Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх зүйлээ шилэн болгоё
Сонин шүү. Юм хөгжинө гэж. Дээхнэ үед өвөөг маань балчир байхад том лам нар ирээдүйд тэнгэрт төмөр шувуу нисч, газар дээр төмөр хорхой явдаг болно. Их л цөвүүн цаг ирэх нь дээ хэмээн өтгөс буурлуудад хэлсэн гэдэг. Үнэхээр ч 21 зууны хамгийн бурангуй ёстой хэмээх Монгол Улс тусгаар тогтнолоо олсноор тэнгэрт мөнгөн хүлэг нисч, хөрст алтан дэлхийн хүмүүний хөл дүүжлэх унаа нь авто машин гэгч болсон нь маргашгүй үнэн.  Гэхдээ лам нар нэг зүйл дээр алдсан нь цөвүүн бус хөгжлийн эрин байж.

Харин өнөөдрийн болов­сон монголчууд дэлхий ний­тийн чиг хандлагаас хоц­рох­гүйн тулд техник техно­­­­­­­логийн дэвшлийг хамгийн түрүүнд эзэмшихийг хүсдэг. Тэр дундаа манай төрийн өндөрлөгүүд. Наад зах нь, иргэддээ нээлттэй, зөв засаглалтай улс болохын төлөө шилэн данс гээчийг нэвтрүүлсэн. Эл дансны ачаар өнгөрсөн есдүгээр сараас төрийн бүх байгууллагын дансны гүйлгээ олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болсон нь хэн бүхний талархлыг хүлээв. Энэ талаар ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаан “Төр иргэддээ нээлттэй болж байна. Шилэн дансны ачаар авлига, зүй бус үйлдэл, төсвийн буруу зарцуулалтыг ард түмэн хянах боломжтой болохын сацуу цаг бүрт нь арга хэмжээ авна гэсэн үг” хэмээн ид шидийг нь тайлбарласан. Үнэхээр ч шилэн дансны ид шид тэр даруй л гарч, урт гартай хурган дарга нарын идэж уусан нь илэрч, эхнээсээ шүүх цагдаагийнхны хаалга татаж эхлэв. Ийнхүү өөрчлөлт гарч байгаад урамшсан дарга нар маань өлөн нүдтэй нэгний хөрөнгөжих сааль нь болсон тендер гэгчийг шилэн бол­гож буйгаа зарласан.  Баялаг бүтээгчдийг тушдаг, зах зээлийн шударга зарч­мыг алдагдуулан, авлига хээл хахуулийн сүлжээг бий болгосон гэх тендер өнөө цагийн хэн бүхний анхаарлын төвд буй асуудал. Худалч хүнд бараг тендерээр баяжигсдын бүхэл бүтэн арми байгааг тендер наймаалагч хэмээн цоллогдсон “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийн хэрэг ха­руулна.

Албаныхны судалгаар энэ оны гуравдугаар улир­лын байдлаар манай улсад бүртгэлтэй 73016 аж ахуйн нэгжийн 13628 нь 3407 удаа тендерт оролцсон байна гэжээ. Үүнээс 10-аас дээш удаагийн тендерт оролцсон компани хоёр, 5 ба 10 хүртэл оролцсон нь 10, гурав ба 5 удаа тендерт оролцсон зургаан аж ахуйн нэгж байна. Харин 487 аж ахуйн нэгж цахим тендерт бүртгүүлсэн нь нийт аж ахуйн нэгжийн 0.7 хувийг эзэлж буй гэнэ.  Хэрвээ бүрэн утгаараа шилэн тендер хэрэгжвэл нэг сүлжээнд холбогдсон УБЕГ, Татварын ерөнхий газар, Монголбанк зэрэг бүртгэл, санхүү, татвар, хуулийнхан шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгж албан ёсны бүртгэлтэй эсэх, ажиллах боловсон хүчин, техник технологийн чадамжтай, өмнө авсан ажлуудаа чанартай гүйцэтгэсэн эсэх гэх мэт мэдээлэл нь цахимаар ирж байх аж. Түүнчлэн цаашдаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ барилгын тендерийг орон нутаг нь зарлах бөгөөд яамд бодлогын чанартай урдах ажлуудаа л хийх учиртай гэж тодотгосон.  Нэг ёсондоо, тендерт оролцогчийн бүх зүйл нь ил тод харагдах учраас хуурах боломжгүй гэсэн үг.

Сайхан, амьдрах сайхан... Бүх юм шилэн болж, нэвт харагддаг болбол хумслах, хулгайлах явдал үгүй болж, цэнгэлийн манлайд хүрэх нь. Төрийн байгууллагууд данс, тендерээ шилэн болгон урт гартнуудыг барьж байхад шилэн хувцас мода болбол автобус унаанд доншуучилсан хулгайч нар амархан баригдана даа. Тэр байтугай тэдэн сая төгрөгийн хувцас өмсч, тэр брэндийнх гэсэн хэмээн брэнд, үнийг нь сонсоод хэн гэдэг татвар төлөгчийн мөнгөөр авсан бол гэх хардах сэтгэл ч төрөхгүй амар. Ер нь, юу ч хулгайлаагүй, хумслаагүй хөдөлмөрөөрөө амьдарч байгаа гэдгээ нотлохын тулд яагаад шилэн хувцас өмсч болохгүй гэж. Ийм шинэлэг санаа гаргавал дэлхийн хэмжээний алдартай од Леди Гага хүртэл дэмжихийг хэн мэдлээ. Махан, ногооны гээд төрөл бүрийн даашинзтай түүний хувцасны шүүгээнд одоо шилэн л байхгүй байх. Монголын дизайнеруудын зохиосон шилэн хувцас гэвэл монголчууд еврейчүүдийн урд орохоор хамгийн ухаантай ард түмэн байна гэхийг хэн байг гэхэв. Яахав, өөр өөр бие цогцос, галбир харагдана уу гэхээс хүнээс илүү зүйлтэй биш ичиж зовох нь илүүц биз. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг л энэ байх.  Шилэн оймс, гутал гарсан байхад хувцас нь мөд удахгүй л гарах вий.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан