэ замын үргэлжлэл 40 орчим км зам барих ажлыг хийж гүйцэтгэнэ. Ирэх жилийн төслөө бид долдугаар сарын сүүл гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллана.
Замын чанарын хувьд бид технологи, зургийн дагуу хийж гүйцэтгэсэн. Энэ замын хувьд ч чанарын талаар санаа зоволтгүй гэдгийг би батлан хэлэх байна. Бид энэ ажлыг гүйцэтгэхдээ хамгийн их мөрдлөг болгож ажилласан зүйл бол гэрээний шаардлагын дагуу чанартай, хугацаандаа хийж гүйцэтгэхийг зорилго болгон ажиллалаа. Энэ зам ашиглалтад орсноор Хөвсгөлийн ард түмэнд томоохон хөрөнгө оруулалт боллоо гэж үзэж байна. Миний бодлоор Хөвсгөл бол аялал жуулчлал түлхүү хөгжсөн аймаг.Тийм болохоор аялал жуулчлалын хөгжилд зам харилцаа сайн байх нь нэн чухал гэж бодож байна. Монгол Улсын аялал жуулчлалын бүс болсон нутгийг нийслэлтэй холбосон энэ замыг ашиглалтад оруулснаараа Монгол Улсын дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалт хийлээ гэж манай компани үзэж байгаа.

Замын нээлтийн ёслолын үеэр энэ ажилд идэвх зүтгэл гарган ажилласныг нь үнэлж Зам, тээврийн яамны хүндэт жуух бичгийг HKB Internatoinal Holding компанийн төслийн менежер Жан Хаоранд Зам, тээврийн дэд сайд Х.Ержан гардуулсан юм.

Ийнхүү Хорьдол сарьдгийн нуруундаа адислаж хүч авдаг хоймор нутгийнхан хөгжлийн шинэ үетэйгээ золгох цаг ойрхон байна.
0 Сэтгэгдэл
shan shan
бодвол нөгөө алтанхуяг бид хийсэн гэж солиорох байхдаа ичихгүй
Энэ замыг тавих ажил 2012 оны 5 дугаар сард албан ёсоор эхлэснийг энэ хүмүүс санаж байгаа болов уу. Хуучин Засгийн газраас шилжиж ирсэн бүтээн байгуулат шүү. Эхлэлийн туузыг МАН, төгсгөлийн туузыг АН хайчилж байна даа.
Hk b chine Dari ehiin zamiig guildsan yarmag iin guuriig hezee zassan ym ***** med hujaa uud chi ta bidnii hen negnii hiih yostoi ajiliig hiigeed baina shuu dee bid yagaad hiij bolohgui gej hiih hun argiig oldog hiilgehgui humuus shaltag toochdog
Хамгийн их уншсан