Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗХ-дын хохирогчдын хохирлыг барагдуулах эсэхийг УИХ шийднэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл, Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө алдсан иргэдийн хохирлыг төр барагдуулах юм. Иргэдийг хохиролгүй болгохын тулд хураасан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар асуудлыг шийдвэрлэхээр эл төсөлд тусгаад байгаа билээ. ХЗХ-дын хохирогчдын хохирлыг барагдуулахад 36.1 тэрбум төгрөг шаардлагатай буй аж. Уг хуулийн төслийг өмнө нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, ирэх оны улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь тусгуулахаар байсан ч эдийн засгийн байдал амаргүй байгаа учир гүйцэтгэх засаглалынхан төслөө буцаан татаад дахин ийн өргөн мэдүүлсэн нь энэ юм байна. Засгийн газар ХЗХ-доос хураагдсан эд хөрөнгийг худалдаж иргэдийг хохиролгүй болгон гэж үзжээ.
УИХ анх 2007 онд ХЗХ-дын хохирогчдын хохирлыг барагдуулахтай холбоотой төслийг баталж байжээ. Ингэснээр хохирогчдын хохирлын 50 хувийг буюу 36.1 тэрбум төгрөгийг нь барагдуулж байсан юм байна. Үлдсэн хохирлыг битүүмжилсэн хөрөнгийг зарж борлуулж барагдуулан гэж уг төсөлд заасан байсан ч өнгөрсөн хугацаанд хөрөнгүүд үрэгдэж, алга болсон, анх тогтоогдсон үнэлгээндээ хүрэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм байна. Одоо 8301 иргэний хохирлыг барагдуулах аж.
Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд ийн байр сууриа илэрхийллээ.

С.Эрдэнэ: Энэ хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. Үүнээс гадна үүнд буруутай этгээдийг тогтоох хэрэгтэй байна. Харин гэм буруутай нь тогтоогдохгүй бол цагаат­гах ёстой. Хохирогчдын хо­хир­лыг барагдуулах үүд­нээс төр үүнд хариуцлага хүлээх ёстой. Тухайн үед Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд хяналт тавих бүрэн боломжтой байсан. Хэн ч итгэхийн аргагүй өндөр хүү гаргаад байхад дээрх хоёр байгууллага тэднийг оны шилдгээр зарлаад байсан. Үүнд хяналт тавих байсан юм. Тиймээс хуулийнхаа дагуу төр хяналтын үүргээ биелүүлж чадаагүй учраас хариуцлагаа хүлээх ёстой. Ингэхдээ улсын төсвөөс мөнгө гаргана гэж байгаа юм биш. Одоо хураагдаад байгаа хөрөнгийг эхний ээлжинд хохирогчдод олгож болно. Тиймээс хуулийн төслийг дэмжиж байна.
Ө.Энхтүвшин: ХЗХ-той УИХ-ын гишүүд нэр холбогддог. Хоршооны хохирог­чид УИХ-ын гишүү­дийг нэр заан мөнгө авсан гэж хэвлэлийн бага хурал хийсэн. “Баян-Өндөр сан” гэж ямар ХЗХ байсныг мэдэхгүй, эзэн нь Самбалхүндэв гэж хүн байдаг гэсэн.  Түүнээс 50 мянган төгрөг авсан гэж хэлээд байгаа. Тэр авсан 50 мянган төгрөгөө бас хуваасан тухай хохирогчид хэлдэг. Энэ асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүний нэрийг зарлахыг би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд олон удаа хэлсэн.

Үүнийг шийдээгүй байж, УИХ-аас хохирлыг бараг­дуулах хуулийн төслийг баталсан нөхцөлд олон нийтийн дунд “Улстөрчид татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулаад авчих­­­лаа, ашиг сонирхолдоо ний­цүүлээд хууль батал­чихлаа” гэсэн буруу ойлголт төрүүлнэ. Тиймээс ХЗХ-ноос хэн гэдэг улстөрч мөнгө авс­ныг ил болгож зарласны да­раа асуудлыг хэлэлцэх ёстой.

Ц.Оюунбаатар: Дээрх байр суурьтай санал нэг­дэхгүй байна. Арилжааны бан­кууд дампуурахад тат­вар төлөгчдийн мөнгөөр хо­хирлыг барагдуулдаг.  ХЗХ-дод мөнгөө алдсан иргэ­дийнхээ асуудлыг ший­дэхгүй хойшлуулаад явж болохгүй. Цаана нь хүний эрхийн асуудал байгаа. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод иргэд хохирсон байдаг.  “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ дампуураагүй байхад дампуурсан гэж зарласан байх жишээтэй. Үүнээс болж ноцтой асуудлууд үүссэн.
Тус хоршооны эзэмшилд байсан газрыг зарахад өөрсдийнх нь үнэлснээс хоёр дахин өндөр үнэ хүрсэн байдаг. Хэд, хэдэн лиценз байсныг хууль хяналтын байгууллагынхан хурааж авсан нэрийн дор алга болгосон.  Өдий төдий өмч хөрөнгө ийм байдлаар алга болж, хохирогчдын хохирлыг ч барагдуулалгүй үрэн таран болсон. Тиймээс  асуудлыг хойшлуулалгүй шийдэх цаг болсон.

О.Баасанхүү: ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлага Засгийн газарт байгаагүй. Хууль зүйн сайд нь шийдвэрээ гаргаад зохицуулж болох зүйл. Болдоггүй юм бол Засгийн газар тогтоол гаргаад шийдчих бололцоотой бай­хад асуудлыг УИХ руу оруулж ирсэн нь зохисгүй хэмээв.
Гишүүд энэ мэтээр байр сууриа илэрхийлсний дараа уг хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураалгахад олонхийн дэмжлэг хүлээснээр дээрх хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан