Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөцийн махны чанарыг I зэрэг рүү ахиулав

Энэ сарын 25-ны өдөр бүрэн дуусч, худалдаанд гаргах ёстой 2014 оны нөөцийн махны бүрдүүлэлт эхлээд байна. Улаанбаатарт хоёр компани нөөцийн махны менежерээр сонгогдон ажлаа 70 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж буй юм. Энэ жил нийслэлд хонь, үхэр, ямааны 12 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотод тус бүр мянган тонн мах нөөцөлнө. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 11 мянган тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 14 мянган тонн хүргэж ахиулахаар төлөвлөжээ.
Дархан, Эрдэнэтийн нөөц бүрдүүлэлт одоогоор асуудалгүй яваа бол нийслэлийн бүрдүүлэлт удаашралтай гэх шүүмжлэл дагуулж, санхүүжилт тасарсан хэмээх мэдээлэл гарав. Үүний мөрөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тэргүүтэй мэргэжилтнүүд Улаанбаатарт нөөцийн махны менежерээр сонгогдсон хоёр байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал, “Баатарууд Тэнгэр” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК-ийн зоорь, савлагааны газраар орсон юм.

Нөөцийн мах түгээх ажил шинэчлэгдэв

Засгийн газраас “Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т 85 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ удаа нөөцийн мах зах зээлд нийлүүлэх, хэрэглэгчид хүргэх ажил хэд хэдэн шинэлэг зохион байгуулалтын хүрээнд явагдаж буй. Үүний эхэнд махны чанарыг дурдах нь зүйтэй. ҮХААЯ-ны хувьд нөөцийн махны худалдааг зохион байгуулах ажлыг хүлээн аваад хоёр дахь жилдээ орж байна.

Өнгөрсөн жилийн хувьд хоёрдугаар зэргийн мах нийлүүлж байсан бол энэ удаад нэгдүгээр зэргийн мах авахыг менежер компаниудад шаардлага болгон гэрээнд тусгажээ. Малын махыг 1-3 хүртэл зэрэглэн ангилдаг. Гуравдугаар зэрэгт тураалтай малын өөхгүй махыг багтаадаг бол хоёрдугаар зэрэглэл нь түүнээс жин, илчлэгээр арай илүү, өөхтэй байдаг аж. Харин 2014 оны нөөцийн мах нэгдүгээр зэргийнх гээд бодохоор ард иргэдийн ам дамжсан “муу мах” гэдэг ойлголт үгүй болох нь. Харин ч яг одоо хүнсний захын лангуунд зарагдаж буй зарим махнаас илүү чанартай, таргатай, өөхтэй гэсэн үг. Товчхондоо, нөөцийн махны чанар зах зээл дэх махны чанартай эн тэнцүү болж дүйсэн гэдэгт найдаж болно. Махыг “MNS  1111-2007” стандартын нэгдүгээр зэрэгт орох эсэхэд менежер компаниуд хяналт тавьж, шалгаж, шаардлагатай бол 2-3 дугаар зэрэглэлийн махыг авахгүй буцаах эрхтэй. Нөгөөтэйгүүр, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, арилжааны банкны төлөөлөгч нар тухайн маханд хөндлөнгийн хяналт тавьж, баталгаажуулж буй юм. Махны чанарыг шалгах энгийн нэгэн үзүүлэлт бол жин. Ямааны мах гулуузаараа 15 кг-аас бага жинтэй бол, хонины гулууз 20 кг-аас бага байвал “Баатарууд Тэнгэр” болон “Эй Эн Ди Эм” компани нөөцөнд авахгүй байхаар тооцжээ. Дээрх энгийн жишгээр анхны шалгуур хийж буй махыг цаашид шат шатны хяналт, шалгалтаар баталгаажуулаад ирэхээр 2014 оны нөөцийн мах хэчнээн чанартай, илчтэй, өгөөжтэй байх нь төсөөлөгдөх биз ээ.

Үүний араас махыг сертификатжуулах ажил шинэчлэлийн жагсаалтад багтана. Дээр хэлсэнчлэн хөтөлбөрийн санхүүжилт тасарсан гэх мэдээлэл нь энэ ажилтай холбоотой ч байж болох юм. “Баатарууд Тэнгэр” компанийн гүйцэтгэх захирал Х.Цэцэгмаагийн хэлснээр менежер компани орон нутгаас махаа татаж агуулахад авчраад тодорхой шинжилгээ, хяналтаар баталгаажуулсны дараа банкнаас санхүүжилт хөрөнгөө гаргуулж байгаа учраас нэг хоногийн хүлээлт үүсч магадгүй ажээ. Гэхдээ сертификат ирсэн тохиолдолд өдөрт нь зээл гаргаж өгөхийг хичээн ажиллаж байгааг “Баатарууд Тэнгэр”  компанийн харилцагч Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч хэлэв. Махыг сертификаттай болгосон нь нөөцийн махыг бүртгэлтэй, хяналттай, чанартай байлгах давуу талтай. Жишээ нь, МХЕГ-ын улсын байцаагч хадгалалт, эрүүл ахуй, махны чанарт мэргэжлийн зүгээс хяналт тавьж, дүгнэлтээ гаргах бол ОБЕГ-ын байцаагч ч мөн махнаас үүдэж олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учрахгүй гэдгийг батлан шалгана. Арилжааны банкны төлөөлөгч хэдэн тэрбумаар хэмжигдэх зээлийнхээ найдвартай байдлыг хангахын тулд бүхий л үйл ажиллагаа зөв гольдролоор явж буйг хянана. Үүнээс гадна “Баатарууд Тэнгэр” компанийн төлөөлөгч ч давхар хяналтаар баталгаажуулсан баримт бичгийг сертификат хэмээж буй юм. Арилжааны банк зөвхөн баталгаатай баримтад тулгуурлаж зээл гаргана. Эс бөгөөс өөрсдөө хохирох эрсдэлтэй. Тиймээс энэ олон шатны шалгалт, аюулгүй байдлын баталгаа, үйл ажилагааны эрсдэлгүй байдлын эцэст нөөцийн мах найдвартай, ямар нэг проблемгүй гэдэгт итгэж болох нь. Улсын хэмжээнд бэлдэх 14 мянган тонн мах бүгд сертификатаар баталгаажиж худалдаанд гарах юм. Одоогийн байдлаар Эрдэнэтэд махны 87 хувь, Дарханд махны 85 хувь нь сертификатаа авчээ. Нийслэлийн хоёр компанийн бүрдүүлээд буй 7382 тонн махнаас 4434 тн буюу 60 хувийг сертификатаар баталгаажуулсан байна. “Баатарууд Тэнгэр” компанийн Баянзүрх дүүрэг дэх агуулахад 6000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар 4200-4500 тонныг бэлтгэсэн байгаа ажээ. Үүний 1800 тонн махыг сертификатаар баталгаажуулжээ. Харин “Эй Эн Ди Эм” компанийн агуулахад 3882 тонн махны нөөц бүрдүүлснээс 2688 тонн маханд “Голомт” банкнаас сертификат авсан байна.

Өөр  нэгэн онцлох зүйл нь үхэр, ямааны цул махыг 0.5 кг-ын хэмжээтэй жижиглэн савлаж борлуулна. Учир нь, өнгөрсөн оны байдлаар иргэд таван мянган төгрөгтөө тааруулж мах авъя гээд ирэх явдал элбэг тохиолджээ. Амьжиргааны төвшин доогуур, бөөнд нь бус өдрийн хоолны махаа авах боломжтой өрхүүдэд зориулан махны савлагааг багасгасан нь энэ. Ингэхдээ үхрийн махны таван хувь, ямааны махны 10 хувийг шулж ясгүй худалдахаар болж. Энэ жилийн хэрэгжилт, явцын байдлаас шалтгаалж цаашид их хэмжээгээр шулсан мах борлуулах эсэхийг шийдвэрлэх боломжтой. Харин хонины махыг шулахгүй гэнэ. Учир нь, ямааны махнаас ялгахад хэцүү нөхцөл байдал үүсэх тул ястай нь борлуулахаар төлөвлөжээ. Үхрийн цул мах нэг кг нь 8000 орчим төгрөг байх бөгөөд зах зээлийн өнөөгийн ханшаас 3-4 мянган төгрөгөөр доогуур байх аж. Ер нь, энэ жилийн нөөцийн махыг өнгөрсөн оныхоор баталж, хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр зах зээлд тогтсон ханш бий болж, махны үнийг буулгах боломж бүрдэх гэнэ.
Х.Золжаргал даргын хэлснээр савлагаа, уутлах ажилд ч ахиц гарчээ. Дээр дурдсанаар 0.5 кг-аар савласан цул махыг жижиглэн худалдаанд гаргана. Мөн мах, ясны зохистой харьцааг баримталж хөрөөдсөн хоёр, гурав, таван килограммаар уутлан савлах эсвэл гулуузаар худалдахыг заасан байна. Ийнхүү уутлахдаа чанартай, тээвэрлэлт болон эдэлгээ даах уут сонгохыг менежер компаниудад үүрэгдсэн. Мөн тээвэрлэж борлуулагч дэлгүүрт хүргэхдээ зориулалтын хайрцагт хийж, ачиж явахыг тусгасан байна. Өмнөх хөтөлбөрийн хувьд махыг ууттай нь ачиж тээвэрлэхэд гялгар уут нь урагдах, мах ил гарч ариун цэврийн шаардлага хангахгүй болох явдал түгээмэл гарч байсан нь ийм шийдэлд хүргэжээ. Нөгөөтэйгүүр, мал, мах бэлтгэх, хадгалах,  жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах зэрэг бүхий л үе шатанд “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-ын хэрэгжилтийг ханган, түүхий эд, бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлсэн байх ёстой. Энэ бүхэн нь менежер компанийн хийж, хэрэгжүүлэх ёстой ажил юм.
Нөөц бүрдүүлэлтээ дуусгасны дараа менежер компаниудын өмнө жижиглэн борлуулагч дэлгүүрүүдээ олж, гэрээ байгуулах ажил үлдэнэ. Улсын хэмжээнд ойролцоогоор 600 гаруй цэгээр нөөцийн мах борлуулдаг. Үүний дийлэнх нь нийслэлийн хоёр компанид хуваарилагдах нь зүй юм. Борлуулагч дэлгүүрүүдэд мах хадгалах хөргүүрийн системтэй байхыг анхны шаардлага болгосон нь ихээхэн хүндрэл учруулж байгаа юм. Тодруулбал, дийлэнх дэлгүүр махаа лангуунаас худалдаалдаг нь шийдвэрлэхэд төвөгтэй нөхцөл үүсгэжээ. Өөр нэгэн бэрхшээл бол худалдааны төв, хүнсний захуудад нөөцийн мах борлуулах явдал. Дээрх байгууллагууд нөөцийн махны лангууг тусад нь байгуулж, махны захаас тусгаарладаг нь гүйлгээнд сөргөөр нөлөөлдөг тул энэ жилээс Хүнсний захуудын холбооны удирдлагатай уулзаж, тодорхой шийдэлд хүрэхээр болсон аж. Түүнчлэн борлуулах цэгүүдийн ажил­лагаа, хадгалалтыг ҮХААЯ, менежер компани бүрэн дүүрэн хянах боломжгүй тул энэ ажилдаа төрийн бус байгууллагуудтай хамтрах шийдэл хайж буй гэнэ.

Нөөцийн мах бол хамгийн “жижиг” ажил

ҮХААЯ, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй эдийн засгийн хөгжлийг дунд болоод урт хугацаанд тогтворжуулах хөтөлбөр гурван төрлөөр хэрэгжиж буй. Эдгээрийн хамгийн “жижиг” буюу богино хугацааных нь нөөцийн махны ажил юм. Үүний өмнө хоёр томоохон ажил байгаагийн нэг нь эрчимжсэн аж ахуйг нийслэлийн ойр орчимд олноор нь байгуулж жил бүрийн хүнсний нийлүүлэлтэд нэмэр болох төсөл. Харин нөгөө нь агуулах, зоорь, хадгалалтын багтаамж нэмэгдүүлэх зорилготой. Энэ хүрээнд зоорь байгуулах ажлын эрхийг одоогоор 23  аж ахуйн нэгж авч хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Гэвч эдгээрийг сонгон шалгаруулахад хэд хэдэн шатны шалгуур орсон тухай Х.Золжаргал дарга хэллээ. Анх хүнсний ногоо, махны зоорь агуулах барих зар түгээхэд байгууллагуудаас нийт 700 тэрбум төгрөгийн дүнтэй санал цугларчээ. Тэд үндсэн 11 бичиг баримт бүрдүүлэх ёстой байснаас зарим нь 5, 6-г бүрдүүлсэн байж. Яам үүнээс долоон бичиг баримтаа бүрдүүлж чадсан гүйцэтгэгчийг түүвэрлэхэд шаардлагатай хөрөнгийн дүн 500 тэрбум хүрч буурчээ. Үүнийгээ Монголбанкинд шилжүүлэхэд хөтөлбөрийн хүрээнд тавьсан шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүд нийлээд 180 тэрбум хүртлээ танагдсан аж. Харин цааш нь арилжааны банкуудад хуваарилж, зээл хөөцөлдөхөд шаардлагатай зээлийн хэмжээ 110 тэрбум болж дахин хасагдсаны эцэст зоорь байгуулагч компаниуд сая ажлаа эхлүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээл боловч бүх мөнгө нь арилжааны банкны мэдлээс гарч байгаа тул зээлийн шалгуур, эргэх хяналтыг арилжааны банк өөрөө хариуцна. Өчигдөр ҮХААЯ-ны ажлын хэсгийн шалгалтад хамрагдсан “Эй Эн Ди Эм” компанийн зоорийг дээрх шалгуураар гүйцэтгэж, барьж босгосон гэнэ. 2013 оны тавдугаар сараас ажил эхлээд өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад хүлээн авчээ. Нийт зургаан том тасалгаа зоорьтой бөгөөд тус бүрт нь 500 орчим тонн мах хадгалах багтаамжтай. Зориулалтын хөргөөгч тоноглолтой, үүдэндээ хүйтэн салхиар үлээдэг хөшигтэй.

Энэхүү агуулахыг хэчнээн төгрөгийн өртгөөр барьж босгосон нь бизнесийн нууц боловч гурван тэрбумаас бага гэж тайлбарлалаа. Үндсэндээ дээрх хөтөлбөрийн хүрээнд гурван төрлийн агуулах, зоорь байгуулах шаардлага тавьжээ. Нэгдүгээрт, зөвхөн махны зоорь байх бөгөөд нийт үнийн дүн гурван тэрбумаас илүүгүй байх ёстой. Дараагийн шатанд мах, ногооны зоорь хосолмол байж болох бөгөөд үнэ нь зургаан тэрбум төгрөгт багтана. Хамгийн том бүтээн байгуулалт нь есөн тэрбум хүртэл байж болно. Ингэхдээ, мах, ногооны зоориноос гадна шууд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжтой заал танхимтай байх шаардлага тавьсан байна. 3-9 тэрбум хүртэлх санхүүжилттэй хоёр, гуравдугаар шатны агуулахын санхүүжилтийг ердөө өнгөрсөн долоо хоногт батлан олгохоор болсон гэнэ. Тиймээс тэдгээр томоохон бүтээн байгуулалт ирэх оны турш үргэлжилж, 2015 оны нөөцийн мах, ногооны хадгалалтаас үр ашгаа өгч эхлэх бололтой. “Эй Эн Ди Эм”-ийн агуулах хуучин 22-ын товчоонд байрлаж буй юм. Цаашид энэ бүсэд 7-8 агуулах шинээр байгуулахаар төлөвлөсөн байна. Ер нь, Улаанбаатар хотод хөнгөлөлттэй зээлээр босч буй томоохон агуулах, зоорины 30 орчим хувь нь махных, бусад нь хүнсний ногоонд зориулагдана гэж яамны мэргэжилтэн хэллээ. Өөрөөр хэлбэл, махны нөөцөөс илүү хүнсний ногоог хангалттай нөөцлөх нь эдийн засагт багагүй нөлөөтэй болсныг илтгэж буй юм.

Харин “Баатарууд тэнгэр” компани Баянзүрх дүүрэгт буюу Офицеруудын ордны зүүн өмнө байрлах “Тэнгэр” худалдааны төвийнхөө дэргэд томоохон агуулах, зоорь, ангилан савлах цехээ байгуулжээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт буюу “Монос”-ын баруун өмнө талд томоохон агуулах, зоорь түрээсэлж махаа хадгалж буй гэнэ. Хэдийгээр 5000 тоннын багтаамжтай өөрийн мэдлийн, зориулалтын агуулах нь Дархан хотод байдаг ч хөтөлбөрийн хүрээнд махаа нийслэлд нөөцлөх шаардлага тавьсан тул ийнхүү түрээсийн зооринд махаа хадгалж байгаа аж. Гэвч тэд дээр дурдсан 23 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан тул ирэх жилээс томоохон хэмжээний агуулахаа Улаанбаатарт барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан