Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” үйлдвэрийн шинэчлэлд 43 сая ам.доллар зарцуулна
Уулын баяжуулах “Эрдэ­нэт” үйлдвэрийн Монгол, Оросын хамтарсан зөвлөл 50 дахь хуралдаанаа Улаанбаатар хотод зохион байгуулав. Хоёр өдөр үргэлжилсэн хурал өнгөрсөн баасан гарагт санамж бичигт гарын үсэг зурснаар баталгаажин, өндөрлөсөн юм. Энэ хурлаар хоёр орны хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгд­лийн өнөөгийн байдлын талаар онцлон хэлэлцжээ. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш их бүтээн байгуулалт, эдийн засгийн өндөр өгөөжийн эзэн болж ирсэн ч өнөө үед тулгамдсан хамгийн том асуудал нь техник, технологи. Тийм ч учраас ирэх онд шинэчлэл, өөрчлөлтийн томоохон ажил өрнүүлэхээр талууд тохиролцож Засгийн газар хоорондын хуралдаанаас шийдвэрээ батлав.

Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэрт 37 сая ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөж байсан бол энэ удаа 43 сая ам.доллар хүргэж нэмэгдүүлжээ. Энэ их санхүүжилтээр “Эрдэнэт” үйлдвэрийн бутлах цехийг шинэчилж, дэлхийн хөгжингүй орны жишигт хүргэх боломжтой гэж холбогдох албаныхан хэлэв.
Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, Орхон аймгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцдог байдлыг ч үргэлжлүүлэх санхүүгийн бололцоог шийдсэн байна. Хоёр орны хувь нийлүүлсэн үйлдвэрийн асуудалд олны анхаарал татаж буй нэг зүйл нь өр зээлийн асуудал. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл 5.5 тэрбум төгрөгийн өртэй. Энэ өр зээлийг үе шаттайгаар зохион байгуулж, бие биедээ үүссэн өрийг бүтээгдэхүүн борлуулах хэлбэрээр шийдэхээр тогтжээ.


Д.Цогтбаатар: “Эрдэнэт”-ийг сайхан ирээдүй хүлээж байна

Төрийн өмчийн
хорооны дарга


-“Эрдэнэт” үйлдвэрийн Монгол, Оросын тал 50 дахь удаагийн хуралдаанаа хийлээ. Энэ хурлын үр дүнгийн талаар та юу хэлэх вэ?
-Талууд хөрөнгө оруулалтын санамж бичигт гарын үсэг зурж буй энэ арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэхүйц үйл явдал гэдгийг юун түрүүн онцлох нь зүйтэй. Учир нь, “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол, Оросын удирдлагын талаас цөөнгүй санал санаачилга гаргалаа. Тухайлбал, үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хувьд олон ажил хийхээр тохирч, төлөвлөх тухайд томоохон хөрөнгө оруулалт шийдсэн. Мөн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд орон сууцны хөтөлбөр болон шинээр зураг төслийн ажил хийх асуудалд тодорхой зардал тусгаж өглөө. “Эрдэнэт” үйлдвэрийн бутлах, дамжуулах цех болон бусад байгууламжийн засвар, сайжруулалтын хөрөнгийг ч мөн шийдсэн. Эдгээр ажилд нийт 43 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэдэгт хоёр тал тогтсон байгаа. Анхны саналаар бол 37 сая ам.доллар гэж ярьж байсан ч үүнийг нэмээд бүх ажлыг ойрын хугацаанд дуусгах хэрэгтэй гэж үзсэн учраас зургаан сая ам.доллар нэмсэн. Тэгэхээр 50 дахь удаагийн хуралдаанд талууд аль аль нь ихээхэн ач холбогдол өгсөн хуралдаан боллоо гэж үзэж байгаа.
Ер нь, хоёр орны хамтарсан үйлдвэрүүдийн хөгжлийн төлөв, ирээдүйн талаар дорвитой хөндөж ярилцсан нь хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Цаашид бид дэлхийн зах зээлд “Эрдэнэт” үйлдвэрийн нэр хүндийг хадгалж, улам нэмэгдүүлэх шаардлага үүслээ.

-Дээрх хөрөнгө оруулалтыг олон ажилд зарцуулна гэлээ. Тодорхой жишээ дурдвал?
-Нэг жишээ гэвэл “Эрдэнэт” үйлдвэрээ Эрдэнэт хоттой холбох асуудал юм. Зам, талбайг засахад үйлдвэрийн оролцоог нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтыг баталсан. Мөн хотын инженерийн дэд бүтцийг шинэчлэхэд тодорхой хөрөнгө оруулалт, хувь нэмэртэй ажиллах юм. Энэ нь, үйлдвэрийн ажилчдын төлөө хийж буй ажил боловч нөгөө талаараа Эрдэнэт хотын иргэд, оршин суугчдын төлөөх үйл хэрэг. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хот “Эрдэнэт” үйлдвэрээс ангид байх боломжгүй учраас ирээдүйд нь санаа тавьж, сэтгэл гаргаж байгаа юм.

-Та “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байсан хүний хувьд хамт олондоо ойн баярын мэндчилгээ дэвшүүлэх байх?
-Хүний хувь тавилан сонин юм. Би анх “Эрдэнэт” үйлдвэртээ засварчнаар орж, ажиллаж эхэлсэн. Харин одоо хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хөгжлийн асуудалд нь шийдвэр гаргах боломж ирсэнд баярлаж явдаг. Хувь хүнийхээ хувьд би “Эрдэнэт”-ийн хамт олон, ажилтнууд, ахмад настнууд гээд эрхэм хүмүүстээ хамгийн сайн сайхныг хүсье. Мөн одоо ажиллаж, залгамжилж буй бүх хүнд ажлын амжилт ерөөгөөд та бүгдийн өмнө сайхан ирээдүй, боломж бололцоо бий гэдгийг сануулах байна.


Алексей Владиславович: “Эрдэнэт”-ийнхэн дэлхийд дуурсах алдрыг бүтээгч

“Ростехнология” компанийн
ерөнхий захирлын нэгдүгээр орлогч


-Орос Монголын хамтар­сан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”  нэгдлийн хамтарсан зөвлөлийн хурал болж өнгөрлөө. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд энэ хамтарсан зөвлөлийн хурал нь тэмдэглэлт 50 дахь удаагийнх байлаа. Хуралдаанаар бид хоёр үйлдвэрийн цаашдын хөгжил, үйлдвэрлэлийн хүчин чадлын асуудал гээд олон сэдвээр ярилцсанаас хамгийн гол нь нийгмийн асуудлыг шийдлээ. Бид орон сууц, анагаахын төвийн барилгыг дуусгах асуудлыг авч хэлэлцлээ. “Ростехнологианя” Оросын талын гол хувьцаа эзэмшигч болсон цагаас хойш өнгөрсөн таван жилийн хугацаанд бидний хооронд их найрсаг харилцаатай явсаар ирсэн. Энэ хуралдаан дээр хөндөгдсөн сэдвүүд нь мэдээж тийм ч амар биш байдаг. Хамгийн гол нь бид бодит үр дүнтэйгээр хамтран ажиллаж, суралцан, харилцан буулт хийж сурсан. Тиймээс бид энд тулгарсан бүх асуудлыг хамтын үйлдвэрүүдтэй ашигтай, бодит өгөөжтэй байхаар шийдэж чадла.

-Энэ тэмдэглэлт ойг тохиолдуулаэн хамтарсан үйлдвэрүүдийн хамт олонд юу гэж хэлмээр байна?
-Би мэдээж хэрэг энэ сайхан тэмдэглэлт ойгоор нь тохиолдуулан  чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. “Эрдэнэт” бол зөвхөн Монгол, Орост хоёр мэддэг юм биш дэлхий даяараа мэддэг бахдам нэр юм шүү дээ. Цаашилбал, “Эрдэнэтэд” зүгээр ч нэг уулын баяжуулах үйлдвэр, зүгээр нэг хэдэн тоног төхөөрөмж байдаг юм биш харин юуны өмнө тэнд ажилладаг, дэлхийд дурсагдах энэ алдар нэрийг бүтээж байгаа хүмүүс юм. Та бүхэнд бүгдэд нь энэ тэмдэглэлт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал хамаг сайн сайхны хүсэн ерөөе. “Эрдэнэ”-ийн хувьцаа эзэмшигч, удирдлага болсны хувьд бид өөрийн зүгээс цаашид улам хөгжүүлэх, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг хөгжин дэвшихэд шаардлагатай бүхнийг хийх болно.

-2014 оны хувьд “Эрдэнэт” ямаршуу бүтээн байгуулалт  хийх вэ?
-Бид сая энд эхлүүлээд байгаа чухал ач холбогдолтой барилгын бүх ажлыг дуусгах шийдвэр гаргалаа. Улмаар цаашид “Эрдэнэт”-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр бид өнөөдөр хүрээд байгаа төвшнөө хадгалан үлдэх төдийгүй илүү өндөр төвшинд гарах боломжтой болно. Гэхдээ дэлхийн эдийн засаг нэлээд ээдрээтэй байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид “Эрдэнэт”-д бүх талаар туслах болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан