Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын сүрийг үзүүлэх төрийн ордноо барилгажилтаас хамгаалахсан

Гээндээ ч бий гоондоо бий ч гэгчээр “нүдээ олоогүй” хувьчлалаас болж Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр эзнээ олох гэж их л зүдэрлээ. Хотын төвийн А зэрэглэлийн хамгийн “чамин” газарт байрлах эл үйлдвэрийн барилгыг аврах гэсэн иргэд хуучны гэдгийг нь бодолцон өршөөхийг хүссэн ч менежментийн шинэ арга барил хэмээн 2004 онд яарч хувьчилсан нь эцэстээ олон хүнийг хөлдөө чирсэн нь саяхан.

Тухайн үед асуудал нь “нууц” байсан эл үйлдвэрийн газрыг Ц.Нямдорж гишүүн хотын дарга асан Ц.Батбаяраас "Энэ хэн гэдэг эрхтэн дархтаны газар юм бэ" хэмээн ууртай асуухад " Н.Энхбаяр даргын газар болохоор яаж ч болохгүй  юм" гэж хариулж байсан гэдэг. Эрх мэдэлтнүүдийн гараас гарт дамжин их зүйл үзсэн эл барилга жилээс жилд тоосго, дам нуруугаа алдсаар балгас болон хувирсан түүхтэй. Гэвч барилгажилт борооны дараахь мөөг шиг нэмэгдэж буй өнөө үед хотын төв хэсгийн өнгө төрхийг доош нь чангааж байна хэмээн адлагдсан эл үйлдвэрийн газрыг тойрсон асуудал дуустал хүний нүднээс нуухдаа хучлагаар бүтээн, рекламны том самбараар далдлан өдөр хоногийг өнгөрөөж буй. Түүхийн он цагийг хөөвөөс хуудуутай хувьчлал болох нь илрэн нийслэлийн өмчид эргэн шилжсэнээс хойш найман жилийг ардаа үзэж.

Олон ч хүний нүдний хор орж, хэн бүхний анхаарлын төвд буй эл үйлдвэрийн газрын асуудлыг хотын захиргааныхан энэ онд тэглэхээр шийдэж.  Өөрөөр хэлбэл, ирэх онд хувьчлах байгууламжийн тоонд оруулсан гэнэ. Энэ талаар НӨХГ-ын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шинэхүү “Ирэх онд хувьчлах барилгын жагсаалтад Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилга орсон. Эзэмшил газар нь 1996 онд баталгаажсан юм” гэлээ. Тэгэхээр хотын төвийн А зэрэглэлийн бараг гурван га газрыг хамардаг гэх тус үйлдвэрийн газарт мөнгө нь байвал ямар л бол ямар орчин үеийн шил, толин барилга барьж болно. Гэхдээ ашгүй чихнээс хонх уясан зүйлээс салах нь гэж хотын захиргааныхан баярлахаасаа илүүтэй Төрийн ордонтой хаяа дэрлэн орших эл газарт ямар барилга босох вэ гэдэг нь асуудал мэт.

Магадгүй, эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашина гэдэгчлэн өөрийнхөө газарт юугаа барих нь тухайн хүний эрх мэт боловч төрийн сүр хүчийг харуулахын сацуу өндөр хэмжээний айлчлал болдог бодлогын төвшний төрийн байгууламжийн хажууд зочид буудал, ресторанаа байг гэхэд уушийн газар цаашлаад олон хөл бужигнасан брэндийн дэлгүүрийн барилга баригдчихвал хэцүү еэ.

Энэ талаар Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд юу гэж заасныг үзвэл нэгдүгээр бүлгийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болон төрийн тэргүүн, гүйцэтгэх дээд байгууллага байнга байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгыг Төрийн ордон гэнэ. Халдашгүй дархан байна” гэж заажээ. Харин эргэн тойронд нь ямар барилга байх ёстой, өндөр нь тэд байх ёстой гэсэн хуульчилсан зүйл байтугай дүрэм, журам ч байдаггүй аж. Зөвхөн эл хуулийн гуравдугаар бүлгийн 7.З зүйлд ”Төрийн ордны гадуур хамгаалалт нь УИХ-аас тогтоосон  нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүхэлд нь хариуцна” гэсэн ерөнхий үгээр л илэрхийлж.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүхий л хууль, шийдвэр, тогтоол төрдөг пар­ла­ментын ордныхоо ойролцоо ямар байгууллага байх, байшин савных нь хэмжээг нарийвчлан заадаггүй юм аа гэхэд хэр өндөртэй байна гэж хуульчлан заасан нэг ч үг, өгүүлбэр алга. Тэгэхээр ирэх онд эл барилгын газрыг худалдан авах эрхмийн хувьд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжтой содон, гаж архитектур, загвартай байшин барьсан ч түүний дур байх нь. Яагаад гэвэл, хууль журам зөрчөөгүй учраас. Тэгээд ч бизнесийн бичигдээгүй хуулиар хотын төвд томхон газар авсан хүн зарлагаа нөхөх хэмжээний төсөл хэрэгжүүлэх нь ойлгомжтой.

Гадаадын улс орнуудын хууль дүрмийг шүүвэл, төрийн сүр хүчийг харуулсан парламентын ордон болон хотын төв хэсэгт төрийн байгууллагын сүр хүчийг дарсан өндөр болон худалдаа наймааны чиглэлийн барилга барихыг хориглоно хэмээн заасан байдаг аж. Тухайлбал, ОХУ-ын Москва хотын түүхэн хэсэг буюу 300 жилийн түүхтэй Кремлийн ойр орчимд 50 метрээс илүү өндөртэй барилга барих нь хориотой гэнэ. Түүгээр ч зогсохгүй ойролцоох бусад газарт 75 метрээс илүү өндөртэй барилга барихыг хориглоно гэж заажээ. Ардчиллын эх өлгий гэгдэх АНУ-ын Вашингтон хотод гэхэд Жорж Вашингтоны 169 метрийн өндөртэй хөшөөнөөс илүү өндөртэй барилга ойр орчимд барихыг мөн л хориглож. Төрийн хууль тогтоох байгууллагуудын харалдаа барилгуудыг 50 метрээс илүү өндөр барихыг мөн хоригложээ. Бүр зарим түүхэн барилга, хөшөөг халхлан өндөр барилга ойр орчимд нь барихыг хориглосон ч байх юм. Хэрвээ зайлшгүй барих шаардлагатай гэсэн үндэслэл байвал түүхч, судлаачдаас бүрдсэн зөвлөлөөр оруулан барих эсэх зөвшөөрлийг олгодог гэнэ.

Харин манай улсын хувьд энэ тухай хөндсөн хуулийн заалт алга. Тиймдээ ч, төрийн байгууллагууд төвлөрсөн гэх хотын төв орчимд дэлгүүр худалдаа, зочид буудал, ресторан гээд бүхий л худалдаа үйлчилгээ төвлөрсөн биз.  Ямартай ч, хотын төвийн төрийн байгууллага төвлөрсөн бүс гэхээсээ илүүтэй худалдааны гудамж болох шахаад буй Их тойруугийн гол бүсэд байрлаж буй хэвлэх үйлдвэрийн буурин дээр ямар барилга бариулах эсэхээ шийдэх цаг болж. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байснаас одоо л хуулийн хүрээнд шийдэж болох журам, дүрмээ батлах нь зүйтэй. Цаг хугацаа гэдэг харвасан сум шиг нэг л мэдэхэд өнгөрч их хөлийн газар байгуулагдвал Төрийн ордны хамгаалалтын албаныхныг тэвдүүлэх вий. Бодох л асуудал...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан