Ховд аймгийн Монголын ардчилсан холбооны анхдагч Б.Болдтой ярилцлаа.
-Ховд аймагт ардчиллын төлөөх анхны цуглаан болсон гэдэг. Тэр дунд таныг байсан гэдэг юм билээ?
-1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ховд аймагт анхны улс төрийн жагсаал цуглаан аймгийн Багшийн дээд сургуулийн багш, оюутнуудын жагсаалаар эхэлсэн юм. Тэр үед би Ховд аймгийн хотын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Залуучуудтай их ойр ажилладаг байсан болохоор тэр талаархи мэдээллийг эрт сонссон л доо.
Ховд аймгийн залуу уран бүтээлчдийн нэгдэлд Багшийн дээд сургуулийн оюутнууд идэвхтэй явдаг байсан юм. Говь-Алтайн оюутан Цоодол утга зохиолын нэгдэлд явдаг байлаа. Чөлөөт уран бүтээлч Наранхүү гэдэг залуу, театрын жүжигчин Лхагваа, Цоодол бид дөрөв уулзаж, өөрчлөлт шинэчлэлтийн тухай ярилцдаг байсан юм.
1989 оны тавдугаар сараас хойш өөрчлөлт шинэчлэлт, Ховд аймгийн хүнд суртлын эсрэг залуучууд босох ёстой гэж бид ярилцдаг байлаа. Утга зохиолын нэгдэл дээр ч бас энэ талаар яригдаж байсан. Багшийн дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга Эрдэнэцогт, Зохиолчдын хорооны дарга байсан Багшийн дээдийн багш Цэдэвийн хүү Батсэнгээ, багш Энхбаяр, Батцоож багш, Мөнхтөр нар өөрчлөлт шинэчлэлтийн талаар ярьдаг байж. Тэгсэн Цоодол маань нэг өдөр багш, оюутнууд уулзаж, ярилцаад Ховд аймгийн намын бага хурлаас өмнө хөдөлгөөнд орох хандлага гарчихлаа гэлээ. Би Мөнхтөр, Энхбаяр, Батсэнгээ, Эрдэнцогт нартай ч уулзав. Ховд аймгийн залуучуудын байгууллагын өмнөөс та нартай нэгдэх сонирхолтой байгаа шүү гэж хэллээ. Хотын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор миний үг тэр залууст нэлээн хүч өгсөн юм болов уу гэж боддог. Арванхоёрдугаар сарын 7-ны өглөө бид жагсаал хийгээд Ард Аюушийн хөшөөг гурав тойроод аймгийн намын хорооны бага хуралд өөрчлөлт шинэчлэлтийг түргэтгэх, Улс төрийн товчоог огцрох шаардлага тавина гэж Эрдэнэцогт хэлсэн. “Та өглөө есөн цагт хотын эвлэлийн хорооныхоо үүдэнд зогсч байгаарай” гэдэг юм байна. Би ч талбайн зам дагуу байрладаг байсан хотын эвлэлийн хорооныхоо үүдэнд зогсч байхад жагсаад орж ирсэн л дээ. Тэгээд тэдэнтэй нэгдээд аймгийн захиргааны үүдэнд очсон. Багш, оюутнууд ч жагсаалынхаа зорилгыг чанга яригчаар ярьж, олон ч хүн үгээ хэлсэн.
-Та нарын жагсаалыг аймгийн дарга нар яаж хүлээж авсан бэ?
-Аймгийн дарга нар гарч ирээгүй л дээ. Монголд анх удаа улс төрийн жагсаал цуглаан болж байгаа болохоор эвэртэй туулай харсан шиг л юм болсон. Цонхоороо хараад зогсч байгаа дарга нарт хандаж би үг хэлсэн. “Та нар наанаасаа гарч ирээд үгээ хэлээч ээ. Ард түмнийхээ дунд орж үгийг нь сонс. Та нар яахаараа цонхны цаанаас зураг, авч бичлэг хийж байгаа юм. Гарч ирээд наад бичлэгээ хийж, зургаа ав” гэсэн. 200-300 оюутан нэгдсэн том жагсаал болсон юм шүү дээ. Ховд аймгийн театрын жүжигчин Чилгэр, Хот тохижилтын дарга байсан Хархүү гуай гээд багш оюутнууд ч үгээ хэлсэн. Харин жагсаал болсон орой аймгийн намын хороо хуралдаж биднийг авч хэлэлцсэн байсан. Хуралдаад намайг бас авч хэлэлцсэн байгаа юм. Хорь гаруй хүн хуралдаад хэлэлцэхэд тэднээс хоёр нь л Болдын зөв гэж гар өргөсөн. Ахуйн үйлчилгээний эвлэлийн дарга байсан Нарантуяа, Ханын материалын үйлдвэрийн эвлэлийн дарга байсан Бахитбек нар л залуучууд өөрчлөлт шинэчлэлтийг хүсч байгаа гэж дэмжсэн. Маргааш нь аймгийн цагдаагийн хэлтсээс хүмүүс ирж миний өрөөг лацадсан.
-Яагаад тэгсэн юм бол?
-Жагсаал хийсэн орой нь Наранхүү, Цоодол, Лхагваа бид дөрөв ухуулах хуудас наасан юм. Хэрвээ өнөөдрийн Багшийн дээдийн багш, оюутнуудын тавьсан шаардлагыг нухчин дарах хандлага гаргах юм бол “Дөрвөн Ойрадын бүлэг” үүнийг тууштай дэмжиж цаашид тэмцэх болно гэсэн агуулгатай ухуулах хуудас наасан. Орон нутгийн гол, томоохон газруудад нааж билээ. Эхлээд ухуулах хуудсаа бичгийн машинаар бичиж байгаад сүүлдээ гараар дармалдсан юм. Бичгийн машины үсэг өөр өөр байсан учраас манай эвлэлийн хорооны бичгийн машинаар бичсэнийг цагдаагийнхан мэдчихгүй юу. Тэгээд өрөөг маань лацадсан. Улаанбаатарт арванхоёрдугаар сарын 10-нд жагсаал болж, Монгол орон даяар хөдөлгөөн өрнөсөн болохоор миний өрөөний лац, ломбыг удалгүй авсан.
-Тухайн үед жагсаал цуглаан хийсэн хүмүүст хариуцлага тооцдог байсан шүү дээ. Та нарт ямар арга хэмжээ авч байсан бэ?
-Яг тухайн үедээ арга хэмжээ аваагүй. Жагсаалын маргааш бүх албан байгууллагад намын хорооныхон очиж ярилцлага хийсэн байсан. Энэ бол дандаа бүтэлгүй хүмүүс, буруу зүйл хийлээ гэж биднийг буруутгаж тайлбарласан. Орон нутагт бол хавчих, боох зүйл байнга явж байсан. Бидний тэмцэж явсаны хамгийн том гэрч тухайн үеийн МАХН-ынхан байдаг. Тэр үеийн намын хорооны дарга байсан ахмадууд одоо ч ярьдаг л юм. “Болд оо, чи биднийг мөн ч их зовоодог байж билээ” гэдэг.
Ер нь, тэр жагсаал бол Монголын хамгийн анхны улс төрийн жагсаал цуглаан гэдгийг манай дээдчүүд хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх Ховдоос хөдөлгөөн эхэлсэн гэдгийг хэлсэн. Хотын дарга Бат-Үүл баатар бас нэг удаа Ховдоос эхлэлтэй гэдгийг хэлсэн л дээ. Гэхдээ түүхэндээ албан ёсоор оруулдаггүй. Түүх түүхээрээ л үлдэх ёстой. Монголын шинэ цагийн, ардчилсан хувьсгалын түүх юм шүү дээ. Энэ жагсаалыг түүхэнд тэмдэглэж, хуульчлах ёстой.
-МоАХ-ны ойг тохиолдуулж аймаг, орон нутгийн салбарууд түүхээ ном болгож бичсэн байдаг. Ховдын Ардчилсан холбооны салбарын түүхэнд бичигдсэн биз дээ?
-Манай Чилгэр ах “Шөнө мандсан нар” гэдэг ном бичсэн. Тэр номыг манай аймгийн намын дарга байсан эрхэм дүү Пүрэвдорж ивээн тэтгэж хэвлүүлсэнд нь талархаж явдаг. Анхны жагсаал цуглаан Ховдод болж, “Дөрвөн Ойрадын бүлэг” гэж ажиллаж байсан гээд бид дөрвийн зурагтай номонд орсон. Биднийг нойрноос сэрээх тэр ажлыг дөрвүүлхнээ эхлүүлсэн гэдгийг нь хожуу мэдсэн гэдгийг номондоо бичсэн. Ховд аймгийн жагсаалын тухай ганцхан миний үг хэлж байгаа зураг л байдаг юм билээ. Би бүр сүүлд нь тэр зургаа Багшийн дээдийнхнийхээ уулзалтаар олж харсан. Оюутнуудын жагсч байгаа зураг, миний зураг хоёр л байдаг гэсэн. Миний үг хэлж байгаа зураг АН-ын төв байранд байдаг гэж сонссон доо.
-Ховд аймгийн МоАХ-ны үйл ажиллагаа одоо ямархуу байгаа вэ?
-Улаанбаатарт цуглаан болсны дараа Ховдод МоАХ байгуулагдсан юм. Тухайн үед жагссан хүмүүс салбар зөвлөлөө байгуулж байсан. Ховд аймгийн Ардчилсан холбоо намчирхдаггүй, АН-ыг дагадаггүй байснаараа онцлог. Анхнаасаа ч тийм бодлого барьдаг байсан юм. Аль ч намыг дэмждэг хүмүүс манай салбар зөвлөлд байлаа. Тийм ч болохоор Ховдын АН-ын байранд МоАХ байрладаггүй. Арванхоёрдугаар сарын 7-нд манай МоАХ-ны баяр болох гэж байгаа. Анхнаасаа явсан манай холбооны 70 орчим хүн бий. Зөвхөн аймгийн төв дээрх хүмүүс нь ийм. Сумдад байгаа хүмүүсээ оролцуулбал илүү олон болно.
Олон жил МоАХ-ны үйл ажиллагаа зогсонги байлаа. МоАХ-ны дөрөвдүгээр их хурлын индэр дээр Ховд аймгаа төлөөлж миний бие үг хэлсэн. Хилийн цэргийн дээд сургууль төгссөн офицер, хил манаж байсан хүн учраас Монгол эх орноо хилээс нь эхэлж мэддэг. Хилээ ч мэдэхгүй, эх орноо ч мэдэхгүй хүмүүс Монгол Улсыг худалдаж байна. Монгол орныг дампууруулж, төрөөр тоглож байна шүү дээ. Ийм хүмүүсийг Монголоос хөөх ёстой гэж тэр хурал дээр үг хэлж байсан.
-Одоо та хаана ажиллаж байна вэ?
-Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанид Хүний нөөцийн алба хашиж байгаа. Манай МоАХ-ныхон бол “янзага” Болдоо гэдэг хочоор минь андахгүй. МоАХ-ны орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Равдандорж маань Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн захирал болсон. Ховдоос намайг, Хөвсгөлөөс Туяаг, Хэнтийгээс Батсайханыг, хотоос “сахал” Пүүжээг ажилд авсан юм. Би намаас нэг ч ажил авч байгаагүй.
Эцэст нь хэлэхэд, алс баруун хязгаарт ардчиллын галыг анх асаалцан манлайлж явсан журмын нөхөддөө, Ховд дахь Багшийн сургуулийн тэмцэгч багш, оюутнууддаа энэ баярынхаа мэндийг хүргэе.